Тохижилт үйлчилгээний албаны хамт олон “URBAN” брэндийн өмд бэлэглэлээ

5 сар, 1 долоо хоног TIMES.MN


LX470 Mongolia группийн хамт олны төлөөллүүд өнөөдөр Сүхбаатар дэвшил /ОНӨААТҮГ/ Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын тохижилт үйлчилгээний албаны хамт олонд “URBAN” брэндийн жинсэн өмд гардууллаа.




Тэд энэхүү мундаг хамт олны хийж байгаа ажлыг хүндэтгэж, дэмжих үүднээс энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байгаа аж. Сүхбаатар дэвшил /ОНӨААТҮГ/ орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрлэлийн газарт дөрвөн алба үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нийтдээ 180 орчим хүмүүс ажилладаг байна. Тухайлбал захиргааны алба, нийтийн үйлчилгээний алба, бааз, эрчим хүчний алба тус тусын үйл ажиллагаа явуулдаг юм.


Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ ажилтан Ч.Чойжилсүрэн “Ажилдаа ороод удаагүй байгаа. Зуны хуваарь буюу хоёр ээлж болон ажилладаг. Өглөөний ээлжид өглөө 05:00-оос 15:00 цаг хүртэл ажилдаг бол шөнийн ээлж нь 20:00-оос өглөө 10:00 цагт буудаг. Халуунд халж, хүйтэнд хөрж ажилладаг. Их хотын залуусдаа хандаж хэлэхэд бусдынхаа хөдөлмөрийг жаахан ч гэсэн үнэлдэг байгаасай гэж хэлмээр байна. Ойр орчмоо цэвэрлэж дуусаад эргээд ирэхэд буцаад л хогондоо дарагдчихдаг. Нэмж хэлэхэд биднийг дэмжиж урамшуулж байгаа энэ сайхан залуучуудад баярласан талархснаа илэрхийлье ” гэсэн юм.




Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ ажилтан Н.Баянбаатар “Энэ байгууллага анх үүсэн байгуулагдсан цагаас нь ажиллаж эхэлсэн. Гурван жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Анх цалин мөнгө бага байсан бол одоо гурав дахин нэмэгдэж үндсэн цалин 700 мянган төгрөг болсон. Үүнээс нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалаа төлөөд гар дээр 500 мянган төгрөг авдаг. Энэ жил өмнөх жилүүдээс илүү гандуу зун болж байна. Ийм үед модны цагаан хөвөн их унаж харшил их өгдөг. Зам дагуу цэвэрлээд явж байхад цагаан хөвөн ихээр хийсч, ам хамар луу орж хүнийг харшламтгай болгодог. Байнга маск зүүж яваад байх  бас хэцүү. Өглөө гараад орой орж ирэхэд өмссөн хувцас нойтон болчихдог. Маш халуун нөхцөлд ажилладаг. Биднийг дэмжиж урам өгч байгаа энэ залуусдаа талархаж байна" гэлээ.




Сүхбаатар дэвшил /ОНӨААТҮГ/ орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрлэлийн газрын мастер Д.Алтанцэцэг “Манай байгууллага анх үүсгэн байгуулагдаж байхад дийлэнх нь тэтгэврийн насны хөгшчүүд байсан бол одоо харьцангуй залуу үеийнхэн их сонирхож ажиллах болсон. Энэ ч үүднээс дүүргийнхээ ажилгүй залуучуудыг дэмжих зорилготой ажилладаг. Одоогоор нийт 50 гаруй хүмүүс ажиллаж байгаа. Талбайн үйлчлэгч нарыг ямар ажил эрхэлдэг талаар иргэдийн ойлголт муу байдаг" тухай ч тэрээр хэлж байлаа.


Lexus 470 группийн админ н.Болор-Эрдэнэ “Манай групп нээгдээд дөрвөн жил болж байна. Одоогийн байдлаар сэтгэл санаагаар нэгдсэн 200 гаруй гишүүнтэй. Бүгдээрээ Lexus 470 маркийн машиныг хөлөглөдөг хүмүүс байдаг. Ихэвчлэн нийгэмд хандсан үйл ажиллагааг түлхүү зохион байгуулдаг. Хандив, тусламж хүргэх сонирхолтой байгууллагууд бидэнтэй хамтарч ажиллах хүсэлт тавьдаг болсон. Өмнө нь дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтарч ажилчдын хүүхдүүдэд гутал өгч байсан бол энэ удаа “Urban” жинстэй хамтарч /ОНӨААТҮГ ажилчдаа нэг удаа ч гэсэн баярлуулж энэхүү үйл ажиллагааг зохион байгуулаад байгаа юм. Үндэсний телевизийн “Сэтгэлийн үндэс”-д манайх найман мянган ширхэг тоосго хандивлаж байсан. Жил болгоны сар шинийн баяраар настай буурлуудаа баярлуулж цагаан сарын бэлтгэл ажлыг хангаж өгч байсан” гэсэн юм.




Б.Болормаа



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.