Сонголт


Б.Наранхүү: Үс засалт урлаг болтлоо хөгжиж байна

1 сар, 1 долоо хоног TIMES.MN
Энэ удаа бид Монголын Мастер үсчин Б.Наранхүүтэй түүний ажил амьдралын гараа болоод амжилтын талаар ярилцлаа.




-Сайн байна уу. Юун түрүүнд өөрийгөө танилцуулаач. Үсчин гэх гайхамшигт сайхан мэргэжлийг хаана эзэмшиж, хэдэн жил тууштай ажиллаж байна вэ?

-Намайг Б.Наранхүү гэдэг. Би 2004-2005 оны хооронд Үйлдвэрлэл Урлалын Политехник коллежийн үсчин, гоо сайхны ангид суралцаж төгссөн. Энэ мэргэжлийг сонгосон шалтгаан гэвэл багаасаа гарын ур дүйтэй хүүхэд байлаа. Тиймдээ ч хувцас дизайнер ч юм уу ямартай ч гараар юм урлаж хийдэг мэргэжил эзэмшинэ гэж мөрөөддөг байсан. Уг нь сийлбэр хийдэг байсан ч орхисон юм. Тэгээд л тус сургуулийн үсчингийн ангид орж үсчин болохоор сэтгэл шулуудсан даа.


Манай сургууль байнга оюутнуудынхаа дунд ур чадварын тэмцээн зохиодог байлаа. Анх сургуулийн ур чадварын тэмцээнд 2-р байр эзэлж, түүндээ их урамшиж, илүү их хичээх болсон. Үсчин хийнэ гэдэг ер нь их сонирхолтой. Үсний өнгө будаг, техник гээд их өвөрмөц, содон. 2005 онд сургуулиа төгсөөд түүнээс хойш тасралтгүй өдийг хүртэл ажилласаар байна.




-Улсын чанартай тэмцээн уралдаанд хэр зэрэг оролцож байсан бэ?

-Сургуулиа төгсөөд л ажиллаж эхлээд жил бүрийн дүүрэг, бүс, улсын аваргын бүх л тэмцээнд алгасахгүй оролцож, өөрийн хүчээ сорьдог байсан. 2014 оноос Үсчин, гоо сайханчдын мэргэжлийн холбоонд гишүүнээр элсэн орж, тэр жилдээ ХБНГУ-д болсон дэлхийн аваргын тэмцээнд багаараа орж байлаа. Нийт 56 орны 1200-аад хүн оролцсон тус тэмцээнд манай улсын баг хамт олон 10-р байрт жагссан амжилт үзүүлсэнюм. Дараа нь энэ амжилтаа ахиулж өнгөрсөн жил БНСУ-д зохиогдсон дэлхийн аваргад багаараа “Хүрэл” медалийн эзэн болж чадсан.




-Маш сайхан амжилт үзүүлсэн байна. Тэгэхээр манай улсын үсчин, гоо сайхны салбар маань дэлхийн хэмжээнд хүрч л байгаа юм байна даа. Ер нь дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж чадаж байна гэж та бодож байна уу?

-Манай улс 2006 онд дэлхийн үсчин, гоо сайханчдын холбоонд нэгдэж анх дэлхийн аваргын тэмцээнд оролцож байсан. Тэр үед манай салбарыг 15 жилээр хоцорч байна гэдэг байлаа. Харин сүүлийн үед гаргасан амжилтууд болон өнгөрсөн жилийн дэлхийн аваргын тэмцээнд гаргасан амжилтыг харахад ер нь дэлхийн хөгжилд ойртож, нэлээд өндөр төвшинд очсон гэж үзэж болно.




-Таны хувьд залуу хүн байж ийм мундаг, амжилттай байгааг тань хараад бахархах сэтгэл төрлөө. Амжилтын нууцаасаа хуваалцаач. Таны амжилтад юу голлон нөлөөлсөн гэж үздэг вэ?

-Мэдээж юун түрүүнд тухайн хүний өөрийн сонирхол хамгийн чухал. Дараа нь ажиллаж буй салбартаа үнэхээр амжилт гарган ажиллая гэвэл тууштай, шаргуу, идэвх зүтгэлтэй байх хэрэгтэй. Тэрнээс бус шантраад дундаас нь орхиод байвал амжилт таныг хүлээхгүй. Миний хувьд эдгээр зүйлийг мөрдлөг болгохын зэрэгцээ өөрт маань бас эдгээр зан чанарууд маань давамгайлсан учир ингэж яваа юм болов уу гэж боддог.




-Бидний ээж аавын үед ихэнх хүмүүс мэргэжил сургалтын төвд суралцан, мэдлэг боловсрол эзэмшиж, өдийг хүртэл тэр эзэмшсэн мэргэжлээрээ олон жил амьдралаа босгож бүтээгээд явж байна. Харин сүүлийн үед залуус коллеж гэхээс илүү ямар ч хамаагүй их дээд сургуульд элсэн орж, дипломтой болохыг илүүд үздэг болсон байна. Энэ нь нэг талаараа зөв хэдий ч нөгөө талаараа ажилгүй иргэдийн дийлэнхийг диплом өвөртөлсөн нөхөд эзэлж байна гэсэн судалгаа гараад байгаа. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ?





-Үүнийг бас буруутгах аргагүй байх. Гэхдээ диплом авахаас илүү таны өөрийн амьдралд хэрэг болох тийм мэргэжлийг л эзэмших хэрэгтэй. Манай салбар одоо үнэхээр мундаг хөгжиж байна. Зүгээр нэг үс засах бус урлаг болтлоо хөгжиж чадаж байна. Хүмүүс ч гэсэн өөрийн үсэндээ их анхаардаг болжээ. Өөрөө гараараа урлаад, амьдралаа бүтээх боломжтой ийм сайхан мэргэжил гэдгийг мэдэхгүй хүн олон байдаг байх.


