А.Ичинноров: Золиос байж амжилтад хүрнэ

2 сар, 2 долоо хоног TIMES.MN
 Сүүлийн жилүүдэд манай залуус зөв амьдрах ухаанд ихэд суралцах болжээ. Зөв амьдрах ухаан гэхээр мэдээж архи тамхи, шоу цэнгээн, элдэв муу зуршлаасаа татгалзан зөв бие хүн болж төлөвших үйл явц юм. Спортоор хичээллэж, цагийг үр бүтээлтэй өнгөрөөж, ном уншиж, агаар салхинд алхан, зөв хооллолтын дэглэм барих ухаалаг залуус олширсоор байна гэхэд буруудахгүй болов уу. Эдгээр амьдралын зөв дадлаас спорт гэгч хүний бие болоод дотоод сэтгэлийг бүрэн өөрчилдөг мэт.


Спортоор хичээллэсэн хүн элдэв муу зуршилгүй, тэвчээртэй, зорилгодоо тууштай, хатуужилтай болдог гэдгийг олон сайхан Спортын мастерууд баталсаар байгаа билээ. Тэдгээрийн нэг бол 2016 оны Бодибилдингийн дэлхийн аварга, Powerlifting-ийн дэд мастер А.Ичинноров юм.


Тэрбээр уг спортоор хоёрхон жил хичээллээд л ийнхүү дэлхийн аварга хэмээх эрхэм шагналыг хүртсэн байна. “Анх 2015 онд найзыгаа даган фитнэссээр хичээллэхээр орж ирж байлаа. Ерөнхийдөө өөртөө таарсан махтай, бас гайгүй галбиртай байсан болохоор биеэ чанга, чийрэг болгох зорилготой л орж ирсэн юм. Гэхдээ яваандаа “донтоно” гэгчээр энэ спортод дурлаж эхэлсэндээ. Шагнал гэдэг авахаасаа илүү хамгаалах нь чухал юм. Одоо ирэх есдүгээр сард Улсын аваргад ороод 10 дугаар сард 2017 оны Дэлхийн аваргад орж аваргаа батлах л том зорилготой байна” хэмээн ярих даруухан бүсгүй арван жилд байхдаа хөнгөн атлетик, гимнастикаар хичээллэдэг байжээ.


Багаасаа хөдөлгөөнтэй, хурдан шаламгай, бас спортоор хичээллэдэг байсан нь түүнийг ийнхүү хурдан хугацаанд амжилтад хүрэхэд нөлөөлсөн байна. Ингээд түүнтэй түүний амьдралын хэмнэл, амжилт, цаашдын зорилго болоод хүсэл мөрөөдлийнх нь талаар хэсэгхэн хором ярилцсанаа хүргэе.



-Сайн байна уу. Ямартай ч Хөх хотын ОУ-ын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, модель төрөлд нь тэргүүн байр эзэлсэнд нь баяр хүргэе. Тэр торгон агшны сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Баярлалаа. Угаасаа түрүүлнэ гэсэн бодолтой явсан болохоор өөртөө бүрэн итгэлтэй байсан. Хятад, Өвөр Монгол, Монгол гэсэн гурван улсын хооронд болсон жижиг тэмцээн л дээ.


-Бикини, спорт гээд олон төрөл байна уу. Ялгаа нь юундаа байна вэ?

-Эмэгтэйчүүдийн хувьд Бикини буюу модель төрөл/миний өрсөлддөг/, фитнэсс, классик гэсэн төрлүүдтэй. Классик гэдэг нь арай илүү биеийн булчингийн хөгжлийг харна гэсэн үг. Харин модель төрөл нь биеийн өв тэгш пропорц, гоо зүйн талаас нь харна. Мөн тодорхой хэмжээгээр булчингийн хөгжлийг бас харна л даа.




-Өндөр, жин, нас харгалзах уу?

-Бодибилдинг фитнэссийн спортоор хичээллэхэд нас, хүйс, өндөр, туранхай гээд таны юу ч нөлөөлөхгүй. Зөвхөн танд тууштай, шаргуу, зорилгодоо хүрнэ гэсэн хүсэл эрмэлзэл байхад л болно. Тэмцээнд ороход 1,65-аас дээш, доош гээд л ангилдаг. Миний хувьд доош ангилалд өрсөлддөг.


-Анхны тэмцээн чинь ямар тэмцээн байв. Ер нь тэмцээнд өрсөлдөөд үзээч гэсэн саналыг хэн тавьсан бэ. Тодорхой хэмжээний шалгуур хангаж байж тэмцээнд оролцох эрхээ авах уу?

