Сонголт


"Гоо сайханч хүний сайн сайхны төлөө байдаг"

1 сар, 1 долоо хоног TIMES.MN
 Сонголт буландаа өнөөдөр 1-р зэргийн чадварлаг гоо сайханч, “Футур” сургалтын төвийн Гоо сайхан, эрүүл ахуйн багш төдийгүй гоо заслын чиглэлээр 15 дахь жилдээ тууштай ажиллаж буй Э.Оюунгэрэлтэй ярилцлаа. Тэрбээр 2002 онд 10-р ангиа дүүргэн Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллежид элсэн орж суралцсанаар түүний ажил амьдралын гараа нь эхэлжээ.


“Би 15 жил энэ салбарт ажиллахдаа долоо хоног ч амарч үзээгүй. Хүүгээ төрүүлэхдээ хүртэл ажиллаж байгаад төрүүлж байлаа. Төрөөд 14 хоноод л ажилдаа орж билээ. Гэртээ сууна гэхээр чадахгүй юм байна лээ” хэмээн ярих залуухан бүсгүй олон сайхан чадварлаг шавь төрүүлж нийгмийн хариуцлагаа биелүүлж яваа нэгэн юм. Ингээд түүний гоо зүйн ертөнцөөр хамтдаа аялцгаая.


Би сургуулийнхаа нэг л зүйлээр бахархаж ярих дуртай

2002 онд 10-р ангиа төгсөөд Үйлдвэрлэл урлалын сургуулийн компьютер программ хангамжийн ангид орсон юм. Хичээл эхлээд хоёр гурван сар л болж байсан байх. Манай сургууль байнга тэмцээн уралдаан зарлаж, мэргэжлээ сурталчлах өдөрлөг хийн, хүүхдүүдийн бүтээлээр үзэсгэлэн хүртэл гаргадаг. Үсчин гоо сайхны ангийн мэргэжлээ сурталчлах өдөрлөгт нь би маниканаар орсон юм. Тэгээд л нүүрээ будуулаад  суусан чинь үнэхээр сонирхолтой санагдаж яг л том студид ороод ирсэн мэт мэдрэмж төрж билээ. Тэрнээс хойш сэтгэл шулуудан ангиа солиод гоо сайхны ангид орсон доо.


Би сургуулийнхаа нэг л зүйлээр бахархаж ярих дуртай. Их дээд сургууль болон зарим коллежууд сайн ч байсан, муу ч байсан төлбөрөө өгөөд явж л байвал бүгд адилхан төгсдөг. Харин манай сургууль шаталсан байдлаар сургадаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр эхлээд анхан шатандаа нэг жил сурна. Анхан шатанд 4,5 анги байлаа гэхэд мастерын шатанд хоёр анги, бакалаврын шатанд бүр нэг анги байх жишээний. Сурч чадаж байгаа, чадвартай, чанартай нь анги ахиад дээшлээд сурна, чадахгүй нь үлдэнэ л гэсэн үг юм.


Миний хувьд

2002-2003 онд Үйлдвэр урлалын сургуулийн гоо сайхны анхан шат

2003-2005 онд Үйлдвэрлэл урлалын сургуулийн Мастер гоо сайханч, дүр хувиргалтын мастер

2005-2008 онд Үйлдвэрлэл урлалын сургуулийн Үсчин, гоо заслын бакалавр, гоо сайхны загвар зохион бүтээгч

2009 онд МУБИС-ийн эрүүл ахуйн магистрантаар сурсан.


Мөн байнга тэмцээн уралдаан болж байдаг учир хэн нь хэн бэ гэдгийг багш нар нь сайн мэддэг. Зарим сургуульд танигдахгүй явж байгаад төгсдөг оюутнууд байдаг бол манай сургуульд өөр. Хичээл болон тэмцээн уралдааны техник, гоо сайхны бүтээгдэхүүн, хувцас загварын даавуу гээд бүх зүйлээр нь хангаж өгдөг. Багш нарын хувьд 10-20 жил ажилласан, туршлагатай, чадварлаг багш нар хичээл ордог. Тухайлбал, Дулмаа, Булгаа, МөкөОдго, Нэргүй гэх мэт олон мундаг багш нартаа баярлаж явдаг. Сайн суралцаж, тэмцээн уралдаанд амжилт гаргаж буй оюутнуудаа ОХУ, Солонгос зэрэг улс руу оюутан солилцоогоор явуулдаг. Мөн Японы Жайкагаас багш нар ирж хичээл заадаг гээд яриад байвал олон давуу талтай, чанартай төгсөгчийг гаргаж чаддаг сургууль шүү.


