Нийгэм


"Монголбанкны эссений тэмцээн"-ний ялагчид тодорлоо

3 өдөр, 23 цаг TIMES.MN

Монголбанк эдийн засгийн ерөнхий сэдвийн хүрээнд эссе бичлэгийн уралдааныг тогтмол зохион байгуулснаар иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх хөшүүргийг бий болгох, Төв банкны тухай мэдлэгийг сайжруулахыг зорьж байна. 2017 оны II улирaлд “Би нийгэмд ямар үнэ цэнийг бүтээдэг вэ?” сэдвийн хүрээнд иргэдийн дунд эссе бичлэгийн уралдааныг 2017.04.17-2017.06.08 хооронд зохион байгуулж, нийт 70 материал хүлээн авлаа.


Тус тэмцээнд Улаанбаатар, хөдөө орон нутаг, хилийн чанадаас ч оролцогчид оюуны бүтээлээ ирүүлснээс дараах 3 оролцогчийн бүтээл эхний 3 байрт шалгарлаа:

  • I байр Улаанбаатар хотод хувиараа ажил эрхэлдэг Б.Хулан (86/100 оноо);
  • II байр: Хувиараа ажил эрхэлдэг П.Маралмаа (80.2/100 оноо);
  • III байр: МУИС-Бизнесийн сургуульд суралцаж буй оюутан Э.Мөнхжаргал (78/100 оноо).


Тэмцээнд ирүүлсэн материалуудыг 3 үе шаттайгаар дараах 12 үзүүлэлтийн дагуу шалгаруулж эхний 3 байрыг тодруулсан болно:


Ерөнхий шаардлага

Оноо

Цаг бартимтлал

10

Үгийн тоо /800-1000 үг/

5

Бичгийн стандарт /Фонт, үсгийн хэмжээ, маржин.../

5

Асуултад хариулсан байдал

Хөгжлийн тодорхойлолт

10

Иргэний оруулах хувь нэмэр

10

Эссений чанар

Үг үсгийн алдаа

5

Найруулга зүй

5

Логик дэс дараалал

10

Судалгаа/Тоо баримт ашигласан байдал

10

Энгийн ойлгомжтой байдал

10

Уншихад сонирхолтой байдал

10

Оригиналь санаа

10

Нийт

100


Санхүү, эдийн засгийн суурь мэдлэгээ дээшлүүлэхэд иргэдийн өөрсдийн сонирхол, хичээл зүтгэл, оролцоо чухал бөгөөд эссе бичлэгийн уралдаанууд нь үүнийг биелүүлэх нэг үр дүнтэй арга болдог тул Төв банкууд, олон улсын байгууллагууд ийм төрлийн уралдаан тэмцээнийг нийтлэг зохион байгуулдаг. Цаашид "Монголбанкны эссений тэмцээн"-ийг Тѳв банкнаас олон нийтэд хандсан нэр хүндтэй үйл ажиллагаануудын нэг болгохоор зорьж байна. Энэ удаагийн уралдаанд оюуны бүтээлээ ирүүлсэн оролцогчдод Монголбанкны зүгээс талархал илэрхийлэхийн зэрэгцээ дараа дараагийн удаад зохион байгуулагдах “Монголбанкны нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал”, “Шилдэг эдийн засгийн нийтлэл”, “Монголбанкны эссений тэмцээн” зэрэг уралдаан тэмцээнүүдэд идэвхтэй оролцохыг урьж байна. Та бүхэнд уралдаанд шалгарсан бүтээлүүдийг эх хувиар нь хүргүүлж байна.


Тэргүүн байр: Б.Хулан /Улаанбаатар хотод хувиараа ажил эрхэлдэг/

“БИ НИЙГЭМД ЯМАР ҮНЭ ЦЭНИЙГ БҮТЭЭДЭГ ВЭ?


