Газар дээрээс нь


Ой хээрийн түймэр унтраахад ганцхан хүний оролцоо маш их дутдаг

2 жил, 2 сар TIMES.MN


Нийслэлийн хэмжээнд 21 цэгт ой хээрийн түймэр гарсан мэдээлэл байна. Үүний зургаан Төв аймгийн Батсүмбэрийн нутаг дэвсгэрт гараад байгаа юм. Энэ ч үүднээс Онцгой байдлын албан хаагчид, орон нутгийн уугуул иргэд, нийслэл хотоос сайн дураар нэгдсэн залуу үеийнхний төлөөллүүд хэдэн өдөр тасралтгүй ажиллаж ой хээрийн түймрийг цурманд оруулаад байгаа билээ.






Энэ мэдээллийн дагуу өчигдөр буюу 2017 оны долдугаар сарын 18-нд Төв аймгийн Батсүмбэр сумаас 35 километр зайд орших “Арслангийн-Ам” багийг зорьж ой хээрийн түймрийн нөхцөл байдалтай бүтэн өдрийн турш танилцаж сайн дурын төлөөлөл болсон иргэд болон Онцгой байдлын албан хаагчид, цагдаа нартай уулзаж ярилцсан юм.




Өндөр настан Д.Уртнасан “Би энэ нутгийн уугуул хүн.1993 оноос хойш өдийг хүртэл Батсүмбэрийн ой хээрийн бүсэд идэвхтэн байцаагч хийж цалинжиж амьдардаг. Иргэн хүний хувьд эх орныхоо газар шороо, байгаль, ан амьтанд их хайртай. Иймээс өнөөг хүртэл эх дэлхийнхээ төлөө тэмцэж явна. Манай нутаг дэвсгэрт байгаа  түймрийг зургадугаар сарын 15-ны үүрээр буюу зургаан цагийн үед гарч байгааг олж мэдээд Засаг даргад утас цохиж хэл хүргэсэн. Төд удалгүй Онгой байдлын албанаас хүмүүс ирсэн. Тэдгээр хүмүүст эндэхийн зам харгуйг сайн мэдэхгүй улмаас машинтайгаа төөрч будилах бэрхшээл гарч байсан. Ийм нөхцөл байдал үүссэн учраас би өдрийн цагаар Онцгойгыхонд газарчилж шөнийн цагаар хотоос ирсэн залуучуудад газарчилж өнөөдрийг хүртэл амрах завгүй л явна даа эмээ нь. Өдөрт тогтмол цагаар уул хадаар морио унаад эргэж тойрч машин унаа төөрөх тохиолдол их гарч байсан тул явж болохгүй зам харгуйд тэмдэг тэмдэглэгээ тавьж жолооч нарт анхааруулж байсан.




Цагдаагийн байгууллага энэ оны долдугаар сарын 16-ны өдрийн байдлаар ой, хээрийн гал түймрийн хэрэг, зөрчлийн тухай нийтдээ 105 мэдээ, мэдээлэл хүлээн авч шалгажээ. Цагдаа нар нийт шалгасан ой хээрийн 71 түймрийн эзэн холбогдогчийг тогтоон, 30.1 сая төгрөгийн хохирлыг гэм буруутай этгээдээр нь нөхөн төлүүлсэн байна. Энэ төрлийн 4 хэрэгт Эрүүгийн хэрэг үүсгэсэн бол 68 түймрийн зөрчлийг Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан саналтай прокурорт шилжүүлсэн, одоогийн байдлаар нийтдээ гал түймэртэй холбоотой 33 гомдол, мэдээллийг шалгаж байгаа аж.




Төв аймгийн цагдаагийн газрын саатуулах байрны эмч Г.Баярболд "Батсүмбэрийн нутаг дэвсгэр дээр гараад байгаа ой хээрийн түймрийн голомт дээр Төв аймгаас ирсэн 10 гаруй цагдаагийн албан хаагч нар албан үүргээ гүйцэтгэж байна.  "Арслангийн- Ам" байрлах дээд эхэд очиж байрлаж ажилласан. Хоёр дахь өдрөө хонох гэж байна. Биднийг ирэхэд гал асаж байсан боловч одоогийн байдлаар цурманд оруулаад байгаа. Гэхдээ цаг агаар дулаарч нартай өдөр үргэлжилбэл дахин түймэр гарах магадлал маш өндөр байна.




Энэ оны эхний хагас жилийн байдлаар гал түймэртэй холбоотой хэрэг, зөрчил нь машины оч баригч, машин доор өвс хуримтлагдаж халснаас гурав, татсан тамхиа бүрэн унтраагаагүй цогтой хаяснаас долоо, аянга цахилгаанаас 18, ил задгай үнс нурмаа асгаснаас тав, гэрийн яндангаас үсэрсэн очноос гурав, хог шатааснаас гурав, гэр орондоо галын аюулгүй байдал хангаагүйгээс хоёр, галт зэвсэг хэрэглэсний улмаас нэг, ил задгай гал түлснээс болж найм түймэр гарсан болох нь тогтоогджээ.