Ийнхүү бид түүний төгссөн сургуулийн талаар ярилцан суухад тэрбээр “Их мөнгө зарж, эцэг эхээ хэдэн сая төгрөгийн өрөнд оруулан байж, цаг хугацаа их зарцуулж сурсан дор өөрийн чадвараараа дуртай мэргэжлээ богино хугацаанд бага зардлаар эзэмшээд, хэрэв та чадвартай бол ажиллангаа мэргэжлээ ахиулаад явах бүрэн дүүрэн боломж танд байгаа” гэдгийг залуу үеийнхэндээ онцолсон юм.


Бүх аймаг, сум, хотод хэдэн зуун шавьтай

Манай мэргэжлийн нэг давуу тал гэвэл өдөр нь хичээлдээ яваад орой нь сурсан мэдсэнээ бататгаад цагийн ажил эсхүл дагалдан ажилтан хийгээд явах боломжтой. Би сургуулиа төгсөөд анх “Сарнай” сургалтын төвд багшилдаг байлаа. Өглөө нь сургалтын төвдөө багшлаад, өдөр нь хичээлдээ суугаад, орой нь гоо сайханчаа хийдэг байлаа. 2002 онд сургуулиа төгсөөд хөдөө орон нутаг руу явж эрхийн бичгийн сургалт явуулдаг байсан юм.


Эрхийн бичгийн сургалт гэдэг нь улсаас хоёр жилд нэг удаа сонгогдсон сургалтын төвүүдэд боловсролтой, боловсролгүй хамаагүй иргэдийг хүссэн мэргэжлээр нь нэг сарын хугацаанд сургалтад сууж мэргэжил эзэмшүүлдэг юм. Та өөрийн амьдардаг сум, дүүрэг, хорооны хөдөлмөр, халамж үйлчилгээний төв дээр очоод өөрийн сонгосон сургалтын төвдөө бичиг хийлгэж авахад л хангалттай. Үүнийг бараг хүмүүс мэддэггүй юм. Дээд сургууль төгссөн байсан ч та энэ сургалтад хамрагдах боломжтой. Гэхдээ гол нь чанартай, олон жил үйл ажиллагаа явуулж буй сургалтын төвийг сонгох хэрэгтэй.


Та хороо дүүргээсээ эрхийн бичгийн сургалтад хамрагдах бичиг, өөрийн иргэний үнэмлэхтэйгээ ирэхэд л болно. Үнэ төлбөргүй.


Би ер нь багшлаад, хүнд тус дэм болж явахыг илүүд үздэг. Тэр ч үүднээсээ гоо сайханчаа хийхийн хажуугаар “Футур” сургалтын төвд гоо сайхан, эрүүл ахуйн багш хийж байна. Манай сургалтын төвийн хувьд 19 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа туршлагатай хамт олон байгаа. 


ЕБС-ийн хичээлийн программд гоо зүйн эрүүл мэндийн хичээлийг оруулах хэрэгтэй

2013-2015 онд Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургуульд гоо зүйн эрүүл мэндийн багш хийж байлаа. Уг хичээлийг гадаадын орнуудад заавал судлах хичээлд нь оруулж өгсөн байдаг. Учир нь гоо зүйн хичээлээр нүүрээ хэрхэн зөв угаах, батгаа хэрхэн зөв эмчлэх гээд өдөр тутмын амьдралд нь хэрэгтэй бүх зүйлийг заадаг. Жишээ нь: Өсвөр насанд гардаг батгашилтыг хэрхэн даван туулах, яаж зөв эмчилж эдгээх вэ гэх мэт наад захын хэрэгцээтэй зүйлсийг заадаг. Харин манайд хэдхэн сургуульд сонгон суралцах хичээлээр л оруулдаг. Хэрвээ ЕБС-ийн заавал судлах хичээлд оруулбал өнөөдөр батгаа буруу цэвэрлэж шахан нүүрээрээ нэг нүхжилт, сорвитой хүмүүс багасах болов уу.


