Аналитик


Өртэй Монголын өрөвдөлтэй үрс

1 сар TIMES.MN

“Багш та хүүхэд шуугьсан их өргөөний эзэн юм
Багш та хүсэл долгилсон ирээдүйн замын эх юм” хэмээн Ш.Сүрэнжав гуайн шүлгийг мэдэхгүй хүн байхгүй биз.




Үнэхээр л багш гэдэг хүн хүүхэд шуугьсан эрдмийн өргөөнд олон аавын хүүхдэд өөрийн мэддэг бүхнээ заан, амьдралын их далайд хөл тавихад нь тусалдаг ачтан юм. Эртнээс монголчууд эмч, багш хоёрыг ачтан хэмээн хүндэлж ирсэн уламжлалтай. Багшаа хүндлэн, багшаасаа үлгэр дуурайл аван багш шигээ мундаг хүн болно хэмээн бахархан баярлах хүмүүсийнхээ хамгийн эхэнд багшаа л ярьдаг байсан үе саяхан.


Гэвч нийгмийн өөрчлөлтийг дагаад иргэдийн үзэл бодол өөрчлөгдөж, зарим нэг багш нараас болж боловсролын салбарын нэр хүнд унасаар, багш нарын үнэлэмж ч доошилсоор байна. Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргидог гэдэг л энэ болов уу. Багшийн нэр хүндийг унагааж буй олон үйл явдлын нэг бол яах аргагүй багш хүүхэд зодсон гэх хэрэг юм.


Тухайлбал, 2013 онд ой зургаан сартай хүүг зодож гэмтэл учруулсан Төмөр замын "Ирээдүй" цэцэрлэгийн "Хэрэмхэн" бүлгийн багш Б.Цэндхорлоо, туслах багш С.Тогтох нарыг ажлаас нь халж байсан. Мөн 2014 онд ХУД-ийн нутаг дэвсгэр Биокомбинатад орших 190-р цэцэрлэгт хоёрхон настай бага бүлгийн хүүхдийг багш нь зодож шийтгэсэн байна. Үүнийг нь хоёр туслах багш нь бичиж авч, эцэг эхчүүдэд үзүүлж, эцэг эхчүүд телевизэд хандан энэ мэдээлэл нийтэд ил болж байсан билээ.


Мөн Дундговь аймгийн "Оюуны хөгжил" хувийн цэцэрлэгийн багш хүүхдийг "хоолоо идсэнгүй" гэх шалтгаанаар зодож буй бичлэг нийтэд ил болж шуугиан тарьж байсан нь саяхан.




Гэвч эдгээр хэргийн шийтгэл нь зөвхөн ажлаас халах, бүр хатуу шийтгэлээ гэхэд багшлах эрхийг нь түдгэлзүүлэх болоод л өнгөрдөг.


Өөр нэг асуудал бол мэдээж хандив нэрийдлээр мөнгө хураах явдал юм. Нэгэн сонирхолтой баримтыг эргэн санахад 2013 онд гарсан Азийн хөгжлийн сан болон “Сант марал” сангаас хамгийн их авилга авдаг мэргэжлийг тодруулах судалгааг явуулжээ. Судалгаагаар боловсрол, эрүүл мэндийн салбарт авилга авдаг давтамж хамгийн их гэсэн дүн гарсан байна. Авч буй мөнгөн дүнгийн хэмжээ нь бага хэдий ч их авсан ч өмхий, бага авсан ч өмхий гэдэг дээ.




Үүний зэрэгцээ сүүлийн жилүүдэд суралцагчдын сурлагын төвшин эрс буурч байгааг хэн хүнгүй мэдэж байгаа байх. Гэхдээ үүнд олон зүйл нөлөөлж байгаа билээ.


Тухайлбал, хэт их технологийн хөгжил буюу гар утас, таблетын хэрэглээ ихсэж хүүхдүүд хичээл хийхээ больсон. Мөн залуусын хүмүүжил буюу ухамсар доройтож буйн нэг илрэл. Эцэг эхчүүдийн зүгээс чадварлаг багш ховордоод байна гэж үзэж байгаа бол харин багш нар үүнийг боловсролын шинэчлэл нэрээр байнга хичээлийн хөтөлбөр, төлөвлөгөөг сольж буйн буруу гэж үздэг. Энэ ч үнэний ортой байх.


“Бидний үеийн 3-р ангийн хичээл арай өөр байсан даа. Одоо хүүхдийнхээ хичээлийг зааж өгөх гэхээр мэдэхгүй юм. Их хүнд юм ордог болжээ. 5,6-р ангид үздэг зүйл 3-р ангид ороод байна уу даа” гэх эцэг эхчүүд олширсон.


Тэгвэл нэг засаг солигдоход боловсролын систем, программ нь өөрчлөгдөж буйн хор уршигт хүүхдүүд хохироод л үлдэж байна. Энэ мэтчилэн яриад, бичээд байвал энэ салбартай холбоотой доголдол маш олон байна. Эдгээр олон асуудалтай зэрэгцээд бас нэгэн том асуудал бол яах аргагүй багш нарын цалин, хангамжийн асуудал.


