Сонголт


Наранд арьс түлэгдэхээс хамгаалах 10 дүрэм

5 сар, 1 долоо хоног TIMES.MN



1. Нарны тосны баталгаат хугацааг хараарай


Өнгөрсөн зун хэрэглэсэн тос чинь үлдсэн бол хугацааг нь хараад аваарай. Орчин үеийн тоснуудад консервант нэмдэг тул гурав хүртэл жил хадгалах боломжтой байдаг. Гэхдээ тосыг халуунд удаан байлгавал хадгалах хугацаа нь багасаж, найрлага нь ч өөрчлөгддөг. Тиймээс, нарны хамгаалалтын тосыг сүүдэрт, сэрүүнд байлгах нь зүйтэй.Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологитой SPF-тэй тосыг хүртэл 2-3 цаг тутамд түрхэх хэрэгтэй байдаг. Эс тэгвээс ямар ч хамгаалалт болохгүй.


2. Эм ууж байгаа бол анхааралтай байгаарай


Шээс хөөдөг, өвчин намдаадаг, жирэмслэлтээс хамгаалах дааврын эмнүүд, антибиотик зэрэг нь арьсыг их мэдрэмтгий болгодог. Хэрвээ амралтын үеэр дээр дурьдсан эмнүүдийг хэрэглэх гэж байгаа эсвэл хэрэглэж дуусаад хоёр долоо хоноогүй байгаа бол хамгаалалтын өндөр түвшинтэй тосыг хэрэглээрэй

3. Ликопин агуулсан ногоо жимс түлхүү хэрэглээрэйШинжлэх ухааны нэгэн судалгаа байдаг юм: бүсгүйчүүд хэдэн долоон хоногийн туршид өдөрт 2 аяга амтат шигуаны шүүс уусан байна. Үүний үр дүнд, арьс нь наранд түлэгдэхгүй, хатахгүй байсан нь ажиглагдсан юм. Тиймээс, зуны улиралд ликопин агуулсан ногоо жимс идэх сайн. Энэхүү бодис нь ногоо жимсийг нарны хурц туяанаас хамгаалдаг тул хоолны орцондоо лооль, гоо жүрж, шигуа зэргийг хэрэглэвэл өөрийгөө ч гэсэн хамгаалж чадна. Гэхдээ эдгээрийг идлээ гээд нарны хамгаалалтын тосыг огт хэрэглэхгүй байж болно гэсэн үг биш шүү.


4. Тосыг тогтмол хэрэглээрэй


Үйлдвэрлэгч нар бүтээгдэхүний сурталчилгаанд юу гэж амлахыг бүү тоо. Тухайлбал “Бүтэн өдрийн туршид хамгаална” гэх мэт үгс үндсэндээ байх боломжгүй зүйлүүд. Хэдийгээр бүтээгдэхүүнүүд хамгаалах чадвараа тодорхой хэмжээгээр барьдаг ч гэсэн хязгаартай байдаг. Жишээ нь SPF 50 хамгаалалттай нэг бүтээгдэхүүн нь чамайг 15 минут л хамгаалах бол өөр нэг бүтээгдэхүүн нь бүтэн цаг хамгаална. Тиймээс, дээр дурьдсанчлан хамгийн шилдэг бүтээгдэхүүн хүртэл ердөө 2-3 цаг л хамгаалах чадвартай байдаг тул тосоо аль болохоор ойр ойрхон түрхэж байгаарай.


5. SPF түвшинг анхааралдаа аваарай


SPF (Sun Protection Factor) гэсэн товчлол нь «нарны хамгаалалтын шүүлтүүр» гэсэн утгыг агуулдаг. Гэхдээ SPF-шүүлтүүр нь UVB-гэмтэл буюу хэт ягаан туяаны түлэгдэлтээс л хамгаална (үүнд B үсэг burn – «түлэгдэлт»). Таван жилийн өмнө худалдаанд SPF 100 гэсэн хамгаалалттай тосыг нэвтрүүлсэн боловч тэр нь зөвхөн маркетингийн арга л байлаа. Хэрэглэгчид өөрийгөө бүрэн хамгаалж чадсан гэсэн сэтгэгдлийг төрүүлэх нь чухал шүү дээ. Үнэнийг тогтоохоор эрдэмтэд оролцсон бөгөөд SPF-шүүлтүүрийн түвшинг тогтоох Шульцын аргыг нэвтрүүлсэн байна. тэрхүү томъёо нь: (1 – 1/SPF) x 100. Үүнд, 100 тоог оруулвал хамгаалалтын түвшин 99 байна, харин 50 тоог оруулвал хамгаалалтын түвшин нь 98 байна. Тиймээс, SPF 100 ба 50 хооронд өчүүхэн төдий л ялгаатай гэдэг нь харагдана.