Тухайлбал, бидний дийлэнх нь нүүрээ нэг гаран дороо нөгөө гараа тавьж байгаад хоёр гарын даралтаар нэг талаасаа эхлэн тойрог хэлбэрээр угаадаг. Гэтэл энэ нь буруу угаалт төдийгүй хүний нүүрний хэлбэрийг нэг талруу нь далийлгаж өгдөг. Тэгээд манайхан хүний хоёр хөмсөг нүд өөр байдаг гэж яридаг. Энэ нь нүүрээ буруу угааснаас болж байгаа хэрэг шүү дээ. Харин нүүрээ хамрынхаа хоёр талаас гадагш чиглэлтэй угаах ёстой байдаг.


Би онол, практикаа хослуулж заадаг. Толгойн бариа, бүтэн биеийн бариа, маникюр, пэдикюр, эмчилгээний гоо сайхныг заана. Жишээ нь: Оюутнууд маань нэг нэгэндээ ээлжлэн нүүрний массаж хийхдээ энэ цэгт дарвал ингэж байна гэхчлэн өөрөө биеэрээ мэдрээд сурахаар илүү үр дүнтэй байдаг. Мөн нүүрний массажид 20 гр тос хэрэглэх, зэрэг массажаа эхлээд зэрэг дуусах гэх мэт нарийн чадварлаг боловсон хүчин болж, нэр бүхий том том салонд ажилд орох боломж их бий. Тийм шавь нарыг ч их бэлтгэлээ.


Та өөрөө чадвартай бол сургалтын төвөө төгсөөд үргэлжлүүлээд мэргэжлээ дээшлүүлэн багшлаад явах хүртэл боломжтой. Нас харгалзахгүй, та хүсэх л юм бол амьдралаа өөрчилж сайхан амьдрах боломж их байгаа.


Ажлын туршлага:

2002-2009 онд Улсын шилдэг “Сарнай” сургалтын төвд гоо сайхны багш, зөвлөх

2009-2012 онд “Paradise” гоо сайханд гоо засалч, зөвлөх

2013 онд “Алжаал тайлах төв”-д эмчилгээний гоо засалч

2013-2015 онд “Голомт” цогцолбор дунд сургуульд гоо зүйн эрүүл мэндийн багш

2015 онд “Рамон” үсчин гоо сайханд гоо сайханч


Сүүлийн үед цахим орчинд гэрийн нөхцөлд маск тавих маш олон арга, зөвлөгөө янз янзаараа л байна. Энгийн мөртлөө хэрэгтэй ганц хоёр зөвлөгөө өгье.

1. Зуурдаг маскыг гэрийн нөхцөлд өөрсдөө тавихдаа буруу дараалалтай тавьснаар арьсанд цочрол өгдөг.

Дараалал нь

-хацар

-эрүү

-хамар

-дух

-хүзүү гэсэн дараалалтай түрхэнэ. Түрхэхдээ багс юм уу зориулалтын халбага хэрэглэвэл зүгээр. Дан дотроосоо гадагш чиглэлтэй түрхэх хэрэгтэй. Харин хамрынхаа дээрээс доош хоёр талруу нь түрхэнэ. Духныхаа голоос хоёр тийш гадагш чиглэлтэй түрхэх бол хүзүүний хувьд доороос нь дээш буюу эрүү рүү, дээш өргөж түрхдэг. Нүд болон урууландаа хүргэж болохгүй. Учир нь маш эмзэг хэсэг юм. Нүд, урууланд тохирсон тусгай зориулалтын маск байдаг.

2. Шүдний сойзоороо уруулынхаа өнгөн хэсгийн сул арьсыг унагааж цэвэрлээд сок, нухаш юмуу зөгийн бал түрхэж 15-20 минут байлгаад бүлээн усаар зайлна. Уруул зөөлөрч, үхэжсэн арьс нь гуужиж өөрийнх нь ягаан өнгө гарч ирдэг.

