Газар дээрээс нь


Түүхийг бүтээгч нэг үеийнхэн

2 жил, 2 сар TIMES.MN


Далай ээжийнхээ хайранд өлгийдүүлж өссөн болохоор дэндүү уужуухан сэтгэлтэй байдаг юм болов уу гэмээр эрхэм хүмүүстэй танилцах завшаан өнгөрөгч долоо хоногт тохиосон билээ. Хоймор нутгийг зорьсон энэхүү томилолт маань энэ сарын 19-ний өглөө 06 цагт Улсын драмын эрдмийн театрын үүднээс орон нутгийн зорчигч тээврийн автобусанд сууснаар эхэлсэн юм.


Холын замд ая тухтай явна гэдэг зорьсон хэрэг саадгүй бүтэхийн эхлэл гэлтэй. Алсын замд хамт яваа нөхөдтэйгээ танилцахад төрсөн нутгаа зорин яваа “Хөвсгөл- Нэг үе” клубын гишүүд дийлэнх нь байлаа. Насны хувьд зөрүүтэй ч үе тэнгийн юм шиг яриа хөөрөөтэй, хоорондоо эвтэй найртай, хүндэлтэй, цаанаа л нэг халуун дулаан сэтгэл мэдрэгдсэн тэднийг холбодог нэг чухал зүйл нь Сагсан бөмбөг ажээ.


Учир нь бидний Хоймор нутгийг зорьж яваа гол шалтгаан нь Сагсан бөмбөгт дурласан залуусын эрч хүчээр хөглөгдсөн "Хөвсгөл -Нэг үе" клубын 10 жилийн ойн баярт оролцох байлаа. Сагсан бөмбөгөө тоглож дууссан залуус тойрч суугаад төрсөн нутгаа хөгжүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ хэрхэн оруулах талаар ярилцаж суусан цаг саяхан мэт ч хэдийнээ 10 жилийг ардаа орхиж, ТББ болон өргөжин тэлж, хийж хэрэгжүүлсэн ажил зөндөө гэдгийг сонсож явлаа.




Хөвсгөл аймгийн нутагт ороход “Хоймор нутагт тавтай морилно уу” гэсэн томоо самбарны дэргэд автобус маань зогслоо. Клубынхэн өөрсдийн санаачлагаар төрсөн нутгийнхаа танилцуулга болон байгальд ээлтэй аялахыг уриалсан утга бүхий 13 самбарыг Намнангийн араас Хөвсгөл далай хүртэлх 280км-т байрлуулсан нь энэ аж. Ийнхүү бид явсаар Хөвсгөл аймгийн Мөрөн хотод очлоо. Хөвсгөл аймгийг хатуу хучилттай замаар холбосон нь орон нутгийн иргэдийг хамгийн ихээр баярлуулсан бүтээн байгуулалтын ажлын нэг гэдгийг хүн бүхэн хэлж байлаа. Ингэснээр Хөвсгөл аймгийг зорих дотоодын болон гадаадын аялагчдын урсгалыг эрс нэмэгдүүлж, сум орон нутгийг хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсан ажээ.




20 –ний өглөө Мөрөн сумын 2 дугаар сургууль дээр нэг үеийнхэний сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээнийг очиж сонирхлоо. Эрэгтэй, эмэгтэй тамирчид тус тусдаа баг болон өрсөлдөж байв. “Хөвсгөл нэг үе”-ийнхэн сагсан бөмбөгийн спортоор амжилттай хичээллэж монголдоо төдийгүй хилийн чанадад нэрээ дуурсгадаг жишээ олон байдаг ажээ.