“Багш нар бүгд банкны зээлтэй, өглөөнөөс орой хүртэл бусдын хүүхдийн төлөө ажиллаж байж үйлчлэгчтэй адил цалин авч байна. Өрнөөс өрийн хооронд өнөө маргаашаа болгон амьдарч байна. Багш нар амьдралаа дээшлүүлэхийн тулд зуны амралтаараа гэр бүлтэйгээ амрах бус Солонгост очиж хар ажил хийж байна” хэмээн ярих багш нар олон байна.




Тэгвэл багш нар ийнхүү цалингаа нэмэх асуудлаар түр холбоо байгуулан дараа дараагийн арга хэмжээгээ авахаар зөвлөлдөж байгаа аж. Тэд одоогоор цалингаа нэмүүлэх хүсэлтэй 3000 багшийн гарын үсгийг цуглуулаад байгаа бөгөөд цалингаа хоёр дахин буюу 1,500 мянган төгрөг болгох хүсэлтэй байгаа юм. Хэрэв засгийн газар энэ асуудлыг нэн даруй авч хэлэлцэхгүй бол удахгүй болох хичээлийн шинэ жилээр ажил хаялт хүртэл зарлах арга хэмжээг авна хэмээн ярилцаж байна.


Харин өчигдөр эхэлсэн “Багш удирдах ажилтны уулзалт-сургалт”-ыг нээж хэлсэн үгэндээ БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар “Багшийн үндсэн цалинг 2010 оноос үе шаттай нэмэгдүүлсээр өнөөдөр багшийн сүлжээний буюу үндсэн цалингийн дундаж 2007 оныхоос 2.4 дахин нэмэгдсэн байна. Одоогийн байдлаар татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлсний дараа багш нарын авч байгаа бодит цалин хөдөөд 490.235 – 844.782 төгрөг, хотод 487.587 – 823.960 төгрөг байна” гэв.



Харин багш нар энэ тоог бодит тоо бус хэмээн нийгмийн сүлжээгээр санал бодлоо хуваалцсаар байгаа билээ. Мөн тэд багш нар цалин хөлс нэмэх асуудлаар тэр бүр гомдол гаргадаггүй хэмээсэн юм. Гэтэл үнэндээ багш нар засаг солигдох болгонд бүр нарийн авч үзвэл бараг хоёр жилд нэг удаа ийнхүү цалингаа нэмэх талаар үзэл бодлоо илэрхийлэн ажил хаялт зарладаг байсан байна.


Тухайлбал,

2011 он 12 сар

“Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо”-ны багш нарын Ажил хаялт зохион байгуулах түр хорооныхон хугацаагүй ажил хаялт зарлалаа. Хугацаагүй ажил хаялтад нийт 89 сургууль, 98 цэцэрлэгийн багш нар хамрагдаад байна. Тэд төр засгийн өндөрлөгүүд багш нарын шаардлагыг хүлээн авч, асуудлыг нааштайгаар шийдэх хүртэл ажил хаялтаа үргэлжлүүлэхээ мэдэгдээд байгаа. Нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг 101 цэцэрлэгийн багш нар ажил хаялт зарлажээ. Тэд өглөөний 08.00- 10.00 цагийн хооронд хоёр цагийн турш ажил хаяж байгаа бөгөөд бүх цэцэрлэгүүд хүүхдүүдээ хүлээж авахгүй байгаа аж. Тиймээс эцэг эхчүүд хаалттай цэцэрлэгийн үүднээс хүүхдээ хөтлөөд буцаж байна. Багш нар энэ удаагийн ажил хаялтаа сануулах журмаар хийж байгаа бөгөөд хэрэв цалинг шаардсан хугацаанд нэмэхгүй бол хугацаагүй ажил хаялт зарлахаа мэдэгдлээ.




2013 11 сар

Эмч, багш нар жагсаал хийхээ мэдэгдэв. Шалтгаан нь ойлгомжтой, ганц л асуудлаар Монголын эмч, багш нар жагсдаг “уламжлалтай”. Жил бүрийн өдийд төсөв хэлэлцэх үеэр тэд жагсана, цалингаа нэмүүлнэ. Түүнийг нь МҮЭХ өдөөж, хөөрхөн популизм хийхээ бас мартдаггүй. УИХ-ын чуулганаар 2014 оны төсөв хэлэлцэж байгаатай холбогдуулан МҮЭХ-ноос ирэх онд цалин хөлсийг 40 хувиар нэмэх шаардлагыг Засгийн газарт хүргүүлсэн. Засгийн газраас тэдний тавьсан шаардлагын дагуу ямар нэгэн тайлбар хийхгүй байгаа нь эмч, багш нарыг бойкот зарлаж бослого гаргахад хүргэв бололтой. Улсын төсөвт орж ирэх мөнгөний урсгал хумигдаж, эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байгаа ч ирэх оны төсөвт төрийн албан хаагчдын цалин хөлсний нэмэгдэлд 200 тэрбумыг зарцуулахаар тусгасан. Харамсалтай нь, энэхүү нэмэгдлийг чамласан эмч нар цалингаа 1-1.2 сая төгрөг, багш нар 600 мянгаас дээш цалинтай болохыг шаардаж, шаардлагыг нь хүлээж аваагүй тохиолдолд ажлаа хаяна хэмээн айлгав.




