Улс төр


Ядарсан цагт андтай байх түшигтэй

3 өдөр, 20 цаг TIMES.MN

Монгол төрийн алтан тамгыг хэнд атгуулахаа шийдэх туйлын хариуцлагатай үед бид тулж ирлээ. Гурван нэр дэвшигч байна. Эд бүгд түмэн олондоо танигдсан, нэр алдартай хүмүүс. Цаашид ч тэд Монголын улс төрд орон зайгаа эзэлсээр байна гэдэгт эргэлзэх юм алга. Өнөөдөр цахим сүлжээ болон мэдээллийн бусад хэрэгслээр бие биенээ харлуулах гэж улайрч байгааг харах тусам бидний цөөхөн монголчууд ингэж ч байх гэж дээ гэхээс харуусал төрөх юм.Хэн нэгнийг улайран хамгаалж, бусдыг гутаан доромжлох нь сайхан зүйл биш. Монгол араншин ч биш ээ.


Ард олныхоо төлөө хийж байсан алхам, эх орон, газар шорооныхоо төлөө зүтгэж байсан чин зүтгэл, итгэл даах чанар тэргүүтнийг харж сонгох л сонголт хийх хамгийн зөв арга зам гэж боддог. Нэр дэвшигч М.Энхболд гуайг бүгд мэднэ. Тэр улсын маань амин төв болсон Улаанбаатар хотыг олон жил тэргүүлсэн. Уудам нутгийн эрх чөлөөт сэтгэхүй цусанд нь байдаг монголчуудын хамгийн олноор төвлөн амьдардаг нийслэл хотыг өнөөдрийн эмх цэгцгүй, төлөвлөлтгүй, шахалдаж шавааралдсан газар болгоход гар бие оролцож, “хувь нэмэр” оруулсанд нь би М.Энхболд гуайд гомдож явдаг юм.


Энэ маягаар явбал нэн ойрын ирээдүйд нийслэл маань машин байтугай хүн явах аргагүй хот болно гэдгийг урьдчилан хараагүй байх л даа. Энхболд даргын үед ийм байсан юм чинь би ч тэр жишгээр нь л явуулья гэж хотын дараа дараагийн үеийн дарга нар нийслэлийн газрыг баруун солгойгүй олгож, өндөр нам, хэлбэр загваргүй барилга байшингуудыг төмрийн мянган илтэс шиг шавааралдуулаа биз ээ. Хотын асуудлыг, тэр тусмаа улсын үндэс болсон газар шороог, нийслэлийн газрыг би мэдэхгүй, хариуцахгүй гэж мэлзэх ямар ч үндэс тэр хүнд яаж байх билээ.


Тэгэж хэлэх бололцоо ч байхгүй. Миний хувьд, газар авч байсан удаагүй болохоор газар яаж олгогддогийг мэдэхгүй юм. Мэдээллийн хэрэгслээр, өөр бусад сувгаар яригдаж байгаа шиг газрыг наймаалж, ашиг завшсан нь үнэн бол, энэ зөөлнөөр хэлэхэд маш том алдаа. Нүгэл ч гэж хэлж болно. Модун хаан газраа зарсан биш, зөвхөн өгсөн ч болох юм гэж хэлсэн хүний толгойг авсан юм шүү дээ. Энэ бол түүх. Дээдсийн маань хүчирхэг үеийн түүх. Нөгөө талаар М.Энхболд гуайн гарал үүслийн талаар их яригдах юм. Би аливаад эрүүл саруулаар хандахыг хичээдэг.


Хүн эцэг эхээ сонгож төрдөггүй. Би зөвхөн ёс суртахууны алдааг л алдаа гэж үзнэ. Гэсэн хэдий ч эсгий туургатны эзэн хаан, монгол төрийн тэргүүн харь цустай хүн байж болохгүй гээд Чингис, Өгэдэй, Гүюг тэргүүт их хаад маань зарлиглачихжээ. Удмын мэдээлэл, өвөг дээдэс, нутаг устайгаа холбогдох хүйн холбоо гээд нарийн ширийн зүйл их байдаг шиг байгаа юм. Ард иргэдээс ирүүлсэн асуултын үлэмжхэн хувь нь чухам үүнд чиглэсэн байсан гэж саяхан телевизүүдийн холбоо мэдээлэв.


Энэ асуултыг мухарлаж, ард түмнийхээ эргэлзээг баримттайгаар тайлах хэрэгтэй. Үүнээс айх юу билээ. Ямар хүний үр болж төрсөн нь тэр хүний буруу биш шүү дээ. Эцэст нь М.Энхболд гуайн эд хөрөнгө анхаарал татдаг. Хэзээ ч том бизнес хийж үзээгүй мөртөө хэрхэн олон тэрбумын хөрөнгө хурааж чадсанаа тайлбарлаж, тэр аргадаа бусдыг сургаж чадвал жинхэнэ бодит мэдлэг мэдээллийг ард түмэндээ өгч байгаа нь тэр шүү. Удаах нэр дэвшигч Х.Баттулга.


