Дэлхийн хүүхдийн утга зохиолын хамгийн нэр хүндтэй шагналд монгол зохиолч нэр дэвшлээ

1 сар TIMES.MN

Дэлхийн хүүхдийн утга зохиолын салбарт Нобелийн шагналтай эн зэрэгцэхүйц хэмээгддэг “Ханс Кристиан Андерсений шагнал”-д энэ жил Монголын хүүхдийн зохиолч нэр дэвшсэн байна. Дэлхийн 33 орны шилдэг 33 зохиолч нэр дэвшсэний нэг нь Монгол улсын төрийн соёрхолт, соёлын гавъяат зүтгэлтэн хүүхдийн зохиолч Жамбын Дашдондог юм.


Хүүхдийн зохиолч Жамбын Дашдондог энэ олон улсын нэр хүнд бүхий шагналд хоёр дахь удаагаа нэр дэвшиж байгаа бөгөөд энэ удаад түүний “Гурван марал”, “Гэр”, “Есөгчин”, “Хар шувууны цагаан түүх” болон “Өөдөө хаясан чулуу номууд нь нэр дэвшжээ.


Ж.Дашдондог нь 17 настай дунд сургуулийн сурагч байхдаа “Аргатай хүү” номоо улсын хэвлэлээр анх хэвлүүлснээс хойш 100 шахам ном бүтээж, тэдгээрээс 30 гаруй нь гадаад орнуудад хэвлэгдсэн байна. Түүний “Аав Ээж Би”, “Аранзэл зээрд”, “Чулуун домог”, “Морьтой үлгэр” зэрэг олон сайхан гайхамшигт зохиолууд, “Сайн байна уу”, “Түүдэг гал”, “Тавтай нойрсоорой”, “Баяртай” зэрэг зуслангийн дуунуудаар нь Монголын үе үеийн хүүхдүүд өсөж хүмүүжсэн. Ж.Дашдондог хүүхдийн уншлагыг монголын нөхцөлд тохируулан нүүдлийн номын сангийн хэлбэрээр зохион байгуулж, эдүгээ олон мянган км замыг туулж алс нутгийн хүүхдүүдэд ном хүргэсэн.


Тэрээр 24 жил нүүдлийн номын сан аялуулж, 137 мянган км замыг туулж алс нутгийн хүүхдүүдийг номоор дамжуулан хүмүүжүүлэх үйлст том хувь нэмэр оруулсан нэгэн. Түүний энэ үйлсийг Монголын төр өндрөөр үнэлж, өнгөрсөн арванхоёрдугаар сард Хүүхдийн зохиолч, Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Дашдондогт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн Соёрхол хүртээсэн юм.



Л.Булганчимэг



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.