TIMES Ярилцлага


М.БОЛОР: Монголын хөрөнгийн зах зээлээс хямд үүсвэртэй хөрөнгө босгох боломж байна

3 жил, 7 сар TIMES.MN

 

Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал М.Болортой ярилцлаа.

-                              

 -Сүүлийн саруудад Монголын хөрөнгийн бирж сонин ихтэй байлаа. Хоёр ч томоохон IPO хийгдлээ. Энэ талаар?

-Юуны өмнө Монголын хөрөнгийн биржийн 25 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан энэ хугацаанд хөрөнгийн зах зээлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн нийт хувьцаат компани, үнэт цаасны компани, андеррайтер болон хөрөнгө оруулагч, түншүүддээ 25 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье. Биржийн бүхий л ололт амжилт, өнөөдрийн байр суурь та бүхний хүчин чармайлт, хүч хөдөлмөрөөр бий болсон. Мөн биржийн үе үеийн удирдлага, баг хамт олны хичээл зүтгэл, хувь нэмэр ч их бий.

Нэг л өдөр хөрөнгийн захыг хөгжүүлчихдэггүй. 1991 оны 1 дүгээр сарын 18-нд байгуулагдсан бирж маань өнгөрсөн хугацаанд амжилт бүтээл, алдаа оноотой өөрийн гэсэн түүхийг бүтээж, арвин баялаг туршлага хуримтлуулжээ. Харин одоо бид улам өөдрөг ирээдүйг бүтээхийн төлөө ажиллах ёстой. Өнгөрсөн нэг сарын хугацаанд МИК холдинг болон Монгол шуудан компанийн IPO Монголын хөрөнгийн зах зээлд итгэх итгэлийг нэмэгдүүлж, хүлээлт маш өндөр байгааг харууллаа. Иймд цаашид бид илүү олон бүтээгдэхүүн гаргаж, зах зээлийг улам идэвхжүүлэх чиглэлээр ажиллаж байна.  


-       “Мик холдинг” ХК нэг сарын дотор 37 тэрбумын хөрөнгийг босгосон. Араас нь “Монгол шуудан” компанийн 34 хувийг хувьчиллаа. Дотоодын хөрөнгийн захаас мөнгө босгох боломжтой харагдаж байна?

-Энэ хоёр IPO бол бидний ажлын эхлэл. “МИК Холдинг” ХК биржээр дамжуулан 37 тэрбум төгрөгийн хөрөнгө босгосон нь манай биржийн түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй IPO боллоо. Мөн “Монгол шуудан” ТӨХК 6.3 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх санал ирүүлсэн ч 12.6 тэрбум буюу хоёр дахин их захиалга ирсэн. Өөрөөр хэлбэл, хөрөнгийн зах зээлээс хямд эх үүсвэртэй хөрөнгө татах бололцоо байна гэдгийг харуулж чадлаа. Энэ нь хөрөнгийн зах зээл сэргэж, цаашдаа хөгжих боломж байгааг харуулаад зогсохгүй эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа ч дотоодын хөрөнгө оруулагчид идэвхитэй, хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байгааг илтгэж байна.


-МИК хувьцаагаа арилжаалаад сар ч болоогүй байхад нэгж хувьцааны үнэ өссөн. Эрэлт хэрэгцээ байна даа?

-2006 оны 9-р сард Монголбанк болон арилжааны 10 банк хамтран хүн амыг орон сууцаар хангах, орон сууцны санхүүжилтийн урт хугацаат тогтолцоог хөгжүүлэх үүднээс Монголын ипотекийн корпорацийг (МИК) байгуулсан. Оны босгон дээр МИК Холдинг нээлттэй хувьцаат компани болж, биржээс хөрөнгө босгосныг сая дурдсан. Ингэснээр 1.9 их наяд төгрөгийн активтай тус компани Хөрөнгийн биржийн нэгдүгээр ангилалд бүртгэгдсэн анхны компани боллоо. МИК холдингийн эзэмшигчид өөрсдийнхөө хувь тэнцүүлсэн хэмжээгээр эхний ээлжинд хувьцааг давуу эрхтэйгээр худалдаж авах боломжтой байсны дагуу худалдан авалт хийгээд үлдсэн 19.5 тэрбум төгрөгийг олон нийтэд зарлаж арилжаалсан юм.

Хувьцааг анх 12 000 төгрөгөөр арилжаалсан бол өчигдрийн байдлаар 12 220 төгрөг болж 220 төгрөгөөр өссөн байна. Хоёрдагч зах зээлийн арилжаа амжилттай явагдаж байна.

