Газар дээрээс нь


Онцгой байдлын хэмжээнд гал унтраах гуравхан автомеханик л байна

3 жил, 9 сар TIMES.MN

 Байгалийн гамшиг, ахуйн гал түймэр, автотээврийн осол, хүний амь нас, эд хөрөнгийг өөрийн амь насаараа хамгаалдаг албан хаагчид бол Онцгой байдлын албан хаагчид гэхэд хилсдэхгүй. Тэд жилд 800 гаруй хүний амь нас, 10 гаруй тэрбум төгрөгийн өмч хөрөнгө, олон сая га газар, ой мод, байгалийн гамшиг, гал түймрийн болон бусад аюул ослоос хамгаалж ажилладаг байна. Гэтэл өнгөрсөн 10 жилийн хугацаанд 30 гаруй албан хаагч албан үүргээ гүйцэтгэж байгаад амиа алджээ.


Тус албан хаагчдад хүндэтгэл үзүүлэхээр Нийслэлийн онцгой байдлын газрын нээлттэй өдөрлөг чингисийн талбайд энэ сарын 17-нд болж өнгөрлөө. Өдөрлөгт амиа алдсан зарим албан хаагчдын ар гэрээс хүрэлцэн иржээ. Тэдний хамаатан садан төрөл төрөгсөд нь нүдэндээ нулимс авч харагдана.


Онцгой байдлын газарт тулгамдаад байгаа асуудлын нэг гал унтраах техникийн автомашины хүрэлцээ муу байгааг гал унтраах, аврах ангийн алба хаагч нар хэлж байв. Тухайлбал, галыг унтраах, өндөр барилга дээр ажиллахад ашигладаг автомеханик шат гэхэд нийслэлд гурав байдаг бол автомашины тасдагч, полматор буюу нурсан барилгын хөшүүрэг зэрэг чухал шаардлагатай автотехник дутагдалтай байдаг аж.




Энэ тухай нэрээ нууцлахыг хүссэн албан хаагч “Нийслэл хот өнөөдөр хэчнээн хүн амтай билээ. Гэтэл онцгой байдлын хэмжээнд гал унтраах гуравхан автомеханик л ашиглаж байгаа гэхээр яаж хүрэлцээтэй байх вэ дээ. Хөдөө орон нутагт бол техник хэрэгслийн хангамж маш муу” байгааг хэлж байсан юм.




Өдөрлөгийн үеэр албаныхан өөрсдийн ашигладаг ойн түймэр унтраах, уснаас аврах, авто ослын багаж техникүүдээ ард түмэндээ үзүүлж тайлбарлаж байв. Багаж төхөөрөмжүүд нь БНСУ, БНХАУ, Япон улсад үйлдвэрлэгдсэн бөгөөд 3-аас 4 жилийн хугаацаанд хэрэглээд байгааг албаныхан энэ үеэр онцоллоо.


Онцгой байдлын албанд 20-иод жил ажиллаж байгаа Нийслэлийн аврах ангийн 105-р бүлгийн дарга, ахлах дэслэгч Э.Баттулга “Би Нийслэлийн онцгой байдалд олон жил ажиллахдаа өчнөөн хүн аварч байсан. Иргэд өөрсдийн анхаарал болгоомжгүй байдлаасаа болж усанд живэх нь их. Осолдсон иргэд ихэвчлэн согтуу эсвэл бага насны хүүхэд байх нь бий. Мөн тогтмол усыг гүехэн гэж эндүүрээд туулах гэж байгаад осолддог. Тиймээс дулааны улирал ирж байгаа энэ үед иргэд анхаарал болгоомжтой зугаалж байхыг сэрэмжлүүлье” гэлээ.




Мөн албан хаагчид хүүхэд багачуулд гал түймрийн аюулаас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөөг өглөө. Эх орондоо учирч болох эрсдэл, иргэдийн амь насыг цаг үргэлж хамгаалдаг нь онцгой байдлын албан хаагчдын өдөр тутмын ажил хэдий ч тэдний байгуулсан гавьяагаар бас бахархах учиртай билээ.


Б.Болормаа




Холбоотой мэдээлэл