Миний хувьд энэ өдөр тус клубын орон нутагтаа санаачлан хийсэн олон ажлуудын нэг болох “Хөвсгөл-Таван эрдэнэ” төслийн ажлын талаар мэдээлэл бэлтгэхээр аймгийн төвөөс 60 гаруй км-т байх Тосонцэнгэл сумыг зорьсон юм. Тус аймгийн 17 суманд хэрэгжсэн “Хөвсгөл-Таван эрдэнэ” төсөл нь мал сүргийг эрүүлжүүлж, аймгийн хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах, малын гаралтай түүхий эдийн стандартыг хангасан жишиг аймаг болсноор малчдын өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой байсан гэнэ.




Сумын төвд байрлах Мал эмнэлэгийн байранд малын их эмч Далхаагийн Насанжаргалтай уулзаж, тус сумын Мухар хөндийн багийн малчин өрхүүдээр зочилсон юм. Нутгийн айл өрхүүд уг төсөлд хамрагдаж, мал сүргээ эрүүлжүүлж, амьдрал ахуйгаа дээшлүүлж, орлогоо нэмэгдүүлсэн.




Энэ төсөлд хамрагдсанаар эрүүл малын ашиг шимийг хүртэж, хүнсэндээ төдийгүй арьс үсийг нь үйлдвэрлэлд ашиглахад чанарын шаардлага хангаж байгаа. Монголчууд хэдэн зуун жилээр малынхаа ашиг шимийг хүртэж ирсэн. Хөрс шороо газар нутгаа ухаж, алт нүүрс гэж хошуурч байхын оронд эх байгалынхаа баялаг болсон мал сүргээ түшиглэж, эдийн засгаа сайжруулах боломж бидэнд бий.




Хамгийн гол нь мал сүргээ эрүүлжүүлж, дараа нь дотооддоо түүхий эдээ, махаа боловсруулж, дараа нь гадаадын улс оронд экспортод гаргах боломжтой. Гэтэл нийтэд нь Монголын мал сүрэг бүхэлдээ өвчилсөн мэтээр олон улсад ойлгогдож байгаагаас малчин бидний хүч хөдөлмөр үнэ цэнэгүй байсаар байна.




Тиймээс Хөвсгөл –Таван эрдэнэ төслийг боломжтой бол төр засгаас дэмжээд цааш үргэлжлүүлэх, бусад аймгууд туршлага судалж орон нутагтаа хэрэгжүүлэх боломжтой. Монголын мааь мал сүрэг эрүүл бол та бидний хүнс эрүүл байна. Хүн нь ч эрүүл байна хэмээн төсөлд хамрагдсан нутгийн иргэд хэлж байсан юм.


21-ний өглөө Мөрөн хотын Хөгжимт драмын театрт “Хөвсгөл -Нэг үе” клубын 10 жилийн ойн баярын хурал эхэллээ. Нутаг гэсэн сэтгэлтэй залуучуудын санаачлан байгуулсан тус клубын баярын хуралд "Хөвсгөл Нэг үе клуб"-ын ерөнхийлөгч Д.Батхуяг, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд, ЗДТГ-ын дарга Х.Ган-Очир тэргүүтэй олон хүндэт зочид уригдан ирсэн байлаа.




Энэ  клубыг хоймор нутгийн унаган хүү Доржпүрэвийн Батхуяг удирдан авч яваа аж. 1987 оны нэгэн үеийн төгсөгчдийн байгуулсан энэхүү клуб ангийн хэдхэн андуудын хүсэл зоригоор байгуулагдаж байсан бол өдгөө үе үеийн төгсөгч, нэгэн үеийн найзуудын хүсэл зорилгоороо нэгддэг томоохон төрийн бус байгууллага болтлоо өргөжжээ.




 Баярын хурал Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн хамт олны хүндэтгэлийн аяар эхэлж, “Хөвсгөл нэг үе” клубын Гүйцэтгэх захирал Гүнчин-Ишийн Чингүнжав зочдод хандан үг хэлсэн. Тэрбээр хэлэхдээ “10 жилийн өмнө бид сагсан бөмбөгийн спортыг дэмжих зорилгоор нэгдэж анх клубын үйл ажиллагааг эхлүүлж байсан. Тэр цагаас эхлэн улам бүр хүрээгээ тэлсээр Хөвсгөл нутгийн залуус бид аймаг орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулж явна. Сагсан бөмбөг биднийг салшгүй хамт олон болгон нэгтгэж чаджээ.




