Нийгэм


Монгол, БНСУ шинжлэх ухааны салбарт хамтран ажиллахаар боллоо

3 өдөр, 21 цаг TIMES.MN

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Солонгосын Шинжлэх ухаан, технологийн хүрээлэн хооронд “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулах ёслолын ажиллагаа өнөөдөр 10.00 цагт ШУА дээр боллоо.


Санамж бичигт Монгол Улсын ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, Солонгосын Шинжлэх ухаан, технологийн хүрээлэнгийн захирал, доктор Бунг Гвон Ли нар гарын үсэг зурав. Хоёр тал 1999 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хамтран ажиллах тухай ерөнхий гэрээг байгуулсан ба түүнийг үндэслэн 2001 оны 2 дугаар сарын 13-ны өдөр “Хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурсан байдаг.


Үүний дараа 2006 оны 2 дугаар сарын 13-наас 2011 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр хүртэл санамж бичгийн хугацааг таван жилээр сунгаж байв. Ийнхүү хоёр тал зургаан жилийн дараа санамж бичгийг шинэчлэн байгуулж байгаа нь энэ юм.


Энэ удаагийн санамж бичгийн зорилго нь цаашид боловсрол, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын хүрээнд хамтарсан үйл ажиллагааг хөгжүүлэх бөгөөд эрдэмтэн, багш, ажилтан, оюутны солилцоо, хамтарсан боловсрол, сургалтын хөтөлбөр, хамтарсан судалгааны төсөл, эрдэм шинжилгээний нийтлэл, мэдээлэл солилцоо зэрэг чиглэлүүдээр хамтран ажиллахаар тохиролцов.


Л.Булганчимэг



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.