А.Цэгмэд: Эцсийн амьсгалаа дуустал урлагийнхаа төлөө эр цэрэг шиг зүтгэнэ

1 сар, 4 долоо хоног TIMES.MN
“Нар сартай нааданхан мишээсэн
Навчны толио шиг нүдэн нуур чамайг
Гүнийг чинь мэдэлгүй гатална даа гэх юм бол
Миний хүчнээс ахдах юм байна . . . .”




Ийм л сайхан шүлгийн эзэн, уртаа гэзэгтэй бүсгүй, Монголын кино урлаг болоод спортод өөрийн гэсэн орон зайг мөнхлөн, нас бол тоо гэдгийн илрэл болсон нэгэн сайхан ээжтэй хэсэгхэн хором ярилцах аз тохиосон юм.


“Аугаа хүмүүс энгийн байдаг” гэсэн олны үг ортой мэт. Өдгөө 70 гаруй насалж, 29-хөн насандаа Спортын мастер болж, гадаадад 15 жил амьдран, “Монголын Оскар”-ын шилдэг эмэгтэй туслах дүрийн эзэн, “Марка Поло” гэх дэлхийн кинонд дүрээ мөнхөлсөн мундаг нэгэн атлаа “Би дүр бүтээсэн гэж ярихгүй дургүй ээ. Өчүүхэн миний чадан ядан ажилласан дүр.....” хэмээн ярих эгэл даруу бүсгүй хүн бол Аюурзанын Цэгмэд юм.


Тэрээр саяхан “Миний амьдралын хуудсууд” хэмээх өөрийн дурсамж, амьдрал, уран бүтээлээ багтаасан. Мөн “Салхи” хочит (Тэрээр намуун байгаль хэмээх хоч авахыг хүсдэг байсан ч түүнийг энд тэнд салхи мэт гялалзаж явдаг болохоор нь ийн нэрлэсэн хэмээжээ) А.Цэгмэдийн амьдралын баяр баясал, уйтгар гуниг, амьдралын хатууг хэрхэн даван туулж өдийг хүрсэн гээд бүх л түүхээ багтаасан сайхан дурсамж номоо өлгийдөн авсан билээ. Ийнхүү түүний амьдралын хүрдийг хамтдаа эргүүлье.




Хонины бэлчээр дээр хонио хариулж яваад намайг олсон гэдэг

Аавын талын шүлэг тэрлэдэг өчүүхэн авьяас байгаа бололтой

Бүсгүй заяа гэдэг хэцүү атлаа жаргалтай. Хайртай залуугаа цэргийн албанд мордуулан, хүлээнэ гэсэн амлалт бие биедээ өгөн салцгаана. Хонио хариулан, сар өдрийг тоолон дурлалт залуугаа хүлээсээр. Гэвч дурлалт залуу нь хугацаат албанаасаа үл ирэв. Хүн л юм хойно араас нь хөөцөлдөн гүйх тэр нэгэн үл таних залууд дасан, нэг л мэдэх нээ бие давхар болсноо мэдэн 1947 оны тэр нэгэн аянга цахилгаан цахиж, мөндөр буусан өдөр анхны охиноо төрүүлсэн нь А.Цэгмэд гуай аж.


Ээжид нь эх хүн гэх эрхэм нэрийг хайрлаж, түүнийг хорвоод хүн болж мэндлүүлсэн тэр нэгэн залуу таван хүүхдийн эцэг байсныг хожим нь ээж нь олж мэджээ. Гэхдээ тавын таван хүүхэдтэй хөөрхий эмэгтэйг нөхрөөс нь салгахыг хүссэнгүй. Ингээд л тэрээр төрсөн эцгээ мэдэлгүй явсаар хожим олж мэдсэн байна. Түүний аавынх нь талынхан шүлэг тэрлэдэг, зохиолч хүмүүс байсан бөгөөд тэрээр “зохиолч Д. Жамьяаны төрсөн ах хуульч Дамбаа гуайн охин гэдгээ мэдсэн. Эцэг нэгт таван ах дүү байгаа. Жаахан шүлгэрхүү юм оролддог маань аавын талын цус байдаг юм байлгүй дээ” хэмээн өөрийн төрсөн түүхээсээ хуваалцсан юм.