Намайг Хулан гэдэг. Нэг мянга есөн зуун ерөн оны эмэгтэй. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн эдийн засагруу алхах шилжилтийг өөрийн биеээр туулан эдийн засагт бие хүний оролцох оролцоо маш чухал байдаг гэдгийг ойлгож мэдсэн нэгэн. Хүн өөрөө хичээж хүмүүсийн дунд буй эрэлтийн торгон агшинг мэдэрч чадвал эдийн засгийн эрх чөлөө хүн бүрт хүртээлтэй гэдгийг би ойлгосондоо одоо хүртэл баярлаж явдаг. Өдгөө улсын нийслэл Улаанбаатар хотынхоо хойно зүгтээ амьдарч байна. Эдийн засгийн шуурганд уруудаж сөрж явсаар өөрийн амьдралаа өөрийн хүч чадлаар авч явахыг хичээж яваа бүсгүй .


Өглөө нар мандахтай уралдан жижиг гудмын буланд байрлах талхны мухлагтаа ирж цонхны хөшгөө нээснээр би ажлынхаа өглөөг угтдаг. Нар жаргах хүртэл шинэхэн үнэр ханхалсан амтлаг талхаар хүмүүст үйлчилсээр хорвоогийн нэг өдөр минь дуусдаг. Орж ирсэн зочин бүрээ инээмсэглэн угтаж, инээмсэглэн үдэж олон талх зарах нь ажлын хамгийн гол үүрэг байдаг. Монголчуудыг тэнгэрлэг босоо заяат гэсэн омголон зангаасаа болж ажил голж дээшээ харж хэвтдэг хүмүүс гэж их шүүмжилдэг, гэвч санхүүгийн эрх чөлөөнд хүрэх зорилготой бизнес хийдэг хүнд байх ёстой чухал чанар бол үйлчлэгчийг хаан мэт үзэх үйлчилгээний сэтгэлгээ гэж би боддог.


Тиймдээ ч манай мухлагийн үйлчлүүлэгч бүр бидний хүндэт зочин байдаг даа. Талхны дээр байдаг амтлаг шүүслэг жимсэнд дурласан багачууд, хатаж түлэгдээгүй зөөлөн байдаг талхны буланд баярладаг өвөө эмээ нар, хичээлдээ шамдан ядраад орж ирдэг оюутан гээд найман настнаас наян настан хүртэлх хүмүүс манай жижигхэн мухлагаар үйлчлүүлдэг. Талхаа сайн зарснаар олон хүний амьдралд чухал хөрөнгө оруулалт хийж байгаа гэдгээ бодохоор өөрийн хийж буй ажилдаа би өдөр бүр дурладаг.


Миний жижигхэн талхнууд чинь олон хүний хүч хөдөлмөрөөр бүтсэн үнэт эрдэнэ билээ. Нөгөөх багачуудын дурладаг талхан дээр тавьдаг жимсийг уулын зэрлэг жимс байхад нь түүж боловсруулан манай мухлагт нийлүүлдэг жимсчид, жимсны үйлдвэрийн ажилчид , талхны биеийн амин чухал хэсэг болох гурилыг үйлдвэрлэдэг үйлдвэрчид, тэр байтугай хөдөө хаа нэгтээ байгаа тариан талбай дээр ажиллаж байгаа тариачин, манай талхыг гоёмсог хараа булаам болж гангарахад тусалдаг уут, баглааг хийж байгаа уран гартай эгч нар, талхыг зөөлөн амтлаг болгоход тусладаг үнээний сүүг саадаг саальчин бүсгүй, саальчин бүсгүйн сүүг хүргэж ирдэг тээвэрчин хүртэл манай талхны мухлагыг амжилттай ажиллан эдийн засагт мөнгөний эргэлт бий болгоход туслаж байгаа.


Гэвч эдгээр хүмүүс ийнхүү үнэ цэнийг бүтээж байгаагаа анзаардаг болов уу, нүдэнд баригдаж гарт баригдахгүй тул тэр бүр эдгээр хүмүүс өөрсдийн бүтээж буй тэр үнэ цэнийг олж хардаггүй байх. Манай мухлагийн тавиур дээр байгаа шинэхэн талхнаас та үнэ цэнийг харж болно. Энэхүү жижиг талхыг бий болгоход маш олон хүмүүс, эх орны маань баруун хязгаарт ажиллаж байгаа тариачнаас авахуулаад хотын гудманд алхаж яваа энгийн нэгэн барилгачин хүртэл өөрийн хувь нэмрээ оруулсан байгаа. Барилгачин ах байхгүй байсан бол бид талхаа хаанаа зарж ашиг орлогоо олох билээ дээ?