Өнөөдөр бид нутаг орондоо зориулсан хүмүүнлэгийн ажил хийдэг, бүтээн байгуулдаг, урлаг, спортын залуусыг дэмждэг, урамшуулдаг томоохон хэмжээний Төрийн бус байгууллагын статустай болжээ. Манай клубын үүд хаалга бүх хүнд нээлттэй. Энэ цаг үед амьдарч байгаа хүн бүхэн нэг үеийнхэн. Бид Хөвсгөл нутгийнхаа төлөө олон сайхан зүйлийг санаачлан цаашид ч хийж хэрэгжүүлэх болно” хэмээн онцолсон.





 Баярын хурлын төгсгөлд ажил хөдөлмөр, хийж бүтээсэн болон спортын амжилт гаргасан эрхэм хүмүүст шагнал гардуулсан юм.




Энэ өдрийн бас нэгэн чухал арга хэмжээ бол “One wolrd – One Khuvsgul” фестиваль байлаа. Энэхүү фестивалийг “Хөвсгөл-Нэг Үе” клубын санаачлагаар аймгийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулсан юм.




Фестивалийн үеэр тус аймгийн 24 сумаас ирсэн иргэд нутгийн брэнд бүтээгдэхүүнээ, малчид боловсруулсан цагаан идээ, оёсон дээл, урласан эд хэрэглэлээ худалдаалж, гар урчууд нь бүтээлээ олон нийтэд сурталчлан таниулан, борлуулж байв. Үзэсгэлэнд оролцсон иргэдийн төлөөллөөс сэтгэгдлийг авснаа хүргэе.




С.Эрдэнэчулуун: Анх удаа задгай талбайд, төв гудамжинд үзэсгэлэн худалдаа гаргалаа

/“Хөвсгөл хүнс” компанийн борлуулагч/



 -Манай компани 70 гаруй жилийн түүхтэй аймгийнхаа ууган компаниудын нэг. Экологийн цэвэр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, хэрэглэгчиддээ хүргээд олон жил болж байна. Жимсний цэвэр шүүс, жимсний чанамал, цай, талх нарийн боов, өнгөт үрэл, олон жилийн түүхтэй сармай дээлт чихрийг үйлдвэрлэдэг. Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд үнэхээр талархалтай хандаж байна. Биднийг хэдийгээр хөвсгөлчүүд мэддэг ч дотоод гадаадын жуулчдад тэр болгон бүтээгдэхүүнээ хүргэж, сурталчлах боломж хомс.




Харин тэр боломжийг хангаж өгсөн “Хөвсгөл-Нэг үе” клубын хамт олон болон аймгийн ЗДТГ-ын хамт олонд баярлалаа. Дотоод гадаадын жуулчдад бид бүтээгдэхүүнээ хямдралтай үнээр худалдаж байна. Монголчууд маш их аялдаг болсон нь өнөөдрийн үзэсгэлэнгийн үеэр харагдлаа. Маш их худалдан авалт хийж байна. Үнийн хувьд хямд, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэдгээ сэтгэл хангалуун хэлмээр байна. Өмнө нь үзэсгэлэн болдог байсан ч задгай талбайд, төв гудамжиндаа хийж байсан тохиолдол байхгүй. Үнэхээр сэтгэж чаджээ.


