Газар дээрээс нь


Халхын хар аваргыг мөнхөллөө

2 жил, 3 сар TIMES.MN

Өвөрхангай аймгийн спортын ордоны өмнөх талбайд өчигдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, Үндэсний бөхийн дархан аварга, чөлөөт бөхийн Азийн наадмын аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Дашдоржийн Цэрэнтогтохын хүрэл хөшөөний нээлт боллоо.



Олноо “Халхын хар аварга” хэмээн нэрлэгдсэн түүний гэгээн дурсгалд зориулсан энэхүү хүрэл хөшөөний нээлтэд Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, УИХ-ын гишүүн С.Чинзориг, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн тэргүүтэй сум орон нутгийн удирдлагууд хүрэлцэн ирсэн юм. Мөн Д.Цэрэнтогтох аврагын гэргий О.Отгон болон хүүхдүүд, ангийн анд нөхөд, сум орон нутгийн иргэд оролцлоо.





Дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтох 1949 оны Шороон үхэр жил Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Шарга гэдэг газар төржээ.



Ардын цэргийн армид алба хашиж байхдаа буюу 1972 онд Ардын хувьсгалын 51 жилийн ойн баяр наадмын бөхийн барилдаанд анх удаа барилдаж байсан түүхтэй. Дархан аварга Д.Цэрэнтогтох улсын их баяр наадамд 20 гаруй жил өндөр түвшинд барилдахдаа 1978, 1980, 1983, 1984 онд түрүүлж, 1981, 1986, 1987, 1988, 1990 онд үзүүрлэн, 1972, 1977, 1979, 1982, 1985, 1989 оны улсын наадам болон 1990 онд Хэнтий аймагт болсон “Монголын нууц товчоо”-ны 750 жилийн ойд зориулсан даншиг наадамд тус тус шөвгөрсөн үнэн хүчит “улсын дархан аварга” аж.




Мөн үндэсний бөхөөс гаднаас чөлөөт бөхөөр хичээллэж 1980 онд Москва хотод болсон зуны Олимпийн их наадмын шагналт дөрөвдүгээр байр, дэлхийн цомын мөнгөн медаль, Ази тивийн аваргын алтан медалийг хүртэж Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулж явсан хүндтэй эрхэм билээ. Д.Цэрэнтогтох аварга хавсрах, хутгах, хөлд орох, давуулж гуядах мэхийг голцуу хийдэг.




20 гаруй жил баяр наадмыг манлайлайн барилдахдаа өсөх ирэд, өрнөн дэлгэрэх, тод сонин үзэсгэлэнт, далай дайчин, манлайн баясгалант, баяр наадмын манлай, бүхнээ дуурсгалт, хотлоор баясгагч, улс даяар гайхамшигт, олныг баясуулагч, үнэн хүчит, түмнээс төгөлдөр, бууршгүй хүчит, даяар дуурсагдах, далай даян, дархан аварга цол, чимгүүдийг хүртсэн билээ.




Энэхүү ёслол нь Өвөрхангай аймгийн Арвайхээр хот үүсч байгуулагдсаны 290 жилийн ой, “Аравгар хээрийн их хурд 2017” Хангайн бүсийн уралдаан, “Монгол түмний морины их шүтээн”-ний 10 жилийн ойн баяр наадмын хүрээнд хийгдсэн ажлуудын нэг юм.




Мөн аймгийн сдортын ордонг түүний нэрэмжит болгожээ. 





















П.Нарандэлгэр




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    2 жил, 3 сар []


Хэн гэдэг хүмүүн уралсан юм бол доо. Гар нь арай том харагдаад байна засдаг арга байна уу?


Зочин    2 жил, 3 сар []


Ovorhangai aimagaas sain boh awarga tsolton dahin toroh bolno. Hurai hurai hurai