Нийгэм


Жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ

4 сар, 1 долоо хоног TIMES.MN

Жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай “Монполимент” группын “Монцемент” цементийн үйлдвэрийн нээлтийн ажиллагаа боллоо.


Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгальмаа, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг нар оролцлоо. Монгол улс жилд хоёр сая орчим тонн цемент хэрэглэдэг. Үүний нэг сая тонныг хуурай аргын технологиор үйлдвэрлэх хүчин чадалтай энэ үйлдвэрийн төсөлд Хөгжлийн банк “Чингис” бондоос 45 сая ам.долларын санхүүжилт олгосон байна.




Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг олон улсын стандартыг хангасан технологиор шинэ үйлдвэр барьж, олон хүнийг ажлын байраар ханган, эх орондоо том бүтээн байгуулалт хийсэн үндэсний үйлдвэрлэгч “Монполимент” групп, үйлдвэрийн хамт олонд баяр хүргэж, үг хэллээ.




Ерөнхий сайд хэлсэн үгэндээ Монгол Улсын эдийн засаг, аж үйлдвэр, барилгын салбарт түүхэнд тэмдэглэгдэх шинэ хуудас бичигдэж байгааг дурдаад Засгийн газар баялаг бүтээгчдээ дэмжиж, хамтран ажиллаж олон том бүтээн байгуулалтыг хийлээ. Монголчууд хамтдаа хөдөлмөрлөж зүтгэвэл амжилтад хүрч болохыг энэ үйлдвэр харууллаа. Монгол Улс дотооддоо “Дэлхийн чанартай Монгол цемент үйлдвэрлэдэг боллоо” гэдгийг онцлоод дэлхийн стандарт, тэр дундаа Европын стандарт Монгол нутгийн хөрсөнд бууж, нутагшиж байна. Эх орныхоо бүтээн байгуулалтын хэрэгцээг хангах, импортыг орлох цементээ Монголд бүрэн үйлдвэрлэж чадсан нь зөвхөн барилгын салбар бус бусад салбарт техник, технологио өөрчлөх боломжийг олгож байна.




Зам тээврийн салбар, тэр дундаа авто зам, төмөр замын салбарт технологио өөрчилж, бетон цементэн дээр суурилсан дэвшилтэт технологи руу шилжих бололцоо Монгол Улсад ойрын ирээдүйд гарах болно гэдэгт эргэлзэхгүй байна гэж Ерөнхий сайд хэллээ. Монгол Улсын Засгийн газраас 2016 он гэхэд дотоодынхоо цементийн хэрэгцээг бүрэн хангах зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар жилд нийтдээ гурав сая орчим тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай Хөтөл, Төв аймгийн Сэргэлэн сум дахь үйлдвэрүүд ажиллаж байна.




Цементийн хэрэгцээг бүрэн хангаснаар валютын урсгалыг дотооддоо шингээх, барилгын салбарын тогтвортой хөгжлийг хангах, орон сууцны үнийг тогтвортой барих зэрэг олон талын ач холбогдолтой. Үүнтэй холбогдуулан импортын цементийн татварыг нэмэх бодлого хэрэгжүүлэхээр судлан ажиллаж байгааг салбарын яамныхан хэлж байна. Дорноговь аймгийн Сэнж худаг ордыг түшиглэн барьсан “Монцемент” цементийн үйлдвэр орчин үеийн хуурай аргаар хоногт 3000 тонн чулуунцар, жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай.


Эдийн засгийн эрчимтэй хөгжлийг дэмжиж, экспортыг орлож, импортыг нэмэгдүүлэх тус үйлдвэрийн төслийг Франц, Англи, Австрали, Хятад, Швейцарь улсын салбартаа тэргүүлэгч байгууллага, зөвлөхүүдийн оролцоотойгоор хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн дүнд олон улсын ISO, Европын стандартыг хангасан олон төрлийн өндөр чанартай чулуунцар үйлдвэрлэж дотоодын хэрэгцээг ханган, өсөн нэмэгдэж буй цементийн импортыг орлож, хөрш орнуудад экспортолж, дотоодын цементийн тээрмүүдийг 170 жил цемент, чулуунцараар хангаж, 500 гаруй ажлын байр шинээр бий болно.


Мөн Өргөн сум одоо байгаагаасаа гурав дахин өргөжин, 280 айлын орчин үеийн тохилог орон сууц, ахуйн үйлчилгээний төв, цэцэрлэг, спорт цогцолбортой болж, бүтээн байгуулалт хийгдэнэ. “Монцемент” үйлдвэрийн хуурай аргын боловсруулах технологийн усны хэрэглээ хамгийн багаас гадна хүлэмжийн хий ялгаруулж, тоосжилт үүсгэх нь ч хамгийн бага. Тодруулбал тоосжилт, азот, хүхрийн ислийн ялгаруулах хэмжээ нь Монгол Улсын болон Европын стандарт, шаардлагыг хангасан байгаль орчинд ээлтэй технологитой, ахуйн болон үйлдвэрийн хаягдал усыг цэвэршүүлэн 90 хувийг дахин ашиглах эко үйлдвэр юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.