Газар дээрээс нь


Д. Бум-Эрдэнэ Монголын анхны "Алтан донор"-оор тодорлоо

1 долоо хоног, 5 өдөр TIMES.MN


Өнөөдөр Цусны донорын Дэлхийн өдөр тохиож байна. Энэ жилийн хувьд “Бусдын төлөө та юу хийж чадах вэ? гэсэн сэдвийн хүрээнд “Өнөөдрөөс эхлэн тогтмол хугацаанд цусаа бэлэглэцгээе” уриан дор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд амжилттай зохион байгууллаа.




Энэхүү үйл ажиллагааны гол зорилго гамшиг осол тохиолдсон үед хангалттай цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг бүрэлдүүлэхэд анхаарал хандуулж байгаагаараа онцлог юм.


Энэ өдрийн хүрээнд цусаа бэлэглэдэг үе үеийн ахмад настнууд болон залуу үеийнхэнд талархал илэрхийлсэн алхалтыг зохион байгуулсан ЦССҮТ, МУЗН, ОБЕГ, МДХ хамт олон болон нийт 500 орчим иргэн ЦССҮТ-ийн шинэ байрнаас үндэсний хүрээлэн хүртэл явган алхлаа.




Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу 2015 оны дөрөвдүгээр сарын 3-наас эхэлж сар бүрийн 3-ныг “Цусаа бэлэглэх өдөр”-өөр зарлаж байсан түүхтэй.






Түүнчлэн жил бүрийн нэгдүгээр сарын 3-ны өдрийг “Цусны донорын өдөр” болгон 70-н удаагаас  дээш цусаа хандивласан доноруудыг “Хүрэл донор” буюу 100-гаас дээш удаа цусаа өгвөл “Мөнгөн донор” 150-аас дээш өгвөл “Алтан донор” -оор шалгарсан тус тус 62 донорыг алдаршуулж урамшуулсан юм.




 Энэ жилийн хамгийн залуу “Хүндэт донор” цол тэмдгээр 21 настай Б.Бямбажав тодорсон бол 2001 оноос эхлэн тогтмол хугацаанд цусаа бэлэглэсэн Доржийн Бум-Эрдэнэ 200 дахь удаагаа цус бэлэглэж “Топ донор”-оор шалгарсан Монголын анхны хүн болж байгаа юм.





Дэлхий нийтээрээ 2004 оноос жил бүрийн зургадугаар сарын 14-ний өдрийг бусдын амь насыг аврахын төлөө цусаа бэлэглэдэг ачтан доноруудын ариун үйлсийг сурталчлах, тэдэнд талархал илэрхийлэх, олон нийтэд алдаршуулах зорилгоор 14 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүллээ. Дэлхий дээр хоёр секунд тутамд хэн нэгэнд цусны хэрэгцээ гардаг байна.




Өнгөрсөн он гэхэд Монгол улсын хэмжээнд нийт 33 мянга орчим донор цусаа бэлэглэж, 15 нэр төрлийн 82 мянга гаруй нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэж эмнэлгүүдийн хэрэгцээг ханган ажиллаж байна. Өнгөрсөн онд 25 мянга 300 донор, хөдөө орон нутагт 7 мянга 620 донор цусаа хандивлажээ.өнгөрсөн онд гэхэд Монгол улсад цусаа бэлэглэсэн донорууд 33 мянга хүрээд байна. Таны өгсөн цус гурван хүнд амьдрал бэлэглэж байдаг.




ЦССҮТ болон МУЗН жил бүр нийслэл, дүүргийн хэмжээнд ажлын үр дүн, үзүүлэлтээр нь донор элсүүлэгчдийн ажлыг дүгнэдэг уламжлалтай аж. Энэ удаагийн үйл ажиллагаанд БЗД-ийн Улаан загалмайн хороо тэргүүн байр, Монголын донорын холбоо дэд байр, Чингэлтэй дүүргийн Улаан загалмай хороо гуравдугаар байранд тус тус шалгарлаа.Түүнчлэн байгууллага хамт олноороо донорын эгнээнд нэгдсэн МУБИС-ийн багшийн сургууль, Зэвсэгт хүчний 326-р анги, Улаанбаатар хотын Цагдаагийн газар зэрэг байгууллага “Донор хамт олон” –оор өргөмжлөгдлөө.




Донорын эгнээг өргөжүүлэх бусдад түгээх хүмүүнлэгийн үйлсэд JCI капитал, Талх чихэр ХК, Сүү ХК, Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг, Монос групп, Хүнс комплекс, Тесо групп, Чиглэл ХХК, Уорлдвайд коннекшн ХХК, “ЭМ СИ ЭС Кока Кола” ХХК зэрэг олон байгууллага хамтран ажилласан. Мөн донорын үйлсийг сурталчлагч шилдэг байгууллагаар Монгол HD телевиз, WWW.TIMES.MN сайт тус тус шалгарсан юм.




Мөн “Хүндэт донор”-ын болзлыг хангаснаар нийгмийн халамж хөнгөлөлтөнд хамрагдах боломжтой болох аж. Үүнд магадлан итгэмжлэгдсэн сувилалд хүндэт донорууд жилд нэг удаа 100 хувийн хөнгөлөлттэй сувилуулдаг. Мөн ахмад настан хүндэт донорт жилд нэг удаа түлш худалдан авах, орон сууцны талбайн хөнгөлөлтөд зориулж 140 мянган төгрөг олгодог байна.Хөдөлмөрийн насны хүндэт донор хот доторх нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих гэсэн олон давуу тал байдаг. Үнэ төлбөргүйгээр улсын эмнэлгийн тусламж үйлчилгээнд хамрагдах боломжууд байдаг тухай "Хүндэт донор"-ууд ярьж байлаа.
























Гэрэл зургийг Б.Болормаа



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.