Газар дээрээс нь


Дэлхийн яруу найрагчид Явуухулангийн цэцэрлэгт чуулж байна

1 сар TIMES.MN

 Дэлхийн яруу найргийн өдрүүд тохиож манай улсад анх удаа 40 орчим орны 200 гаруй яруу найрагч, зохиолч, нийтлэлч, орчуулагч, урлаг соёлын зүтгэлтнүүд хүрэлцэн ирээд буй. Энэ сарын 22-ныг хүртэл үргэлжлэх энэхүү Дэлхийн яруу найргийн өдрүүдийн хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын ивээл дор “Данзанравжаа” олон улсын яруу найргийн наадам Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд өчигдөр эхэллээ.




Наадамд оролцогчид энэ үеэр сонор мялаах хөгжим лугаа тансаг сайхан зүйрлэл, хүмүүний сэтгэлийг хөглөх уран яруу үгсийг нүдэнд харагдтал дүрсэлж, бодолд ухаарал нэмдэг яруу найрагчид цугласан гэдгийг илтгэх мэт хаашаа л харна ном, товхимол барьж, уншиж өгөн, нэг нэгэндээ гарын үсэг зуран бэлэглэх ажээ.




Энэ үеэр “Данзанравжаа” олон улсын яруу найргийн наадмын талаар холбогдох албаныхантай цөөн хором ярилцсанаа хүргэж байна.




"Дэлхийн яруу найргийн өдөр"-ийн талаар "Чингис хаан" одонт Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Г.Мэнд-Ооёо "Данзанравжаа" Олон улсын яруу найргийн наадам нь цаашид Монголын байгалийн үзэсгэлэнт ба түүх соёлын дурсгалт газар жил бүр уламжлал болон зохион байгуулагдах юм. Наадмаар дамжуулж дэлхийд нэртэй сая сая уншигчидтай зохиолч, яруу найрагчдад Монголын түүх, соёл, байгаль, ард түмний тухай шүлэг зохиол бичиж, өөр өөрийн хэлээр нийтлүүлснээр олон улсад өөрийн улсыг таниулан сурталчлах өндөр ач холбогдолтой соёлын томоохон арга хэмжээ юм" хэмээн онцолсон юм.




Монголын Зохиолчдын эвлэлийн удирдах зөвлөлийн гишүүн, МУСГЗ Ү.Хүрэлбаатар “Дэлхийн томоохон хотуудын жишиг нь өөрийн яруу найргийн наадам, фестивалиа жил бүр нэг нэртэй яруу найрагчийнхаа нэрэмжит болгон явуулдаг. Энэ жишгээр бид анхны наадмаа Монголын хосгүй, сод яруу найрагч, Данзанравжаагийн тэгш ой тохиож байгааг тохиолдуулан Данзанравжаагийн нэрэмжит болголоо” гэсэн юм.




Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд яруу найргийн наадмын нээлтийн үеэр “Бид Улаанбаатар хотоо олон улсад танигдсан, олон улсын соёлын төв болгох зорилт тавьж байна. Энэ хүрээнд хийгдэж байгаа томоохон арга хэмжээ нь Дэлхийн яруу найрагчдын их хурал болон өнөөдрийн яруу найргийн наадам юм. Энэхүү наадам үргэлжлээд Говийн ноён хутагтын нутагт болох учиртай. Цаашид 2 жил тутамд зохион байгуулж, дэлхийн яруу найрагчид Монголд чуулдаг арга хэмжээ болгох бодолтой байна. Бид дэлхийн яруу найрагчдад олгодог маш их нэр хүндтэй шагналыг бий болгосон. Энэхүү шагналаа өнөөдрийн наадмын төгсгөлд олгоно” гэлээ.




Яруу найргийн өдрүүдээр "Байгалийн оюун санаа ба Хүмүүний сэтгэлийн байгаль" хэмээх Дэлхийн яруу найрагчдын 37-р их хурал өчигдөр Төрийн ордонд өрнөсөн бол өнөөдөр "Данзанравжаа" олон улсын яруу найргийн наадам Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд болж байна.




Энэ өдрүүдэд мөн Дорноговь аймгийн Хамрын хийдэд "Бичиг соёлын болон гадаадын яруу найрагчдын ном бүтээл"-ийн үзэсгэлэн гаргах бол Монголын уран зургийн галерейд "Олон улсын яруу найрагчдын уншлага"-ууд тус тус зохион байгуулна.




Энэхүү наадам нь цаашид Монголын байгалийн үзэсгэлэнт ба түүх соёлын дурсгалт газруудад жил бүр уламжлал болон зохион байгуулагдах бөгөөд дэлхийд нэртэй, сая сая уншигчтай зохиолчид Монголын талаарх төсөөллөө бодит болгож, Монголын түүх соёл, байгаль орчин, ан амьтан, ард иргэдийн тухай шүлэг зохиол бичиж, өөр өөрийн хэлээр нийтлэн, олон улсад сурталчлах өндөр ач холбогдолтой хэмээн зохион байгуулагчид хэлж байна.































П.Нарандэлгэр



Холбоотой мэдээлэл


Дунд сургуулийн хоёр ертөнц
Дунд сургуулийн хоёр ертөнц
2 долоо хоног, 5 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.