-Анх 2015 оны улсын аваргад оролцож байлаа. Ер нь хоёр сарын зайтай байнга тэмцээн болдог. Орсон тэмцээн болгондоо амжилт гаргасан. Миний анхны багшийг Г.Жамц гэдэг. Би “Perfect body” клубын тамирчин гэж явдаг байгаа. Анх зааланд явдаг найз маань чи нэг тэмцээнд ороод үзээч гэсэн саналыг хэлсэн. Мэдээж тэмцээнд орохын тулд шалгуур хангасан байх ёстой. Гаднын тэмцээнд орсон байх мөн улсынхаа эхний гурван байрт шалгарсан байх гэсэн шалгууртай.



Багш Г.Жамц


-Цаашид энэ төрлөөрөө л хичээллэх үү. Эсвэл арай илүү булчингаа нэмээд спорт төрлөөр нь өрсөлдөж үзье гэсэн бодол байдаг уу?

-Тийм бодол байхгүй ээ. Энэ амжилтаа чанаржуулаад, амжилтаа ахиулаад л явахыг зорьдог. Одоо тавьсан байгаа хамгийн том зорилт бол өнгөрсөн жилийн дэлхийн аваргаа бататгах л байна даа.


-Тэмцээнд явах зардал мөнгөө хэрхэн зохицуулдаг вэ. Жишээ нь хувцас гээд л. Их л гоё гялалзаж гялтганасан хувцас өмсдөг юм байна лээ. Үнэтэй хийлгэдэг байх даа.

-Зардал мөнгө бол 100 хувь өөрсдөөсөө гаргадаг. Машин тэрэг, ээмэг бөгж гээд юу л байна ломбардаад л явна шүү дээ. /инээв/ Эмэгтэйчүүдийн өмсдөг Бикини гэхэд л гадаадаас захиалж хийлгэдэг 750 мянган төгрөг байх жишээний. Аль улсад ямар тэмцээнд орж байна гэдгээсээ шалтгаалаад үнэ ханшийн хувьд өөр өөр. Ойрхон бол онгоцны тийзэд арай бага мөнгө зарцуулах гэх мэт. Харин хол газар бол хоёр гурав дамжина, очоод буудлын мөнгө гээд л. Дэлхийн аваргад оролцоход 5-6 сая төгрөг орсон байх. Зээл авч яваад л ирээд зээлээ төлөх гэж ажиллаад таарч байна даа. Өнгөрсөн жилийн дэлхийн аваргад “Пэпси” компани хослол, үүргэвчээр жигдрүүлж өгсөн.




-Уг нь амжилт гаргаад ирж байхад улсаас бас тодорхой хэмжээний тусламж үзүүлж баймаар юмаа тэ. Бусад орнуудын жишгийг харахад улсаас нь хангамж хэр байдаг гэнэ.

-Энэ төрөл маань Олимпийн төрөлд ордоггүй болохоор л тэгдэг байх даа. Бусад орнууд бол улсаас нь 100 хувь дэмжээд, бүх зүйлээр нь хангаад явуулдаг гэсэн. Энэ тал дээр Бодибилдингийн холбоо анхаарч ажиллах байхаа.


-Нууц биш бол хувийн амьдралаа танилцуулаач. Гэрлэсэн үү гэх мэт?

-Одоогоор амьдрал зохиогоогүй байна. Ээж хоёр дүүтэйгээ амьдардаг. Гэр бүлийнхэн маань намайг маш их дэмждэг. Магадгүй миний амжилт гаргаж буйн нууц нь энэ байх. Ар гэртээ санаа зовохгүй, 100 хувь бэлтгэлдээ анхаарахад тусалдаг.



-Гэр бүлийнхэн тань таныг дагаад хоолны дэглэм барьдаг уу. Эсвэл фитнэссээр хичээллэдэг үү?

-Үгүй ээ. Ерөөсөө тийм юм байдаггүй. Би өөрийнхөө хоолыг бэлдээд л идчихдэг. Гэрийнхэн маань өөрсдөө хоолоо бэлдээд л иднэ. Миний бэлдсэн хоолонд манай хоёр дүү хүрнэ ч гэж байхгүй.


-Тэгэхээр хувийн зохион байгуулалт сайтай юм шиг байнаа даа. Ер нь спорт гэдэг их тэвчээр шаарддаг. Шантраад дундаас нь орхисон хүмүүс ч их байдаг. Таны хувьд шантрах үе байв уу. Тэр үеийг хэрхэн давдаг вэ?

-Ер нь хүн бүрд л шантрах үе байдаг байх. Миний хувьд тийм үедээ зорилгоо бодоод илүү их хичээдэг. Багаасаа хөнгөн атлетикаар хичээллэдэг байсан болохоор илүү тууштай, тэвчээртэй зан маань их нөлөөлдөг байх. Хүн тэгээд ч зорилгоо ухамсарлаад, өөртөө шаардлага тавивал түүнийхээ төлөө хичээхэд тухайн үеийн багахан шантрал бол тэр дороо л байхгүй болдог доо.




