Газар дээрээс нь


"Нэлээн доош суусан зузаан үүлийг бууддаг"

2 жил, 3 сар TIMES.MN
Өнгөрөгч зургадугаар сард хэт халалт явагдаж, ихэнх газар ой хээрийн түймэр асаж байсан билээ. Харин долдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвөөр нутгийн ихэнх хэсгээр сарын дундаж температур уур амьсгалын дунджаас 0,5-аас зарим бүс нутгаар 1,5 хүртэлх дулаан байх төлөвтэй байгааг Цаг уур урьдчилсан шинжилгээний газрын технологич инженер Ч.Сарантуяа онцоллоо.

 



-Өнгөрөгч зургадугаар сарын хувьд нэлээдгүй халуун байлаа. Харин энэ сарыг мөн адил халах төлөвтэй байна хэмээн иргэд ярих юм. Энэ сарын цаг агаарын төлөв байдлыг танилцуулаач?

- Энэ оны зургадугаар сар хэвийн хэмжээнээс харьцангуй дулаан байлаа. Нутгийн ихэнх хэсгээр хур бороо багавтар байсан бөгөөд зургадугаар сарын сүүлийн 10 хоног онцгой халалттай байсан. Монголын нутгийн зүүн хагаст халалт нэлээн өндөр үзүүлэлттэй байлаа. Энэ нь уур амьсгалын дунджаас зарим бүс нутгаар гурван градусаар дулаан буюу 38-аас 40 градус хүрсэн.Тухайлбал сүүлийн жилүүдэд ажиглагдаагүй хэмжээнд хүрч халсан. Харин энэ сарын хур тунадасны хэмжээний хувьд нутгийн ихэнх хэсгээр хэвийн хэмжээнд хур бороотой. Мөн зарим газраар тухайлбал Говийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын баруун хагастаа дундаж хэмжээнээс бага хур бороотой байна. Хангайн нурууны өвөр хэсгээр хур бороо дунджаасаа ахиу байхаар ерөнхий төлөв гарсан.

 

-Хэт халалттай холбоотой ихэнх нутгаар зуншлага тааруу байх шиг байна. Газар тариалангийн бүсэд зуншлага хэр байна вэ?

-Өнгөрөгч зургадугаар сард бүс нутгуудын зуншлагын байдал нэлээн тааруухан байна. Сарын сүүлийн 10 хоногт хур бороо маш бага орсон. Зүүн аймгийн нутгаар бэлчээрийн ургац харьцангуй муудсан төлөвтэй ажиглагдлаа. Хэнтий, Сүхбаатар, Дорнодын нутгаар, Говийн бүс нутаг Дорноговь, Төв аймгийн зарим газар болон баруун тал болох Увс аймгийн нутагт зуншлага тааруухан байна. Энэ ч утгаараа зуншлагын байдал өмнөх жилүүдээ бодвол тааруу байгаа нь эндээс ажиглагдаж байна. Бүс нутгийн 10 хүрэхгүй хувьд л зуншлагын байдал хэвийн явагдаж байна. Мөн 80 гаруй хувьд дунд зэргийн байдалтай. Үлдсэн хувь нь маш муу байгаа.

 

 Зуншлага сайн байгаа аймагт Баян-Өлгийн баруун талаар, Ховд аймгийн өмнөд, Говь-Алтайтай залгасан сумдууд мөн Хөвсгөлийн нутаг ихэнх газраараа хэвийн зуншлагатай байна. Мөн Сэлэнгэ, Булган аймагтай залгаа хил дагуух сумдаар, Хэнтий аймгийн баруун талаар, Өмнөговь аймгийн Цогт суманд зуншлага сайн байна.

 

Тааруу байгаа аймгуудад зүүн аймаг болох Хэнтий, Дорнодын дийлэнх нутаг орж байгаа. Мөн Сүхбаатарын хойд тал, Хэнтийн өмнөд, Дундговийн зүүн хэсэгт, Өмнөговийн өмнөд, Дорноговийн өмнөд, Төв аймгийн зарим бүс нутагт зуншлага тааруухан байна. Бороо орсноор зуншлага сайжрах байх. Одоогийн байдлаар хур бороо орох цаг агаарын нөхцөл тааруухан байгаа юм.

 

2017 оны Зургаадугаар сарын 10-20-нд

Зургаас харахад зургаадугаар сарын 10-20-нд нутгийн төв хэсэг болон зүүн хэсгээс ган ихтэй байсан ч нийт газарт эзлэх хэмжээ нь бага байсан байна.



2017 оны Зургаадугаар сарын 20-30-нд

Харин зургадугаар сарын 20-30-ны өдрүүдэд гангийн хэмжээ огцом нэмэгдэж зүүн аймгууд тэр чигтээ, төвийн аймгууд болон баруун аймгууд гантай болсон байна. Энэ нь сүүлийн өдрүүдэд ихэнх нутгаар бүгчим халуун үргэлжилсэнтэй холбоотой.



Зургаадугаар сарын 20-30-нд хөрсний гадарга дээр өдөртөө ихэнх нутгаар 61-71 градус, Алтай, Хөвсгөлийн өндөрлөг уулсаар 45-50 градус, Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Хан Тайширын нуруу, Их нууруудын хотгор, томоохон голуудын хөндийгөөр 51-60 градус дулаан байжээ.





-Цаг агаарын урьдчилсан мэдээгээр дуу цахилгаантай бороотой гээд сэрэмжлүүлээд байгаа шүү дээ?

-Өнгөрсөн хэдэн хоногт баруун болон төвийн бүс нутагт дуу цахилгаантай бороо орсон. Тэгвэл өнөөдөр маргааш зүүн талын аймгуудаар ялангуяа Дорноговь, Дундговийн зүүн тал, Өмнөговийн зүүн хэсэг, Дорноговийн нутаг, Говьсүмбэрийн нутаг, Төв аймгийн зүүн тал, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын нутгаар бороо орох төлөв байна. Бороо орсноор зуншлагын байдал дээрдэнэ гэж үзэж байгаа. Бороо хур орох цаг агаарын нөхцөл бүрдэж, улмаар үүлний байдал хөгжөөд боломжийн үүл гараад байвал түүнд зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа зургадугаар сарын дундаас хаа сайгүй л хийгдэж эхэлсэн. Гэхдээ зарим бүс нутагт ингэх нөхцөл нь их тааруу байгаа.

 

-Яг ямар үүлийг буудаад байна вэ?

-Гарсан үүл болгоныг буудаад байхгүй. Хамгийн гол нь хур бороо орох цаг агаарын нөхцөл бүрдэх ёстой байдаг. Үүл нь зузаан, нэлээн доош  сууж өгсөн, бороо ороход дөхөм болсон үүлэнд зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа явагддаг. Тийм газар бүрдэж байгаа нутаг дэвсгэр одоогоор тааруухан байгаа гэсэн үг юм. Үүл буудсаны үр дүнд зарим бүс нутагт борооны хэмжээг нэмэгдүүлж чадсан. Тухайлбал, өнгөрөгч зургадугаар сарын дундуур түймэртэй байсан газруудаар үүлэнд нөлөөлж бороо оруулан түймрийг бүрэн унтраасан.

 

Харин энэ сарын хоёрдугаар 10 хоногийн эхээр буюу сарын дунд үеэр зарим бүс нутгаар түр зуурын дуу цахилгаантай бороо орно гэсэн ерөнхий төлөв байна.

 

-Ярилцсанд баярлалаа.


Б.Болормаа




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.