Аналитик


Чухлыг онцлов

3 жил, 11 сар TIMES.MN
TIMES.MN таньд долоо хоногийн үйл явдлын дэлгэрэнгүйг хүргэе. Өнгөрөгч өдрүүд үйл явдлаар дүүрэн болж өнгөрлөө. “Авьяаслаг Монголчууд” шоуны гранпри, 100.000.000 саяын эзэд тодорлоо. Улс төрийн хүрээнд МАН сонгуулийн тухай хуулийг хэлэлцэхийг шаардаж, “ажил хаясан”. Ингээд зарим үйл явдлын дэлгэрэнгүйг хүргэе.

 

 Үндэсний авьяастан, 100.000.000 саяын эзэд тодорлоо

   Монголчууд Дэлхийд гайхагдах авьяастаны эрэлд гараад 3 сарын өнгөрөөжээ. Тэгвэл өчигдөр буюу гала тоглолтонд шигшээ 8 авьяастан өрсөлдөж, Дархан-Уул аймгийн С.Жамъянхорол багштай “Эгшиглэнт чимээ” цохилуур хөгжмийн хамтлаг үзэгчдийн саналаар шалгаран, гранпри 100 сая төгрөгийн эзнээр тодорлоо.

 

Монголд анх удаа "Rube Goldberg -2015" тэмцээн боллоо 

  Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатын санаачлагаар Монголд анх удаа “Rube Goldberg-2015” тэмцээн зохион байгуулагдлаа. Тус тэмцээнийг Аж үйлдвэрийн яам, “Unamic Education” холбоотой хамтран зохион байгуулсан юм. “Rube Goldberg-2015” тэмцээн ЕБС-ийн бага, дунд насны ангилалд зохион хөдөө орон нутаг, нийслэлийн есөн дүүргийн нийт 10 баг оролцож оюун ухаанаа сорив.  “Rube Goldberg” машин нь маш энгийн даалгаврыг авсаархан инженерчлэлтэй, бүтээлч төхөөрөмжөөр сонирхолтойгоор гүйцэтгэх олон үйлдэлтэй машин юм. Энэ төрлийн машиныг АНУ-ын алдарт хошин хүүхэлдэйн дүрс зураач Rube Goldberg (1883-1970)-ийн нэрээр нэрлэж заншсан байна.


Задлан шинжилгээний хариу гарчээ

  “Mongolian mining journal” сэтгүүлийг үүсгэн байгуулагч, эрхлэгч агсан Л.Болормаа өнгөрсөн сарын 20-21-нд шилжих шөнө гэртээ нас барсан билээ. Түүний амиа алдсан шалтгааныг тогтоолгохын тулд ар гэрийнхэн нь цогцост задлан шинжилгээ хийлгэхээр Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнд хандаад байсан юм. Уг хүсэлтийн дагуу ШШҮХ-гийн шинжээч эмч нар ажиллаж, дүгнэлт гаргажээ. Дүгнэлтээр Л.Болормаа нь дагзны хүчтэй доргилтын улмаас цус харваж нас барсан гэсэн байна. Энэ талаар тус хүрээлэнгийн чанарын менежер С.Одончимэг Дагзны яс хугарснаас үүдэн хүчтэй доргилт үүссэн. Доргилттой холбоотой гэмтлийн гаралтай цус харвалт болсон. Энэ нь шууд үхэлд хүргэсэн” хэмээн тайлбарлав. ШШҮХ-гийнхэн задлан шинжилгээний хариуг ийнхүү гаргаж, цагдаагийн байгууллагад дүгнэлтээ шилжүүлсэн байна.  

 

Нийгэм:Хоёр настай хүүхэд рүүгээ хутга тулган заналхийлжээ

   СХД-ийн 16-р хороо  “...-р байрны .... тоотод согтуу хүн хүүхдүүдээ зодоод хаалгаа онгойлгохгүй байна” гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагад өгчөө. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид,  НОБГ-ийн Аврах тусгай ангийн ажилтнуудын хамт цонхыг нь хагалан ороход, тус тоотод суух 27 настай эрэгтэй Б  нь согтуурсан үедээ өөрийн төрсөн хүү 2 настай эрэгтэй Б -д хутга тулган эсэргүүцэл үзүүлсэн байна. Уг хэргийг таслан зогсоож СХД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтэс шалгаж байна.