Таван төгрөгийн зузаан дэвтрээ хайраас болж урсан

“Дуустал дурсах дурлалын түүхийг

Нигүүлсэн сэтгэлийн хүлцэнгүй түлхүүрээр бичээд

Атгаж, нууж, нандигнаж адис аваад

Мушилзаж суух ямар вэ”


“Чиний буруу гэдэг үгийг чамд чиний ажиглагчид хэлдэг

Энэ үгийг нэлээн зоригтой хүн өөртөө хэлж чаддаг

Тиймээс зүгээр л “би буруугаа хүлээж байна” гээд л нотолж амьдар”


“Гашуун ус цээж хорсгоод

Гадаа ч гэрт ч зүрх хөндүүрлүүлээд

Гацуур модон дээр зөндөө их цас тогтчихож

Хүнд л байгаа даа гөвөхөөс, ачаагаа даахгүй хугарчихаж магадгүй”


“Эгч дүү бид гурвуулханаа, гурав
Ээж хүү бид гурвуулханаа, гурав
Эхэлж унасан шороо минь Талын гурван улаан
Энэ бүгд нийлээд ертөнцөд надад заяасан гурвалсан гурав”


Ийнхүү шүлгэрхүү юм тэрлэх сэдлийг Төв номын сангийн дэргэд хүүхдийн уран зохиолын дугуйлангийн багш байсан зохиолч Ч.Аръяасүрэн багш маань өгсөн юм. Тэрбээр анх надад сансар огторгуйн тухай шүлгийн сэдэв өгч байлаа. Дараа нь багш маань галын тухай сэдэв өгч байсныг би тод санадаг юм. Тэндээс эхлээд л багш минь тэмдэглэлийн дэвтэр сайн хөтөлж бай гэдгийг миний мах ясанд шингэтэл зааж өгсөн.



1968 он, Хадам ээжтэйгээ Москва


Өдөр бүхэн тэмдэглэл хөтлөөд, өдөр бүр тохиолдсон сонирхолтой, адал явдалтай зүйлүүдээ тэмдэглээд явж бай. Уй гашуу ч байж болно, баяр баясал ч байж болно тэр бүхнээс чинь юм бичих сэдэл төрдөг юм шүү хүүхдүүд минь гэж бидэнд сургадаг байлаа. Тэндээс эхлээд улбаалсан юмнууд маань өнөөдөр зарим нэг нь номонд ороод, намайг зүгээр суулгахгүй эмгэн болгосон доо. /инээв/


Түүнд бүх тэмдэглэлийн дэвтэр нь байдаг бөгөөд 16-19 насны хооронд бичиж байсан нандин хоёр дэвтэр нь алга болоод одоог хүртэл олдоогүй талаар өгүүлсэн юм.


Манай хүүхдүүдийн аав Москва радиод мэргэжилтнээр ажлаад би анхныхаа хүүхдийг тэнд гаргаад гэртээ байлаа. Тэр дэвтэрт чинь анх хүүхдүүдийнхээ аавтай танилцаж байсан, өвөр түрүүндээ орж байсан гээд л элдэв янзын юм бичнэ шүү дээ. Тэр сайхан нандин дэвтэр маань алга болсон. Авсан хүн бол их л гоё амттай байсан учраас авсан байх./инээв/


Миний дэвтэр алга болчихлоо л гээд байдаг олддоггүй. Одоог хүртэл олдоогүй тэр хоёр дэвтэр. Бас арван жилдээ бичиж байсан ганц нэг шүлэг маань осолдсон гэх юм уу даа. Тэр үед хүүхэд байлаа. Ёстой л нөгөө бага насны унаган хайраар, харж явдаг хөвгүүндээ шүлэг тэрлэнэ. Тэгээд л нөгөөх нь тоохгүй ч юм уу, найзтай маань найзаллаа гээд л таван төгрөгөөр авсан гоё дэвтрээ урж байж билээ.



