Нийгэм


Эмнэлгүүдийн эмийн өр бодит эсэхэд аудитын шалгалт оруулна

4 жил, 3 сар TIMES.MN

Засгийн газраас энэ жил эрүүл мэндийн салбарын төсвийг танаснаас үүдэн эмнэлгүүд эмийн өрөнд орж, эм ханган нийлүүлэх компаниуд ирэх сарын 1 гэхэд эм өгөхөө зогсооно хэмээгээд байсан юм. Сүүлийн хэдэн сарын турш эрүүл мэндийн салбарын хэвийн үйл ажиллагаа доголдож, урд хормойгоо хойд хормойгоороо нөхөн аргацааж байсан.

Тэгвэл засгийн газрын ээлжит хуралдаанаар энэ асуудлыг шийдвэрлэхээр болжээ. Тодруулбал Эрүүл мэнд, спортын сайдын багц дахь эмийн төсвийг нэмж баталсан байна.

Ингэснээр зээлээр эм тариагаа авч байсан улсын эмнэлгүүдийн өрийн асуудлыг хэлэлцэж, нийт 7.8 тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргаж, эм үйлдвэрлэгчдэд өгөхөөр болжээ. Мөн энэ оны эмийн төсөвт өртгийг ч нэмсэн байна.

Ингэхдээ Эрүүл мэнд, Спортын яам Сангийн яамтай хамтран ажиллаж зээлийн асуудлыг улирлын мөнгөн дүнг шилжүүлэх замаар зохицуулахаар болсон.

Ингэснээр дөрөвдүгээр улиралд улсын төсвөөс эм, тарианы хэрэгсэлд зориулж авах ёстой 10 тэрбум төгрөгөө хоёр болон гуравдугаар улиралд шилжүүлж авахаар болжээ. Харин үлдсэн улирлын санхүүжилтийг ирэх аравдугаар сард Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар шийдэх төлөвлөгөөтэй байна.

Харин зарим эмнэлгүүдийн зүгээс одоогийн батлагдсан нэг сарын эмийн төсөв бодит тооцооллоос бага. Иймээс дахин үйлдвэрлэгчид, нийлүүлэгчдээс зээлээр эм, тариагаа авах болно гэсэн тайлбарыг хийгээд байгаа. Харин салбарын сайдын зүгээс улсын эмнэлгүүдийн үйл ажиллагаанд аудитын шалгалт хийнэ. Тэдний тооцоолсон эмийн өртөг яг бодит үнэ үү? гэдгийг нарийн шалгана гэдгээ мэдэгдлээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.