Газар дээрээс нь


Чадварлаг баялаг бүтээгчдийг бэлтгэн гаргадаг сургууль

1 сар, 1 долоо хоног TIMES.MN

Мэргэжлийн боловсролын салбарт 51 дэхь жилдээ мэргэжилтэй ажилчин, ажилтан бэлтгэж байгаа Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллежийн нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр болж байна. Тус сургууль нь орчин үеийн ажил олгогчдын эрэлт шаардлагыг хангахуйц, мэргэжилдээ дуртай, ур чадвартай, зөв төлөвшсөн мэргэжилтэн бэлтгэх зорилгыг эрхэмлэн өнөөдөр мэргэжлийн боловсрол олгох 2,5 жилийн ангидаа 

  • Зочид буудал, зоогийн газрын үйлчилгээний ажилтан 
  • Зураач-чимэглэгч 
  • Монгол дархан 
  • Нарийн бичгийн дарга, албан хэргийн ажилтан 
  • Орчны дизайнер 
  • Оёмол бүтээгдэхүүний оёдолчин 
  • Өгөгдлийн сангийн оператор 
  • Сийлбэрчин 
  • Үсчин 
  • Хэвлэлийн график дизайнер 
  • Цахим тоног төхөөрөмжийн үйлчилгээний ажилтан 
  • Цахим хэрэгслийн засварчин 
  • Цахилгаанчин 
  • Автомашины засварчин 
  • Гагнуурчин 
  • Гоозасалч зэрэг мэргэжлээр бэлтгэдэг.







Мөн 1,5-3 жилээр 

  • Автомеханикч 
  • Веб мультимедиа зохиогч 
  • Гоо заслын технологич 
  • Зураач чимэглэгч 
  • Мехатроникч 
  • Нягтлан бодогч /цалин хөлс, төлбөр тооцооны/ 
  • Үс заслын технологчоор сургадаг.







Түүнчлэн мэргэжлийн анхан шатны боловсролыг 

  • Хэвлэлийн үйлдвэрийн хэвлэгч 
  • Цэцэрлэгт хүрээлэнгийн цэцэрлэгч 
  • Цэцэрлэгийн багшийн туёлах ажилтан 
  • Санхүү, бүртгэл тооцооны ажилтан 
  • Оёмол бүтээгдэхүүний оёдолчин 
  • Гоо засалч 
  • Үс засалч 
  • Автомашины засварчин гэсэн чиглэлээр 1 жилийн хугацаанд олгодог байна.







Тус сургуулийн Нарийн бичгийн 2-р ангийн оюутан Г.Энхцэцэг "Би 9-р ангиа төгсөөд энэ сургуулийн нарийн бичгийн ангид элсэн орсон. Манай сургуулийн төгсөгчид бүгд ажлын байртай болж төгсөж чаддаг. Миний хувьд Цагдаагийн газар дадлагаа хийж байгаа. Төгсөөд дадлага хийж буй газраа ажилд орно. Энэ сургуулийг чадвартай, сайн боловсон хүчин төгсгөж гаргадаг гэж сонсож байсан учир энэ сургуульд элсэн суралцсан" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. 



Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж нь оюутны дотуур байр, номын сан, орчин үеийн техник технологиор иж бүрэн тоноглогдсон сургалтын болон дадлагын газруудтайгаас гадна гадаадын олон байгууллага, сургуулиудтай хамтран ажиллан багш ажилтнуудын мэргэшлийг дээшлүүлж, оюутан суралцагч солилцдог.






Тухайлбал, БНЭУ-ын Засгийн газар, Японы JICA олон улсын хамтын ажиллагааны байгууллага, БНСУ-ын KOICA ОУХАБ, Германы GIZ хамтын ажиллагааны байгууллага, Fulbright Foundation АНУ-ын ЭСЯ, ОХУ-ын Эдийн засаг, үйлчилгээ, аялал жуулчлалын коллеж болон Олон түвшний коллеж, Өвөр Монголын Ордос хошууны Ажил мэргэжлийн сургууль, мөн Шилийн гол хошууны Ажил мэргэжлийн сургуулиудыг дурдаж болно.




Манай сургууль 300 хүүхдийн багтаамж бүхий оюутны дотуур байртай. Тус дотуур байранд хөдөө орон нутгаас элсэн суралцаж буй 9-р ангийн төгсөгчид маань эхний нэг жилдээ үнэ төлбөргүй суудаг. Мөн дотуур байрандаа тогтвор суурьшилтай, дэг журамтай байх аваас хоол, байрны мөнгө гэж 69 мянган төгрөг олгодог гэж оюутан бүртгэж байсан багш эцэг эхчүүдэд танилцуулж байлаа.






Энэ мэтчилэн олон сайхан хөнгөлөлт, боломж нээлттэй байгаа бөгөөд төлбөрийн хувьд ч маш хямдхан. Хэрэв 12-р ангиа төгсөн анхан шатны нэг жилийн ангид суралцах бол 200 мянган төгрөгийн төлбөр төлнө. Харин 1,5-3 жил буюу мастерийн 1,5 жил, 9-р ангиа төгсөн 2,5 жилээр суралцах гэж буй оюутнууд 450 мянган төгрөгний төлбөр төлөхөд л хангалттай гэнэ. Гэхдээ энэ нь төлбөр бус зөвхөн таны мэргэшүүлэх сургалтын урсгал зардал юм. Тус сургуульд суралцаж байх хугацаандаа та олон тэмцээн уралдаанд оролцон, дадлага хийх үед тань танд хэрэг болох материал, техник хангамжийн л мөнгө аж.






Үүнээс гадна Урлагийн мэргэжлээр төгсөгчид төгсөөд СУИС –д дэвшин суралцах болон эзэмшсэн мэргэжлээрээ өөртөө ажлын байр бий болгож үйлдвэрлэл явуулах боломжтой.


Хэрэв та энэ сургуульд элсэхийг хүсвэл 

-иргэний үнэмлэх болон төрсний гэрчилгээний хуулбар

-боловсролын гэрчилгээ

-хувийн хэрэг

-5 хувь чээж зураг

бүртгэлийн хураамж 5000 төгрөг байхад л хангалттай.




Мөн 9-р анги төгссөн элсэгчдээс ерөнхий эрдмийн мэдлэгийн шалгалт авах ба эрэлт ихтэй зарим мэргэжилдээ элсэлт авахын тулд ур чадварын шалгалт авдаг байна. 




Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл-Урлалын Политехник коллеж нь 1966 онд НААҮйлчилгээний техник мэргэжлийн сургууль , МУ-ын Засгийн газрын 1995 оны 11 сарын 3-ны өдрийн 197-р тогтоолоор БНЭУ-ын төр нийгмийн зүтгэлтэн ерөнхий сайд асан Ражив Гандийн нэрэмжит болгосон. 2012 оноос хойш Үйлдвэрлэл -Урлалын Политехник коллеж болсон. 2011 онд 2 дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн төрийн өмчийн сургууль юм.




Л.Булганчимэг





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.