Том хүүгийн хамт


“60 гарчихаад хайрын шүлэг тэрлэдэг эмгэн та л байна”

Амьдралд баяр гуниг, хэцүү бэрх гээд юу ч тохиолдсон тэмдэглэлээ хөтлөн, нэг л мэдэх нээ нөгөөх болсон зүйлтэйгээ уялдуулан, толгой холбон шүлгэрхүү юм бичнэ. Польшид байхад Элчин сайд байсан Т.Баасансүрэн гуай “Тэрбумтан” романыхаа нээлтийг хийж, бүх хүнд гарын үсэгтэй номоо бэлэглэсэн юм. Би номыг нь уншиж дуусаад түүнд баярласнаа илэрхийлэн толгой холбосон шүлэг маягийн юм бичээд яамны хаягаар захиа хүргүүлэв. Харин тэгсэн “Чи чинь шүлэг тэрлэдэг хүн юм байна. Чамд өөр бичсэн зүйл байгаа юу. Тэрийгээ бариад хэн нэгэн зохиолч дээр очоод хэвлүүлж болох эсэхээ асуу” хэмээн анх надад “Сэтгэлийн чимэг” номоо хэвлүүлэх санааг өгсөн юм.




Ингээд Монголд ирээд 2007 онд Б.Лхагвасүрэн дээр очин учир байдлаа хэлтэл “Чи нарийн нандин юм байгаа гээд тэмдэглэлээ уншуулахаас төвөгшөөхгүй бол аваад ир” гэж уриалагхан хүлээн авсан. Тэрбээр “Хоёулаа их хөөрхөн ном хийнэ ээ. Тэмдэглэлийн дэвтрээс чинь нэг өгүүлбэр оруулаад, шүлгүүдээс ганц хоёр бадаг оруулаад хөөрхөн шүлгийн дэвтэр хийе” гэсэн. Тэгээд тус ондоо “Сэтгэлийн чимэг” нэртэй шүлгийн дэвтэр маань гарч байсан түүхтэй.


ӨМӨЗО-ны Дорно дахины кино телевизийн сургуульд багшлаж байхад оюутнууд гуйж их шүлэг бичүүлдэг байлаа. Би ч өөрөө өдрийн тэмдэглэлээ хөтлөн, ганц хоёр шад шүлэг тэрлэн түүнийгээ хамт багшлаж байсан жижиг Ганхуягтаа уншуулна. Нөгөөх маань “Дэлхий дээр 60 гарчихаад хайр дурлалын тухай шүлэг тэрлэж суудаг чавганц та л байна” гээд надаар тоглоом хийнэ.


Харин би хариуд нь “Зүрхэнд үрчлээ суудаггүй гээ биз дээ” хэмээн марзганадаг байлаа.


Бид ийнхүү түүний хэрхэн шүлэг бичих болсон талаар болон түүний шүлэгтэй холбогдсон хөгжилтэй дурсамжаас хуваалцсаар нэг л мэдэх нээ ном уран зохиолтой холбогдоод яриа маань “Миний амьдралын хуудсууд ном”-ын тухай үргэлжиллээ.




Номын сэдэл хаанаас төрөв

Монгол Улсын Ардын Жүжигчин Н.Сувд, зохиолч Б.Шүүдэрцэцэгтэй энэ бол амин холбоотой. Яагаад гэвэл би 1947 онд төрсөн 1965 онд УДЭТ-т дагалдан жүжигчин гээд жаахан хүүхэд орж байхаас эхлээд энэхүү театрын архивд миний жинхэнэ төрсөн он сар байдаг гэдгийг мартсан явж байтал энэ онд МУАЖ Н.Сувд, УДЭТ-ын хамт олон намайг “та чинь энэ театраас гарал үүсэлтэй, манай театрын уугуул 1965 онд орж Нацагдоржийн нэрэмжит 35 жилээр алтан үеийнхнийг амьд сэрүүн байхад жүжигчин байсан учир нас чинь хий настайгаа 71 болсон байна. Тиймээс та дурсамж номоо бичих болжээ” гэсэн сэдлийг Н.Сувдаа өгсөн.


Энэ санааг би Шүүдрээд хэлэхэд “тэгэлгүй яахав би дэмжинэ би таны номыг хянаж, редакторлаж өгье” хэмээсэн юм. Ингээд маш олон хүний дурсамж номыг уншиж үзсэн. Санаа авах, тэдгээрийг дуурайлгүйгээр өөр маягийн, миний амьдралын дурсамжууд боловч тэр дурсамжид дотор хүмүүст сонирхолтой, уншууштай,хүний сонирхлыг татахаас гадна миний туулсан амьдрал дотор хамгийн баяр баясгалантай, хамгийн сайхан хүн уншаад ход ход инээх ч юм уу, эсвэл сургамжтай тийм л зүйлийг уншигчид даа мэдрүүлэхийг зорьсон.




