Газар дээрээс нь


“Үүлэн хээтэй орчлон” киноны мотор дуугарч зураг авалт эхэллээ

1 сар, 2 долоо хоног TIMES.MN


Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Үүлэн хээтэй орчлон” романаас сэдэвлэн бүтээх Монголын уран сайхны киноны зураг авалтын нээлт, мотор цохих баяр өчигдөр Налайхын эцэст боллоо.




Хоёр жилийн өмнө уншигчдын гарт хүрч "Бестселлер" номоор шалгарч байсан зохиолч Б.Шүүдэрцэцэгийн "Үүлэн хээтэй орчлон" роман удахгүй дэлгэцийн бүтээл болон үзэгчдэд хүрэх болно. Монголын кино болон хүүхэлдэйн киноны контентийн салбарт хувь нэмрээ оруулж буй “Монгол Контент” ХХК-д тус романаар кино бүтээх эрхийг зохиолч Б.Шүүдэрцэцэг шилжүүлсэн билээ.




“Үүлэн хээтэй орчлон” хэмээх нэрээсээ эхлээд сонирхол татам энэ романаа зохиолч үе үе өөрийн хувийн хуудсандаа хэсэгчлэн тавьж, бүтэн жил бичсэн учраас уншигчдад хүлээлт үүсээд удаж байгаа юм.


Тус уран бүтээлийн ерөнхий найруулагч Б.Бадамрагчаа хэлэхдээ "Ухах юм ихтэй, баялаг зохиомжтой, сайхан зохиол сонгож авсан. Ихэвчлэн эерэг дүрд тоглодог, сайхан бүсгүй Р.Анхнямыг би ад чөтгөрийн дүрд тоглуулахаар болсон. Өнөөдөр "Үүлэн хээтэй орчлон" киноны мотор дуугарч байна. Мотор дуугарах гэдэг бол уран бүтээлч хүний хамгийн том баяр байдаг. Нөгөө талаар маш том хариуцлага. Энэхүү кино манай нэртэй зохиолч Шүүдэрцэцэгийн “Үүлэн хээтэй орчлон” романаас сэдэвлэн хийгдэж байгаа кино. Түүхэн сэдэвт  детектив трейлер кино болох юм.  Анхнямын хувьд  эсрэг дүр болох Сугар хатанд тоглох бөгөөд мөн нэртэй олон жүжигчид энэ кинонд оролцож байна. Өмнө нь надтай олон удаа хамтарч ажиллаж байсан уран бүтээлийн баг минь бүрэн бүрэлдэхүүнээрээ энэхүү кинонд оролцож байгаа. Мөн шинэ дүр төрх, шинэ жүжигчинг гаргах хүсэл зорилгоор ажиллаж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцав. 



"Үүлэн хээтэй орчлон" Б.Шүүдэрцэцэгийн уншигчиддаа толилуулж буй хоёр дахь роман бөгөөд хоёр жилийн өмнө тавдугаар сарын 23-нд худалдаанд гарч байжээ. Уг романд 1900-гаад оны эхэн үеийн Монголын амьдралыг хөндсөн байна.


Зохиолч маань энэхүү романд бурханы сургаалийн үндэс болсон үйлийн үрийн тухай өгүүлжээ.


“...Үйлийн үрээс зугтах газар үгүй юм байна. Хүн орчлонд ирэхдээ амьдралын түмэн салаа замаар замнадаг ч буцахдаа ганцхан л зам дээр ирдэг... Охин минь, хүмүүний амьдрал гэж дэндүү ахархан байдаг юм шүү. Алт, мөнгөтэй хүн жаргадаггүй. Амар тайван амьдрана гэдэг тэр л аз жаргал. Зовлонгийнхоо шалтгааныг хүн өөрийн гараараа л тарьдаг юм байна. Жаргалын үрээ л тарьж яваарай” хэмээн зохиолын нэгэн баатар Дулам захидаг нь энэхүү зохиолын үндсэн санаа аж.





Зохиолч XX зууны эхэн үеийн нийслэл хүрээ, хөдөөгийн монголчуудын аж амьдрал, Манжийн дарлалын сүүлч, Цү Ши хатны явуулсан шинэ засгийн бодлого, Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний үр боловсорч байсан үеийн суурин дээр хүн чанар, нинжин сэтгэл, үйлийн үрийн сэдвийг, хайр сэтгэл, олон ээдрээт явдлуудыг сүлэлдүүлэн бичсэн байна.



Шинэхэн уран бүтээлийн мотор дуугарах үеэр зохиолч, сэтгүүлч Б.Шүүдэрцэцэг "Монгол Контент" ХХК жил бүр санхүүжүүлэх төсөл шалгаруулдаг байгаа. Энэ жилийн хувьд хоорондоо ярилцаж байгаад  уншигчдад хүрсэн бүтээл кино дэлгэцэyд шилждэг гэсэн холливудын зарчмаар 2017 оны төслөө сонгохдоо “Үүлэн хээтэй орчлон” романыг сонгон авч надад хандсан юм. Миний роман үйлийн үрийн тухай мөртлөө хурц адал явдалтай анхнаасаа кинонд зориулж бичигдсэн зохиол. Кино найруулагчид миний номыг хэвлэгдэж гарсанаас хойш их сонирхдог байсан.


