Газар дээрээс нь


Монгол баялгийг бүтээцгээе

5 сар, 1 долоо хоног TIMES.MN

Манай улсад нийт 6000 гаруй ачааны вагон ашигладаг бөгөөд бүгд БНХАУ болон ОХУ-аас импортоор орж ирдэг. Эдгээр вагоны 50 орчим хувь нь ашиглалтын хугацаа хэтэрсэн байдаг аж. Гэвч ахин 10 мянга гаруй ачааны вагоны хэрэгцээ байсаар байна. Төмөр замын ачаа тээвэрлэлтийг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлагатай байгаа өнө үед тус салбарт дахин вагон өндөр үнээр авах төсөв мөнгө хомс буй. Тэгвэл манай инженерүүд дотооддоо хямд зардлаар, чанартай ачааны вагон угсарч нээлтээ хийх гэж буй сайхан мэдээгээр бид Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Зүүнхараа дахь ачааны вагон засварлах депог зорьсон юм.




79 жилийн түүхтэй яруу алдарт төмөр замын тээврийн байгууллагын амжилтын түүхэнд бас нэгэн шинэ хуудсыг нээж буй үйл явдал болохыг энд цохон тэмдэглэж хэлэхэд таатай байна. Монголын төмөр замчдад арвин туршлага, мэдлэг, нөөц боломж байгааг шинээр байгуулсан туршилтын цех, шинээр угсарсан ачааны вагон зэргээс бэлээхэн харж болохоор байна. Та бүхний мэргэн ухаан, уран гар, бүтээлч, шаргуй хөдөлмөрч байдалд гүн талархал илэрхийлье гэсэн салбарын сайдын мэндчилгээний үгээр монголын анхны ачааны вагон угсрах цех, шинээр угсарсан вагоны нээлтийн үйл ажиллагаа эхэлсэн юм.




Монгол инженерүүдийн угсарсан ачааны вагон нь урьдчилсан тооцоогоор 72 тоннын даацтай, тэвшний эзлэхүүн 88 шоо метр, цагт 120 км хурд авах хүчин чадалтай юм байна. Манайд импортоор орж ирдэг ОХУ, Хятадын ачааны вагоны насжилт 20-25 жил байдаг бол манайд угсарсан вагон 30-32 жил ашиглана гэдгээрээ чанарын хувьд ялгарах юм. Эдийн засгийн хувьд ч импортоор орж ирж буй вагоноос хямд байх зорилтыг тавин ажилласан талаар мэргэжилтнүүд онцолж байсан юм.




Энэхүү ажлын хоёр дахь шат нь монголдоо зөвхөн угсрах биш үйлдвэрлэдэг болно Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат:




Мэргэжлийн Засгийн газар эдийн засгийн хямралт байдлаас гарах, эдийн засгийн хямралыг даван туулахад үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажилгүйдлыг бууруулж, ажлын байрыг шинээр нэмэгдүүлэх тал дээр томоохон зорилтуудыг тавин ажиллаж байна. Энэ хүрээнд манай яам оны өмнө дотоодын аж ахуйн нэгжүүд болон Улаанбаатар төмөр зам, Монголын төмөр зам компаниудад дотооддоо ачааны болон тавцант вагон үйлдвэрлэх үүрэг даалгаврыг өгөөд байсан.




Энэ дагуу БНХАУ, ОХУ, Казакстан, Узбек зэрэг улсуудад судалгаа шинжилгээ хийсний үндсэн дээр энэ оны 2-р сард миний бие вагон үйлдвэрлэх тушаалыг гаргасан. Өнгөрсөн хугацаанд манай инженер техникийн ажилтнууд маш их идэвх чармайлттай ажилласны үр дүнд өнөөдөр бид анхныхаа бүтээгдэхүүнийг шууд тээвэрлэлтэд хүлээлгэж өгч байна. Цаашид энэхүү үйлдвэрлэлийг улам боловсронгуй болгож хөгжүүлэх ажлын хүрээнд эд ангийг дотооддоо бүрэн үйлдвэрлэдэг болох зорилтын хүрээнд өнөөдрийн арга хэмжээнд зориудаар дотоодын төмөр боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газруудыг урьж оролцуулж байна.




Цаашид боломжит эд ангиудаа дотооддоо үйлдвэрлээд, үнэхээр үйлдвэрлэх боломжгүй төсөв өндөртэй эд ангиудыг гаднаас аваад монголдоо вагон үйлдвэрлэх хоёр дахь шат үргэлжлэх юм. Өнөөгийн байдлаар Эрдэнэт үйлдвэрт зарим нэг эд ангийг үйлдвэрлэх улмаар Улаанбаатар төмөр замд нийлүүлэх бүрэн боломж бий. Мөн манай хувийн хэвшлийнхэн резинэн эдлэлийг дотооддоо үйлдвэрлэж байна. Иймээс ОХУ-аас оруулж ирэх резинэн эдлэлийн импортыг бүрэн зогсоох үүрэг даалгаврыг өглөө. Бид дотооддоо ажлын байрыг бий болгох, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг дэмжих тал дээр төр бодлогоор дэмжиж ажиллана.




