Ч.Энхболд: 12 настайгаасаа чулуугаар зүүлт хийж жуулчдад зардаг байлаа

3 долоо хоног, 3 өдөр TIMES.MN
Гоё Монгол булангийнхаа энэ удаагийн дугаарт 12 наснаасаа эхлэн өөрийн сонирхлоороо чулуугаар зүүлт хийн жуулчдад зардаг байсан. Улмаар үүнийгээ хөгжүүлэн Тайланд улсад чулуу засалтаар сурч, одоо Монголдоо чулуу урлалыг хөгжүүлэхийг зорьж яваа Ч.Энхболдтой ярилцаж, та бүхнийг гайхамшигт чулууны ертөнцөөр аялуулахыг зорилоо.



-Та өөрийгөө танилцуулаач. Яагаад энэ чулуу гэгч зүйлийг сонирхох болов?

-Би 12 настайгаасаа эхлэн жуулчдад гар урлалын зүүлт хийж зардаг байлаа. Тухайн үед баргилт гэж зөөлөн чулууг ашигладаг байсан юм. Жил ирэх тусам чулууны талаарх мэдлэг дээшлэн, нэг л мэдэхэд миний хобби болсныг анзаараагүй явж. Ингээд чулуу заслын сургуульд орохоор шийдсэн. Гэвч Монголд энэ чиглэлийн сургууль байдаггүй юм байна лээ. Маш их судалгаа хийсэн. Ер нь энэ чиглэлээр сургалт явуулдаг сургуулиудын төлбөр их өндөр. Надад Энэтхэг, Тайланд гэсэн хоёр сонголт л байсан бөгөөд Тайланд хоёр жил үнэт чулуу засалчаар сураад ирсэн. Ирээд Үйлдвэрлэл урлалын сургуульд үнэт чулууны дарханаар үргэлжлүүлэн сурсан.


-Чулуугаа ихэвчлэн хаанаас авдаг вэ. Монгол байгаа энгийн чулуунуудаас сонгодог юм уу?

-Үндсэн түүхий эд буюу чулуугаа ихэвчлэн говийн нутгуудаас сонгодог. Мөн Хэнтий, Хөвсгөл, Өвөрхангай гээд ер нь энд тэндээс л авна даа.




-Чулуугаа сонгохдоо яг юуг нь харж байж сонгодог вэ. Эсвэл тусдаа өвөрмөц чулуу байдаг уу?

-Чулууг эрдэнийн чулуу, хагас эрдэнийн чулуу гэж хоёр ангилдаг. Бүх чулуу дотроо сорттой байдаг. Ер нь чулуугаа сонгохдоо эхлээд материал боловсруулалтаа тооцдог. Хэр хагаралтай, хэр тунгалаг байна, юу хийх боломжтой гээд л. Чулуугаа сонгосны дараа скизээ бодно. Тухайлбал ямар бүтээл гаргавал илүү тохиромжтой байна гэх мэт. Тэгээд чулуун дээрээ тэмдэглэл хийж үндсэн ажилдаа орно доо. Бүдүүнээс маш нарийн иртэй чулууны хуурайн дээр чулуугаа нэг бүрчлэн зүлгэнэ. Ингээд үндсэн хэлбэрээ олсны дараа өнгөлгөө хийгдэнэ. Чулууг өнгөлнө гэдэг нь энгийнээр тайлбарлавал хумс өнгөлөхтэй адил. Гэхдээ өнгөлдөг тоног төхөөрөмж нь чулуунд зориулагдсан байдаг. Бүх чулууг ийм дарааллаар хийдэг. Ямар бүтээл хийж байгаагаас шалтгаалж зарцуулах цаг нь өөр өөр байдаг. Ер нь чулуугаар юм хийнэ гэдэг тийм ч амар ажил биш.




-Таны урласан чулуунуудыг харахад янз бүрийн өнгөтэй байна. Яаж ийм болгодог вэ. Будганд оруулдаг юм уу?

-Хөгжилтэй орнууд элсийг өндөр температурт хайлуулж шахаад лазерийн аргаар, химийн аргаар чулууг өнгөлдөг. Энэ технологийг Монголд нэвтрүүлэх гаардлагагүй. Учир нь ориг чулуу манай улсад байгаа учир ингэж өнгөнд оруулах шаардлага байхгүй. Манайд эрдэнийн чулуу байгаа юу гэвэл байгаа. Гэвч геологийн ажил ашигт малтмал руу чиглэсэн учир эрдэнийн чулууны өсөлт зогсонги байдалтай байгаа юм. Мөн монголчууд чулууны талаар мэдлэг хомсоос болж гадны улсын шилийг чулуу гэж андууран авах тохиолдол элбэг байна.




