Сонголт


"Дархан гэдэг чамбай, нарийн мэдрэмж шаардсан мэргэжил"

1 сар, 1 долоо хоног TIMES.MN
Хүмүүний амьдрал гэдэг тэр чигтээ Сонголтод оршин тогтнодог. Та ганцхан эх орон, ээж ааваа л сонгож төрдөггүй нь хорвоогийн жам. Харин өөр бусад бүх зүйл таны сонголтоос л шалтгаална. Сонголтоо хэр зөв хийсэн бэ гэдгээс амьдралын тань зовлон, жаргал, баяр хөөр, уйтгар гуниг, үр хүүхэд, хань ижил гээд бүх зүйл өөрчлөгдөнө.

Хүн бүрийн туйлын хүсэл мөрөөдөл элэг бүтэн, сайхан амьдрах гэдэгтэй бүгд санал нийлэх болов уу. Тэгвэл сайхан амьдралын үндэс суурь мэдээж хамгийн эхэнд хүмүүжил, ажил мэргэжил, хань ижил орох байх. Юугаар ч дутагдах зүйлгүй амьдралыг цогцлооход танд мэдээж ажил хэрэгтэй. Ажил мэргэжлээ хэрхэн зөв сонгож, түүндээ үнэнч, тууштай байж чадна тэр хүний амьдрал амжилтаар шагнагддаг.




Харин сүүлийн үед манай залуус мэргэжил сонголтод төдийлөн анхаарал хандуулах нь багассан мэт. Дээд сургуульд сурахгүй л бол хүний тооноос гарах гэж буй мэт хэн нэгнийг дагаад, ээж аавынхаа шахалтаар, бүр эсхүл аль тэнцсэн сургуульд нь элсэн суралцаж, дөрвөн жилийг арай ядан өнгөрөөж, хоосон диплом өвөртлөн төгсдөг болжээ. Тэгээд л нийгэмд ямар ч чадваргүй олон диплом хөвөрсөөр. Хайран цаг хугацаа, хайран хэдэн сая төгрөг.


Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр өөрийн сонирхолдоо хөтлөгдөн, хүссэн мэргэжлээ эзэмшин, амьдралаа авч яваа залуус ч олон байна.



Б.Найдан


“Хүмүүсийг гайхдаг юм. Монголчуудын дийлэнх нь коллеж буюу мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг төгссөн бол ажилчин. Харин дээд сургуульд сурвал албан тушаалтан болно гэж боддог. Яг амьдрал дээр бол ондоо. Хэн мэргэжилдээ үнэнч байж амьдралаа авч явж байна. Нөгөө коллеж төгссөн нөхдүүд л тухайн мэргэжлээрээ тууштай, чадварлаг ажиллаж байна. Харин гадуур ажилгүй байгаа хүмүүсийг хараарай. Нөгөө дээд сургууль төгсөж, албан тушаалтан болох сонирхолтой нөхдүүд байгаа” хэмээн ярих эдгээр залуус бол та бидний нэрлэж заншсанаар Гандийн сургууль буюу Үйлдвэрлэл, урлалын политехник коллежийг уран дархны мэргэжлээр төгссөн дархад юм.



Н.Баасандорж


Эдгээр мундаг, чадварлаг, зорьсон зорилгодоо үнэнч залуус болох “Хас гоёл” компанийн дархан Б.Найдан, "Ган гоёл чимэг” компанийн дархан Н.Баасандорж нартай ярилцлаа.


-Дархан гэх энэ мундаг мэргэжлийг яагаад сонгох болов. Мэдээж гарын ур дүйтэй байж л сонгосон байх. Удамд нь дархан хүн байв уу. Удам дамждаг гэдэг дээ?

-Б.Найдан: Манайд тийм дархны удам байхгүй ээ. Багаасаа зурах сонирхолтой байлаа. Дархадын урласан бүтээлийг их сонирхдог байсан. Ер нь тэгээд өөрийнхөө хүсэл сонирхлоороо л сонгосон доо.

-Н.Баасандорж: Манайд ч гэсэн дархан хүн байгаагүй. Хүнд угаасаа 1 хувийн авьяас чадвар, 99 хувийн хичээл зүтгэл гэж байдаг. Багаасаа дархан хүний үйл ажиллагааг хараад их сонирхдог байлаа. Мөн багадаа Занабазарын музейг их үздэг байсан. Бараг 30, 40 удаа үзсэн байх. Тэр музейн бүтээлүүд их таалагддаг байсан. Тэндээс эхлээд л ер нь дархан болно гэж шийдсэн дээ.