Манай мухлагаар үйлчлүүлж талх идсэн үйлдвэрийн ажилчид эрч хүчтэй ажиллан бүтээгдэхүүнээ хурдан шуурхай үйлдвэрлэж эдийн засагт баялаг бүтээж байгаа, манай талхыг идсэн уурхайчин ашигт малтмалаа олборлон эдийн засагт баялаг бүтээж байдгаас би эх орондоо хэрэгтэй олон чухал үйлсэд туслаж гар бие оролцож байдаг маань харагдаж байна. Бид ийнхүү биенээ дэмжин, бие биендээ туслан ар араасаа холбогдсон гинжин хэлхээ мэт нийгмийн баялагын төлөө хамтдаа зүтгэж байдаг.


Хөдөлмөрлөж байгаа , хөлсөө гаргаж байгаа хэн бүхэн дор бүрнээ үнэ цэнийг бүтээж тэдгээр нь нийлэн нэгдэж үнэлэгдэшгүй үнэ бүхий бүтээлийг бүтээж байдаг. Энэ бүтээлийн нэг жишээ бол миний зардаг жижигхэн амтат талх. Бидний хамтын хүчээр талх бүтэж байдаг. Талх бол маш олон хүний хүч хөдөлмөрийн үр дүнд бий болсон эдийн засгийн гол хөдөлгөгч хөдөлгүүрүүдийн нэг юм. Аливаа улсын эдийн засгийн хэмжээг дотоодод үйлдвэрлэсэн нийт бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн дүнгээр хэмждэг байна. Хүн бүр өөрийн ажил хөдөлмөрөөр баялгийг бүтээж байдаг бөгөөд тэрхүү бүтээж буй баялаг буюу бүтээгдэхүүн,үйлчилгээгээ үргэлж чанаржуулан сайжруулж өрсөлдөх чадвараа дээшлүүлж чадаж байвал тухай улсын эдийн засгийн хөл чангарч тогтворжиж ,тэр хэрээр хүчирхэг болж байдаг гэсэн үг.


Би өнөөдөр жижиг гудманд талх зараад зогсож байгаа маргааш ч , нөгөөдөр ч яг хэвээр нь үргэлжлүүлэхийг хүсдэггүй. Би Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдал нь сайжирч хөгжингүй орны тоонд ороосой гэж хүсдэг. Монгол улсын эдийн засаг сайжирсан гэсэн үг бол миний амьдрал, миний санхүүгийн хүч чадал мөн сайжирсан гэсэн үгтэй ижил . Учир нь эдийн засаг бол хувь хүний бүтээж бий болгож байгаа баялгаас бүтэж,түүгээр хэмжигдэж байдаг ухагдахуун юм. Би талхаа дэлхийн булан бүрийн гудманд зарахыг хүсдэг.


Талхны амт чанарыг дээшлүүлж илүү олон төрлийн талхтай болохыг хүсдэг. Тарагтай, өрөмтэй, ааруултай, загастай талх гээд илүү олон хүний хөдөлмөрийг худалдан авч өөртөө багтаасан олон хүнд үр өгөөжөө өгдөг талхнуудтай болохыг хүсдэг. Монгол хөрсөнд ургасан Монгол хүний хүч хөлс шингэсэн талхаа дэлхийд зарж гадаад вальютын урсгалыг наашаа татахыг би хүсдэг. Дэлхийн шилдэг хөрөнгө оруулагчид манай компанид хөрөнгө оруулалт хийж эдийн засгийн хамгийн торгон цэгийг би удирдахыг хүсдэг. Маргаашийн хүсэл минь өнөөдрийн хүч хөдөлмөрийн минь хариуд биелнэ гэдэгт би итгэдэг. Би маргааш, үндэснийхээ мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангахад өөрийн хувь нэмрээ оруулсан талхчин байх болно. Ингэж чадвал, надаас илүү нөгөөх тариачин , барилгачин , жимсчин,саальчин ах эгч нар маань надад их баярлах байхдаа ?


