Нийгэм


Увс аймагт 1000 тонн мах бэлтгэх үйлдвэр барина

6 өдөр, 10 цаг TIMES.MN


Увс аймгийн Тариалан суманд махны үйлдвэр байгуулахаар боллоо.

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн Увс аймагт ажиллах үеэрээ “Хүмэн нэгдэл” ХХК-ийн санаачлагаар Австри улсын “BERTSCH LASKA” компанийн тоног төхөөрөмж суурилуулан Европын Холбооны стандартын дагуу мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн шавь тавих ёслол саяхан болж өнгөрлөө. Үүнд УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат, аймгийн Засаг дарга Д.Батсайхан тэргүүтэй аймгийн удирдлагууд болон нутгийн иргэд, малчдын төлөөлөл оролцсон юм.


Энэхүү мах боловсруулах үйлдвэрийг 11 сарын хугацаанд барьж, ашиглалтад оруулснаар нэг ээлжиндээ 40-50 бод, 120-150 бог бэлтгэж, жилдээ 1000 тн малын мах, 600 тн хагас болон бэлэн боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм. Мөн малчидтай урьдчилан гэрээ байгуулж, бэлтгэлд нийлүүлэх мал сүргийг им, тэмдэг, бар кодын систем ашиглан бүртгэлжүүлж, мэдээллийн сан байгуулж, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулан хэрэглэгчдийг хүнсний эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хангахыг зорьж байгаа аж. 


Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ эхний ээлжинд дотоодын зах зээлд нийлүүлж, цаашид хүнсний аюулгүй байдлын НАССР, ISO тогтолцоог нэвтрүүлж баталгаажуулснаар ангилж савлан шинэ болон хөлдөөсөн мах, төрөл бүрийн хиам, махан бүтээгдэхүүн, махан нөөш, дотор махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортлохыг зорьж байна. Тус үйлдвэр ашиглалтад орсноор 70-80 ажлын байр шинээр бий болох юм.Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Увс аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, махны нийлүүлэлтийн улирлын хамаарлыг бууруулах, иргэдэд эрүүл, баталгаат хүнс хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэх юм.


Б.Болормаа



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.