3. Маск тавьсан үедээ босож явахгүй байх. Ялангуяа хатаж, арьсыг чангалдаг маск тавьсан бол /хар маск гэх мэт/ ярьж болохгүй. Энэ үед нүүрний бүх булчинд нөлөөлж байдаг учир ярих үед булчинд хүчтэй нөлөөлж улмаар арьсыг цочроох аюултай юм.

4. Хэрвээ та тослог арьстай бол бүлээн буцалсан усаар нүүрээ угаах хэрэгтэй.

5. Буцалсан зөөлөн усаар нүүрээ угааж хэвших. Хэрвээ таны арьс хуурайшаад байвал буцалсан усандаа бага зэрэг олив хийж болно. Ер нь буцалсан усандаа юу ч хийж угааж болно. Бага зэрэг алим, лимон, зөгийн бал гээд таны хөргөгчид хүнсний ямар бүтээгдэхүүн байна тэдгээрээс хийгээд угааж болно. Заавал үнэтэй бүтээгдэхүүн авах бус гэртээ байгаа зүйлээ өөрийн арьсандаа тохируулан холиод түрхэж болно.


Ярилцлагынхаа төгсгөлд тэрбээр өөрийн гоо сайхнаа ямар хүнд даатгаж байгаа вэ гэдгээ мэдэж байж гоо сайхны үйлчилгээ авч байхыг зөвлөсөн юм. Учир нь сүүлийн жилүүдэд мэргэжлийн гоо сайханчдаас ур чадварын буюу зэргээ хамгаалах улсын хэмжээний шалгалт аван үнэмлэх гэрчилгээ олгодог болсон байна. Энэхүү шалгалтад тэнцсэнээр 10 жилдээ дахин шалгалт өгөлгүй үйл ажиллагаагаа явуулж болох аж.




Гоо сайханчид 3-р зэргээс 1-р зэрэг хүртэл ахиж дээшилдэг. Хэрэв тус шалгалтад тэнцэхгүй бол зэрэг нь буурах дарааллаар явах ба бүр тэнцэхгүй бол гоо сайханч хийх эрхгүй болдог байна.


Гаргасан амжилт:

2009 онд Сургалтын төвүүдийн “Шилдэг багш”

2011 онд Налайх дүүргийн “Шилдэг гоо засалч”

2012 онд “Шилдэг залуу” алтан медаль, өргөмжлөл

2010 онд Улсын сургалтын гоо сайхны DVD хичээл гаргасан бөгөөд бүх сургалтын төвүүд уг DVD-г хэрэглэдэг.

2011 онд Гоо сайхны сургалтын ном сурах бичиг гаргахад оролцсон.

2015 онд Монгол Улсын Баталгаажсан 1-р зэргийн гоо сайханчийн гэрчилгээ болон үнэмлэхээ авсан.


 Дашрамд дурдахад та эмчилгээний гоо сайхан, мэнгэ, үү, ургацаг авахуулах, массаж, бүтэн биеийн бариа гээд олон төрлийн үйлчилгээг мэргэжлийн 1-р зэргийн гоо сайханчаас авахын зэрэгцээ зөвлөгөө мэдээлэл авах, гоо сайханчаар сурахыг хүсвэл доорх хаяг болон утсаар холбогдох боломжтой.


Түүний сургалт явуулдаг “Футур” сургалтын төвийн хаяг: Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, 2-н А байр. Сарын төлбөр 250 мянга

Харин гоо сайхны үйлчилгээ авах бол СУИС-ын баруун талд байрлах “Рамон” үсчин гоо сайхны газрыг зориход болно. Мөн тэрбээр хувиараа дадлагажуулж, мэргэжлийн үнэмлэх олгодог. Дэлгэрэнгүй мэдээлэл болон зөвлөгөө, тусламж авахыг хүсвэл 99004006 утсаар холбогдох боломжтой.


Л.Булганчимэг 



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 сар, 1 долоо хоног [66.181.180.143]


Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр түрээслүүлнэ. 99041126


Зочин    1 сар, 1 долоо хоног [66.181.180.143]


Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр түрээслүүлнэ. 99041126