-Тэгэхээр хөдөө хээр байгаа энгийн чулуунуудыг өнгөлөөд байхаар тийм гоё өнгө гараад ирдэг гэсэн үг үү?

-Яг тийм. Ер нь эртний олдворуудаас хаад хатдын хувцас үнэт чулуутай хосолсон гарч ирдэг.


-Та бүтээлээ хаагуур, хэдэн төгрөгөөр борлуулдаг вэ?

-Чулуу бүхэн сорттой байдаг. Сортоосоо шалтгаалаад үнэ нь янз янз. Борлуулалтын хувьд хувиараа жуулчид их очдог газраар өөрөө явж борлуулдаг. Яаж хийсэн, ямар онцлогтой гээд өөрөө хийсэн зүйлээ тайлбарлаад зардаг. Хааяа үзэсгэлэн худалдаанд оролцдог.


-Монголчуудад зардаггүй хэрэг үү?

-Манайхан чулууны талаар сайн мэддэггүй. Дээрээс нь хүний хөдөлмөрийг үнэлдэггүй. Тиймээс ихэвчлэн жуулчдад зардаг.


-Яг тогтсон дэлгүүр байхгүй гэж үү?

-Тиймээ. Залуучууд бидэнд барьцаа хөрөнгө гээд байх зүйл байхгүй учир зээл олдодгүй. Олдсон ч хувь хүнээс 10 хувийн хүүтэй зээл олддог. Тэгээд олсон ашгаа хүү болгож төлөөд хөгждөггүй. Ер нь Монгол улсад салбар бүрт чадварлаг залуус олон байгаа. Гэвч төр засгаас ямар ч дэмжлэг байхгүй учир тэд хөрөнгө мөнгөний асуудал дээр ирээд гацдаг. Саяхан 30 саяын үнэ бүхий хамгийн гол чулуу янзалдаг машинаа зараад зээлээ төлж дууссан. Зээлээр амьдраад хөгжихгүй юм байна гэдгийг л сайн ойлгосон. 30 сая төгрөгний зээл аваад сард гурван сая төгрөгний хүү төлөхөөр яаж хөгжих вэ дээ.




-Тоног төхөөрөмжөө зарсан гэхээр чулуу заслаа хийхээ больж байгаа юм уу?

-Үгүй ээ. Үргэлжлүүлэн хийнэ. Хамгийн гол машин нь л байхгүй. Монголчлоод жижиг зүйлсийг бол өөрийнхөөрөө хийж болно.


-Та энэхүү чулуун урлалаа хөгжүүлье гэвэл эхний ээлжинд хэдэн төгрөг шаардлагатай байна вэ?

-Ер нь их хөрөнгө мөнгө шаардагдана. Багаж тоног төхөөрөмж нь их үнэтэй. Тэр бүхнийг нэг дор авна гэвэл барахгүй. Гэхдээ эхний ээлжинд 30 сая төгрөгтэй байхад болох байх. Бусдыг нь бол яахав яваандаа бага багаар авч болно.


-Таны ойрын хугацаанд төлөвлөж байгаа зүйл юу байна. Хэтийн зорилго ч гэх үү?

Би үндэснийхээ өв соёлыг хадгалж үлдээхэд өөрийн хувь нэмрийг оруулахыг хүсдэг. Тэр ч утгаараа үүнийгээ орхихгүй. Гадагшаа явж өөр мэргэжлээр сурч ирээд, өндөр цалинтай ажилд орж олсон мөнгөөрөө энэ ажлыг хөгжүүлнэ гэж бодож байна.


- Монголчууддаа хандаад уриалга дэвшүүлээч?

-Үндэсний үйлдвэрлэл хөгжихөд иргэдийн оролцоо их чухал байдаг. Монгол Улсын хөгжлийн гарц нь дотоодын бүтээгдэхүүнээ дэмжих гэж би боддог. Тиймээс үндэсний үйлдвэрлэлээ дэмжичгээе гэж уриалмаар байна.


Л.Булганчимэг



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    3 долоо хоног []


teneg tur demjihgui bh aa