Төв аймгийн онцгой байдлын газрын нярав, дэд ахлагч Б.Цэнд-Очир “Анх зургадугаар сарын 15-нд Батсүмбэрт түймэр гарлаа гэх дуудлага ирсэн. Манайхаас нэг хоёрдугаар ээлж түрүүлж явсан. Бид одоогоор гурван шөнө, дөрвөн өдөр болж байна. Зарим албан хаагчид Сөгнөрийн ам, Таван толгой, Бургастай зэрэг газруудад хуваарилагдаж ажил үүргээ гүйцэтгэж байна. Батсүмбэрийн арслангийн ам дээр есүүлээ ажиллаж байна. Одоогийн байдлаар түймэр цурманд орж, дахиж гал алдалгүй бүрэн унтрааж дуусгаад явна гэсэн зорилготой ажиллаж байна. Багаж хэрэгслийн хувьд иргэдийн хандивласан хэрэгслүүд маш их хэрэг болсон. Тухайлбал “Facebook” аян зохион байгуулж байгаа залуучууд станц өгсөн. Энэ нь уулын наана цаанаас шуурхай мэдээлэл дамжуулахад чухал үүрэг гүйцэтгэж цагийг хэмнэдэг манай албаныханд цагаа олсон зүйл өглөө" гэв.






Иргэдийн төлөөлөл Ганаа "Анх харахад нүд халтирам байсан. Уржигдрын хувьд бол гайгүй байсан. Гэтэл хэсэг хурц нар гарангуут л буцаад уугиад байна. Манай Баянголын залуучууд мориор ус дөхүүлж өгсөн. Иргэн хүнийхээ үүргийг гүйцэтгэж онцгойгынхоны өгсөн заавар зөвлөгөөний дагуу хоёр өдөр ажиллаж түймрийг цурманд орууллаа. Гэсэн ч хүмүүсийн хүч дутсаар л байна. Ганц хүний хүч туслалцаа маш чухал байна. Цурманд оруулсан хэсэг эргээд уугиж эхэлж байна. Нэг хэсэг газрыг унтраагаад буцаад шалгаад ирэхэд уугьсан шатаж байгаа нөхцөл байдал үүсээд байна. Одоогийн байдлаар Баянголын асрамжийн газарт ажиллаж байна.Арслангийн ам гэдэг газрын дээд ууланд гарахад нөхцөл байдал ийм байлаа. Ой хээрийн түймэр бүрэн унтраагүй байгаа юм. Цурманд орууллаа гэдгийг манай ард түмэн түймэр бүрэн унтарлаа гэж ойлгодог. Гэтэл энэ нь бодит байдал дээр буцаад асах эрсдэл өндөр байдаг. Иймээс Онцгой байдлын албаныхан манаж хонож байна" хэмээн хэлж байлаа.




Тэрээр Онцгой байдлын албаны залуучууд өөрсдөө хоол цайгаа хийж уудаг байна.  Ажил үүргээ гүйцэтгээд ирэхэд нь урд нь халуун хоол цай ундыг нь бэлдэж өгөх зохицуулалтыг шийдэж өгөх нь чухал байгааг иргэд хэлж байсан юм.




Мөн  түймэр унтраагчдын  гутал хувцас дээр хүрэлцээ тааруу байдаг байна.  Гутал өгдөг болдовч тэр нь төд удалгүй хайлаад салаад уначихдаг аж.




ХУД-ийн иргэн М.Ариунаа Залуучууддаа хандаад хэлэхэд зарим нэг нь зугаа цэнгээнд зарцуулах цаг хугацаагаа ганц өдөр ч гэсэн ой хээрийн түймрийг унтраахад зарцуулаач гэж уриалмаар байна. Ганц хүний хүч хөдөлмөрөөр маш их дутдаг юм байна. Гал түймэр, ус үер бол хэлж ирдэггүй. Тиймээс аюул гамшгийн үеэр хүн хүчээр үнэхээр нэгдэх нь чухал гэдгийг маш сайн ойлголоо гэсэн юм.




Мөн зам харгуй бартаа ихтэй байдаг тул машин тэрэг гарах боломжгүй, хоол хүнсээ өөрсдөө зөөж явахад хүндрэлтэй байдаг талаар иргэд хэлж байлаа.









Гэрэл зургийг Б.Болормаа






Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    2 жил, 2 сар [202.9.41.77]


1хун усрээд 20 л ус зееж чадна мориор бол ямар ч байсан 80 гаруй л ус зеечих байх хотоос хун очиж байснаас хедеенеес морь дайчилж усаа зеевел арай дээр баймаар негее их олон адуу морьтой улсууд нь усаа зеелцеж егдеггуй юм байх даа