Гэмт хэрэг:  Худалдаа хөгжлийн банкнаас 360 сая төгрөг дээрэмджээ

  Худалдаа хөгжлийн банкны Сонгинохайрхан дүүрэг дэх нэгэн салбарт гэмт этгээдүүд нэвтэрч их хэмжээний мөнгө дээрэмдсэн хэрэг өчигдөр гарчээ.Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа хөгжлийн банкны салбарт зэвсэгтэй хоёр этгээд нэвтэрч дээрмийн гэмт хэрэг үйлдсэн байна. Цагдаагийн байгууллагын эх сурвалж гэмт этгээдүүд хоёул байсан. Тэднийг эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлээд байна гэлээ. Гэмт этгээдүүд 360 гаруй сая төгрөг дээрэмдсэн гэсэн тооцоог гаргаад байгаа аж.

Улс төр:  Санал тоолох хар машиныг шатаажээ

 УИХ-ын Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг шаардаж улс төрийн намууд жагсаал хийлээ. Жагсагчид "Хар машины луйваргүй шудрага сонгуулийн төлөө" уриан дор жагсаж, сонгуулийн саналыг гараар давхар тоолохыг уриалсан лоозон барьжээ. 

Шинэ он гарахаас урьтаж, УИХ Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж чадахгүй бол ирэх оны УИХ-ын сонгуулийг 2011 онд батлагдсан хуулиар зохион байгуулах юм. Үүнийг дээрх намууд эсэргүүцэж байгаа бөгөөд автомат машинаар саналын хуудсыг тоолсон нөхцөлд гараар давхар тоолж, камераар бичин баталгаажуулах ёстой. Ингэж байж өнгөрсөн хугацаанд гарсан эргэлзээг тайлна гэсэн байр суурьтай байна. Жагсагчид сонгуулийн санал тоолох хар хайрцагийг Тусгаар тогтнолын талбайд шатаалаа. 

Чуулган: МАН-ын ажил хаялт

 Чуулганаар олон хуулийн төсөл дээр завсарлага авч, хойшлуулсан шалтгаанаа УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр ”Иргэдийн хүсэн хүлээж буй УИХ-ын Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхгүй байна. Түүнчлэн АН-ын бүлгээс завсарлага авсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ч иргэд хүлээж байгаа” гэдгийг онцолж хэлсэн юм. Харин УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Өнөөдөр ажлын өдөр. Эдийн засаг хүнд байгаа энэ үед УИХ хуралдаж асуудлуудаа шийдвэрлэх ёстой. Харамсалтай нь ард түмнээрээ овоглосон МАН утгагүй завсарлага авч хэлэлцэх асуудлуудыг гацаалаа. Намын бүлгүүд завсарлага авч болно. Хууль, тогтоолын төслийн талаар ойлголтын зөрүүтэй бол нэг ойлголцолд хүрэх үүднээс завсарлага авдаг. Гэтэл МАН-ын бүлэг ард түмний хүсэн хүлээсэн Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэхгүй байгаа учир завсарлага авлаа гэсэн тайлбарыг хийсэн нь харамсалтай байна. Сонгуулийн хуулийн зөвшилцлийн ажлын хэсэгт ажиллаж байгаа хүний хувьд хэлэхэд энэ асуудлаар МАН-ын дарга, бүлгийн дарга, гишүүдтэй удаа дараа уулзаж зөвшилцсөн. Гэтэл тэд нэг талын саналыг хүчээр тулгаж буй учир зөвшилцөл саатаад байгаа. Гэсэн ч бид зөвшилцөхийн төлөө байгаа” гэсэн тайлбарыг өгч байлаа.

 

 Л.Ариун




Холбоотой мэдээлэл


Хөгжих үү, үлдэх үү?
Хөгжих үү, үлдэх үү?
2 сар, 2 долоо хоног

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.