Батулга гуай олон жил бизнес эрхэлсэн ясны бизнесмэн хүн шиг санагддаг. Гадна дотны түншүүд ч их байдаг биз. Тэднийхээ хараат байдалд л бүү орчихоосой гэж боддог. Төмөр зам, өмч хувьчлал гээд цөөнгүй асуудал яригдах юм. Нүдээр хараагүй болохоор тийм ийм гэх юм алга. Нэг нөхрөө араас нь хутгалдаг “Тунгалаг Тамир”-ын Түгжилтэй ч адилтгах л юм. Ерөнхийлөгчид нэр дэвшигч өөр нэгэн эрхэм бол С.Ганбаатар. М.Энхболд, Х.Баттулга хоёр өөр хоорондоо ялгаатай бол С.Ганбаатар тэр хоёроос тэс өөр. Бүр тэс өөр шүү.


Түүнд М.Энхболд нэр дэвшигчтэй адил эрх мэдэл, эд хөрөнгө, асар том сүлжээ байхгүй. Мөн Х.Баттулга нэр дэвшигчийн адил хөрөнгө мөнгө, томоохон хамтрагч, танилууд байхгүй. Түүнд байгаа юм гэвэл ард түмнээ гэсэн сэтгэл, эх оронч үзэл санаа л байна. Саяхан гэж нөгөө намынх нь штабынхан нэвтрүүлэгтээ “Ганбаатарт сэтгэлээс өөр юм байхгүй” гэхийг сонсов. Угтаа бол ард түмэн, эх орноо гэх сэтгэл бүх зүйлийн үндэс юм аа. Ийм л сэтгэл дээр үзэл баримтлал, улсаа хөгжүүлэх төлөвлөгөө, хатуу хяналт бий болох биш үү. Нөгөө хоёр нэр дэвшигчийнх нь ард улс төр, бизнесийн бүлэглэл байна. Үүнийг бүгд л мэдэж байгаа шүү дээ.


Харин С.Ганбаатарын ард олон жилийн турш эрх ашгаа хамгаалуулж, өмөөрүүлж ирсэн ард түмэн байгаа юм. Түүний ард эрдэмтэн судлаачид, ялангуяа монгол үндэстний олон зууны түүхийн улбаа, давтамжийг мэддэг түүхчид, сэхээтнүүд байгаа юм. Тэд эх орончийнх нь хувьд, монголчуудынхаа итгэлийг алдаагүйнх нь хувьд, ард түмнээсээ урвахгүйнх нь хувьд түүний төлөө зүтгэж байгаа юм. Сүүлийн үед С.Ганбаатарын хандивын бичлэг мэдээллийн хэрэгслээр гарах болов.


Бичлэгийг үзээд сэтгэл минь их зовсноо нуух юу билээ. Эх оронч зүтгэлтэн юухан ийхэнээр нэрээ гутаалгаж, бусдад буруу ойлголт төрүүлж яахин болох. Уулзаж ярилцахад найзуудаасаа хандив хүссэнээ хэлж, тоо ёсоор нь штабтаа дамжуулснаа тайлбарласан. Хэдийгээр сонгуулийн кампанийнханы зарцуулж буй асар их мөнгө, дуулиант олон тэрбум, асуудал дагуулсан хэдэн их наяд байтугай маш дэлгэмэл хэмээх дараачийн тоон нэршлийн дэргэд таваг шөлний хэмжээний мөнгө боловч санаа зовж л байв.


Үүнийг эвлүүлэг гэж бусдын адил мэлзэн чичрээгүй нь ч түүний шударгын нотолгоо буй за. Буцаагаад өгье ч гэсэн өгч хэзээ ч дийлэхээргүй болсон, зах замбараагаа алдсан улс төр, бизнесийн бүлэглэлийнхэний мөнгөний дэргэд тун өчүүхэн тоо учраас эргүүлэн өгч, ард түмнийхээ өмнө нэр төрөө сэвгүй авч үлдсэн ч болохгүй зүйл юу байх билээ. Өнөөдөр боловсрол гэж сүрхий зүйл ярих болжээ. Нарийн яривал, сонгодог утгаараа гурван нэр дэвшигчийн хэн нь ч боловсролоороо хэтийдээд байх зүйлгүй.


Харин хэн нь ард түмэндээ ойр байв, хэн нь зовох цагт нь ард түмнийхээ төлөө дуугарч байв, хэн нь итгэл даах эх оронч вэ гэж асуувал өөр хариулт өгөгдөнө. Эрт цагийн удирдагчдаас эхлээд Х.Чойбалсан, Ж.Самбуу гуай хүртэл ямар боловсролтой байсныг эргээд нэг санагтун. С.Ганбаатар бол эгэл ардын дундаас төрсөн удирдагч. Би бусдыг нь эгэл ардын дундаас төрөөгүй гэхгүй ээ.


Гэхдээ тэд биднээс дэндүү алсран холдож, тасарсан байна. Худлаа гэвэл жирийн цагт тэдэнтэй уулзах гээд үзээрэй л дээ. Тэдэнтэй уулзаж, тулгарсан асуудлаа, хүсэл мөрөөдлөө хуваалцах гээд оролдоорой. Бүтнэ гэдэгт би тунчиг эргэлзэж байна. Тэнгэрийн хүмүүс шүү дээ. Энэ бол мөнгө, эрх мэдэлд урхидуулсны шинж. Харин ард түмэнд асуудал тулгарсан үед С.Ганбаатар өөрөө гүйгээд очдогийг би мэднэ. Тэр эгэл ардын ерөнхийлөгч, эгэл ардын сайн анд найз байж чадна. Ядарсан цагт андтай байх түшигтэй. 


Зохиолч, орчуулагч, түүх судлаач Д.Гүн-Үйлс 


МАХН-ын сонгуулийн төв штабаас



Холбоотой мэдээлэл