-  “Монгол шуудан” ХК-ийн 34 хувийн хувьчлалын тухайд?

“Монгол шуудан” ХК нь 100 хувь төрийн өмчит компани байсан бол сая 34 хувиа хөрөнгийн зах дээр арилжаалж нээлттэй компани боллоо. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд компанийн хөрөнгийн хэмжээ 15.5 хувиар өсч 16.2 тэрбумд хүрч, тасралтгүй ашигтай ажиллаж байгаа юм билээ. Тус компани үйл ажиллагаагаа өргөжүүлэх, зах зээлд шинэ бүтээгдэхүүн гаргах, ард иргэддээ хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх үүднээс “Авто замын ложистикийн үйлчилгээ” төслийг хэрэгжүүлэхээр IPO хийсэн. Хувьцаанаас татан төвлөрүүлсэн хөрөнгийг Замын-Үүд, хөдөө орон нутаг гэсэн чиглэлийн авто замын ложистикийн үйлчилгээг нэвтрүүлэхэд зарцуулахаар төлөвлөсөн байна. Цаашдаа Монголыг хамарсан авто замын ложистикийн сүлжээний эхлэл тавигдлаа гэж харж байгаа. 


-      - “Монгол шуудан” ХК-ийн хувьцааг арилжаалахдаа бага хувьцаа авах саналыг ирүүлсэн иргэдийн захиалгыг хамгийн түрүүнд 100 хувь бүртгэсэн. Өмнө нь яагаад ийм зохицуулалт хийдэггүй байсан юм бэ?

-Монголын хөрөнгийн биржээр анх удаа төрийн өмчит компанийн IPO хийсэн. Анхдагч арилжааг явуулахдаа тоо хэмжээ зааж, үүнээс доош санал ирүүлсэн хувьцааны захиалгыг  100 хувь хүлээн авна гэсэн зохицуулалт оруулсан. Өөрөөр хэлбэл, “Монгол шуудан” компанийн хувьд 10 000 ширхэгээс доош хувьцаа худалдаж авна гэсэн саналыг хамгийн түрүүнд биелүүлсэн. Нэг ширхэг хувьцааг худалдаж авах санал орж ирсэн тохиолдол ч бий. Ингэснээр олон нийтэд нээлттэйгээр, хүртээмжтэйгээр хуваарилсан гэсэн үг. Харин 10 000 ширхэг хувьцаанаас дээш санал тавьсан хөрөнгө оруулагч нарт үлдэгдэл хувьцааг хувь тэнцүүлэн хуваарилсан.

Яагаад өмнө нь ийм зарчим барьдаггүй байсан юм бэ гэж байна. IPO хийх зорилго нь янз бүр байдаг. Төр засгаас “Монгол шуудан” төрийн өмчит компанийн хувьцааг иргэд, хөрөнгө оруулагч нарт тэгш эрхтэйгээр хуваарилъя гэсэн бодлого барьсан хэрэг. Тухайлбал, “Монгол шуудан” ХК-ийн олон нийтэд санал болгох хувьцааны нэгж үнийг 185 төгрөг байхаар тогтоосон. Тэгвэл хувийн компани IPO хийе гэвэл тэдээс эхэлж худалдаална гэж санал өгөх боломж бий. Бас зөвхөн цөөн тооны том хөрөнгө оруулагчийг татаж хөрөнгө босгоё гэж зорилтоо тодорхойлж ч болно. Бирж болон үнэт цаасны компани, андеррайтеруудын хувьд хөрөнгө босгогч, хөрөнгө оруулагч нартаа төрөл бүрийн боломжуудыг олгож, уян хатан санхүүгийн хэрэгсэл бий болгох талаас нь ажиллаж байна.


-      - Ерөнхий сайд Ч.Сайханбилэг цан цохиж хэлэхдээ энэ бол эхлэл, цаана нь арваад төрийн компани байгаа гэж хэлсэн. Цаашид ямар компанийн хувьчлалыг Хөрөнгийн биржээр дамжуулж хийх вэ?

-Төрийн өмчит компаниудын хувьд цахилгаан станциуд болон хоёр уурхайд IPO хийхээр төлөвлөж байгаа. Хэрэв төрийн өмчит компанийн хувьчлал Хөрөнгийн биржээс гадуур явбал тухайн компани нэг, хоёр цөөн тооны хүн эзэмшиж, төвлөрөл үүсдэг. Өмч хувьчлалыг хөрөнгийн биржээр дамжуулан явуулснаар хөрөнгийн зах зээлд олон улсын жишигт нийцсэн хувьцаат компаниуд бий болж, хөрөнгийн захад итгэх итгэл нэмэгдэж, мөн өмч хувьчлалын үйл явц ил тод, шударга, хэрэгжиж бодит үнэлгээндээ хүрч үнэ цэнэ өсөх зэрэг давуу талтайгаас гадна иргэдэд хөрөнгө оруулж өгөөж хүртэх боломжийг нээж өгч байгаа юм. Тухайн төрийн өмчит компанийн хувьд ч гэсэн засаглал нь илүү оновчтой болж, санхүүгийн гүйцэтгэл сайжрах гэх мэт эерэг нөлөөтэй.

