Улс төр


Сурталчилгааных нь өнгө төрхөөр нэр дэвшигчдийн мөн чанарыг шинжье

4 өдөр, 2 цаг TIMES.MN

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа ид халуурлын дээд цэгтээ хүрлээ. АН-аас эхлэлтэй МАН-ын эсрэг 60 тэрбумын хар пиар нь Доржзодов гэх бүхэл бүтэн хүний амь настай холбогдон цагдаагийн хамгаалалтаар үргэлжилж, хэд хэдэн хүнийг эрүүгийн гэмт хэрэгт холбогдуулан шалгахаар болж буй нь МАНАН-гийн нэр дэвшигчдийн эрх мэдлийн төлөөх энэ улайран эцэстээ юунд хүргэх бол гэсэн айдсыг олон нийтэд төрүүлж эхэллээ.


Энэ хоёр намын дундах үнэн худал нь мэдэгдэхгүй олон дуулиан шуугиан дунд МАХН-ын нэр дэвшигч л сонгогчдод “сэтгэл амар” сурталчилгаа хийж байна. Сонгуулийн сурталчилгаа, үйл явдлын өрнөлийн агуулгыг ажихад МАН, АН, МАХН-аас нэр дэвшигч гурван нэр дэвшигчийн хувь хүний төлөвшил, хүрээлэл, хүн чанар, ноён нурууг сурталчилгааных нь өнгө, төрхөөс харж болохоор байна.


М.Энхболд

Монголын нэртэй, зүстэй хүмүүс түүнийг хуйлран дагана. Дуулдаг, жүжиглэдэг, шүлэглэдэг, бизнес хийдэг, морь уядаг нийгмийн хэсэг бүлэг бүгд л түүнийг дэмжиж, ард түмэнд дэмжихийг уриалж яваа нь оносон гэхээсээ илүү бялдуучлал дүүрэн.Төрийн бус байгууллагынхан хүртэл түүнийг дэмжихээ ил тод, ичих нүүргүй мэдэгдсэн. Нэр дэвшигчдийг тодруулж байхад л бараг сонголтоо хийчихсэн сонгогчид энэ сурталд автах нь юу нь бол. Тийм нэг хуурмаг, савангийн хөөс шиг гээд зүйрлэчихмээр сурталчилгаа яваад байгаа нь түүний өнгө.


Х.Баттулга

Хар пи ар-ыг хамгийн их цацаж байгаагаараа Х.Баттулга нэр дэвшигчийн өнгө хараар тодорч байна. Сонгууль албан ёсоор эхлээгүй байгааг далимдуулаад түүний багийнхан ард түмнээ хятадуудаар айлгаж, саналыг нь авах технологи хэрэглэснээсээ хойш хар пи ар-аар дагнаад байгаа. Ерөөс түүнийг л сонгохгүй бол Монгол Улс орших уу, эс орших уу дээрээ тулна гэж ард түмнээ сэнхрүүлэх гэсэн ньодоо эсрэгээрээ айдас, эгдүүцэл, дургүйцэл төрүүлж эхлээд байна.


С.Ганбаатар

Сонгууль тэнцвэргүй болж байгаагийн баталгаа С.Ганбаатарын сурталчилгааны өнгө байж болохоор. Хотоор нэг өрсөлдөгч хоёрынх нь зураг хөглөрч байхад түүнийг хаа нэгтээ. Цэнхэр дэлгэцүүдээр үдэш бүр өрсөлдөгчдийнх нь захиалгат нэвтрүүлэг хөвөрч байхад түүнийх л ховор. Сайт, сонин, сошиал сувгуудаар ч бас даруухан. Ерөнхийдөө нөгөө хоёрыг нь мэдэлтэнгүүд тойрч, мөнгөөр зодож байхад мань хүнийх энгийн даруу ч эгэл түмнийхээ хүрээлэл дунд, нийгмийн дунджаас дооших давхаргынхнаар хүрээлүүлэн явж байна.


Дүгнэлт: Ерөнхийлөгчийн сонгуулийн энэхүү гурван өөр өнгө юуг илэрхийлнэ вэ...

Нэр дэвшигч М.Энхболд, Х.Баттулга хоёрын сонгуулийн сурталчилгаа хэчнээн ч хамаагүй мөнгө зарцуулж, хэдэн ч хамаагүй олны танилуудыг ашиглаж, ямар ч үнээр, хүчээр хамаагүй Улсын тэргүүн болохын төлөө өрнөж байгаа бол нэр дэвшигч С.Ганбаатар хамгийн хямд зардлаар улс орноо тойрч, ард түмэн дундаа мөрийн хөтөлбөр, өөрийнхөө хийж чадахыг сурталчилан таниулж явна.


Энэхүү гурван дүр төрх, өнгөөс нь шинжвэл М.Энхболд ялбал баячууд, олны танил эрхмүүдээр хүрээлүүлсэн дээдэст ээлтэй Ерөнхийлөгч болох бол Х.Баттулгад итгэвэл сөрөг хүчнийг ивээж, өөрийн хүмүүсээсээ бусад хамаг хүмүүсийг талцуулж айлгаж, сүрдүүлж, эв эеийг сахих нь байтугай эвдрэлцүүлж эвгүйцүүлсэн Улсын тэргүүн болох шинжтэй.


Харин С.Ганбаатарыг сонговол гуравдагч хүчний бодлогоор улс төрийн тэнцвэртэй байдлыг хангаж, ард түмэнтэйгээ ойр, дээдэст халтай доодост ээлтэй Төрийн тэргүүн болох нь ажиглагдаад байна. С.Ганбаатар хувь хүний хувьд таван охины аав, долоон өнчин дүүгийн “аав ээж” байж амьдралын хатуу хөтүү, саад бэрхшээлийг өөрийн бор зүрх, итгэл үнэмшил, тууштай тэмцэгч чанараараа даван туулж чадсан.


Тиймээс С.Ганбаатар энэ амьдралынхаа төлөө тэмцэж өнөөдрийн зэрэгт хүрсэн шигээ эгэл ард түмнийнхээ төлөө МАНАН-гийн хуйвалдаанд зоригтой “хориг” тавьж Монгол Улсынхаа ирээдүйг хамгаалагч Ерөнхийлөгч болж чадна. 


МАХН-ын сонгуулийн төв штабаас



Холбоотой мэдээлэл