Х.Мөнхцэцэг: Хүнд асар их боломж байдгийг харуулахыг хүслээ

/Тариалан сумын баялаг бүтээгч/



-Би сумандаа номын санчаар ажиллаж байсан. Тэтгэвэртээ гараад хоёр жил гаруй хугацаа өнгөрч байна. Зүгээр суухаар зүлгэж суу гэдэгчлэн тэтгэвэрт гарсан хугацаандаа наамал бүтээгдэхүүнийг хийж, гар урлалын худалдаа эрхэлж сууна. Найман төрлөөр гар урлалын бүтээлээ хийдэг. Шигтгээ наамал, хэрээсэн хатгамал, утсан наамал, өөдсөөр наах зэргээр бүтээлээ хийдэг. Хаягдал бүтээгдэхүүн ашиглан бүтээлээ хийдэг. Хүүхэд залууст жижиг зүйлээр ч юм хийж, мөнгө олж болдог гэдгийг харуулахыг хүсдэг.




Миний бүтээлийн хамгийн үнэтэй нь есөн сая төгрөгийн үнэтэй. Хамгийн хямд нь 5000 төгрөг. Захиалга маш их шүү. Ширхэгийн шүрээр хатгасан бурханы хөрөг есөн сая, мөн шигтгээ наамалаар бүтээсэн Жанрайсэг бурхан 1.2 сая төгрөгийн үнэтэй. Гадныхан эсгийгээр хийсэн бүтээлийг маш их сонирхдог. Тиймээс хатдынхаа хөргийг эсгийгээр нааж зардаг юм. Манай аймаг аялал жуулчлалын бүс. Тиймээс зун болгон иймэрхүү үзэсгэлэн худалдааг түгээмэл зохион байгуулаасай гэж хүсч байна. Ер нь хүнд асар их боломж байдаг. Зүгээр сууж хэрхэвч болохгүй. Хүн сэтгэж л чадвал мөнгө олох боломж хаа сайгүй байгаа гэдгийг өөрийн үйлдлээрээ харуулах гэж хичээж явна даа.




Олон улсын аялал жуулчлалын төвүүдийн жишгээр үүрийн 04 цаг хүртэл үргэлжилсэн тус “Night market” үзэсгэлэн худалдаанд Хөвсгөлчүүд төдийгүй Улаанбаатар, Эрдэнэт зэрэг хотуудаас ирсэн иргэдийн урласан уран баримал, урлагийн бүтээл, нутгийн брэнд бүтээгдэхүүнийг худалдан авах хүмүүс ч олон байлаа.




Хөвсгөл нутаг олон ястаны өлгий нутаг. Тиймдээ ч төв гудамжинд зассан тайзанд дархад, хотгойд, цаатан, халх зэрэг олон үндэстэний дуу хуур зассан тайзнаас эгшиглэж, ирсэн гийчдэд нутаг орноо сурталчилах ажлыг хийж байлаа. Анх удаагаа зохиогдож буй энэхүү фестивалийн хамгийн сонирхолтой хэсэг бол “Авьяаслаг жуулчин” тэмцээн байлаа.




Хөвсгөлд төдийгүй Монголдоо анх удаа гадаадын жуулчдад зориулан 1000 ам.долларын шагналын сантай тус тэмцээнийг аялал жуулчлалыг дэмжих, зорьж ирсэн гадаадын иргэдийн сонирхолыг татах зорилгоор зохиож, ялагчдыг тодруулсан юм.




“Хөвсгөл-Нэг үе” клубынхэний аймаг орон нутагтаа хийсэн ажлуудын нэг нь Мөрөн хотын Хөгжимт драмын театрын дэргэдэх хүүхэд залууст зориулсан сагсан бөмбөгийн талбай бүхий “One” цэцэрлэгт хүрээлэн ажээ.




Өдөр хүлээн авалт зохион байгуулж байсан цэцэрлэгт хүрээлэн орой Мөрөн хотын хүүхэд залуусын чөлөөт цагаа өнгөрүүлдэг ая тухтай орчин болон хувирчээ.


Фестивалийн хүрээнд энэ оройн 20 цагт Чингүнжавын талбайд Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглож нутгийн олонд төдийгүй ирсэн дотоод гадаадын жуулчдад бэлэг барьсан юм.