-Өдөрт хэдэн цагаар хичээллэдэг вэ. Нууц биш бол өөрийнхөө барьдаг хоолны дэглэмээс бүсгүйчүүддээ хуваалцаач?

-Тэмцээний бэлтгэлгүй жирийн үед бол өглөө, оройд нэг удаа хоёр цагаар зааландаа хичээллэдэг. Харин тэмцээний бэлтгэлийн үеэр өглөө, оройд хоёр удаа хоёр цагаар бэлтгэл хийдэг. Хажуугаар нь ууланд алхах, гадаа гүйх гэх мэтээр дасгал хөдөлгөөн хийдэг.


Хоолны дэглэмийн хувьд өөх тостой хоолноос татгалзана, тахианы цээж мах, үхрийн мах, ногоо илүү их хэрэглэдэг. Тэгээд мэдээж бэлтгэл их хийж, ачаалалтай байгаа үедээ өдөрт 2-3 цагийн хооронд унтаж амрахыг боддог. Амралт ер нь маш чухал шүү. Мөн архи дарс, спиртийн төрлийн зүйлээс татгалзана. Маршрут бол ерөөсөө л гэр, ажил шүү дээ. Тэгэхгүй бол найз нөхөдтэйгөө уулздаг яаж зүгээр байхав давраад л яваад өгнө шүү дээ. /инээв/Наадмын хуушуур идээгүй хоёр жил болж байна гээд бод л доо. Ер нь тэгээд золиос тодорхой хэмжээгээр байж амжилтад хүрдэг гэж боддог.




-Танай фитнэсст ихэвчлэн ямар зорилготой хүмүүс ирж байна. Зүгээр турмаар байна, гоё биетэй болмоор байна гэсэн зорилго бүхий хүмүүс байна уу. Зарим хүмүүс фитнэсст сайхан залуу харах гэж эсвэл найз залуу, бүсгүйтэй болох гэж явдаг гэдэг дээ.

-Яахав янз бүрийн л зорилго, хүсэл эрмэлзэлтэй хүмүүс байдаг байх. Найз залуу, бүсгүйтэй болъё гэж орж ирсэн хүмүүсийг би буруу гэхгүй. Тэр хүний л бодол ш дээ. Тэгээд ч ер нь энэ спортоор хичээллэсэн хүмүүс амьдралын маш их эрч хүч, зөв дадал, бодолтой болоод гардаг гэж боддог. Ихэвчлэн бүсгүйчүүд зөв бие галбиртай болъё, хэвлийн хэсгээрээ турмаар байна гэж ирдэг. Мөн 30-40 хувь нь жин нэмэх хүсэлтэй байдаг.


-Фитнэсст явахаар жин нэмдэг хэрэг үү?

-Жин нэмэлгүй яахав. Жин нэмэх хүсэлтэй хүмүүс дасгал, хөдөлгөөнөө хийгээд хоолны дэглэмээ сайжруулна гэсэн үг. Өдөрт 4-5 удаа зөв хооллоно.


-Зарим хүмүүс фитнэсст явж байгаад орхиход гэнэт таргалах ч юм уу нэг бол булчин шөрмөс нь алга болдог. Тэгэхээр байнга хичээллэж байж гоё бие галбиртай явна гэсэн үг үү?

-Хүний арьс чанга, сул гээд олон янз. Сул арьстай хүмүүс өөхөн давхарга нимгэн байдаг. Хүмүүс фитнэссээр хичээллэж хоолны дэглэм барьж байгаад гэнэт орхиход хоолны дуршил нэмэгддэг. Хоолны дуршил нэмэгдэхэд хүмүүсийн ходоод нь цадсан хирнээ сэтгэл нь цадаагүй байдаг. Тэгээд гэнэт их идээд таргалдаг. Харин бага багаар хоолоо сойж, түүндээ дасаад тэрийгээ амьдралынхаа нэг хэсэг болгочих юм бол хичээллэхээ болилоо ч гэсэн та аль хоол нь болох вэ, аль нь болохгүй вэ гээд бүх зүйлээ мэдээд ухамсарлаад ирэхээр тэгж гэнэт хоолны дуршил нэмэгдэн хэлбэрээ алдахгүй байх болно.


-Фитнэсст явалгүйгээр гэрийн нөхцөлд зөв хооллолтоор жингээ барих зөвлөгөөг бүсгүйчүүддээ өгөөч.


Цагаан бус бор гурил хэрэглэх

Манайхан цагаан гурилыг их хэрэглэдэг. Цагаан гурил нь цардуул ихтэй өөхөн давхаргыг ихэсгэдэг. Тиймээс аль болох ислэг ихтэй бүтээгдэхүүн хэрэглэх. Хар талх, бор гурил, аль болох цаасан ууттай гурилан бүтээгдэхүүн хэрэглэх.


