Газар дээрээс нь


Мэргэжлийн сумо бөхийн анхны дэвжээг нээлээ

2 жил, 2 сар TIMES.MN


Мэргэжлийн сумогийн дэвжээний нээлт өчигдөр буюу долдугаар сарын 27-нд Яармагт байрлах Мөнххада компаний урд талбайд албан ёсоор ашиглалтанд ороод байна.

Энэхүү үйл ажиллагаанд Хөдөлмөрийн баатар, Монголын сумо бөхийн холбооны хүндэт ерөнхийлөгч, Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх аварга Хакухо М.Даваажаргал, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Кёкүшюзан Б.Батбаяр болон Япон улсын элчин сайдын яамны хүндэт төлөөлөгчид оролцсон юм.




Японы Мэргэжлийн сумо бөхийн тэмцээн долдугаар сарын ням гарагт Нагаяо хотноо өндөрлөсөн билээ. Тус тэмцээний 12 дахь өдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Хакүхо М.Даваажаргал учраа бөхөө өвдөг шороодуулснаар 1048 дахь даваагаа авч Японы сумо бөхийн түүхэнд хамгийн олон даваа авсан амжилтыг шинэчилсэн. Мөн сүүлийн өдрүүдийн барилдаанаар дараалан давж, 1050 даваатай болсноор энэ сарын тэмцээнийг өндөрлүүлсэн юм.




Ийнхүү 39 дэх түрүү 1050 дахь даваагаа авсан Их аварга Хакүхо М.Даваажаргал долдугаар сарын 24-нд буюу даваа гарагийн орой эх орондоо ирээд байна.




 Дэвжээ гардуулах ёслолын үеэр Хакухо М.Даваажаргал үг хэлэхдээ мэргэжлийн сумогийн 39 дэх түрүүг авч, нийт давааны тоогоо 1050 болгон шинэ амжилт тогтоосон үйл явдалтай давхцаж буйд ихэд бэлэгшээж буйгаа хэлээд Монгол улсын мэргэжлийн сумогийн их аваргууд энэ дэвжээнээс төрөн гарах болтугай гэв.


Тэрээр энэ удаад Монголд ямар нэгэн томоохон арга хэмжээнд оролцохгүйгээр амрахаар ирсэн байна. Түүний дараагийн зорилго нь мэргэжлийн сүмод 40-н түрүү авсан анхны бөх болох, дээд зиндаанд 1000 даваа авах, аварга цолтойгоор 63 болон түүнээс дээш башёд барилдах зэрэг олон олон амжилтыг өөрийн нэр дээрээ бичүүлэх зорилготой байгаа аж.




Тэрээр Япон Монгол хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 45 жил, Мияконожо хот-Улаанбаатар хотын хооронд харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд энэхүү дэвжээг бүтээн байгуулсан аж. Энэхүү нь Монголд баригдаж буй анхны сумогийн дэвжээ гэдгээр онцлогтой.Дэвжээг барихад нийт 70 сая төгрөг зарцуулагдсан бөгөөд энэхүү зардлыг Мияконожо хотын иргэд хандив цуглуулан босгосон аж.

Монгол улсын гавьяат тамирчин, мэргэжлийн сумогийн алдарт бөх Кёкүшүзан Б.Батбаяр “Сумо бөхийн дэвжээ өнөөдөр нээлтээ хийж байна. Хамгийн түрүүнд Хакухо аваргадаа баярлалаа гэж хэлмээр байна. Аварга маань олон сайхан рекордыг эвдлээ. Японд сайн барилдаад зогсохгүй Монголд байгаа залуучууд, хүүхэд багачуудыг дэмжиж дараа дараагийн якузонууд гараасай гэсэн үүднээс энэхүү дэвжээг Даваажаргал аварга төсөл гаргаж улмаар Японд дэвжээ барьдаг мэргэжлийн хүмүүсийг Монголд урьж энэ дэвжээг долоо хоног дотор барьж дуусгаж байгаа юм. Ганц хоёр зүйлс хийх дутуу байгаа ч өнөөдрөөс эхэлж ашиглалтад орж байна. Дэвжээний цагаан хүрээ, дэрсэн хүрээг Японоос онгоцоор явуулсан. Японы мэргэжлийн “Негорожу” хотын дэвжээ анх удаагаа Монгол улсад бэлэн боллоо” гэсэн юм.











  Бэлтгэсэн Б.Болормаа




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.