Газар дээрээс нь


Дэлхийн цомын 100 буудалт даамны тэмцээн шилдгүүдээ тодрууллаа

2 жил, 2 сар TIMES.MN


Манай улсад 100 буудалт даамны Дэлхийн цомын нээлттэй тэмцээн анх удаа амжилттай болж өндөрлөлөө.


Зургаан өдөр үргэлжилсэн энэхүү тэмцээнд найман улсын нийт 56 тамирчин өрсөлдөж, шилдгүүдээ тодруулаад байна.Тэмцээний дүн гарахад ОХУ-ийн их мастерууд эхний гурван байр эзэллээ.




БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар өчигдөр болсон сүүлийн ес дэх өргийн тоглолтыг сонирхож, Монголын даамны холбооны удирдлагуудтай уулзаж, санал солилцов. Уулзалтын үеэр оюуны спортыг дэмжих бодлого хэрэгжүүлэх, эрхзүйн орчинг боловсронгуй болгох, УИХ-аар батлагдсан Биеийн тамир, спортын тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд спортын мэргэжлийн холбоодыг дэмжин, хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.




Уг 100 буудалт даамны Дэлхийн цомын нээлттэй тэмцээнд манай даамчид амжилттай оролцлоо.


Тухайлбал, эрэгтэйчүүдээс их мастер Г.Ганжаргал IX байрт орсон бол эмэгтэйчүүдийн ангилалд 2017 оны улсын аварга, спортын мастер Е.Ариунзаяа хүрэл медалийн эзэн болсон юм.




Харин тэргүүн байрт дэлхийн 10 удаагийн аварга, ОХУ-ын их мастер Алексей Чижов орж, их мастер А.Гетманский, И.Трофимов нар удаалав.





Эмэгтэйчүүдийн ангилалд ОХУ-ын их мастер А.Идрисова, М.Ноговицына нар эхний хоёр байрыг эзэллээ. 


ОХУ-ын их мастер Алексей Чижов хэлэхдээ “Энэхүү тэмцээний зохион байгуулалт маш сайн байлаа. Маш хүчтэй өрсөлдөгчид байсан. Түрүүлсэндээ сэтгэл өндөр байна. Оны эхэнд зохион байгуулагдаж байгаа уг тэмцээн нь дэлхийн аварга бэлтгэх чухал тэмцээн байлаа гэж бодож байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.




Мөн шилдэг тамирчиддаа ивээн тэтгэгч байгууллагууд гарын бэлгээр урамшуулсан юм. Тэдгээрийн нэг нь "Ингэн Тагш" ХХК байсан.


“Ингэн Тагш” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х. Бат-Ирээдүй хэлэхдээ "2017 онд гаргасан "Цагаан доктор" брэнд бүтээгдэхүүнийг оюуны спортоор хичээллэдэг шатар, даамны тамирчид болон, спорт сонирхогчид түлхүү сонгож хэрэглэдэг болсон. Энэхүү олон улсын тэмцээн манай улсад анх удаагаа зохион байгуулагдсантай холбоотойгоор манай  байгууллага оюуны спортыг  дэмжээд өөрийн бүтээгдэхүүнээс бэлэг болгон өгөхийн зэрэгцээ тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлэн ивээн тэтгэгч байгууллагаар ажилласанпаа баяртай байна" гэв.








Бэлтгэсэн Б.Болормаа




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.