Газар дээрээс нь


"Дээлтэй Монгол-2017" наадам боллоо

2 жил, 3 сар TIMES.MN

Монголын ирээдүй болсон хүүхэд багачууд болон үе үеийн залууст  өв уламжлалаараа бахархах ухамсарыг төлөвшүүлэх, таниулах, өвлүүлэх цаашлаад Дэлхийн нийтэд Монгол үндэсний хувцасны чамин загварыг гайхуулах энэхүү үйл ажиллагааг жил бүр зохион байгуулж ирсэн түүхтэй билээ.  Энэ бол “Дээлтэй Монгол” юм.




Тэгвэл “Дээлтэй Монгол” наадмыг нийслэлчүүд ийнхүү арав дахь жилдээ зохион байгуулж байна. Анх 100 гаруй хүнийг хамарч байсан наадамд хамрагдах иргэдийн тоо жил бүр нэмэгдэж өдгөө гадаад дотоодын 10 мянга гаруй иргэд оролцдог болжээ.




Наадмын үеэр ардын урлагийн тоглолт, монгол үндэсний хувцастай парад, монгол гэрийн үзэсгэлэн худалдаа, үндэсний хувцасны загварын тоглолт, циркийн тоглолт, үндэстэн ястны бүжиг, нийтийн цэнгээнт бүжиг зэрэг олон үйл ажиллагаа зохиогддог.








Монгол дээлээрээ бахархах, үндэсний хувцсаараа гоёсон иргэд, байгууллагуудыг хэд хэдэн номинацаар шалгаруулж шагнал гардуулдаг уламжлалтай билээ.


Тухайлбал, Монгол үндэсний дээлтэй гадаадын зочид багтдаг. Үүнд хамгийн сайхан дээлтэй эрэгтэй, эмэгтэйчүүдийг шалгаруулдаг. Мөн Монголынхоо хамгийн сайхан дээлээр ижилссэн хосуудыг болон сайхан дээлтэй эрэгтэй эмэгтэй гэх зэрэг тус тус шалгаруулдаг.    Түүнчлэн идэвхтэй оролцсон байгууллага хамт олон, идэвхтэй оролцсон нэг дүүргийг шалгаруулна.






Энэхүү наадмын гол зорилго нь Монголчуудын уламжлалт соёл, түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг гадаад, дотоодын иргэдэд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэхэд оршино.

Түүхийн олон мянган жилийн хөгжлийн явцад бий болж, улс үндэстнийхээ язгуур соёл, ахуй амьдралын онцлогийг таниулагч, оюун санааны хөгжлийг илэрхийлэгч нь тухайн үндэсний хувцас, эд хэрэглэл байдаг билээ. Монгол туургатны дээл хувцас нь монголчуудын ёс заншил, цаг агаар, аж ахуй, амьдралын хэв маягтай холбоотойгоор бүрэлдэж, өнөөдрийг хүртэл өвөрмөц донж төрхийг агуулан хөгжин шинэчлэгдсээр байгаа аж.









Үндэсний хувцасаар дамжуулан залуу хойч үедээ түүх, соёлоо уламжлан үлдээх, дэлхий дахинд Монгол үндэстэн гэдгээ түгээн таниулах зорилготой анх зохион байгуулагдсан энэхүү үйл ажиллагаа өнөөдрийг хүртэл улс, хотдоо жуулчдыг татах нэгэн чухал наадам болж чаджээ.




 18 метр өргөн, 14 метр өндөр хамгийн том “Хүннү” дээлийг дэлгэж, хүрэлцэн ирсэн иргэдэд сонирхуулав.



Гэрэл зургийг  Б.Болормаа





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.