Жишээ нь:

1. СУИС-ын оюутнууд уншлаа гэхэд жүжигчин хүн нэг иймэрхүү амьдралыг туулахад бас алдаад байдаггүй юм байна гэдэг баримжаа, бас нэг ойлголтыг аваасай

2. Ер нь Монгол хүний ёс жудаг, амьдралын замнал ямархуу байдаг, өдий 70 гарсан эмгэн ийм амьдралыг туулаад л өнөөдрийг хүртэл кино уран бүтээлчдэдээ эрэлт хэрэгцээтэй, одоо хүртэл ажлаа хийгээд өдөрт хоёр удаа фитнэстээ ороод, биеийн тамираа хийгээд, 29 насандаа Спортын мастер авсандаа баярлаад явж байна.




29 насандаа Спортын мастер авсан бол миний амьдралын хамгийн баяр баясгалантай мөч

Тэгээд ийм амьдралдаа тохиолдсон баяр баясгалангаараа өөрийгөө хөглөж явдаг юм байна гэдгийг хүүхдүүд мэдэхэд илүүдэхгүй байх. Цаашлаад би энэ номондоо надад тус хүргэсэн 1000 хүнийг нэртэй нь оруулъя гэсэн боловч амжсангүй. Дараагийн хоёр дахь номондоо үргэлжлүүлээд оруулна гэж бодож байна.




Зах зээлээс өмнө картын бараанд орсон үед дотор мах, толгой цувдаа идэж байх үед, сард олгодог нэг хил махаа хүргэхгүй байх үед өвлийн идэшнээсээ хоёр үхрийн хавирга өгч байсан хүний тэр жижиг тус хүртэл тэнхлүүн явахад тэмээ өгснөөс тэвдэж явахад тэвнэ өг гэдэг шиг надад тэр тэвнэ шиг зүйл өгсөн хүний тухай ахиухан номондоо оруулахыг хичээсэн.




Номоо ямар өнгө төрхтэй болгоё гэж зорьсон бэ гэхээр дандаа ээж аав, эмээ өвөө, элэнц хуланцынхаа түүх намтрыг оруулах нь зүйтэй юм. Учир нь тэд нар л намайг хүн болгоогүй бол суурь хүн би хаанаас гарч ирэх вэ. Тэгэхээр тэд нартаа бас хариу хайрын өчөл барьж, би та нарынхаа буянаар өнөөдөр ийм явж байна шүү гэдгийг илэрхийлэхийн тулд шүлгэрхүү юм, жүжгэрхүү юм, өгүүлэрхүү юм “Номон доторх ном”, “Сийрүүлсэн бодол” гэсэн хэсэгт тэмдэглэлийн дэвтрийн юмнуудаа оруулсан ухаантай юм.


“Би болоо гэсэн үедээ хүн мөхөж эхэлдэг”

Түүнтэй ярилцаж эхлэхдээ бага зэрэг сандарч, эмээж, ингээд асуувал буруудах болвуу гэх мэт айдас байсан ч тэрбээр илэн далангүй, нээлттэй, сайхан уриалагхан хүн байсан учир тэр байдал арилж найзтайгаа ярьж байгаа мэт л амьдралын элдэв зүйлийг ярьж эхэллээ.



Э.Оюун багшийн хамт


-Сүүлийн үед олон сайхан уран бүтээл ар араасаа гарч байна. Олон ч залуу жүжигчид төрөн гарч байна. Манай залуус ганц нэг кинонд гол дүр бүтээгээд л өөрсдийгөө “Од” болсон хэмээн бодож их зан суух болжээ хэмээн асуусан миний асуултад


- Ер нь эмч, жүжигчин гэсэн хоёр мэргэжил төгс биш. Анагаах ухаан улам л хөгжөөд байна. Эмч нар ч мөн суралцсаар л байдаг. Үүнтэй адил жүжигчин хүн гэдэг өдөр бүр шинийг эрэлхийлж, шинийг сурч, туршлага хуримтлуулж байдаг. Ерөөсөө өөртөө ханаж болохгүй. Миний эрдэмтэн зохиолч Э.Оюун “Би болоо гэсэн үедээ хүн мөхөж эхэлдэг” хэмээн сургадаг байлаа. Би байнга өөрийгөө чамлаж, голж байдаг. Нэг уран бүтээлийн дүрд ажиллаад “аа энийг ингэдэг байж, үүн дээр арай дутсан юм уу даа” гэх мэтээр өөрийгөө үргэлж шүүмжилдэг дээ.