-Дархан гэхээр яг ямар хүнийг хэлээд байна вэ. Юу хийдэг хүн, ямар мэргэжил юм бол. Дийлэнх хүн дархан гэхээр ээмэг, бөгж, зүүлт хивэнд хийж урладаг хүмүүс гэж ойлгодог?

-Баасандорж: Биеэ даасан том урлаг шүү дээ. Маш олон төрөл байгаа. Тухайлбал, утсан сүлжмэл, хөөмөл, ган сийлбэр, цутгуур гээд олон төрөл байдаг. Ээмэг бөгж хийж байгаа дархчууд бол ерөнхийдөө хэвний дархчууд л байгаа. Миний хувьд бол ган сийлбэрийн дархан.

Б.Найдан: Миний хувьд цутгуур, хөөмөл төрлийн дархан. Хөөмөл гэхээр гараараа цохиж хийнэ гэсэн үг. Харин цутгуур гэхээр эхлээд баримлаа бариад лааны тос мэт материалд цутгана.




-Танай байгууллагууд ямар чиглэлээр дагнан урладаг вэ?

-Б.Найдан: Манайх бэлэг дурсгал, бурхан, тэмдэг медалийн захиалга голцуу авдаг. Гэхдээ захиалагч юу захиална тэр бүгдийг л хийдэг дээ.

Баасандорж: Манай байгууллага бол тэмдэг медалиар дагнасан. Зун буюу зургадугаар сараас долдугаар сарын 20-д хүртэл морины медалийн захиалга их байдаг. Морины медаль 20-50,000 төгрөгийн үнэтэй байдаг. Хугацааны хувьд янз бүр. Аль болох л захиалагчийн хэлсэн хугацаанд гаргаж өгөхийг боддог. Ерөнхийдөө морины медаль долоо хоногийн дотор бол гарна аа.




-Есдүгээр ангиа төгсөөд коллежид элсэн орсон гэсэн үг тэ. Тус сургуулийг сонгон суралцахад хэн нөлөөлсөн бэ?

-Ер нь хэн ч нөлөөлөөгүй. Өөрсдөө л сонирхлоороо орсон. Хар зураг, уран зургийн шалгалт өгөөд үзсэн тэнцсэн байсан. Анх хичээл эхлэхэд 20 гаруй суралцагч байсан бол шигшигдсээр байгаад арваад хүүхэд л төгсөх жишээний.




-Тэгэхээр дундаас нь шантраад хаях хүүхдүүд их байдаг байх нь. Та хоёрын хувьд шантрах үе байв уу. Тэр үеэ хэрхэн даван туулж байсан талаараа хуваалцаач?

-Тиймээ. Дундаас нь шантраад хаясан хүүхэд олон байгаа. Бид хоёрт ч гэсэн шантрах үе байлгүй яахав. Тэр үедээ өөрийгөө зоригжуулаад л хичээдэг байсан даа. Чи үүнийг сурч байж л сайхан амьдарна гэх мэтээр зорилгоо бодоод л хичээдэг байсан. Энэ мэргэжил өөрөө чамбай, нарийн мэдрэмж шаардсан учир сууж сурдаг. Тэгэхгүй бол нэг зүйл хийгээд л босоод өөр зүйлүүд рүү сатаараад байвал анхаарал төвлөрч өгөхгүй.


-Тэгэхээр их том зорилготой болоод л түүнийхээ төлөө зүтгэдэг байжээ. Цаашдын зорилгоосоо хуваалцаач?

-Б.Найдан: Зорилго, хүсэл мөрөөдөл гэвэл мэдээж дархан хүн бүрийн л адил өөрийн гэсэн урлантай болохыг хүсдэг. Мэдээж их цаг хугацаа орох л байх. Гэхдээ хичээж байгаа.

-Н.Баасандорж: Миний хувьд ч гэсэн өөрийн гэсэн урлантай болоод тэндээ ороод эрч хүч авдаг байхыг хүсдэг. Өөрийн гэсэн амьдрал зохиогоод, сайхан гэр оронтой болоод гэрийнхээ бүх юмыг өөрөө урлахыг хүсдэг. Хувь уран бүтээлч болохыг хүсэж, мөрөөдөж, зорьж байна даа.