Алтан гадаст, Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн бие бүрэлдэхүүн анх удаа хөдөө орон нутагт тоглолт хийж байгаа нь энэ аж. Мөн залуу дуучид 60, 70-аад оны дурсамж сэдрээсэн сайхан аялгуугаар ая дууны мэндчилгээ дэвшүүлэв.





 Энгэртээ дүүрэн одон гялалзуулсан өвөө, эмээ нараас эхлээд амьдралд дөнгөж хөл тавьж буй охид залуус хүртэл нийтийн бүжиг хийж, хүүхэд багачууд гэгээн хүслээр дүүрэн хөгжмийн аялгуунд уусан уяран бүжихийг харах үнэхээр таатай байсан юм. Залуу насаа дурсан, хөнгөн хөгжмийн аянд нийтийн бүжиг хийж буй ахмадууд “Сайхан хүүхдүүдийн ач буянаар залуу насаа дурсаад бүжиглэлээ. Нурууны өвчин арилчихжээ. Ийм буянтай ажилд хийж байгаа хүүхдүүдийн үйлс нь үргэлж өөдрөг байг” гэх нь дуулдаж байлаа.




22 цагт залуусын хүсэн хүлээсэн үдшийн шоу эхэллээ. Энэ арга хэмжээг МУСГЗ Т.Сэр-Од нээж " Сайн байцгаана уу, Хөвсгөлчүүд ээ. "Нэг дэлхий-Нэг Хөвсгөл" фестивал зохион байгуулж байгаа хамт олныхоо өмнөөс, DoRe sound продакшныхаа өмнөөс та бүхэндээ мэнд хүргэж, үдшийн цэнгүүн албан ёсоор нээснийг мэдэгдэж байгаадаа таатай байна. "Нэг дэлхий-Нэг Хөвсгөл"  фестивал зохион байгуулах санаачлага гарган, энэхүү сайхан арга хэмжээгээр та бүхэндээ бэлэг барьж байгаа "Хөвсгөл нэг үе" клубынхан болон клубынхээ ерөнхийлөгч Доржпүрэвийн Батхуяг ахдаа талархаж, баярлалаа" гэв.

Тоглолтын эхэнд хоймор нутгаас төрөн гарсан “Нэг үе” хамтлагийн залуус “Хөвсгөл – Нэг үе” клубын сүлд дуу болох “Нэг үе- Нэг хүслэн” дуугаар хурсан олон ая дууны цэнхэр хадаг өргөн барьсан юм.



Нээлтийн арга хэмжээний үеэр Аймгийн Засаг дарга Л.Ганболд болон тус клубыг үүсгэн байгуулагч нар цугласан олонд хандан үг хэлж, мэндчилгээ дэвшүүлсэн.




Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд хэлэхдээ “Хоймор нутгийн хөгжил дэвшлийн төлөө олон зүйлд хамтран ажиллаж, тусалж дэмжиж, тэдний хийж хэрэгжүүлсэн, эхлүүлсэн ажлыг Засаг даргаар ажиллах хугацаандаа дэмжиж ажиллаж байна. Хөвсгөл нутгийн ард түмний хөгжил дэвшлийн төлөө хамтдаа зүтгэж яваа та бүхэндээ баярын мэнд хүргэе. Та бүхний хийж бүтээсэн зүйл чамгүй их бий. “Хөвсгөл-Нэг үе” клубын анхдагчид энэ клубээр овоглож яваа хэн бүхний баярын өдөр өнөөдөр тохиож байна. Хоймор нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө сэтгэл зүрхээ зориулж яваа та бүхний хийж бүтээсэн бүхнээр бид бахархах болно. Өнөөдөр бидний зогсч байгаа Чингүнжавын талбайг ч та бүхэн сэтгэл зүрхээрээ дэмжиж, хөрөнгө оруулж хамтдаа бүтээснийг бахархан дурсах сайхан байна” гээд аймгийн Засаг даргын талархал, дурсгалын зүйл гардуулсан юм.




