Газар дээрээс нь


Хүчирхийлэлд уриалсан мэдээллийг олон нийтийн сүлжээгээр цацахгүй байхыг уриаллаа

3 жил, 1 сар TIMES.MN



“Эвийн хадагтай эмэгтэйчүүд” хөдөлгөөний төлөөлөл 12 ээж өнөөдөр мэдээлэл хийлээ.


Олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллээр иргэдийг хүчирхийлэлд уриалан дуудсан мэдээ нэвтрүүлгийг аль болох  цацахгүй байхыг хэвлэлийнхэнд анхааруулсан юм.


“Эвийн хадагтай эмэгтэйчүүд” хөдөлгөөний тэргүүн Н.Батцэцэг хэлэхдээ “Ойрын өдрүүдэд иргэдийг айдаст автуулсан мэдээ мэдээллийг ил тод зарлаж, нийгэмд айдас төрүүлэн залуусыг хүчирхийлэлд уриалан дуудах шинжтэй мэдээлэл гарах болсон. 2008 оны долдугаар сарын 1-ний явдал дахин давтагдах бий гэхээс айж эмээн  улс орон, ард түмнээ хүчирхийллээс хол байлгах, иргэд маань хоорондоо эв эетэй байхыг манай хөдөлгөөний ээжүүд уриалж байна” гэв.


 Мөн тэд удахгүй болох сонгуульд Монголын ард түмэн урд урьдынхаасаа илүү хариуцлагатай ухаалаг сонголт хийж идэвхтэй оролцохыг ээжүүдийн төлөөлөл хэлж байлаа.




Монголын түүхэнд хараар тэмдэглэгдэн үлдсэн тэр өдөр таван ээж хань ижил, үр хүүхдээсээ хагацаж байсан эмгэнэлтэй үйл явдал болж өнгөрсөн билээ. Тэрхүү явдлаас хойш “Эвийн хадагтай эмэгтэйчүүд” хөдөлгөөнийг анх зохион байгуулж үүсгэсэн түүхтэй аж.




Өдгөө дэлхийн өнцөг булан бүрээс болон хот хөдөөнөөс нийлсэн 200 гаруй эмэгтэйчүүд, ээжүүд энэхүү хөдөлгөөнд нэгдээд байгаа юм.




Б.Болормаа





Холбоотой мэдээлэл