Хоёрдугаар байр: П.Маралмаа / Хувиараа ажил эрхэлдэг/

АРЫН ФРОНТЫХОН буюу “АЖИЛГҮЙ ЭЭЖ”-ийн ач холбогдол


Би бол гэртээ хүүхдээ асардаг, албан ёсны гэрээ, цалин хөлсөөр ажил хөдөлмөр эрхэлдэггүй, хүмүүсийн хэлдгээр “АЖИЛГҮЙ ЭЭЖ”. Монгол улсад 2015 онд 80,434[1] эх, 82,1301 хүүхдийг өлгийдэн авсан ба 2008 оноос хойш төрөлт жил ирэх тусам нэмэгдсээр байгааг үзвэл гэртээ хүүхдээ харан суух ажилгүй ээж нар илүү олон болж байна хэмээн дүгнэж болохоор байна. Мөн 2015 оны байдлаар 91,700 эх гэртээ хүүхэд асарч байна гэсэн статистик мэдээлэл байгаа ба 0-2 насны хүүхэдтэй 240 мянган эхээс 38% нь буюу гурван эх тутмын нэг нь хүүхдээ асраад ажил эрхлэхгүй байна гэсэн үг юм.[2] Гэрээсээ ажилладаг маш цөөхөн хэдийг маань тооцохгүй бол бидний ихэнх нь улсдаа татвар төлдөггүй, шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарт шууд хувь нэмрээ оруулдаггүй.


Харин ч эсрэгээрээ даатгалын шимтгэл төлсөн зарим нь төрөөс тэтгэмж авах эрхтэй. Нэг танил маань “гэртээ ажилгүй сууж байгаа эмэгтэйчүүд хэрэв ажил хийж бага ч атугай мөнгө олоод байдаг байсан бол улс орон минь арай илүү хөгжилтэй байх байсан даа” гэж билээ. Үнэхээр ч 97,100 эмэгтэй сар болгон дунджаар 808,900[3] төгрөгийн цалинтай ажилладаг бол эдийн засаг дахь мөнгөний урсгал нэмэгдэж, дотоодын нийт бүтээгдэхүүн 3,85%-иар өсөх боломжтой болж байгаа юм.


Гэртээ хүүхдээ асардаг эхчүүд тогооч, хүүхэд асрагч, сэтгэл зүйч, багш, хувцас угаагч, гэр цэвэрлэгч зэрэг давхар ажлуудыг дунджаар долоо хоногт 94 цагийн турш гүйцэтгэдэг бөгөөд salary.com цахим хуудаснаас 6000 эхчүүдийн дунд явуулсан судалгааны үр дүнд тэдний хөдөлмөрийн үнэлгээ нь жилд 113,586 америк доллар байхаар тооцоолжээ (мэргэжлийн физикч 7 хоногт 54 цаг ажиллаж жилд 153,000 доллараар цалинждаг).[1] Мөн Insure.com цахим хуудасны судалгаагаар уг эхчүүд долоо хоногт 14 цагийг хоол хийхэд, 10 цагийг гэр орон цэвэрлэхэд, 40 цагийг хүүхдээ асрахад, 30 минутыг хүүхдийнхээ үсийг арчлахад, 10 цагийг хүүхдээ гэрийн даалгавар гүйцэтгэхэд зөвлөгөө өгөхөд гэх мэтээр 14 төрлийн ажлыг давхар гүйцэтгэхэд ихэнх цагаа зарцуулдаг бөгөөд эдгээрийг зөвхөн цагийн ажилтны хөлсөөр тооцоход жилд 59,862,30 америк доллар болжээ.


[2] Өөрөөр хэлбэл өрхийн төсвөөс энэ хэмжээний зардлыг хэмнэж өөр төрлийн салбаруудад хөрөнгө оруулах, худалдан авалт хийх боломжийг гэр бүлдээ олгож байна гэсэн үг. Америкийн Нэгдсэн Улсын эдийн засагчид эмэгтэй иргэдээ ажил хийлгүй карьерээ нэг жилээр орхигдуулах нь нэг сая долларын алдагдал хүлээсэнтэй адил гэж үзсэн нь ч бий. Улс орондоо ч шууд тус хүргэхгүй, өөрөө өөрийгөө хохироон байж гэртээ үлдэн бяцхан үрсээ өсгөж хүмүүжүүлэх эхчүүд эдийн засагт ямар үр нөлөө, ач холбогдолтой оролцдог вэ? Би одоогийн нөхцөлд ажил хийхгүй, гэртээ хүүхдээ харах нь эдийн засагт ил харагдах талаасаа ямар ч ач холбогдол байхгүй.