Надад одоогоор “овоглосон дүр” алга. Хүмүүс миний нэрээр бус миний бүтээсэн дүрээр намайг овоглож, танихыг “овоглосон дүр” гээд байгаа юм. Би дандаа туслах дүр бүтээдэг хэдий ч хэзээ ч тэрийгээ голж байсангүй. Үггүй дүр байсан ч өөрөө баяжуулаад л “шигтгээ дүр”-ээ сайн бүтээхийг хичээдэг. Хамгийн анх Д.Гармаа гуайн “Анхны яргуй” хэмээх 16 мм-ийн кинонд гол дүр бүтээж байсан.




“Марка Поло”-д долоон дүр дээр ажиллаа

Ёстой нөгөө өдрийн од гэдэг шиг “Марка Поло” хэмээх гайхамшигтай уран бүтээлд дүрд ажиллах аз тохиолоо. Монголоос 40 эрэгтэй, нэг эмэгтэй байсан нь би байв. Дараа нь мисс А.Баярцэцэг нэмэгдсэн юм. Би тус кинонд долоон дүрд ажиллаж, долоон өөр хувцас өмсөж, олны хэсэгт гарч байсан ч тэр агуу бүтээлд дүрээ үлдээсэндээ, тэдгээр сайхан залуустай хамтран ажилласандаа баярладаг. Гэхдээ долоон дүрээс гурав нь гарсан. Тэндээс бидэнд сурах юм их. Тайз засалт, найруулалт гээд л . . ..




Манай найруулагч Оргил “Марка Поло”-гийн зохиолч Жон Фускод намайг 2015 оны “Academy awards”-ийн шилдэг туслах эмэгтэй дүрийн эзэн хэмээн танилцуулахад тэрбээр “Wow Mongol Oskar” гэж гайхаж билээ.



Худ н.Наранцэцэг

Сайхан худтай хүн

-Урлагийн хүмүүс гэрийн бараа хардаггүй, ар гэртээ анхаарал хандуулах нь бага хэмээн ярьдаг. Та ач, зээдээ хэр цаг гаргаж байна?

-Би нэг гайхалтай сайн худтай. Түүнийг маань н.Наранцэцэг гэдэг. Тэр маань “ач, зээ бол би хариуцна. Чи тэр дуртай кинондоо л яв” гэдэг юм. Би бэлгэдлийн эмээ гэдэг шиг хагас бүтэн сайнд очиж ач нартайгаа ууланд гардаг. Бэрдээ их баярладаг. Хүний хүнийг хайрлаж байж тэр хайраар дамжуулж миний хүү хайрлагдана шүү дээ. Үүнийг надад амьдрал сургаж дээ.




20 жил өмссөн өвлийн гутал одоо ч байгаа

Надад эд материалын шунал гэгч байхгүй. Би дэлгүүр орох дургүй. Надад элдэв янзын нүүрний будаг байхгүй, ганц гарын тос л байгаа байх. Би ихэвчлэн өөрөө хувцсаа оёж өмсөх дуртай. Өөртөө зориулж цор ганц зүйл урлаж өмсөнө гэдэг гоё шүү дээ. Тэр битгий хэл 20 жил өмссөн өвлийн гутал одоо ч надад байгаа. Яах юм, байнга өмсөж байгаа биш, өвлийн гурван сар өмсөөд л далд хийнэ. Урагдаа ч үгүй.


-Та тэгээд нэг гутлаа олон жил өмсөөд уйдахгүй байна уу?

-Юу гэж уйдах вэ дээ. Харин ч 20 жилийн өмнөх гутал гэхээр одоо бол цор ганц гэсэн үг шүү дээ./инээв/ Гутал хувцас, гоо сайхны бараа авсан мөнгөөрөө ном авч уншиж байх хэрэгтэй. Би бол оюун санааны шуналтай хүн бас гол дүрийн шуналтай. /инээв/



Уртын дуу дуулна

-Сүүлийн үед уран бүтээлийн арвин их хур бууж байгаа бололтой. Ойрын хугацаанд ямар уран бүтээлд тоглох гэж байна?