-Сургуулийнхаа талаар танилцуулаач. Танай сургууль онол, практикаа сайн хослуулж чаддаг. Төгсөгчид нь ажлын байртай төгсдөг гэж сонссон. Мөн дархны мэргэжил эзэмшихэд тань тусалсан багшийнхаа талаар яривал.

-Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл, урлалын политехник коллеж нь маш олон мэргэжлээр элсэлт авдаг. Бид хоёрын төгссөн Монгол дархны ангид ерөнхий эрдмийн анги, дадлагын анги гэж хоёр анги байдаг. Учир нь бид галтай ажилладаг учир хариуцлага өндөртэй. Хөдөлмөрийн аюулгүй байдал сайн хангаж ажиллахгүй бол эрсдэл их. Манай сургууль аюулгүй байдал болоод багаж, техник, хангамж гээд бүх зүйлийг нь бэлдээд, дадлага хийх газрыг нь заагаад өгдөг. Ерөнхийдөө дадлага хийсэн газраа ихэнх нь төгсөөд ажилд ордог. Бид хоёр ч тэгсэн. Манай сургуулийн хувьд  биднийг зөв хүн болгож хүмүүжүүлж чадсан. Амьдралд хөл тавихад минь тусалсан гэж боддог. Дарханы багш маань н.Отгонбаатар гэж мундаг хүн байгаа.


-Мэргэжлээ дээшлүүлье гэж боддог уу?

-Мэргэжлээ дээшлүүлнэ гэвэл гадаадад л гарч сурах байх даа. Нэг бол арай өөр мэргэжлээр сураад түүнийгээ дархны мэргэжилтэйгээ хослуулж, өөрийгөө хөгжүүлэх байх. Монголд гэвэл дүрслэх урлагийн дээд сургууль  л байгаа. Тэнд манай сургуулийн заасан зүйлийг л заана.




-Мэргэжлээ сонгохдоо юуг анхаарах ёстой юм болоо. Өөрийн хүсэл зорилгоо дагах уу, нэг бол нийгмийн эрэлт хэрэгцээг харах уу. Нийгэмд эрэлттэй байгаа мэргэжлийг сонгох залуус бас байдаг?

Өөрийгөө л сонсох хэрэгтэй. Нийгмийн эрэлт хэрэгцээг дагаад мэргэжлээ сонгох бол буруу. Нийгэм нь өөрчлөгдөхөд таны мэргэжил хэрэгцээгүй болно гэсэн үг. Коллежид сурлаа гээд та амьдралгүй болохгүй. Яг ажил дээр гарахад коллежид сурч төгссөн залуус илүү сайн, эзэмшсэн мэргэжилдээ үнэнч, чадварлаг, амьдралаа аваад явж чадаж байгаа болов уу гэж харагддаг. Бид хоёрын хувьд л гэхэд Б.Найдан төгсөөд одоо тав дахь жилдээ, харин миний хувьд гурав дахь жилдээ ажиллаж байна. Тэгэхэд бид нарын үеийн дээд сургуульд орсон залуус төгсөөгүй байх жишээний. Ялангуяа манай Үйлдвэрлэл, урлалын политехник коллежийг ямар ч мэргэжлээр төгссөн хаана ч очоод гологдохгүй сайн ажиллаж чадаж байна. Зарим нь өөртөө ажлын байр бий болгож чадаж байхад зарим нь гадаад, дотоодын олон тэмцээнд орон амжилт үзүүлж мундаг сайн явж байгаа залуус олон байна. Тэгэхээр гол нь өөрийгөө сонсож, зөв мэргэжлээ сонгон, түүндээ үнэнч ажиллах хэрэгтэй. 


-Баярлалаа. Ажлын амжилт хүсье



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 сар, 1 долоо хоног []


ENE HORVOOGIIN BUH HOORONDOO UYLDAATAI NEG GINJIN HELHEE BUH MERGEJIL AGUU


Зочин    1 сар, 1 долоо хоног [202.131.245.10]


Мэргэжлээ зөв сонгоод, мэргэжилдээ дурлаж, амжилттай ажиллаж буй сайхан залууст баяр хүргэе!


Зочин    1 сар, 1 долоо хоног []


deed zergiin gagnuurchid europ australiad bol ondor stalin avdag gesen