Өглөө цайгаа бэлдэх, аяга тавгаа хурааж угаах, хүүхдийнхээ хувцсыг сольж өмсгөх, хооллох, хамтдаа тоглох, гадаа гаргах, ном уншиж өгөх, өдөр оройн хоол бэлдэх, хувцас угаах, тоос арчиж, шал цэвэрлэх, эмхэлж цэгцлэх, хүнсний бүтээгдэхүүн худалдан авах гэх мэтчилэн маш олон ажлыг /зарим ажлыг өдөрт л гэхэд дор хаяж 3 удаа/ хийх хэрнээ эдийн засагт ямар ч үр нөлөө үзүүлэхгүй байгаа мэт. Гэхдээ гэртээ байх миний хамгийн чухал шалтгаан нь хүүхдээ харж хандан, өсгөж хүмүүжүүлэх юм.


Яагаад гэвэл энэ нь ирээдүйн эдийн засагт болон нийгэмд үзүүлж буй маш өндөр үр дагаварт хүчин зүйл бөгөөд ирээдүйд хэмжих боломжгүй баялгийг бүтээх үйл явц. Хүүхэдтэй болоод эрүүл саруул тээж, өсгөн хүмүүжүүлнэ гэдэг бол зүгээр нэг гэр бүлтэй болоод сайхан амьдрах биш. Ирэх нийгэмдээ эрүүл, чадвартай иргэн хүнийг бас бэлдэж байна гэсэн үг. Бид нарын анхаарал хандуулалгүй хайнга өсгөсөн хүүхэд эргээд бид нарын үе дээр ирвэл ямар хүн болох вэ? Эрүүл бус орчинд, хүмүүжил гэдгийг мэдээгүй өссөн хүүхэд том болоод ямар хүн болох вэ? гэдгийг сайн бодож хүүхдээ улс орноо авч явах, хөгжүүлэх иргэн хүн болгож өсгөх нь туйлаас чухал.


Хүүхэд гэдэг тоглоом биш. Тиймээс үл харагдах байдлаараа бид нийгэмдээ маш том үнэ цэнэтэй хөрөнгө оруулалтыг хүүхдээ зөв хүмүүжүүлж хийж байна гэсэн үг юм. Миний нэг танил маань тушаал дэвших боломжоосоо татгалзан байж гэртээ хүүхдээ харахаар шийдсэн юм. Тухайн үед өөрөө ээж болоогүй байсан учир түүнийг их л буруу шийдвэр гаргачихлаа хэмээн бодож байсан бол одоо бодол минь өөрчлөгдсөн. Бидний, миний хүүхдийн ирээдүй биднээс л шалтгаална. Хамгийн гайхалтай нэгэн жишээ бол Томас Эдисоны ухаант ээж юм.


Томас Эдисон багадаа гурван сар л сургуульд сурсан бөгөөд нэг удаа сургуулийнх нь захиргаанаас ээжид нь захиа хүргүүлжээ. Ээж нь уг захиаг уншаад, нулимстай нүдээр "Танай хүү бол суут ухаантан байна. Ийм мундаг хүүхдэд хичээл заах багш манай сургуульд байхгүй тул та өөрөө гэрээр боловсрол олгоно уу" гэж хүүдээ уншиж өгсөн байна. Дараа нь ээж нь хүүгийнхээ сонирхож байгаа зүйл рүү анхаарлыг нь хандуулах байдлаар өөрөө хүүгээ сургасан байдаг. Хожим Томас Эдисон маш олон нээлт хийж, дэлхийд цуутай хүн болсныхоо дараа гэрийнхээ архиваас уг захиаг олж уншсан бөгөөд захианд "Танай хүү сурах чадваргүй, хоцрогдолтой байна. Иймд бид танай хүүхдэд хичээл заах боломжгүй тул та хүүхдээ өөрөө сургана уу" гэж бичсэн байжээ.


Захиаг уншаад гайхсан Томас өөрийн тэмдэглэлийн дэвтэртээ "Томас Альва Эдисон бол юу ч сурах чадваргүй, хоцрогдолтой хүүхэд байсан бөгөөд гайхалтай мундаг ээжийн ухаанаар дэлхийн суут хүмүүсийн нэг болж чадсан юм" гэж бичиж үлдээжээ.