2015 он 01 сар

Яг одоо Чингисийн талбайд цалингаа 60 хувиар нэмэгдүүлэхийг шаардсан эмч багш нар жагсаж байна. Тэд Хөдөлмөрийн яам болон Сангийн яамнаас энэ салбарын цалинг 2015-2016 онуудад нэмэх боломжгүй гэж мэдэгдсэнийг ийнхүү эсэргүүцэж байгаа аж. Мөн жагсаалд оролцогчид “Эмч багш нар дунджаар 500 мянган төгрөгийн цалин авч байна. Энэ мөнгө бидний амьдралд хаанаа ч хүрэлцэхгүй, өрөө төлж дийлэхгүйд хүрээд байгаа юм. Эдийн засаг хямарсан, хэмнэлт хэрэгтэй гэж байгаа ч бид ямар өлсч үхэлтэй биш дээ. Ойрын хугацаанд цалингаа 60 хувиар нэмэгдүүлэх шаардлагатай байна. Хэрэв бидний хүсэлтийг хүлээн авч нааштайгаар шийдвэрлэхгүй бол цаашид тэмцсээр байх болно. Өнгөрсөн жилийн төсөвт бидний цалинг нэмэхээр 500 тэрбум төгрөг төсөвлөсөн ч тэр мөнгө юунд зарцуулагдсан нь тодорхойгүй байгаа” гэсэн юм гэх мэтчилэн тэдний ажил хаялтын түүх намтар олон байна.




Багш нар ажил хаялаа гэхэд хэн хохирч үлдэх вэ мэдээж хүүхдүүд. Цэцэрлэгийн хоёр настай бяцхан үрсээс эхлээд их дээд сургуулийн оюутан хүртэл хичээлийн шинэ жилээ тэсэн ядан хүлээж, шинэ цүнх, шинэ хувцас, догдолсон зүрхээ барьж ядан хөгжил хөөр болон эрдмийн их өргөөндөө ирэхэд багш нар нь ажил хаялт зарлан угтвал ямар байх бол гэдгийг нэг бодож үзмээр сэн. Ялангуяа анх сургууль, цэцэрлэгийн босгыг алхаж буй тэр бяцхан үрсийг сайхан инээмсэглэлээр угтан авах хэрэгтэй бус уу.




Эмч, цагдаа шиг тангараг өргөдөггүй хэдий ч тангаргаас илүү хүн чанар, ёс зүй, хайрлах нинжин сэтгэл багш хэмээх эрхэм хүмүүст байдаг. Гэвч энэ зүйл алга болсон бололтой. Тэр тусмаа салбарын сайд нь солигдоод удаагүй, хөл толгойгоо олохгүй байгаа энэ үед нь багш нар ажил хаялт зарлавал боловсролын салбар бүрмөсөн унана. Дээд тал нь суудлаа олохгүй бол доод тал нь гүйдлээ олохгүй гэж энэ дээ.




Зээлтэй гэвэл бүгд л зээлтэй, өртэй байна. Салбар бүр, айл өрхийн гишүүн бүр өртэй байна. Гэвч хүн бүхэн, иргэн бүр улс эх орныхоо сайн сайхны төлөө өөрт оногдсон ажлаа сэтгэлээсээ хийгээд, дор бүрнээ үүрэг хариуцлагаа ухамсарлан, ирээдүй хойч үедээ сайн сайхан нийгмийг үлдээхийн төлөө зөв үлгэр дуурайл болон амьдрахад улс орны хөгжил аяндаа ирнэ. Харин юм л бол ажил хаялт, талбай дээр жагсаал цуглаан, өлсгөлөн зарлаад байвал бидний ирээдүй болсон үр хүүхэд ийм л зүйл сурна. Талбай ер нь суулт, өлсгөлөн зарладаг газар биш л юмсан....


Л.Булганчимэг



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    3 долоо хоног, 1 өдөр []


багш хүнд хамгийн түрүүнд ёс күй байх хэрэгтэй байх шүү тэгэж байж бусдад заах эрх үүсэх байхаа


Зочин    1 сар []


Зээлийг ард түмэн аваагүй Эрх мэдэлтэй хулгайч нар хувааж аваад хулгайлаж нуусан тэр хүмүүсээр төлүүл Ард түмэн нэг л өдөр босож ирээд амь настай чинь ярина шүү хулгайч нараа