Зөвхөн төрийн өмчит компани гэлтгүй нээлттэй компани болж бизнесээ өргөжүүлье гэж  санал ирүүлж, сонирхож байгаа олон хувийн компаниуд байна. Хөрөнгийн зах зээлээс хөрөнгө татаж, нээлттэй компани болоход олон сайн тал бий. Хямд эх үүсвэрээр хөрөнгө татна, байнгын хэрэглэгчтэй болно гээд л. Олон хувьцаа эзэмшигчтэй болох тусам үнэнч, баталгаатай, найдвартай, байнгын хэрэглэгчтэй болдог. Хувьцааг худалдаж авсан хүн аль болох тухайн компанийхаа үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан авч хэрэглэхийг бодно. Гэр бүлээ, цаашлаад ах дүү, хамаатан садан, найз нөхдөө ч бүтээгдэхүүнийг хэрэглэхийг уриалан, эгнээндээ нэгтэнэ. Энэ хэрээр тухайн компанийн борлуулалт өсч, ашиг нэмэгдэнэ шүү дээ.


-       -Одоогоор танайд IPO хийе гэж бодит санал тавьсан хувийн компаниуд байна уу?

-Байлгүй яахав. Бидэнд хандсан, зөвлөгөө авсан арваад хувийн компани бий. Түүнээс гадна Үнэт цаасны компаниудад сонирхлоо илэрхийлж, санал ирүүлсээр байгаа. Гэхдээ нээлттэй компани болъё гэсэн болгоныг хүлээн авч IPO хийж болохгүй. Маш тодорхой шаардлага тавигддаг. Өнөөдөр байгуулагдаад маргааш нь нээлттэй компани болъё гэвэл хөрөнгө оруулагч ойлгох ч үгүй, хөрөнгө босгож чадахгүй. Тодорхой хэмжээнд амжилт үзүүлсэн, байгууллагын соёлтой, түүнээс гадна хэрэгтэй, ашигтай, зөв төсөл хэрэгжүүлж байгаа байгууллагыг л хөрөнгө оруулагч сонирхоно. Нөгөө талаараа эрсдэлтэй компани ороод ирвэл хөрөнгө оруулагчид хохирох болно. Бирж бол тэднийхээ эрх ашгийг хамгаалах ёстой байгууллага учраас эдийн засаг, эрсдэл, засаглал, зах зээлийн үнэлгээ гээд олон талаас нь хянаж, үнэлээд тооцоолоод шийдэлд хүрнэ. Энэ нь үнэндээ санал, баримт материалаа ирүүлсэн компаниудад ч хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, танайх болохгүй байна гээд зүгээр явуулчих биш, ийм ийм зүйл дээр анхаарах шаардлагатай гээд боломж, гарцын хамтын шийдэлд хүрдэг.

-       -Ашигтай бизнес гэхээр бүгдээрээ шуураад орчихдог. Үүнээс болоод чанартай, чанаргүй бүтээгдэхүүн үйлдвэрлэл хэтийдэж илүүдэл үүсч, борлуулалтгүй болдог талтай. Барилгын салбар л гэхэд нэг жишээ нь, нэг хэсэг бүгд л барилгачин болцгоосон. Хөрөнгийн зах зээл энэхүү давхардлыг арилгахад ашиг тустай санагддаг?

-Ашигтай, идэвхитэй байгаа зах зээл рүү шуурах нь буруу биш, учир нь хэн ч хөрөнгөө өсгөхийг л бодно. Гэхдээ хөрөнгө оруулах арга замд учир бий. Таны хэлдгээр нэг хэсэг барилгын салбар өсөлттэй байна гээд бүгд машин техник худалдаж аваад барилгачин болж байв. Гэтэл салбарын өсөлт саармагжаад ирэх үед хөрөнгөө суллаж чадахгүй болсноор алдагдал хүлээсэн компани олон бий. Аливаа бизнес эрхлэхэд туршлага, бааз суурь, боловсон хүчин, тоног төхөөрөмжийн хүчин чадал зэрэг олон тулгуур шаардагддаг. Тэгвэл тухайн салбарын туршлагатай, хүчин чадал, менежмент сайтай, нэр хүндтэй компанид хөрөнгийн зах зээлээр дамжуулан хөрөнгө оруулалт хийснээр тухайн салбарын өсөлтөөс харьцангуй эрсдэл багатайгаар ашиг хүртэх бүрэн боломжтой. Өөрөө хийснээс ялгаагүй гэсэн үг. Гэтэл бид өнөөг хүртэл өөрсдөө л хийх гэж зүтгэлээ шүү дээ.

