Газар дээрээс нь


Э.Онон: Орцны домофонд тэр болгон засвар үйлчилгээ ороод байдаггүй

1 сар, 1 долоо хоног TIMES.MN


Домофон буюу хаалганы хонх, харилцуурын талаар иргэд сэтгэл хангалуун байгаа ч төлбөрийн хувьд бухимдалтай байгаа юм. Анх төхөөрөмжийг байрны орцонд суурилуулахдаа гэрээнд тусгасан сар бүрийн 3000 төгрөгийн татварын талаар оршин суугчиддаа сайн ойлгуулж тайлбарлаж өгөөгүйгээс иргэд төөрөгдөлд орон гомдол гаргаад байгаа юм. Ингээд тус системийг хэрэглэдэг оршин суугчдын сэтгэгдлийг сонсоё.


СБД-ийн 42 А байрны иргэн Н.Солонго “Өнгөрсөн жилийн хувьд домофон буюу хаалганы хонх нь ажиллахаасаа ажиллахгүй нь их байсан. Гэсэн ч төлбөр нэхэж иргэдийг бухимдуулдаг тохиолдол багагүй гарсан. Харин энэ жилээс эхэлж төлбөрийн хувьд харьцангуй гайгүй. Хөнгөлөлт үзүүлдэг болоод байгаа. Уг нь энэ төхөөрөмжийн хувьд сайн тал олонтой. Тэр болгон гадны хүмүүс орцонд дураараа нэвтрээд байдаггүй. Аюулгүй байдлыг сайн хангаж өгдөг. Төлбөрийн хувьд сард 3000 төгрөг өндөр санагддаг.


СБД-ийн 42 Б байрны иргэн А.Лхагвасүрэн “Домофон системийг эвдрэхдээ хурдан гэж яриад байдаг. Гэтэл энэ нь тийм биш. Сард 3000 төгрөг аваад байгаа нь тухайн компани бизнес олох бас нэг арга нь гэж бодож байна.


БГД-ийн 18 А байрны иргэн Э.Онон “Сар болгон 3000 төгрөг нэхэх нь зохисгүй санагддаг. Ядаж 1000 төгрөг авдаг байсан бол хамаа алга. Орцны домофонд тэр болгон засвар үйлчилгээ ороод байдаггүй. Нэг суурилуулчихсан байхад нэг жил орчим бол засвар шаардагдахгүй. Харин чип буюу хаалганы түлхүүрээ гээгдүүлсэн тохиолдолд дахиж 3000 төгрөгөөр худалдаж авдаг.


Иргэдийн гомдлын дагуу Домофон компанийн оффис менежер О.Энхтуулаас энэ талаар тодруулахад “Тухайн байрны СӨХ-д манай төхөөрөмжийг сонирхож байна гэж бидэнд ханддаг. Үүний дагуу борлуулалтын албанаас тухайн байранд очиж эхлээд хаалгыг нь үзээд стандартад нийцэж байгаа үгүйг нь харна. Хэрвээ шаардлага хангаагүй хаалганд хонх суурилуулбал амархан эвдэрдэг. Иймээс иргэдтэйгээ зөвлөлдөж шинэ хаалга тавих талаар шийдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл тухайн байрны оршин суугчдын 50-иас дээш хувь нь зөвшөөрсөн тохиолдолд суурилуулж өгдөг гэсэн үг.Домофон компанийг анх байгуулахдаа байрнуудад судалгаа явуулж байсан. Гэтэл сарын хугацаанд л гэхэд засвар үйлчилгээ аваагүй, дуудлага өгөөгүй байр гэж байгаагүй. Харилцуур олон нийтийн эзэмшил учраас дийлэнхдээ гаднах тоног төхөөрөмжид дуудлага их ирдэг. Тухайлбал гэрт суурилуулсан аппарат алдаа заах. Гаднаас дуудлага орж байгаа боловч гэрт яриа нь сонсогдохгүй байх зэрэг янз бүрийн асуудал гарч байдаг. Мөн нэг айл нь дураараа холболтын утсаа салгасан тохиолдолд бусад айлууддаа масс үзүүлж, тус байранд нийтээрээ асуудал үүсдэг. Өөрөөр хэлбэл 79 гэсэн хонх дарахад 75 гэсэн байранд дуудлага очих зэргээр хоорондоо солигдож дуудлага очдог. Энэ тохиолдолд дуудлагын дагуу засварчид очиж үзээд янзлах боломжгүй болсон байвал үнэгүй шинээр солиод өгдөг” гэсэн тайлбар өгсөн юм.



Харилцуурын хувьд 38.500 төгрөгний үнэтэй бол гаднах домофон 400 мянган төгрөгний үнэ өртөгтэй аж.Нэг орцонд гэхэд өдөртөө 100 гаруй хүн орж гардаг. Тэгвэл орцонд байгаа айлын тооноос хамаараад сард 5-10 дуудлага ирдэг байна. Ирж байгаа дуудлагад дийлэнхдээ харилцуур эвдрэх, мөн гадны нөлөөллөөс болсон зүйлийг тус компани 100 хувь хариуцаж ажилладаг гэнэ. Хэрэв тус төхөөрөмжийг шинээр суурилуулсан бол эхний гурван сард засвар үйлчилгээний төлбөр авдаггүй байна.


