Газар дээрээс нь


Төв зам сэлүүхэн байгаа ч туслах замууд ачааллаа дийлэхгүй байна

1 сар TIMES.MN


Наймдугаар сарын 15-наас эхэлж долоон чиглэлийн 81 автобусны явах замд өөрчлөлт ороод дөрөв хоног өнгөрлөө. Тодруулбал 11 дүгээр сургууль, Цэцэг төв, Төв шуудан, Гадаад харилцааны яам, Багшийн дээд, Бөхийн өргөө, Зүүн 4 зам гэсэн 7 уулзвараар зүүн эргэхийг хориглосон юм. Энэхүү шийдвэр нь нийслэлийн  оршин суугчдад яаж нөлөөлж байгааг одоо хүргэе.


БЗД-ийн 8-р хорооны иргэн н.Ганхүү “Багшийн дээдийн баруун уулзвараас зүүн эргэлгүй бөхийн өргөөгөөр зүүн эргэж 4 замруу орж байж зүүн эргэж байна. Энд ямар ч утга алга. Төв замаараа сэлүүхэн болсон ч туслах замууд ачааллаа дийлэхгүй түгжрэл үүсэж байна. Төв замаар баруун зүүн талаар яваад үзэхэд битүү түгжрэл үүссэн байдалтай байна. Би л гэхэд өглөө ажилдаа хоцорч очиж байна. Тун удахгүй хичээлийн шинэ жил эхэллээ. Энэ байдлаар юу болохыг харж л байя. Дэлхийн жишигт нийцсэн зам харгуй гэх юм. Үнэндээ манай улс бусад хөгжилтэй орнуудын хууль дүрмээр явж чадахгүй ээ. Энэ байдлаар ажиглаад байхад наад захын дүрмээ мэдэхгүй тал ажиглагддаг.




СБД-ийн 9-р хорооны иргэн Т.Нараа “Манайх дэнжийн мянгад байдаг. Уг нь тэр чиглэлд автобус ойр ойрхон хангалттай явдаг. Гэтэл уржигдраас их удаж ирдэг болсон байна. Би багшийн дээдийн буудал дээр бараг л 40 минут зогсож байна. Автобусны чиглэлд өөрчлөлт ороод байгаа талаар мэдээлэлтэй байгаа л даа. Уг нь картаа уншуулаад 30 минутдаа багтаад дараагийн автобусандаа дамжих гэхээр ирж өгдөггүй шүү.




СХД-ийн 28-р хорооны иргэн Б.Нямзориг “Шарга морьтоос бөхийн өргөө чиглэлд ганцхан автобус үйлчилж байна. Хол чиглэлийн болоод ч тэр үү их удаж байгаад ирдэг. Дамжиж таарлаа гэхэд тэнгис кино театр юм уу гандангаас суух болдог. Энэ дунд чинь хэдэн цаг алддаг. Өвлийн улиралд бол бүр хэцүү, автобусны буудал дээр удаан зогсох шаардлага гардаг.


СБД-ийн 9-р хорооны иргэн Э.Уянга “Автобусны чиглэлд өөрчлөлт орсныг өнөөдөр л мэдлээ. Яармаг явах унаа хүлээгээд л зогсож байна, ирдэггүй. 1000 төгрөгөөр такси яваад байдаг, бас л харагдахаа больж. 20 гаруй минут зогсож байна.




СБД-ийн 11-р хорооны иргэн Н.Сэлэнгэ “Толгой эргэчихлээ. Ийм хууль дүрэм гаргаж иргэдийг төөрөгдүүлэх ямар шаардлага байна. Хүмүүсээс нисэх явах унаа хаанаас явж байгааг лавлаад асуухаар хүн болгон шал өөр юм яриад байх юм. Нэг хэсэг нь явж байгаа гэхээр нөгөө хэсэг нь зүүн гар эргэхээ болиод цэцэг төвөөс дамжиж суугаарай ч гэх шиг.


Иргэдийн дийлэнх нь ийм хариулт өгч байна.