-Одоо наймдугаар сард Англи, Монгол найруулагч хамтарсан “Улаанбаатар” гэдэг кино эхлэх гэж байна. Тэр кинонд надад оногдсон дүр байгаа. Тэр дүрийн шаардлага гэвэл би уртын дуу дуулах шаардлагатай. Дөрвөн уртын дуу дуулахаар хувьдаа багш аваад бэлдэж байна. Тэр дөрвөөсөө нэгийг нь сонгоод дуулна гэсэн үг. Яахав ор уртын дуу мэдэхгүй байж байгаад дуулаагүй. Ээж маань зааж өгсөн арваад уртын дуу бий. Тэдгээрээсээ дөрвийг нь сонгож бэлдэж байна даа.


Эцсийн амьсгалаа дуустал урлагийнхаа төлөө эр цэрэг шиг зүтгэнэ

Ярилцлагынхаа төгсгөлд залуустаа хандаад хэлэхэд залуус хүний хайр, итгэлийг дааж байх хэрэгтэй. Ахмадаа хүндэлж, эцэг эхээ хайрлаж, тэтгэсэн хүн хэзээ ч муу явдаггүй. Тэтгэнэ гэхээр эд материалаар тэтгэх биш, сэтгэл санаа, урам зориг, хайраар тэтгэх юм. Хүнийг үзэн ядах, хараах, гомдоох, өс санах гэдэг зүйлсийг бүр оюун санаанаасаа авч хая. Тэр хүнийг харъя гэвэл уурласан үед нь хар гэдэг дээ.


Миний цаашдын зорилго, мөрөөдөл гэвэл их байна. Зорилгодоо хүрэхийн тулд миний амьдралын хуудсууд нэмэгдсээр л байх болно. Тиймээс мэдээж хоёр дахь номоо гаргана. Гэхдээ яарахгүй, их няхуур хандах болно.


Эцсийн амьсгалаа дуустал урлагийнхаа төлөө эр цэрэг шиг зүтгэнэ. Бие маань муудаад хэвтэрт байсан ч та нэг бие муутай хүний дүр бүтээгээд өг өө гэвэл тэгье гээд л эцсийн амьсгалаа хураатал урлагтаа зүтгэнэ.


Би одоо ч мөрөөдөж, шатаж л явна. Уран бүтээлээ үзэн суухдаа өөрийгөө танихгүй болтлоо дүр бүтээхсэн гэж ....


Энэхүү агуу ертөнцөд миний мөрөөдөл төгсөшгүй.


Л.Булганчимэг



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 сар, 1 долоо хоног []


minii bichsen setgegdel orchihson baisan murtluu yagaad butsaagaad hasaad baigaa yum be.Hund bayarluulsan saihan zuil bichij bolohgui yu.


Зочинjak    1 сар, 2 долоо хоног []


Undur eej kinond aashtai emch busgui bolj togloj bsn shuu sain jijigchin ydaj sta awsan bailgui


Зочин    1 сар, 4 долоо хоног []


Агуу, мундаг жүжигчин. Үзэл бодол, хандлага нь их таалагдлаа. Мөрөөдөлдөө хүрч, эрүүл энх, урт удаан наслаарай.


Зочин    1 сар, 4 долоо хоног []


Залуу байхад хүүхэд залуучуудын театрт жүжигчин байсан .Ялангуяа эрэгтэй хүүхдийн дүрийг гайхамшигтай гаргаж байсан шүү.Эрүүл энх урт удаан наслаж улам ихийг бүтээхийг таньд хүсье.Номыг тань олж уншнаа.


Зочин    1 сар, 4 долоо хоног [108.181.115.137]


HYYHED BHAD OLON JUJGIIG NI YZDEG BLAA MUNDAG JUJIGCNIN . GAWYAT cnuluun bat gyain gergii bsan . 2 mundag hyn gerlej bjee.


Зочин    1 сар, 4 долоо хоног []


etssiinhee..gesnee gadaadad 15 jil bolson....