-Ер нь үсчин, гоо сайханч гэж нэг төгсдөг юм уу, дан дангаараа төгсдөг юм уу.

-Манай сургууль бол үсчин, гоо сайхан, маникюр гээд хамтад нь зааж, аль алинаар нь ажиллах эрхтэй төгсгөдөг. Харин ажил дээр гараад тухайн хүн маань өөрөө алинд нь илүү сонирхолтой байна түүгээрээ ажиллаад явдаг юм.




-Гоо сайханчид мэргэжлийн ур чадварын шалгалт өгч зэрэг авдаг юм байна лээ. Үсчингүүд бас зэрэгтэй юу?

-Тийм. Ер нь ихэнх төгсөгчид 3-р зэрэгтэй төгсдөг. Ганц нэг хүүхэд л 2-р зэрэгтэй төгсдөг. Дараа нь ажлаа хийж байх явцдаа мэргэжлийн шалгалт өгч зэргээ ахиулдаг. Хамгийн дээд тал нь мэдээж 1-р зэрэг. Дараа нь мастер. Мастер болохын тулд тухайн салбартаа тасралтгүй 10 жил ажилласан байх ёстой. Миний хувьд өнгөрсөн 2016 онд мастер болсон. Мөн манай “Мerak” салон өнгөрсөн жил нээлтээ хийсэн байгаа.




-Сүүлийн үед залуус ямар төрлийн үс засалт болон будалтыг сонирхож байна. Трэнд болж байгаа загвараас сонирхуулаач.

-Залуус маань өнгө өнгийн үстэй болсон байна. Тод өнгийн омбре будалт трэнд болж байгаа. Фэйсбүүкээр ч гэсэн харж байгаа байх. Мөн дэлхийн гоё гоё өнгө, техникийг манайхан хийдэг болсон байгаа. Гэхдээ залуустаа хандаад зөвлөхөд заавал моданд орж байгаа загвар өнгийг сонирхох бус өөрт тохирсон өнгө, загвараа зохицуулж үсний загвараа сонгох хэрэгтэй л гэж зөвлөе.


-Танай салон үйлчлүүлэгчдээ таны царайнд ийм үс засалт, өнгө арай илүү зохицно гэдэг ч юм уу зөвлөгөө өгдөг гэсэн үг үү тэ.

-Тиймээ. Харилцан ярилцаж байгаад л засалт хийдэг. Ихэнх хүмүүс зураг барьж ирээд ийм болгомоор байна гэдэг. Эхлээд өөрийнх нь саналыг сонсоно, дараа нь зөвлөнө. Ингээд л хүн бүрд өөрт нь тохирсон үс засалт, өнгөний сонголтыг хийж өгөхийг зорьдог доо.




-Омбре будалт л гээд байна. Цайвар өнгөөр будахаар үс их гэмтдэг гэдэг. Тэгсэн хэрнэ үсчингүүд будаад байдаг.

-Өнгө бүрийн үсний будаг гарахын зэрэгцээ тэдгээрээс хамгаалах, эмчлэх, тухайн өнгөнд тохирсон үс арчилгааны маш олон гоё бүтээгдэхүүн, шампуниуд орж ирж байгаа. Тухайлбал, үсээ байнга ороож, индүүддэг хүмүүст зориулж индүүний хамгаалалттай тос хүртэл байх жишээний.


-Танай салон омбре будалтыг хэдээс хэдэн төгрөгийн хооронд хийдэг вэ. Магадгүй ихэнх залуус маань үүнийг сонирхож байгаа байх.

-Үсийг цайруулахын тулд маш олон удаагийн давтамжаар цайруулдаг. Хүн бүрийн үсний онцлог болоод үсний хэмжээнээс нь мөн шалтгаалаад өөр өөр байгаа. Ямар ч будаггүй үсэнд ганц цайруулаад л орж байхад, хэд хэд будсан үсэнд олон удаагийн цайралт орох гэх мэт янз бүр байдаг.




-Мэргэжлээ сонгох гэж буй залуустаа хандаад зөвлөгөө юм уу уриалга хэлээч.

-Мэргэжил бүхэн сайхан. Өөр өөрийн гэсэн онцлог шинж, үүрэг хариуцлага, сонин содон зүйлтэй байдаг. Гол нь таны өөрийн сонирхол хамгийн чухал. Дараа нь мэдээж амьдрал дээр гараад хэр зэрэг эрэлттэй байх вэ гэдэг чухал. Хэн нэгнээс хараат байж, заавал төсвийн цалин авах уу эсхүл өөрийн хичээл зүтгэл, авьяас чадвараараа амьдралаа сайжруулах уу гэдэг таны л сонголт. Заавал их хэмжээний төлбөр төлөлгүй, дээд сургуульд суралгүйгээр сайхан амьдарч болдог гэдгийг зөвлөмөөр байна. Тэгээд хүнд ямар нэгэн авьяас байдаг гэсэн түүнийгээ олж нээн, хөгжүүлж, хичээл зүтгэл гаргаж мэргэжилдээ үнэнч яваарай.




-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. Танай салоны хаяг болон утасны дугаарыг хүмүүс сонирхож байгаа болов уу?

-Манай хаяг Сүхбаатар дүүрэг, 1-р хороо “ЮНЕСКО”-гийн гудамж. “Diplomat center”- н 2 давхарт “Mеrak” салон.

Утас: 77002727


Л.Булганчимэг



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.