Хөрөнгийн зах зээл нь хөрөнгө оруулагчид хүссэн үедээ оролцож, хүссэн үедээ гарч явах боломжийг олгодог нээлттэй, ил тод байдгаараа ялгардаг. Тийм ч учраас хөрөнгө оруулагчид зах зээлийн нөхцөл байдлаас хамаараад үнэт цаас худалдаж авдаг, хангалттай ашиг хүртлээ гэсэн үедээ гараад явдаг. Өнөөдөр барилгын бизнест ороод, 7 хоногийн дараа уул уурхай ч юм уу өөр нэгэн эрэлттэй бизнес эрхлэх боломж амьдрал дээр тэр бүх олдохгүй. Тэгвэл энэхүү боломжийг зөвхөн хөрөнгийн зах зээл л олгоно.

Сүүлийн үед бизнесменүүдийн хандлага их өөрчлөгдөж байна. Зөвхөн би л эзэн байна гэхээсээ илүү хөрөнгийн зах зээлийг ашиглаж хамтаараа бизнес хийвэл илүү үр дүн, амжилтанд хүрэхийг ойлгодог болж байгаа нь ажиглагдаж байна. 25 жилийн хугацаанд алдаж, онож, хангалттай бизнесийн туршлага хуримтлууллаа шүү дээ.

Энэ ч утгаараа “Монгол шуудан” компани авто ложистикийн төсөл боловсруулаад оруулаад ирэхэд дор бүрнээ машин авч тээвэр хийхээ болъё, тус компанид хөрөнгө оруулаад үр шимээс нь хүртье гэж хандаж байна. Бүх аймаг, суманд салбартай, дэд бүтэц, өртөөтэй, 94 жилийн туршлагатай, боловсон хүчинтэй “Монгол шуудан”-тай өрсөлдөөд ложистикийн компани байгуулья гэвэл асар их хөрөнгө шаардана. Зургаан тэрбум байтугай зуу зуун тэрбумаар яригдана. Яагаад гэвэл 94 жилийн туршлагыг нэг өдөр бий болгоно гэж байхгүй.  Энэ туршлага бол байгууллагын өмч, соёл, үнэт зүйл нь юм. Ложистикийн сүлжээг шинэ компани байгуулаад зээл аваад, хөрөнгө татаад хийнэ гээд хийвэл амаргүй. Харин энэ салбарын ууган компани авто ложистикийн төсөл хэрэгжүүлнэ, манайд хөрөнгө оруулалт хийгээч гээд ороод ирэхэд төлөвлөснөөс хоёр дахин их санал ирж байх жишээтэй. Сүүлийн 25 жилд дангаараа бизнес хийвэл, аль эсвэл хөрөнгийн зах дээр хамтарч хийвэл ямар түвшинд очих вэ гэдгийг харьцуулж ойлгож эхэлж байна гэсэн үг. Тиймээс хөрөнгийн зах зээлийн цаашдын ирээдүй их өөдрөг төсөөлөлтэй байна.


-       -Монголын санхүүгийн зах зээлийн үндсэн бэрхшээлүүдийн нэг нь зээлийн хүүний асуудал байдаг. Хүүг бууруулах боломж бий юу?

-Өнөөг хүртэл Монголын санхүүгийн зах зээлийн дийлэнх хэсэг хаалттай зах зээлийн зарчмаар явж ирсэн. Хаалттай зах зээл бол хоёр субьектын харилцаан дээр л тогтдог. Энэ бол нэг нь өгдөг, нөгөөх нь авдаг зарчим буюу энэ нөхцөлд аль нэг нь ямагт давуу талтай байдаг. Жишээ нь зээл хүссэн этгээд бөхийж, өгсөн нь гэдийж байгаа тохиолдолд хүү буух боломж хомс. Харин энэхүү харилцааг нээлттэй зах зээл буюу биржээр дамжуулснаар бүх тоглогчид аливаа арилжаанд ижил тэгш эрхтэй оролцох ба ингэснээр хүү дундаж руу тэмүүлэх боломжтой болох юм. Өөрөөр хэлбэл, бүгд нэг сагсанд байх учир нэг нь гэдийж, нөгөөх нь бөхийдөг байдал халагдана гэсэн үг. Түүнчлэн, санхүүгийн зах зээл дээрх хөрөнгийн хөрвөх чадварыг сайжруулснаар нэг төгрөгийг аль болох олон удаа эргэлдүүлж хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх боломжтой. Энэ нөхцөлд хүүний асуудал өөр түвшинд яригдана. Иймд хөрөнгийн зах зээлийг эрс идэвхжүүлэх явдал нэн чухал байгаа.