Тэгвэл тухайн чиглэлийн уулзварт хяналтаар ажиллаж байгаа замын цагдаагаас ийм хариулт авлаа. Замын цагдаа Ц.Баярбаатар хэлэхдээ “Дийлэнх хүмүүс автобусны чиглэлд өөрчлөлт орсон талаар мэдээлэлгүй байна. Одоогийн байдлаар зам тээврийн ачааллын цаг эхлээгүй байгаа болохоор тоймтой хариулт өгч чадахгүй. Ялангуяа зуны улиралд Улаанбаатар хотын зам талбай харьцангуй сийрэг байдаг. Дөнгөж 10-д гарч байна. Наймдугаар сарын 25-д гараад хөдөө орон нутгаас оюутнууд цугларч, иргэдийн амралт зугаалга, рашаан сувиллын цаг дуусахад замын ачаалал ид эхэлнэ. Одоогийн байдлаар энэ шийдвэр сайн үзүүлэлттэй, муу үзүүлэлттэй байгаа талаар бид хэлж мэдэхгүй. Бүх их дээд сургуулиудын хичээл эхэлж жигдэрсний дараагаар яригдах асуудал. Уг нь ачаалал түгжрэлийг сийрүүлэх гэж гаргасан заалт шүү дээ. Манайхан шинэ хууль дүрэм гарахад дийлэнх нь үгүйсгэж, бухимдаж эхэлдэг. Хэсэг хугацааны дараа хэвшээд ирэхээр аяндаа зохицоод явчихдаг. Жолооч нарт хандаж хэлэхэд тэмдэг тэмдэглэгээгээ баримталж зорчихыг уриалж байна. Замын тэмдэглэгээг сайн хараад явахад толгой эргээд байх асуудал байхгүй” хэмээн онцолсон юм.





Харин жолооч нарын хувьд энэ шийдвэрт дасан зохицоход хугацаа хэрэгтэйг хэлж байлаа.


Жолооч Б.Баянмөнх “ Төв зам дээр зүүн тийш эргэх гээд зогсож байгаа автомашинууд бүгд чигээрээ явах учраас төв замын ачаалал харьцангуй багасчих байх.  Ингэснээр харин  туслах замуудын ачаалал ихсэж ирнэ. Зүүн тийшээ эргэхийн тулд баруун тийшээ явна. Түүнээс байраар сүлжээд эргээд зүүн гар талын уулзвар уруу чигээрээ орно гэсэн үг. Одоо дөнгөж эхэлж байна. Хэсэг хугацааны дараа илүү тодорхой болох байх. Үнэхээр түгжрэл нь ихсээд байвал буцаад хуучин хэвэндээ орсон нь дээр гэж бодож байна.




Автобусны жолооч “О.Намхай "Бид нар нэгдүгээр эгнээгээр чөлөөтэй явж байгаа болохоор ачаалал үүссэн юм байхгүй. Чиглэл өөрчлөгдсөн тухайд дэмжиж байна. Их зүгээр алхам болсон.




Нэмж дурдахад энхтайвны өргөн чөлөө зүүн 4 замаас баруун 4 зам хүртэл зүүн эргэлтийг хязгаарлах шийдвэр хэрэгжсэнээс хойших хоёр хоногийн үр дүнг Замын цагдаагийн албанаас танилцуулаад байна. Замын цагдаагийн албаны дарга, дэд хурандаа Б.Эрдэнэбатын танилцуулснаар зүүн эргэхийг хязгаарласнаар уулзвараар тээврийн хэрэгслийн нэвтрэх чадвар нэмэгдэж, замын ачаалал эрс буурчээ. Тухайлбал, зүүн 4 замын уулзвараар наймдугаар сарын 14-ний өдөр нэг цагт 6830 тээврийн хэрэгсэл нэвтэрч байсан бол наймдугаар сарын 15-ны өдөр цагт 7400 тээврийн хэрэгсэл нэвтэрчээ.


Бэлтгэсэн Б.Болормаа



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 сар []


2дөрвөн замынхаа хоорондхоо л ярих юм сэтгүүлч ч цагдаа ч адилхан. бусад замаар нь яваад сурвалжлаад үз дэ. Яаж тэнэгтхээр ийм юм хийдэг байнаа.


Зочин    1 сар []


yaj l olon tumnii uur tsualiig barah ve gesen shig yum hiij baih yum daa, su.batbold. herendee hotiin tuvd darga nariinhaa zamiig chuluutei bailgah gej baigaa tsarai ni ene baih daa