Би ирээдүйн баялагийг бүтээх арын фронтын “АЖИЛГҮЙ ЭЭЖ”.

“Чи хүн болж төрсөн, гэвч хүн шиг хүн болох ёстой.” В.А.Сухамлинский


Гуравдугаар байр: Э.Мөнхжаргал / МУИС-Бизнесийн сургуульд суралцаж буй оюутан /

Би нийгэмд ямар үнэ цэнэ бүтээдэг вэ?


Намайг илэрхийлдэг бүхэн надаас холдон одвол би хэн бэ? Миний үнэ цэнэ юунд орших вэ? Хөрөнгийн үнэ цэнийг тогтооход хялбархан атал өөрийнхөө үнэ цэнийг тодорхойлоход хэцүү. Үүний учир нь, бид үнэ цэнэ гэдгийг материаллаг талаас нь ойлгож, хүлээн зөвшөөрч хайрцаглагдсан сэтгэлгээтэй болсных юм. Үнэ цэнэ гэдгийг эдийн засгийн агуулгаар нь тодорхойлбол: тодорхой хугацаанд бараа үйлчилгээний зарагдаж болох үнийн үнэлгээ, тооцоо юм. Улс орон бүрийн хувьд иргэдийнхээ үнэ цэнийг янз бүрээр тодорхойлсон байдаг. АНУ-ын Засгийн газраас Ирак, Афганистаны дайнд амь үрэгдсэн цэргүүдийн гэр бүлд 500000 долларын тэтгэмж олгожээ.


Энэ нь цэргүүдийн үнэ цэнийг тодорхойлох боловч Америк хүн бүрийн үнэ цэнийг тогтоох жишиг үнэ болж чадахгүй. Тухайн улсын иргэн нь мөн боловч улсынхаа хувьд үнэ цэнэгүй мэт амьдрах хүмүүс ч байна. Тэгэхээр, эдийн засгийн талаас нь авч үзвэл, бидний үнэ цэнэ статус буюу нийгмийн байр сууринаас хамаардаг байх нь. Хүнд төрөлх статусаас гадна олдмол статус байх бөгөөд түүнийг өөрийн хичээл зүтгэлээрээ олж авдаг. Өнөөдрийн байр сууринаас харахад миний хамгийн чухал статус бол оюутан байгаа минь. Миний хувьд сурна гэдэг хамгийн сайхан зүйл.


Сайн сурч чадварлаг боловсон хүчин болоод эх орныхоо төлөө хувь нэмрээ оруулвал сурч боловсорсны маань үр дүн гарна. Би МУИС-ийн Бизнесийн сургуульд сурдаг. Мэргэжлээрээ бизнесийн байгууллагад ажиллаж, туршлага хуримтлуулж байгаад өөрийн бизнесээ эрхлэх зорилготой. Ажиллах хугацаандаа тодорхой орлого олох бөгөөд олсон орлогоороо тодорхой бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлтийг бий болгоно. Эрэлтийн дагуу үйлдвэрлэл нэмэгдсэнээр ДНБ өснө. Мэдээж миний олох орлого өчүүхэн бага өсөлтийг бий болгох боловч надтай адил, хүн бүрийн өөрийнхөө төлөө хөдөлмөрлөж буй үйл ажиллагаа нийгмийн баялгийг бүтээнэ.


Үүнээс үзэхэд оюутан болохынхоо хувьд өөрийн үнэ цэнийг дараах 2 аргаар тодорхойлж болох нь: Намайг өнөөдрийн түвшинд хүргэхэд аав ээж хоёрын минь зарцуулсан мөнгөний хэмжээг жил бүрийн үнийн өсөлтөөр тохируулсан дүнгээр; Сургуулиа төгсөөд ажилд орсны дараа авах ирээдүйн орлого(цалин)-ын өнөөгийн үнэ цэнээр; Гэвч нөгөө талаас мөнгөөр хэмжигддэггүй үнэ цэнэ гэж бий. Хүн өөрөө хүн болохынхоо хувьд дахин давтагдашгүй учир өөрөө өөртөө тодорхой үнэ цэнэтэй.


