Газар дээрээс нь


"Иргэний агаарын тээврийн аюулгүй ажиллагааны асуудлууд чухал байна"

1 сар, 2 долоо хоног TIMES.MN


Ази, номхон далайн бүсийн орнуудын Иргэний нисэхийн Ерөнхий захирлуудын 54 дүгээр хурал өнөөдөр эхэллээ. Тав хоног үргэлжлэх энэхүү хуралдаанд бүс нутгийн 40 гаруй орны иргэний нисэхийн 12 байгууллагын 400-гаад төлөөлөгч оролцож байгаа юм.




Түүнчлэн агаарын тээвэр өндөр хөгжсөн Америк, Европын улс орнуудын төлөөлөгчид, агаарын хөлөг болон агаарын навигаци, аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын чиглэлийн тоног төхөөрөмж, нисэхийн цахим хяналт удирдлагын систем, үйлдвэр эрхлэгчид хоорондоо үзэл бодлоо хуваалцаж, туршлага солилцлоо.




Энэ удаагийн хурал нь “The challenge of managing outcome focused and risk based regulations for Asia Pacific states” буюу /Эрсдэлд тулгуурласан, үр дүнд чиглэсэн зохицуулалт хийхийг Ази, номхон далайн бүсийн орнуудад уриалах нь / сэдвийн дор болж байгаагаараа онцлог юм.




Манай улс Нэгдсэн үндэсний байгууллагын тусгай агентлаг болох Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ИКАО/-д 1989 онд гишүүнээр элсэн, 193 бүрэн эрхт гишүүний нэг болоод өдгөө олон жилийн нүүр үзжээ.






Олон улсын иргэний нисэхийн байгууллага нь гишүүн улс орнуудаа Америк, Африк, Европ, Ази, Номхон далай, Ойрхи дорнодын зэрэг долоон бүсэд хувааж, үйл ажиллагааг нь 36 орны төлөөлөлтэй зөвлөл удирдан явуулдаг. Тус зөвлөлийн гишүүдийг гурван жил тутам ерөнхий ассемблэйгаар сонгодог байна.






Австралийн иргэний нисэхийн аюулгүй байдлын газрын, аюулгүй байдлыг хариуцсан захирал Шен Кармаде хуралдааны үеэр “Монгол орон далайд гарцгүй орнуудын нэг. Тиймээс агаарын тээврийн асуудал яах аргагүй чухал салбар юм. Дэлхий нийтийн иргэний агаарын тээврийн хөгжлийн хэд хэдэн тэргүүлэх асуудал байдаг. Түүний нэг нь бүх бүс нутгуудыг ижил түвшинд хөгжүүлэх явдал юм. Мөн дараагийн асуудал гэвэл агаарын хөлгүүдийн ялгаруулж байгаа хорт хий, агаарыг бохирдуулж байгаа асуудал байна. Гэхдээ түүнээс илүү ач холбогдолтойгоор тавигдаж байгаа асуудал нь агаараар зорчигчдын аюулгүй байдал болон иргэний агаарын тээврийн аюулгүй ажиллагааны асуудлууд юм.


Агаарын нислэгийн тийзний үнийг зах зээл өөрөө удирдаж байдаг. Зах зээл ямар чиг хандлагатай байна түүнийгээ дагаад үнэ хэлбэлзэж байдаг гэсэн үг. Ингэхлээр энэ нь зах зээл дээр туйлын өрсөлдөөнтэй байгаа талбар юм. Гэхдээ Австрали улсын хувьд өргөн, том нутаг дэвсгэртэй учраас зарим алслагдсан бүс нутаг руу нисэх онгоцны тийзний асуудал дээр засгийн газраас дэмжлэг үзүүлдэг. Австрали улсын иргэний агаарын тээвэрт тулгамдаж байгаа хэд хэдэн асуудал байдаг. Тухайлбал, нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн аюулгүй байдлын асуудал, хоёрдугаарт агаарын тээврээр зорчигчдын аюулгүй байдлын асуудал орж байна. Эдгээр асуудлуудад  манай удирдлагууд анхаарал хандуулан ажиллаж байгаа" тухайгаа хэллээ.




Харин манай улс энэхүү үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, олон улсын хэмжээний эрх зүйн акт, конвенц, баримт бичигт нэгдэн, иргэний агаарын тээврийн аюулгүй ажиллагаа, агаарын тээвэрлэгчдийн үйл ажиллагааг зохицуулах бодлого боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулахад хамтран ажиллаж байна.







Олон улсын хурал манай улсад зохиогдсоноор Монгол улсын нэр төрийг олон улсын тавцанд өргөх, иргэний нисэхийн салбарыг олон улсад сурталчлах, Ази, Номхон далайн бүсийн орнуудын хоорондын хамтын ажиллагааны цар хүрээг өргөтгөх, Иргэний нисэхийн олон улсын байгууллагатай хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.


Бэлтгэсэн Б.Болормаа



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 сар, 2 долоо хоног []


Хурлаар биш хийж байгаа ажилаараа л дэлхийд танигдана ш дээ ккк


Зочин    1 сар, 2 долоо хоног []


Хурал зохион байгуулсанаар нэр хүнд дээшлэнэ гэж юу байхав яахав олон хүн л Монголыг мэдэж авна тэртэй тэргүй өөр газар болдог хуралд манайхаас оролцож л байгаа ш дээ. Наад хурал чинь анх 2003 онд Монголд болсон. Гагцхүү нисэхийг улс төрийн томилогоогоор нисэхийн аюулгүй ажиллагаагаа самарахаа больж үз МАН-ынхаан