6. UVA-туяаны хамгаалалттай тос аваарай


Нар арьсыг хөгшрүүлдэг гэдэгт итгэхгүй байгаа бол нэгэн баримтыг сонирхуулъя. Америкийн арьс судлалын хурал дээр нэг багшийн зургийг танилцуулсан байна. Тэр багш нь насан туршдаа нэг л танхимд хичээл заадаг байсан ба ширээ нь цонхны дэргэд байрладаг байж. Тэгвэл түүний нүүрний нэг тал нөгөө талаас эрс ялгаатай байсан нь харагдаж байсан ба наранд гарсан нүүр нь илүү их үрчлээстэй, арьсны өнгө нь хүртэл арай өөр байжээ. Хэрвээ тэрхүү багш нь хүний арьсанд хуримтлагддаг UVA-туяаны нөлөөний тухай мэддэг байсан бол өөрийгөө хамгаалах байсан байх. Тиймээс, түүний алдааг давтахыг хүсэхгүй байгаа бол SPF ба UVA (өөр нэг нэгшил нь PPD) хамгаалалттай тос аваарай гэж зөвлөе.


7. Наранд байх хугацааг аажмаар нэмэгдүүлээрэй


Халуун оронд амрахаар ирсэн бол биеэ барихыг хичээгээрэй. Наранд байх хугацаагаа аль болохоор бага байлгах хэрэгтэй. Эхний өдөрт 15 минутаас эхлээрэй. Боломжгүй мэт санагадах хэдий ч гоо сайхнаа бодож байвал хичээгээрэй. Дасал болоогүй халуун орчинд хэдэн цагийн туршид амьдрах үед арсьны эд эс өөрийгөө хамгаалах меланин бодисыг ялгаруулж амждаггүй тул стресст ордог. Наранд борлоно гэдэг чинь арьс өөрийгөө хамгаалах гэсэн оролдлого юм шүү дээ. Тиймээс, арьсаа заавал дасгах хэрэгтэй. Наранд биеэ шарах хамгийн тохиромжтой хугацаа бол өглөө 8-10 цаг, 16-аас хойш цаг юм шүү.


8. Наранд түлэгдэхгүй байх хэрэгтэй


Наранд түлэгдсэнээр ямар аюул дагуулдаг вэ гэдгийг ойлгох хэрэгтэй. 18 нас хүртлээ авсан нарны түлэгдэлт нь хожим нь меланом буюу арьсны хорт хавдар үүсэх нөхцлийг бүрдүүлдэг. Хүүхдийн дархлааны тогтолцоо тогтворжоогүй байдаг учраас нарны хурц туяа эд эсийг үхүүлж, ДНК-г гэмтээдэг. Үүний улмаас хожим төрөх хүүхдүүдийн арьсны ДНК өөрчлөлттэй төрдөг. Тиймээс, түлэгдэлт, цэврүү зэргийг өнгөрсөн үедээ үлдээж өөрийгөө болон ирээдүйгээ хамгаалъя.


9. Зөв уруулын будгаа сонгоорой


Халуун өдрүүдэд гэрэл ойлгодог уруулын будаг, өнгөлөгчөөс татгалзаарай. Тэд хэт ягаан туяаг өөртөө хуримтлуулдаг тул уруулын хүрээг бор өнгөтэй болгоно. Тиймээс, өнгөлөгчийг нарны хамгаалалттай уруулын тосоор орлуулаарай.


10. D витаминаар өөрийгөө баяжуулъя


D витамин яс бэхжүүлж, дархлааг сайжруулдаг гээд олон төрлийн ашиг тустай. Зуны улиралд нарны хамгаалалтын тос түрхээд хангалттай амин дэм авч чадахгүй байхвий дээ гэж санаа зовох хэрэггүй. Учир нь нэгдүгээрт, хаврын улиралд SPF түвшин өндөртэй бүтээгдэхүүн хэрэглээгүй байх үед хангалттай хэмжээний амин дэм авсан. Хоёрдугаарт, зуны улиралд ч гэсэн гарын алга болон биеийн бусад хамгаалалтгүй хэсгүүдээрээ дамжин хангалттай хэмжээний амин дэм авч чадна. Гэхдээ санаа зовсон хэвээр байгаа бол сүү, жүржийн шүүс, загасны мах сайн хэрэглээрэй.


Б.Болормаа



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.