 Ийнхүү албан ёсны нээлтийн дараа “Чоно” хамтлагийн залуус “Хурд” хамтлагийн ах нарынхаа дуунаас дуулж, хурсан олныг доргиов. “Цэргийн бодол”, “Би чамд хайртай”, “Чамд таалагдахын тулд”, “Сэтгэлийн жигүүр” зэрэг олон сайхан сэтгэлд хоногшсон дуунуудаа дуулж байв.




Хөвсгөл нутгаас төрөн гарсан олон сайхан дуучид уран бүтээлчид рок поп, сонгодог урлагийн ертөнцөд өөрийн дуу хоолой хэв маягаараа онцгойрон Монгол түмэндээ төдийгүй дэлхийд танигдаж яваа.




Тэдний төлөөлөл болж энэ үдэш МУГЖ Ө.Уянга, Монголын поп дива нарын нэг МУСТА С.Наран, “Номин талст” хамтлагийн дуучин, МУСТА Т.Дэлгэрмөрөн нар хүчирхэг чадалтай хоолойгоороо хурсан олныг баясгасан юм.




Мөн МУСТА О.Баянмөнх, залуу дуучин Д.Найдандорж, Б.Монголхүү, Я.Гэрэлчулуун, н.Амартүвшин гээд хоймор нутгаар овоглодог олон уран бүтээлчид энэ үдшийн шоунд оролцож уран бүтээлийн дуун цэнхэр хадгаа өргөн барьсан юм.




Ийнхүү Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Хотгойдын Засаг ноён Чингүнжавын талбай ёслолын буудлага, амьд хөгжимийн нүргэлсэн хэмнэл, хүчирхэг хоолойтой уран бүтээлчдээрээ бахархсан Хөвсгөлчүүдийн нэгэн өдөр шөнийн 02 цаг хүртэл үргэлжилсэн.




Хийе гэсэн их хүсэл байхад, бодол зорилгоо нэгтгэж чадвар төрсөн нутгаа хөгжүүлэхэд хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй гэдгийг “Хөвсгөл- Нэг үе” клубынхэн харуулж чадлаа. Төрийн бус байгууллага гэдэг статусын хувьд жижиг ч гэлээ томоор харж, хийж бүтээж чадвал ямар ихийг хийж, урам зориг итгэл найдвар өгч болдог болохыг харуулсан энэ өдрүүдэд хүн бүр санаа сэтгэлээ нэгтгэж чаддаг нь ихэд таалагдсан.




“One wolrd – One Khuvsgul” фестивалийн хувьд жил бүр уламжлал болгон зохион байгуулаар болсон. Тиймээс дотоод гадаадын жуулчдыг хүлээн авахад шаардлагатай бүхнийг хийж, үзэсгэлэн худалдаанд оролцогчид ч илүү чанартай, орон нутгийнхаа онцлогыг харуулсан бараа бүтээгдэхүүн дэлгэн харуулахаа амалж байсан юм. Хоймор нутгийнхан дотоод гадаадын олон хүнтэй уулзаж, мэндтэй устай, ундтай цайтай угтаж үдэж сурсан ард түмэн ажээ.




Аялал жуулчлал хөгжсөнөөр аймаг орон нутгийн төдийгүй ард иргэдийн амьдрал ахуйд өөрчлөлт орох ч гэлээ “Байгаль ээжийг минь хайрлаж, эх орноо гэсэн сэтгэлээр өөриймсөг ханддаг байгаасай” гэсэн чин хүслээ зүрхний угтаа хадгалан явдагаа хэлэх хүн цөөнгүй таарсан. Тиймдээ ч энэ цаг үед амьдарч байгаа нэг үеийнхэн та бид хойч үеийнхэндээ сайхан Монгол орноо бүрэн бүтэн хүлээлгэн өгөх үүрэгтэйг мартах учиргүй билээ.


П.Нарандэлгэр 

















Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.