Э.Сайханбаатар: Хөлд мэдээ орохгүй байх вий гэж их айсан

5 сар, 4 долоо хоног TIMES.MN

Тамирчны хамгийн харгис дайсан нь бэртэл, гэмтэл байдаг Манай улсад жил ирэх тусам спортын төрөл хурдацтай хөгжиж байгаа бөгөөд түүний нэг нь “Волейбол”-ын спорт юм.


Хөгжлөө дагаад тамирчдын амжилт, ур чадвар ахиж байгааг дасгалжуулагч нар онцолж байгаа аж. Өнөө цагийн Монголын волейболын өнгийг тодорхойлж, гаднын томоохон клубүүдийн анхаарлыг татаж буй цөөнгүй тамирчин манайд байдаг. Тэдний нэг бол Монгол Улсын үндэсний шигшээ баг, “Тэнүүн-Огоо” клубийн тамирчин Э.Сайханбаатар билээ.




2015 онд Монголд болсон Зүүн Азийн АШТ-ий үеэр спортын хорхойтнууд түүнийг сайн мэддэг болжээ. Учир нь тамирчин залуу хамгаалалт, довтолгооны хамаг л хүнд ачааг үүрч, бусдаас эрс ялгарч чаддаг хэмээн дэмжигчид нь ярилцдаг байна. Манай улсад энэ сарын 20-26-ны хооронд болж буй Зүүн Азийн АШТ-д багийнхаа хамт оролцож байгаа.


Тамирчин залуугийн ээж нь үндэсний шигшээ багийн тоглогч асан, ОУХМ Б.Уранчимэг юм. Найман настай байхдаа анх ээжээрээ волейбол заалгасан бөгөөд багаасаа волейболтой амьдралаа холбосон тамирчин залуу мини волейболын УАШТ-д оролцон, “Өсөх ирээдүйтэй тамирчин”-аар шалгарч байжээ.




Аварга шалгаруулах тэмцээнээс хичнээн медаль хүртсэнийг тодруулахад “Үнэнийг хэлэхэд яг тэд гэж тоолж байгаагүй. Тоог нь алдсан. Лав Ерөнхий боловсролын сургууль төгсөтлөө оролцсон тэмцээнээсээ медалиас мултарч үзээгүй. Би шилдэг довтлогч, ээж минь шилдэг дасгалжуулагчийн шагналыг олон удаа хүртсэн” гэлээ.


Тамирчны хамгийн харгис дайсан бол яахын аргагүй бэртэл, гэмтэл. Энэ дайсан түүнийг ч бас тойроогүй. Хөл нь шагайгаараа бүтэн эргэж, юу ч мэдрэхгүй болсон нь таван жил хөдөлмөрсөн хүчин чармайлт нь салхинд хийссэн мэт санагдсан гэдэг. Э.Сайханбаатар хэлэхдээ “Бэртлээ эдгээгээд Солонгосын үндэсний лигт нь тоглох боломж надад байсан. Солонгосын лигийнхэн бэртэл чинь дараа жил илааршчихна, ганцхан жил хүлээчих гэдэг байлаа. Хөлд мэдээ орохгүй байх вий гэж их айсан. Солонгосын эмнэлэгт үзүүлэхэд “Хэрвээ хөлд чинь мэдээ орохгүй бол ямар ч аргагүй” гэдэг байсан ч найман сарын турш уйгагүй эмчлүүлсний эцэст хөл дээрээ боссон азтай хүн дээ, би. Тэгээд л шууд эх орон руугаа буцсан. Энд ирсний дараа хөл зовиуртай байхаар нь бариачид үзүүлтэл мултарсан шагайг дутуу оруулчихсан байсан юм билээ” гэлээ.


2013 онд эх орондоо ирсэн тамирчин залуу ээжийнхээ дасгалжуулдаг байсан “Алтайн барс” клубт тоглон, бүхнийг шинээр эхэлжээ. Дараа жилийнх нь хавар, намрын тэргүүн тэмцээнд түрүүлсэн амжилтаар Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөхдөө шилдэг таван тамирчны нэгээр шалгарсан юм. Мөн 2014 онд элсний волейболын олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртэн, түүхэн амжилтын эзэн болжээ.


Тус багийн дөрвөн тамирчны гурав нь ээжийнх нь шавь байсан юм. Э.Сайханбаатарын хөлний бэртэл өдгөө ч бүрэн эдгээгүй, үе үе өвддөг аж. Энэ нь түүний тоглолтод чамгүй нөлөөлж, бэртлээ сэдрээхээс айгаад заримдаа довтолж чаддаггүй ч хэр баргийн өвдөлтийг аль болох тоохгүйг хичээдэг гэнэ. 2015 оноос “Тэнүүн-Огоо” багт хүчин зүтгэж буй тэрбээр энэ жил “Холбооны цом”-д түрүүлж, шилдэг тамирчнаар шалгаран, 2017 оны амжилтын салхиа хагалжээ.


Тэрбээр шигшээ баг, клубтээ тоглохын хажуугаар ээж, аавынхаа хамт волейболын “Ирээдүй” сургалтын төв болон клуб байгуулан, залгамж халаагаа бэлдэж байна. “Ээж минь надад волейболоос гадна амьдралын ухаан заасан” хэмээж буй тэрбээр 12 дугаарын өмсгөл өмсдөг. Ээж нь 12 дугаартай тоглодог байсан тул үргэлжлэл нь болж яваагаа бэлгэдэн энэ тоог сонгожээ. Спорт бол залуу насны ажил. Хэрвээ тэр бэртээгүй бол өдийд хэр амжилт гаргах байсныг таахад бэрх. 


Б.Болормаа



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    3 сар, 3 долоо хоног [66.181.181.23]


Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр түрээслүүлнэ 99041126


Зочин    5 сар, 2 долоо хоног []


mongoldoo emchlyylsen bol ert edgeh baijdee


Зочин    5 сар, 4 долоо хоног [202.70.34.70]


манайхан сайн байсан. Гагцхүү сэтгэл зүй өөрөөр хэлбэл сэтгэл хөдлөл нэлээд өндөр байсан_ Бусдаар техник болж байнаа


Зочин    5 сар, 4 долоо хоног []


сайн тоглогч байнаа,тоглолтын гол төлөөлөл гэж харсан шүү дүүдээ амжилт хүсье бэртлээ бүрэн эмчлүүлэж бэлтгэлээ тасралтгүй хийж байвал ирээдүй улам тодрох ёстой ,,,сайхан дүү шүү,,.


Aagii    5 сар, 4 долоо хоног []


Minii huu sags toglodog sportin master, tamirchin. Odoo gadaadad bgaa.. Huugee sanaj bn. Minii huu sain emchluuleerei. Amjilt


Тунгаа    5 сар, 4 долоо хоног [202.9.40.78]


Маш сан тоглодог. Сайхан хүү шүү Гэхдээ хөлөө сайн эмчлүүлэх хэрэгтэй. Амжилт хүсье