Харин өөрийн үнэ цэнээ бусдаар хүлээн зөвшөөрүүлж чадсан хүмүүс бусдын хувьд буюу нийгмийн хувьд үнэ цэнэтэй байдаг. Би их сургуулийн эхний 2 жилд Математик, Монгол хэлний хичээлээр ЕБС-ийн сурагчид давтлага өгч гэрийн багш хийдэг байлаа. Энэ нь өмнөх мэдлэгээ бататгаж, бусдад туслах, мөн хэрэглээнийхээ мөнгийг олох зэргээр олон давуу талыг надад бий болгосон юм. Хэдий надад мөнгө хэрэгтэй байсан ч бусдыг хуурахыг хүсээгүй тул тухайн хүүхдээс түвшин тогтоох шалгалт авч түүн дээр үндэслэн хичээлийн хөтөлбөр боловсруулж, эцэг эхээр нь батлуулдаг байсан.


Үүний үр дүнд тус сурагчийн хоцрогдол арилж, эцэг эхийнх нь зүгээс тусгай сургалттай сургуулийн элсэлтийн шалгалтад бэлдэж өгөх хүсэлт тависан. Урьдын адилаар бүх заах сэдвээ гаргаж, хэн хэн нь хичээн ажилласаар давтлагын хугацаа дуусав. Хэд хоногийн дараа бэлдсэн сурагч маань орохыг хүссэн сургуульдаа тэнцэж, нийт шалгалт өгсөн сурагчдаас оноогоороо дээгүүр жагссаныг дуулгаад чин сэтгэлээсээ талархаж буйгаа эцэг эхийнх нь зүгээс илэрхийлсэн юм. Мөн хүүхэддээ давтлага авах хүсэлтэй байгаа ойр дотныхоо хүмүүстэй холбож өгнө гэдгээ хэлсэн.


Тэр үед л би үнэ цэнэ гэдгийг “Өөрийн чаддаг зүйлээ бусадтай хуваалцаж, бусдын үнэ цэнийг бий болгохын төлөө ажиллах” хэмээн ойлгож, өөрийнхөө үнэ цэнийг мэдэрч түүнийг цаашид хэрхэн өсгөх талаар бодож эхэлсэн. Эдийн засгийн үнэ цэнэ буюу эдийн засагт оруулж буй мөнгөн дүнгээр нь Бизнес эрхлэгч, эмч хоёрыг харьцуулж болох ч нийгэмд бүтээж буй үнэ цэнээр нь харьцуулж болохгүй. Хүн бүр өөр өөрийн үнэ цэнийг бүтээдэг ч аливаа хийж буй ажилдаа хариуцлагатай, чин сэтгэлээсээ хандаж, бусдын төлөө гэсэн зүрх сэтгэл бүр нийгмийн үнэ цэнийг давхар бүтээж байдаг.


Хогоо хаях зуршилтай хүмүүсийг нэг л өдөр хогоо хаяхаа болино доо гэж бодон өдөр бүр шантралгүй, чин сэтгэлээсээ орчин тойрныг цэвэрлэх ТҮК-ийн ажилчид, өөрийн хүүхэддээ ч зав гаргах боломжгүй бусдын хүүхдийн төлөө анхааран ажиллах багш нар, хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамж, эрх ашгийг дээдэлж, чанарыг үйлвэрлэхийн төлөө шаргуу хөдөлмөрлөж буй бизнес эрхлэгчид бүгд нийгмийн үнэ цэнийг бүтээдэг. Миний хувьд ч мөн адил сурах зорилгоо ухамсарлан шилдэг нь байхын зэрэгцээ бусдад үлгэр дуурайлал үзүүлж, сайн суралцах арга замыг зааж өгөх нь миний өнөөгийн нийгмийн хариуцлага буюу нийгэмд бий болгож буй үнэ цэнэ юм.


Иимээс миний үнэ цэнэ бусдын үнэ цэнээр, бусдын үнэ цэнэ миний үнэ цэнээр тодорхойлогдоно. Учир нь намайг үнэ цэнэтэй гэдгийг ойлгуулах хүн бол та, таныг үнэ цэнэтэй гэдгийг ойлгуулах хүн бол би.


Эх сурвалж: Монголбанк



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.