Газар дээрээс нь


Эхний тавд ходоод, гэдэсний замын өвчлөл орж байна

3 жил, 8 сар TIMES.MN


Төв Азийн өргөн уудам нутагт амьдардаг олон улс үндэстнүүд зан заншил, түүх, соёлоороо нарийн холбоотой. Мөн байгаль цаг уур, газар нутгийн болон уламжлалт нүүдлийн аж ахуй зэрэг ижил төстэй байдал олон бий. Харин одоо хотжих үйл явц, суурин амьдралын хэв маягтай уялдан хоол хүнсний үйлдвэрлэл, хангамж, хэрэглээний өөрчлөлтөөс үүдэн хүн амын хүнсний хэрэглээнд шим тэжээлийн асуудал тулгамдаж байгаа юм.


Энэхүү хүний эрүүл мэнд, урт удаан наслахад чухал үүрэгтэй шим тэжээлийн талаарх асуудлыг mодорхойлж, түүнийг шийдвэрлэх арга замыг бүхий л түвшинд хэлэлцэх зорилготой Төв Евразийн орнуудын "Шим тэжээлийн чуулган 2017" өнөөдөр ЭМЯ-нд эхэллээ. Монгол улсаас санаачлан зохион байгуулсан тус чуулганы үндсэн хуралдаан “Монголын хүн амын шим тэжээлийн байдал” сэдвийн хүрээнд үргэлжлэх бөгөөд Харвардын эрдэм шинжилгээ, судалгааны нэгж MHI байгууллага, УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны ивээл дор ХХААХҮЯ, ЭМЯ, ШУТИС-ын Үйлдвэрлэл технологийн сургууль хамтран ажиллаж байгаа аж.




Чуулга уулзалтад УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ц.Гарамжав, А.Ундраа , ЭМ-ийн сайд А.Цогцэцэг, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга болон Казахстан, АНУ, Их Британи, ОХУ, БНХАУ, ХБНГУ, Швейцарь, Япон, Тажикстан улсын эрдэмтэн судлаачид оролцож байна.


Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг тус чуулганыг нээж хэлсэн үгэндээ, Төв Евразийн хоол тэжээл, газар нутаг, цаг агаар, зан заншил зэргээрээ ижил төстэй орнууд оролцож байгаа нь харилцан туршлага солилцох, хамтран ажиллах таатай нөхцөл бүрдэж байна. Шим тэжээлийн тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж, түүнийг шийдвэрлэх арга замыг бүхий л түвшинд хэлэлцэх зорилготой энэхүү чуулга уулзалтаас гарах зөвлөмжийг УИХ-ын гишүүд болон Байнгын хороодтой хамтран шийдвэрлэхэд бэлэн байна. Эрүүл мэндээ хамгаалахад хоол тэжээлийн зүй зохистой хэрэглээ нь бага өртөгтэй хэрнээ хамгийн үр дүнтэй арга байдаг.




Хүнс хоол тэжээлээс авч байгаа шим тэжээлийн чанараас өвдөх, эс өвдөх эсэх нь шалтгаалдаг. Манай улсад ходоод, гэдэсний замын өвчлөл нийт өвчлөлийн эхний тавд явж байна. Тиймээс өнөөдрийн чуулган ач холбогдлоо өгч тухайн өвчлөлийг тодорхой хэмжээнд бууруулахад томоохон дэмжлэг болно гэдэгт эргэлзэхгүй байна” гэлээ.


Мөн энэ үеэр ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга “Монгол Улсын төр, засгаас нийгмийн эрүүл мэндтэй салшгүй холбоотой хүн амын хоол тэжээл, хүнсний аюулгүй байдалд анхаарлаа хандуулж, бодлого шийдвэртээ тусган, тусгайлан хөтөлбөр батлан амжилттай хэрэгжүүлж ирсэн. Хэрэгжүүлж ирсэн ажлуудыг цаашид тогтвортой хадгалах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” зорилт дэвшүүлж, уг зорилтыг хангах хүрээнд Мах, сүүний анхдугаар аян”-ыг шинээр эхлүүлсэн. Мөн ”Атрын III аян”-ыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шийдвэрийг гарган орон даяар өрнүүлж эхлээд байна. Энэхүү чуулган Монгол Улсын хүн амын хоол, хүнсний шим тэжээлийн байдлыг сайжруулахад үнэтэй зөвлөмж өгч, сайн туршлага болно гэдэгт итгэлтэй байна. Амжилттай хэрэгжүүлэхэд салбар хоорондын нягт хамтын ажиллагаа чухал” хэмээн онцоллоо.


Төв Евразийн орнуудын хүн амын дунд өргөн хүрээг хамраад байгаа шим тэжээлийн доройтлын түвшин, түүний эрсдэлт хүчин зүйлийг тогтоох, тэдгээрээс үүдэлтэй өвчин эмгэгийг бууруулахад чиглэсэн арга замыг тодорхойлон хамтын ажиллагааг нягт уялдуулж, олон улсын экспертүүдээс хүнс баяжуулалтын тухай хууль, түүнийг хэрэгжүүлэх дүрэм журам, стандарт шинжлэх ухааны үндэслэлтэй зөвлөмжүүдтэй танилцаж мэдээлэл авах юм. Түүнчлэн Монгол Улсын хүн амын шим тэжээлийн хэрэглээ, түүний эрсдэлт хүчин зүлй, эдгээрээс үүдэлтэй өвчин эмгэгийн тархалтын талаар танилцуулж, Төв Еврази дахь шим тэжээлийн ижил төстэй тулгамдсан асуудлуудад анхаарал хандуулж шийдвэрлэх арга замыг хэлэлцэх юм байна.


Тус чуулганы салбар хуралдаан Шим тэжээл ба Сүрьеэ “Сүрьеэгүй Улаанбаатар хот санаачилга” нэртэйгээр зохиогдох юм байна. Энэ үеэр сүрьеэ болон шим тэжээлий асуудлын харилцан хамаарлыг хэлэлцэхээс гадна Харвардын их сургуулиас эхлэлтэй “Сүрьеэг тэглэе- Сүрьеэгүй хотууд” санаачилга, түүнийг амжилттай хэрэгжүүлж буй хотуудын туршлагаас хуваалцах юм байна. Одоогоор Энэтхэгийн Чиннай, Африкийн Дурбан, Пакистаны Карачи, Кенийн Кизуму, Перугийн Лима, Оросын зарим хотууд уг санаачлагад нэгдэн өөрсдийн онцлогт тохирсон стратегийг гаргаж харилцан мэдээлэл солилцон ажилладаг гэнэ. Манай улсын хувьд “Сүрьеэгүй Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хамтын ажиллагааны санамж бичгийг зурсанаар дээрх дэлхийн санаачлагад нэгдээд байгаа аж. Хөтөлбөрийг бүх дүүргүүдэд шат дараатайгаар хэрэгжүүлэх бөгөөд чуулганы үеэр Хан-Уул дүүргээс эхлүүлэх ажээ.


П.Нарандэлгэр




Холбоотой мэдээлэл