Нийт хэрэглэгчдийн дийлэнх нь гэрээнд заасны дагуу 3000 төгрөгөө төлөхгүй үе байдаг бөгөөд хэрэглэх боломжгүй болчихлоо хэмээн салгуулах хүсэлтээ өгсөн тохиолдолд салгаж өгдөг. Суурилуулахаас өмнө гэрээ хийж, дараа нь гэрээгээ баталгаажуулахын тулд худалдан авах засвар үйлчилгээ үзүүлэх 507 дугаар гэрээнд хамрагдах хүсэлтэй байна. Энэхүү гэрээнд заасны дагуу сар бүр засвар үйлчилгээний 3000 төгрөг төлнө гэсэн заалтыг гэрээний эхэнд тусгаж өгсөн. Гэвч зарим иргэд ойлгоогүй эсхүл дээд тайлбарыг уншилгүй зурсан тохиолдол гардаг учраас давхар СӨХ-той гэрээ хийдэг аж.


Гэрээний хувьд хаалганы, засвар үйлчилгээний, худалдан авах гэрээ гэсэн үндсэн гурван төрлийн гэрээ хийдэг. Олон айлтай орцонд 200 мянгаар хийдэг бол цөөхөн айлтай орцонд 300 мянган төгрөгөөр хийдэг.Харин харилцуурын төлбөрөө иргэд өөрсдөө төлнө. Анхандаа төлөх боломжтой байж байгаад сүүлдээ төлөх боломжгүй болох үе байдаг. Тухайлбал 6 сар манай төхөөрөмжийг хэрэглээд төлөх боломжгүй байна, хасалт хийлгэе гэсэн хүмүүст бид төлбөрт уян хатан хандаж, цаашдаа үргэлжлүүлэн хэрэглэнэ гэвэл бүх төлбөрийг нь хасаж тэглэж өгдөг хэмээн тус байгууллагын менежерүүд онцолж байлаа.


Тэгвэл иргэдийн ийм төрлийн гомдолд Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар ямар хариу өгдөг талаар ШӨХТГ-ын оюуны өмчийг хамгаалах газрын дарга н.Лхагвасүрэнгээс тодрууллаа. Тэрбээр “Энэ нь тухайн байрны СӨХ-той холбоотой асуудал. Орон сууцанд амьдарч байгаа иргэд домофон суурилуулсан компанитай гэрээ байгуулаад СӨХ-той гэрээ байгуулаад тэд ирж гүйцэтгэдэг. Төлбөр тооцоотой холбоотой асуудлаа үнэхээр оршин суучдаас гаргуулах байсан бол СӨХ иргэддээ тодорхой тайлбар өгөх ёстой. СӨХ сар болгон суурь хураамжийн төлбөр 3000 төгрөг гэдгийг тайлбарлаж өгөх хэрэгтэй. Иргэдийн ойлгосон, ойлгоогүй, хайхрамжгүй өнгөрүүлсэн нөхцөл байдал нь эргээд үл ойлголцолд хүргэж байна. Бид гэрээ, бичиг баримтад их хайнга ханддаг хүмүүс шүү дээ. Өөрөөр хэлбэл хонх суулгаснаар гадны хүн дураараа нэвтрэхгүй, аюулгүй байдлыг хангах  давуу талтай, суурь хураамж сар болгон 3000 төгрөг төлнө гэхэд зөвшөөрч гарын үсэг зурна. Гэтэл сарын сүүлээр төлбөр төлдөг хүмүүс гайхаж эхэлдэг. Тиймээс төлбөрийг тодорхой тогтоочихсон байх ёстой. Орцны айлын тоогоор үнийн хувьд өөр. Оршин суугчдын зөвшөөрөлгүйгээр хаалганд домофон суулгачихаад төлбөр нэхсэн тохиолдолд СӨХ-нд хариуцлага тооцохоос өөр арга байхгүй. Иргэд өөрсдөө СӨХ, оршин суугчдын хооронд худалдан авах үйл ажиллагаатай холбоотой гэрээ бичиг баримтад маш сайн анхаарах хэрэгтэй” гэв.


Харин СБД-ийн СӨХ-ны байцаагч н.Баатарсүрэн “Би СӨХ-нд ажлаад 10-аад жил болж байна. Домофон компаниас ирж надтай гэрээ хийсэн юм байхгүй. Домофон системийг оршин суугчидтайгаа ярилцаж байгаад суурилуулсан. Өнгөрсөн жил домофоны оффист очиж уулзсан. Төлбөр тооцоо их гараад байна энэ асуудлыг шийдэж өгөөч гэсэн хүсэлт тавьж байлаа. Түүнээс хойш ирж уулзаагүй мөн ямар ямар ч гэрээ хийгээгүй өдийг хүрч байна.Ийм асуудал зөвхөн төхөөрөмж суурилуулсан айл өрхөд л байгаа. Тэгээд асуудал гарахаар над руу залгадаг” гэсэн хариултыг өгсөн юм.


Бэлтгэсэн Б.Болормаа



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 сар []


худалч компани гэж ойлгож байна.