Анх 2015 онд нээлтээ хийхэд Ардын жүжигчин, урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Жигжидсүрэн гуай хэлэхдээ "Шүүдэрцэцэгийн роман яг кино л харагдаад байна. Домогт Ану хатан гарахад анх худалдаж аваад эхнэртээ өгч байлаа. Манай эхнэр Цэцэгээ киноны их мэдрэмжтэй хүн. Уншиж дуусаад энэ яг кино байна гэхээр нь би өөрөө уншихад яг кино харагдаж байсан. Төд удалгүй дэлгэцэд шилжээд сайхан кино болж чадсан. Энэ "Үүлэн хээтэй орчлон"  роман ч гэсэн кино болж чадна" гэж хэлж байсан.


Номын нээлтэд маань ирээд надаас “Үүлэн хээтэй орчлон" номыг аваад явсан юм. Хэд хоногийн дараа надруу утас цохилоо. "Баяр хүргэе. Энэ бүтээл жинхэнэ Монгол аж амьдралыг харуулсан сайхан кино болно. Болдогсон бол би өөрөө найруулах юмсан" хэмээн хэлж байлаа. Хоёр жилийн өмнө хэлсэн тэр том найруулагчийн үг өнөөдөр биеллээ олж байна.


Ардын жүжигчин, найруулагч Г.Жигжидсүрэн гуай алтан үеийн үргэлжлэл болсон хүн ингэж хэлэхэд надад үнэхээр сэтгэл догдолж билээ.


Найруулагч маань киноныхоо төлөвлөгөөг бичээд жил гаруй мөрөөдөж суулаа. Учир нь тухайн үед манай улсад  хямралын үе байсан болохоор төсөв, санхүүжилт босгоход хэцүү байсан юм. Энэ нь өөрөө томоохон хэмжээний кино болохоор тэр л дээ.


"Үүлэн хээтэй орчлон" роман анх олон ангит телевизийн киноны зохиолоос роман болж бичигдсэн учраас кино болж харагдахаас ч аргагүй. “SBN” телевизийн жүжигчин Заяа, захирал Одонтуяа хоёр надаар 2014 онд 30 ангит сериал зохиол бичүүлсэн юм. Тухайн үедээ бас л санхүүжилт байхгүй байсан болохоор роман болгож бичсэн түүхтэй. Өнөөдөр зураг авалт нь нээгдээд 2018 онд дэлгэцийн бүрэн хэмжээний зохиол болох нь тодорхой болоод байна" гэв.




Тус кино найруулагчаар Б.Бадамрагчаа, зөвлөхөөр Монгол Улсын Ардын Жүжигчин, урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Жигжидсүрэн, гол дүрд жүжигчин Р.Анхням тоглох юм.


Гол дүрийн жүжигчин, цагдаагийн байгууллагад ажилладаг н.Анхбаяр “Бадамрагчаа найруулагчийн хоёр дахь кинонд нь гол дүр бүтээх гэж байна. Өмнө нь “Цагдаагийн тангараг 2” кинонд гол дүрд шалгарч тоглож байсан. Энэ удаад ч гэсэн “Үүлэн хээтэй орчлон” киноны гол дүрд шалгарч, тоглохоор болсондоо баяртай байна. Дүрийн хувьд мөрч түшмэл Бадрахын дүрийг бүтээж байгаа. Бадрах бол шинээр томилогдож ирж, хүн амины хэрэг илрүүлж, мөн хажуугаар нь хайр дурлалын хэсэг явж байгаа үзэгдлүүд гарч байгаа" талаар цухас дурдлаа. 




Жүжигчин Р.Анхням “Монгол контент ХХК-ний Монгол кино төслийн хүрээнд хийгдэж байгаа “Үүлэн хээтэй орчлон" киноны мотор өнөөдөр дуугарч кино зураг авалтаа эхэлж байна. Энэ киногоор ашиг олох гэхээсээ илүү төсөл үр дүнтэй сайн сайхан зүйлд чиглэсэн байдаг учраас нэг алхам ч гэсэн арай ахисан түвшний  уран бүтээл хийхийг зорьж байна. Бид Бадамрагчаа найруулагчид санал тавьж хамтарч ажиллаж байгаа. Энэ мундаг найруулагчийг сонгосон шалтгаан нь өмнө хийж байсан уран бүтээлүүд мөн Los Angeles хотод кино найруулагчаар хоёр жилийн хугацаанд сураад эх орондоо ирээд хийж байгаа анхны уран бүтээл нь юм. Бид энэ хүнээс илүү өөр дэвшилттэй уран бүтээл гарах байх гэдэг үүднээс сонгож хамтарч ажиллаж байна. Миний хувьд энэ кинонд гүнгийн хатан болж тоглож байгаа. Өмнө нь үзэгчдийн Анхнямаас хардаг байсан дүр төрхөөс арай өөр. Эсрэг талын дүр бүтээж байна” гэв.




Ж.Гүнжидмаа “Би Дархан-Уул аймагт 10 жилээ төгссөн. Энэ миний тоглох гэж байгаа анхны кино. Оюутан болоод жүжигчний мэргэжлээр суралцана гэж бодож байна. Ийм том кинонд тоглох болсноо маш их аз завшаан тохиолоо гэж бодож байна. Дөнгөж сургуулиа төгсөөд кинонд гол дүр бүтээж байгаадаа үнэхээр баяртай байна. Энэ кинонд тоглох болсон шалтгаан нь "Facebook"-ээр уг кинонд жүжигчин шалгаруулж авна гэсэн сурталчилгаа явж байсан. Тэгээд шалгаруулалтанд ороод тэнцсэн. Энэ кинонд Хулангоо гэдэг охины дүр бүтээж байна. Хулангоо надтай маш ойр санагдсан. Насны хувьд адилхан 17 настай. Байгаа байдал нь ч гэсэн надтай ойр.































Бэлтгэсэн Б.Болормаа



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.