2017,5-Р Сар,01


СЭТГҮҮЛЧ:


TIMES.MN




Газар дээрээс нь


ОУВС манай асуудлыг хойшлуулсан шалтгаан

3 жил, 10 сар TIMES.MN

ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдахын тулд Монголын талаас болзолоо бараг биелүүлчихээд байгаа.   УИХ-ын чуулганаар 2017 оны төсвийн тодотголын эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсныхаа орой нь л Сангийн сайд Б.Чойжилсүрэн ОУВС -нд шуурхай захидал илгээсэн юм.   Өнгөрсөн баасан гаригт ОУВС-гийн Захирлуудын зөвлөл хуралдаж, Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдах манай Засгийн газрын хүсэлтийг хэлэлцэх ёстой байв. Гэвч ОУВС-гийн Захирлуудын зөвлөл манай асуудлыг хойшлуулжээ. Өөрөөр хэлбэл, Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдах манай улсын хүсэлтийг тэд хэлэлцэж, баталсангүй.

Уг нь ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдахын тулд манай Засгийн газар өнгөрсөн оны наймдугаар сараас хэлэлцээр  эхлүүлсэн юм. Тэдний зүгээс тавьсан шаардлагуудыг биелүүлж, төсөвтөө тодотгол хийж, долоон төрлийн татвар нэмлээ.  

Гэвч ОУВС  хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тул төсвийн сахилга батыг дээшлүүлэх, зардлыг бууруулах талаар зөвлөх, тулгах нь зүй ёсны тавих асуудал. Харин энэ далимдаа  үндэстэн дамнасан группуудын эрх ашгийг хамгаалах давхар бодлого үйлчлээд байна уу гэж хардахаар байна.


Учир нь Ц.Даваасүрэн тэргүүтэй УИХ-ын гишүүд    "Төсвийн тодотголыг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" тогтоолын төсөл  өргөн барьсан  байдаг.  Үүнийг нь 2017 оны төсовт тодотгол хийхдээ баталсан  юм.  Энэ тогтоолын талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн  “УИХ-ын гишүүдээс санаачилсан, төсвийн тодотголыг дагаж орсон УИХ-ын тогтоол байгаа. Энэ нь Хөрөнгө оруулалтын тухай болон бусад хуультай зөрчилдсөн зүйл байх магадлалтай гээд хуульчид ажиллаж байна” гэжээ. 

Гэвч ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах, эсэх нь эргэлзээтэй болсон тул МАН-ын бүлэг өнгөрсөн баасан гаригт ээлжит бусаар хуралдаж, дээрх тогтоолыг ОУВС-гийн зөвлөмжийн дагуу, өөрөөр хэлбэл, “Рио Тинто”-гийн шаардсаны дагуу өөрчлөх, эсэхийг ярилцжээ. Тэгээд “Өөрчлөх шаардлагагүй” гэж үзсэн байна. 



Харин Эдийн засгийн шинжээч Ч.Эрдэнэдалай "Хөрөнгө оруулагчид, зах зээлийн олон талт харилцаанд оролцдог хүмүүс, Монголыг сонирхдог хэн бүхэн үүнийг анхааралтай ажиглаж байгаа шүү дээ. Би бямба гаригт ОУВС-гийн суурин төлөөлөгч Нэйл Сакерээс мэдээлэл хүсэхэд, тэрбээр “Хөрөнгө оруулагчдын гадаад валютын гүйлгээтэй холбоотой УИХ-ын тогтоолын 11 дүгээр заалтыг судлах хэрэгтэй байна. Энэ заалт нь Монгол Улсын макро эдийн засгийн үзүүлэлтэд нөлөөлөх үү, үгүй юү гэдгийг судлахад хугацаа хэрэгтэй. Үүнийг тодруулж, үнэлэх ажлыг бид холбогдох албаны хүмүүс, эрх бүхий байгууллагатай хамтран хийнэ” гэсэн цахим шуудан ирүүлсэн. Энэ тогтоолыг нь хайж олчихоод сууж байна. “Хөрөнгө оруулагчдын борлуулалтын орлогыг Монголын банкаар дамжуулж, валютын нөөцийг нэмэгдүүлэх хэрэгтэй” гэсэн утгатай заалт юм байна" гэжээ.


Үүний  дүнд нь ОУВС-гийн хөтөлбөр хойшиллоо.  Эрх баригчид ОУВС-г орхиж, Оюутолгойгоо сонгох уу  гэдэг асуултын хариу энэ долоо хоногт гарна биз ээ.

Уг нь  Оюутолгойд орж, гарч байгаа мөнгө Монголын банкаар дамждаггүй. Хэр хэмжээний хөрөнгө эргэлдэж байгааг Монголын тал мэдэх аргагүй болж байгаа юм. Анхнаасаа л гэрээ хийхдээ энэ талаар нарийвчлан тодорхой тусгаагүйн балаг энэ. Уг нь Оюутолгой төсөлд орж гарч байгаа мөнгө Монголын банкаар дамжаад гардаг бол олон талын ашигтай. Адаглаад валютын ханш хэт савлахгүй тогтвортой байхад  ч нөлөөтэй. Дээрээс нь 34 хувийг эзэмшиж байгаа Монголын төр хяналт тавихад ч дэмтэй. Тиймээс гишүүд  Оюутолгойн шууд гадагшаа гарч байгаа мөнгийг Монголоор дамжуулдаг болох тухай заалт оруулсан аж.



Х.Тэмүүлэн 










Холбоотой мэдээлэл