-      - Хөрөнгийн бирж өөрөө өөрийгөө зохицуулах байгууллага болсон гэсэн. Энэ нь хөрөнгийн зах зээлийг  хөгжүүлэхэд нэг хөшүүрэг болох уу?

-Санхүүгийн зохицуулах хороо биржийг өөрийгөө зохицуулах байгууллага болгох нь эдийн засагт үр өгөөжтэй гэж үзэн шийдвэр гаргасан. Энэ бол бидэнд олгосон маш том итгэл юм. Өөрийгөө зохицуулах байгууллага гэдэг нь үнэт цаасны зах зээлийн хуульд заасны дагуу гишүүд, мэргэжлийн оролцогчиддоо хяналт тавих, үнэт цаасны зах зээл дээр хэм хэмжээг тогтоох зэрэг эрхтэй болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Санхүүгийн зохицуулах хорооны эрх хэмжээний тодорхой хэсгийг Хөрөнгийн бирж өөр дээрээ шилжүүлэн авч байгаа юм. Үүнийг дагаад тодорхой хэмжээгээр эрх, үүрэг өөрчлөгдөж байна. 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс шинэ журмыг мөрдөж эхэлсэн. Өмнө нь үнэт цаас гаргая гэхээр эхлээд Санхүүгийн зохицуулах хороонд хянаж зөвшөөрөх эсэх шийдвэрийг гаргана, тэгээд  Хөрөнгийн бирж дээр ирээд дахиад л шалгадаг байсан. Үнэт цаас гаргах хүсэлтээ өгөөд хагас жил болсон жишээ ч байдаг юм билээ. Нэг ажлыг хоёр хийхээр хугацаа алдаж, удна шүү дээ. Шинэ бүртгэлийн журмаар энэ бүгдийг цэгцэлж, давхардалгүй, хурдан, өгөөжтэй, хүртээмжтэй, зохистой байхаар өөрчилсөн байгаа. Бүртгэлээс гадна хяналт шалгалт, арилжааны, гишүүнчлэлийн, мэдээллийн журам бий. Хуучин маш олон журамтай байсныг цэгцэлж одоо таван гол журамтай болсон гэсэн үг.


-       -Иргэдэд банкинд мөнгөө хадгалуулж хүү авах биш хөрөнгийн зах зээлд тоглогч болж өгөөж хүртэх хүсэл бол бий. Гэвч мэдээлэл үнэхээр хангалтгүй байдаг. Мэдээллийн ил тод байдлыг шинэ шатанд гаргах бололцоо байна уу ?

-Хөрөнгийн зах зээл дээр бүтээгдэхүүн дутмаг, мэдээлэл түгээх нь учир дутагдалтай байгаа нь үнэн. Шинэ Үнэт цаасны зах зээлийн хуульд шаардлагатай зохицуулалтууд тусгагдсан. Тэгэхээр бирж дээрх боломжууд улам нээлттэй болж байгаа. Бид бүтээгдэхүүнээ нэмж, хэрэглэгчдэд мэдээллийг хүргэхэд анхааран ажиллаж байна.

Монголын хөрөнгийн бирж цахим хуудастаа томоохон өөрчлөлт хийж байгаа. Өмнө нь Хөрөнгийн бирж юу хийдэг вэ гэдгийг л яриад байдаг байсан. Энэ арга барилаа шинэчилж, хөрөнгийн зах дээр юу хийх боломжтой вэ гэсэн логик дээр үндэслэсэн мэдээллээ боловсруулж байна. Хүмүүст уншихад хялбар байх үүдээс ихэвчлэн инфографик байдлаар хүргэхээр зорьж байгаа. Хөрөнгө босгогч, хөрөнгө оруулагч, хэрхэн арилжаа хийх вэ гэх мэт тус тусдаа  ангилалтай. Хувь хүн сонголтоо хийгээд мэдээлэл авахад дөхөм гэж үзсэн.

Д.Дэлгэр

 

 




Холбоотой мэдээлэл


Лабораторийн Өнөрөө
Лабораторийн Өнөрөө
1 сар, 3 долоо хоног

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.