Хүн өдөрт 1-3 удаа хүндрэх ёстой

Хэрэв та ингэж хүндрэхгүй байгаа бол танд гүзээ буюу харвин нэмэгдэнэ л гэсэн үг. Тэгэхээр ислэг ихтэй бүтээгдэхүүн хэрэглэхээр таны гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулна. Мөн гэдсээ цэвэрлэх нь маш чухал. Гэдсээ цэвэрлэнэ гээд янз бүрийн зүйл ууж хэрэглэх хэрэггүй. Өдөр тутмын амьдралдаа буюу өглөө бүр л гэдсээ цэвэрлээд сурчих хэрэгтэй.




Гэдсээ цэвэрлэх

Гэдсээ цэвэрлэхийн тулд өглөө бүр өлөн элгэн дээрээ ус ууж хэвших. Гэхдээ манайхан усыг буруу уудаг. Нэг дор ихийг ууж гэдсээ дүүргэх бус бага багаар шимж уун биедээ шингээх хэрэгтэй. Нэг стакан буюу 200 мл усыг бага багаар уугаад хэсэг хугацааны дараа дахин уух гэх мэт.


Мөн өглөө хивгийг тарагтай хольж хэрэглэх. Маш өег байдаг. Эхэндээ уухад амтгүй мэт санагдаад байвал бага зэрэг элсэн чихэр нэмээд үзээрэй. Янзын гоё.


Бас аяганы ёроолд бага зэрэг овьёос хийгээд дээрээс нь ус хийн сайтар хутгаж, дэвтээнэ. Сайтар дэвтсэний дараа шүүсийг нь буюу усаа уун, овьёосоо идэх. Дээрх хоолны дэглэмийг өдөр бүр амьдралдаа хэрэглэж сурахаас гадна орой болж өгвөл 18.00 цагаас хойш махан хоол бага идэж хэвших хэрэгтэй.




Мөн өдөр бүр сайн алх. Өдөр тутмын ажлын хөдөлгөөн хөдөлгөөнд тооцогддоггүй. Та зөв, тасралтгүй 20-30 минут алхах бол харин хөдөлгөөн юм.


Мөн Хэзээ?, Юу?, Яаж идэх вэ? гэсэн мэдлэг байхгүйгээс таргалалт, илүүдэл жин үүсдэг.


Төгсгөлд нь зөвлөхөд өөрөөрөө, алсуур, бага багаар жин хассан хүн жингээ удаан барьж чаддаг. Харин гэнэт их дасгал хийж, хоолоо огцом сойсон хүмүүс эргээд өмнөхөөсөө илүү хоол идэх дуршил нь нэмэгддэг учир хурдан хугацаанд таргалдаг.




Хэрэв та фитнэсст явж жингээ барих гэж байгаа бол багадаа 3-6 сар хичээллэж байж хүссэн хэмжээндээ хүрэх боломжтой. Эхний хоёр долоо хоног бол нэлээд ядарна. Харин тэрнээс хойш таны бие организм дасаж эхэлдэг. Тиймээс таны тэсвэр хатуужил, хичээл зүтгэл хамгийн чухал юм. Бодибилдинг гэдэг бол ганц спортын төрөл бус хүнийг бүх талаас нь засдаг тийм л сайхан зүйл.







Л.Булганчимэг



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    2 сар, 1 долоо хоног []


Ymar goy HOSHNOGO be. Yaanaa oriluulahiimsan dur hurch lee ?????


Зочин    2 сар, 1 долоо хоног []


Goe bnaa


Зочин    2 сар, 2 долоо хоног []


Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр түрээслүүлнэ. 99041126


Зочин    2 сар, 2 долоо хоног []


Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр түрээслүүлнэ. 99041126


Зочин    2 сар, 2 долоо хоног []


Uneheer mundag bna amjiltaa jil bur batatgaarai


Зочин    2 сар, 2 долоо хоног []


Muundg egchshvv beltglig bol uiluulnadaa


Зочин    2 сар, 2 долоо хоног []


mundag shvvv mi nz hairtai shvv 😚😙


Зочин    2 сар, 2 долоо хоног []


mundag shvvv mi nz hairtai shvv 😚😙


Зочин    2 сар, 2 долоо хоног []


mundag shvvv mi nz hairtai shvv 😚😙


Зочин    2 сар, 2 долоо хоног []


Ичко найздаа амжилт хүсье...


Зочин    2 сар, 2 долоо хоног []


Хэрэгтэй мэдээлэл өгсөн сайхан ярилцлага болжээ.Мундаг бүсгүй шүү.Амжилт хүсье.