Алтан хайчын эзэн Солонгос улсад суралцана

2 сар TIMES.MN

Ногоон, улаан, шар гээд өнгө өнгийн үстэй, бие болон толгойн дээрээ байгаль урласан үзэсгэлэн гоо охид, чадварлаг хөвгүүд энд цугларчээ. Тэд өнөөдөр өөрсдийн авьяас чадвараараа уралдахаар Аса циркийн танхимд хүрэлцэн ирсэн байна.



Энэхүү “Алтан хайч-2017” Улсын XV уралдааныг үсчин, гоо засалч, хумс засалч мэргэжлээр суралцагчдын ур чадварыг дээшлүүлэх, урамшуулах, дэмжих, тэднийг олон улсын жишигт хүргэх, дэлхийн ур чадварын стандарт үзүүлэлтэд нийцүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ удаагийн тэмцээнийг Хөдөлмөрийн яам, Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газар, Үйлдвэрлэл Урлалын Политехник коллеж, Монголын үсчин гоо заслын холбоо хамтран зохион байгуулж байгаа аж.




Тэмцээнийг аялгуут сайхан дуугаар нээлээ. Шүүгч болон хүндэт шүүгчдийг танилцуулаад эхний шатны оролцогчид тайзан дээр байраа эзлэв. Тайзан дээр тэдний хөдөлмөрийн багаж зэвсэг болох хайч, сам, будаг, бийр, маникан, толь гээд хэрэгцээтэй бүх зүйлийг байрлуулжээ. Бүх оролцогчид байраа эзлэн бэлэн болоход цагийг эхлүүлж тэмцээн ийнхүү эхэллээ. Үсчид янз янзын өнгийн үстэй моделийнхоо үсийг өөр өөрөөр сүлжинэ. Харин “body art”-ын зураачид гуалиг биен дээр бийрээр урлаж, маникюрчид охидын хумсыг урлагийн бүтээл болгож байлаа.




Алтан хайч тэмцээнд 14 сургуулийн 141 суралцагч оролцож байгаа бөгөөд ОХУ-ын Эрхүү мужаас мөн оролцогчид хүрэлцэн ирсэн байна.




Энэ жилийн тэмцээн өмнөх жилүүдээс юугаараа онцлогтой, тэргүүн байрын эзэн ямар шагналын эзэн болох талаар Үйлдвэрлэл-Урлалын Политехник коллежийн захирал Б.Даваажаваас тодрууллаа.

Тэрээр “Энэ жилийн хувьд ер нь суралцагчид мэргэжилдээ дуртай, сонирхолтой, үнэнч байгаа нь харагдаж байна. Мөн энэ удаагийн тэмцээн олон улсын шинж чанартай болж байгаагаараа онцлог юм. Тэмцээнд амжиллтай сайн оролцсон суралцагчдад энд ирсэн олон томоохон үсчин,гоо сайханы салонууд ажиллах хүсэлт тавидаг. Цаашлаад улсын болоод олон улсын мэргэжлийн үсчин, гоо сайханчдын тэмцээнд өрсөлдөх үүд хаалга нь нээгддэг. Тэмцээний ялагчийн хувьд манай сургуультай гэрээт Солонгосын Хайнаны эмэгтэйчүүдийн их сургуульд гоо зүйчээр суралцах эрхийн бичгийн эзэн болно” хэмээн ярилаа.


Алтан хайч тэмцээнийг 2002 оноос эхлэн Үйлдвэрлэл-Урлалын Политехник коллеж үүсгэн санаачилсан байна. Энэхүү коллеж нь нийгмийн эрэлт хэрэгцээний шаардлагаар үсчин гоо сайхан, оёдол эсгүүр, хувцас дизайн, автомашин засвар, цахилгаан гагнуур гэх мэт 32 мэргэжлээр 45 мянга гаруй мэргэжилтэй ажилтныг бэлтгэж нийлүүлсэн 51 жилийн түүхтэй сургууль юм. 


Л.Булганчимэг



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.