Газар дээрээс нь


“Оюу толгой” ХХК ой хээрийн түймэртэй тэмцэхэд тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүллээ

2 жил, 2 сар TIMES.MN


Монгол Улсын засгийн газарт “Оюу толгой” ХХК-ийн зүгээс ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах үйлсэд дэмжлэг болгон техник, тоног төхөөрөмж багаж хэрэгслийг өнөөдөр хандивлалаа.




Үүнд: Хөдөлмөр хамгааллын хувцас болох комбинзон 359, жийп автомашин 2, хуванцар танк 200, галын шланг 30 метр урттай 8, хураагддаг усны танк зургаан тонны 1, хүрз 35, сунадаг шат 2 хандив болгон хүлээлгэж өглөө.Харин жийп авто машин 1, усны машин 12 тонны Норт бенз 1, тэвштэй ачааны машин 1, зэргийг хоёр сарын хугацаатай түр ашиглуулахаар болоод байгаа юм.







“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес эдгээр тусламжийн тоног төхөөрөмжүүдийг хандивласан тухай батламжийг МУ Засгийн газрын төлөөлөл болсон БОАЖ-ын сайд Д.Оюунхоролд гардууллаа.








Уг үйл ажиллагаанд БОАЖЯ, ОБЕГ, Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд оролцсон юм


.


“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес хэлэхдээ “Ой хээрийн түймэртэй тэмцэхэд бид бүхий л талын дэмжлэг туслалцааг үзүүлэх ёстой. Энэ нь нийгмийн хариуцлагын чухал хэсэг гэж үзэж байна. Засгийн газар болон бусад яам агентлагууд улс орны хэмжээнд учраад байгаа гамшиг, хохиролтой тэмцэхэд хүчин зүтгэхэд дэмжлэг үзүүлэх нь чухал. Мөн сайн дурын залуус газар дээр нь очиж дэмжлэг туслалцаа үзүүлэн ажиллаж байгаа. Тиймээс бид ч гэсэн дэмжлэг туслалцааг цаг алдалгүй хүргэх нь чухал гэдэг үүднээс энэхүү үйл ажиллагааг өрнүүлж байна. Мөн ЗГ, ОБЕГ, Иргэдтэй хамтраад энэхүү үйл ажиллагаанд оролцож байгаад баяртай байна” гэсэн юм.




“БОАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэгмид “Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд дулаарал маш ихээр явагдаж байна. Энэ ч үүднээс Азийн өндөрлөгт оршдог манай улсад бусад улс орныг бодвол хоёр дахин илүү хуурайшилт, цөлжилт явагдаж байна. Үүнд Монголын ард түмэн ой хээр, уул усаа хамгаалах зайлшгүй шаардлага тулгарч байна. Энэ жил 13 аймгийн 56 сумд нийт 140 гаруй удаагийн түймэр гарсан юм. Манай улсын нутаг дэвсгэрийн 8 хувь нь ой байдаг. Тэгвэл одоогийн байдлаар ой хээрийн шилмүүст ойн 30 хувь буюу 600 мянган га газар шатаад байна. Манай ой хээрийн бүс нэлээдгүй бартаа саад ихтэй уул хад өндөртэй газар шигүү ургасан байдаг. Түүнийг хамгаалахад бэрхшээлтэй тоног төхөөрөмж, техник хэрэгсэл дутмаг байдаг. Ийм ойтой орны тоонд манай улс ордог” тухай ч хэлж байлаа.




БОАЖЯ-ны ойн бодлого зохицуулалтын газрын дарга М.Тунгалаг “Энэ жил хуурайшилтын зэрэг өндөр байсантай холбогдуулан ойрын жилүүдэд тохиолдож байгаагүй байгалийн гамшигт үзэгдэл болсон. Энэхүү ой хээрийн түймрийн гол шалтгаан нь хүний буруутай үйл ажиллагаанаас болсон нь тогтоогдсон. Өнөөдөр цагдаагийн ерөнхий газрын хүрээлэн буй орчны гэмт хэрэгтэй тэмцдэг БОАЖЯ-ны сайдын тушаалаар ланд крүйзэр машиныг олгож байна. Мөн түймрийн эрсдэлтэй байгаа бүс нутгуудын ойн ангиудад их хэмжээний техник хэрэгслийн тусламжийг “Оюу толгой” ХХК-нд хүсэлт тавьсны улмаар энэхүү багас тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч байна” гэв.














Бэлтгэсэн  Б.Болормаа




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.