С.Батцэцэг Хөдөлмөрийн баатар боллоо

1 сар, 3 долоо хоног TIMES.MN

Чөлөөт бөхийн тамирчин олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга Соронзонболдын Батцэцэгт Ерөнхийлөгч Х.Баттулга Хөдөлмөрийн баатар цол олголоо.




С.Батцэцэгийг Монгол Улсын чөлөөт бөхийн түүхэнд шинэ хуудас нээн, Монгол хүний эрдэм ухаан, тэсвэр тэвчээрийг харуулан, эх орныхоо нэрийг сайнаар дуурсгасан энэхүү нэр хүндтэй шагналыг олгов. Ерөнхийлөгч энэ зарлигаа өнгөрсөн даваа гаригт гаргасан бөгөөд түүнийг гадаадад эмчлүүлж байгаад өнөөдөр эх орондоо ирэхэд нь олгож байгаа юм.




Тэрбээр ийнхүү чөлөөт бөхийн спортоос мэндэлсэн тав дахь Хөдөлмөрийн баатар болов. Түүнээс өмнө Х.Баянмөнх, Ж.Мөнхбат, З.Ойдов, Д.Цэрэнтогтох нар энэ цолоор энгэрээ мялаажээ.


Өдгөө 27 настай С.Батцэцэг 2006 онд сумынхаа Н.Донров багшийн удирдлагад чөлөөт бөхөөр хичээллэж эхлэн, энэ спорттой амьдралаа холбожээ. Улмаар 2010 онд ДАШТ-д түрүүлэхдээ Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнхийн дэлхийн дэвжээнд Төрийн дууллаа эгшиглүүлсэн амжилтын буухиаг нь 35 жилийн дараа үргэлжлүүлсэн юм. Чөлөөт бөхийн спортоос мэндэлсэн гурав дахь дэлхийн аварга болсон түүний энэ амжилтыг төр засгаас үнэлж Гавьяат тамирчин цол олгож байв.


Хоёр жилийн дараа болсон “Лондон-2012”-ын хүрэл медалийн төлөө барилдаанд С.Батцэцэг дэлхийн гурван удаагийн аварга бөхийг ялж, түүхэн амжилт үзүүлжээ. Учир нь түүнээс өмнө чөлөөт бөхийн эмэгтэйчүүд олимпоос медаль аваагүй байсан юм. Гавьяат маань дараа жил нь дэлхийн дэвжээнд үзүүрлэн, 2015 онд амжилтаа ахиулж, хоёр дахь удаагаа түрүүлжээ.


Ийнхүү тэрбээр чөлөөт бөхийн спортын төрөлд дэлхийн хошой аварга цол хүртсэн Монголын хоёрхон бөхийн нэг (Нөгөөх нь ДАШТ-д 1974, 1975 онд түрүүлсэн З.Ойдов), анхны эмэгтэй тамирчин болов. Монголын чөлөөт бөхийн спортын түүхэнд анхны гэх тодотгол бүхий олон амжилтын эзэн болж яваа С.Батцэцэг энэ жил сорил тэмцээнд манлайлж, ДАШТ-д зодоглох эрх авч чадаагүй ч Азийн АШТ-ээс анхны түрүүгээ хүртсэн юм.



Чөлөөт бөхийн тамирчин С.Батцэцэгийн гаргасан амжилтууд:

2009- Манила. Ази тивийн залуучуудын аварга- АЛТ

2010- МОСКВА. Насанд хүрэгчдийн дэлхийн аварга- АЛТ

2012- ЛОНДОН зуны олимп- ХҮРЭЛ

2013- Казань. Дэлхийн оюутан залуусын УНИВЕРСИАД наадам-АЛТ

2013- Будапешт. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн- МӨНГӨ

2015- Ласвегас. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн- АЛТ

2017- Дели. Ази тивийн аварга- АЛТ





Л.Булганчимэг



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 сар, 2 долоо хоног []


баяр хүргэж спортын болон амьдралд нь аз жаргал хүсье. Ард түмний хайрыг дааж биеэ битгий тоогоорой