Зам тээврийн хөгжлийн яамны хувьд цаашид зөвхөн тээврийн салбарт гэлтгүй импортыг орлох, монгол хүний амьдралд үр өгөөжөө өгөх дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж ажиллана. Яг одоогоор 5 вагон угсарч бэлэн болгоод, 10 вагон угсрах бэлтгэл ажлыг хангаж ажилласан байна. Цаашид Монгол Улсал 10 гаруй мянган ачааны вагоны хэрэгцээ байна. Нийт ашиглагдаж буй ачааны вагонуудын 50 гаруй хувь нь элэгдэлд орсон байдалтай. Эдгээр хэрэгцээ шаардлагын дийлэнх хувийг дотооддоо угсрах, үйлдвэрлэх ажлыг үргэлжлүүлээд явна. Улаанбаатар төмөр замын харьяа Зүүн хараа дахь ачааны вагоны засварын депогийн өргөтгөлийн барилгын ажил удахгүй дуусах гэж байна. Ингэснээр шинээр 40 гаруй ажлын байр бий болно. Бид ингээд зогсохгүй. Боломжит хэмжээгээр хүчин чадлаа нэмэгдүүлэх, санхүүжилтыг шийдвэрлэх тал дээр ажиллах болно.




 Монгол улсад анх удаа ачааны вагон угсрах түүхэн үйл явцад гар бие оролцсондоо маш их баяртай байна. Энэхүү үйл ажиллагааг манай салбар яам, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг маань маш их дэмжиж ажлыг саадгүй, хурдан шуурхай явуулахад түлхэц өгч ажилласан. Юуны өмнө Зүүн хараа дахь вагон засварын депогийн хамт олондоо баярласан талархснаа илэрхийлье. Вагон угсрах ажилд нийт 40 гаруй хүний хөлс хүч шингэсэн.




Манай вагон угсрах засварын цехийн баг бүрэлдэхүүн сар гаруйн хугацаанд бэлтгэл ажлаа хангаж эхний ээлжинд 15 хоногийн хугацаанд ачааны вагон угсарсан. Цаашид 4-5 хоногт нэг вагон угсрах хүчин чадал, туршлагтай болоод байна даа.




Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатын санаачлагаар ачааны вагон монголдоо угсрах төслийн нэгдүгээр шат амжилттай хэрэгжиж өнөөдөр хүлээн авлаа. Төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажилласан Зам, тээврийн хөгжлийн яам, Улаанбаатар төмөр зам, Монголын төмөр зам төрийн өмчит компани, Экологибус компанийн мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааны үр дүнд ийнхүү амжилттай хэрэгжлээ. Төслийн хэрэгжүүлэхэд Зам тээврийн сайдбн 21 тоот тушаал гарч дээр дурьдсан компаниудын мэргэжилтнүүдийн баг гарч дээрх төслийн хоёр үе шаттай хэрэгжүүлэхээр шийдвэр гаргасан.


Төслийн ач холбогдлын хувьд гадаадын үйлдвэрийн вагонтой техник технологийн хувьд ижил түвшний бүх төрлийн зориулалтаар ашиглах боломжтой таван төрлийн ачааны вагон угсрах туршилтын цехтэй боллоо. Туршилтын цехийг бол бид өөрсдийн хүчин чадлын хүрээнд үйлдвэрлэж ашиглалтад оруулсан. Ингэснээр төслийн хоёр дахь шат буюу монголдоо вагон үйлдвэрлэх боломж бололцоо бүрдлээ гэж харж байна. Төслийн хоёрдугаар шатны хүрээнд бүс нутгийн болон бүс нутгийн хүрээний вагон операторын компаниудын хэрэгцээ шаардалагад нийцсэн техник технологийн бүрэн хангамжтай вагон үйлдвэрлэх боломж бололцоо бүрдсэн.


Өөрөөр хэлбэл гадаадын зах зээлд хандсан чанартай вагоны үйлдвэрийг үе шаттай хөгжүүлж, түүгээрээ бүтээгдэхүүн гаргаж, уул уурхай, монгол улсынхаа эдийн засгийг төмөр замаар дэмжих таатай нөхцөл бүрэлдэж байна. Мэргэжилтэн ажилтны хувьд ч бэлэн болсон. Мөн вагоны хос дугуйг угсрах цехийг Зүүнхараагийн вагон деподоо байгуулахаар төлөвлөж байна. Вагоны хос дугуйг дотооддоо угсарснаар вагон засварын 25-30 хувийг хийж буй явдал юм.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.