Газар дээрээс нь


“Night market” үзэсгэлэн худалдаа үүрийн 04 цаг хүртэл үргэлжилнэ

2 жил, 2 сар TIMES.MN

 Хөвсгөл аймгийн ЗДТГ, “Хөвсгөл-Нэг Үе” клуб хамтран зохион байгуулж буй “Нэг Дэлхий – Нэг Хөвсгөл” фестиваль амжилттай үргэлжилж байна.




Мөрөн хотод анх удаа зохиогдож буй энэхүү фестивалийн үеэр тус аймгийн 24 сумаас ирсэн иргэд нутгийн брэнд бүтээгдэхүүнээ, малчид боловсруулсан цагаан идээ, оёсон дээл, урласан эд хэрэглэлээ худалдаалж, гар урчууд нь бүтээлээ олон нийтэд сурталчлан таниулан, борлуулж байна. Олон улсын аялал жуулчлалын төвүүдийн жишгээр энэхүү “Night market” үзэсгэлэн худалдаа үүрийн 04 цаг хүртэл үргэлжлэх юм байна.




Мөн энэ үеэр тус 24 сумын уран бүтээлчид урлагийн тоглолтоо толилуулж, ирсэн гийчдэд нутаг орноо сурталчилах ажлыг хийж байна. Анх удаагаа зохиогдож буй энэхүү фестивалийн хамгийн сонирхолтой хэсэг бол “Авьяаслаг жуулчин” тэмцээн байлаа.




Хөвсгөлд төдийгүй Монголдоо анх удаа гадаадын жуулчдад зориулан 1000 ам.долларын шагналын сантай тус тэмцээнийг аялал жуулчлалыг дэмжих, зорьж ирсэн гадаадын иргэдийн сонирхолыг татах зорилгоор зохиож байгаа аж. Фестивалийн хүрээнд Чингүнжавын талбайд Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглох юм.




Ахмадууд, дунд үеийнхэнд зориулсан цэнгүүний дараа Хөвсгөл аймгаас төрсөн уран бүтээлчид дээр түшиглэн “DoResound production”-ны хамт олон аялагч, жуулчид, орон нутгийн иргэдээ хамруулсан шоу арга хэмжээгээр бэлэг барих аж.




Эргэн сануулахад, Хөвсгөл -Нэг үе” клубын хамт олон 10 жилийнхээ ойн хүрээнд энэхүү “Нэг Дэлхий – Нэг Хөвсгөл” фестивалийг зохион байгуулж байгаа юм. Жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар зорьж буй энэхүү фестивалийг гадаадын болон дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэж, орон нутгийн хөгжилд үнэтэй хөрөнгө оруулалт болно гэдэгт итгэлтэй байгаагаа Хөвсгөлчүүд илэрхийлж байна.





















Фестивалийн талаар эргэн мэдээлэх болно.

П.Нарандэлгэр




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.