2017,4-Р Сар,19


СЭТГҮҮЛЧ:


TIMES.MN




Ж.Чимэдрэгзэн: Дэлхийн түвшинд ажиллаж амьдрах чадвартай зөв хүнийг бэлтгэнэ

2 сар, 1 долоо хоног TIMES.MN

 Монгол улсад анх удаа цэцэрлэг, сургуулийн цогцолборыг барьж байгуулж, анхны хичээлийн жилдээ амжилт ололтоор дүүрэн байгаа ‘’Монгол Оюун 21 дүгээр зуун’’ бүрэн  дунд сургуулийн талаар эцэг эхчүүдээс дуулсан таатай мэдээллийн мөрөөр тус сургуулийн захирал хатагтай Ж.Чимэдрэгзэнтэй уулзаж ярилцав.  


Танай  сургуулийн  “Хаа ч ажиллах, хэнтэй ч хамтрах чадвартай бүтээлч Монгол Хүн”-ийг төлөвшүүлэх зорилго тавьсан нь мэдээж эцэг эхчүүдийн  анхаарлыг  татсан. Магадгүй эцэг эхчүүдийн  хүүхдээ танай сургуульд элсүүлж оруулах  гол шалтгаан юм болов уу гэж ойлгосон. Зөв үү?

Манай сургууль байгуулагдаад гурван улирал хичээллээд явж байна. Барилга байгууламжийн хувьд гурван давхар, цэцэрлэг сургуультайгаа нэг дор төвлөрч үйл ажиллагаагаа явуулж байгаа. ‘’Эко констракшн’’ компаний хөрөнгө оруулалтаар баригдсан ийм сургууль байгаа. Сургалтын тухайд  англи хэл, математикийг гүнгийрүүлэн сургах чиглэлтэй. Салбарын яамны  цөм хөтөлбөрт нийцсэн,  Нобелийн шагналтан Артур Фишерийн зохиосон сургалтын хэрэглэгдэхүүн бүхий  “STEM”,  40 гаруй жил англи хэл заасан туршлагандаа тулгуурлан боловсруулсан, 16 улсын 400 гаруй сургуульд амжилттай хэрэгжиж буй  “Grape Seed” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.  Англи хэлний сургалтыг дээрх хөтөлбөрт суурилан бага анги болон цэцэрлэгийн хүүхдийн түвшинд сургалтаа явуулж байна. Дунд ахлах ангийн тухайд Кембриджийн сургалтын сурах бичгийг ашиглаж, 2018-2019 оны хичээлийн жилд уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлаа хангаад байна.

Төдийлэн сонсож дуулж байгаагүй юм байна. Грейпсийд хөтөлбөрийн онцлог юу вэ?

Нийт 40 бүлэг бүхий энэхүү хөтөлбөрөөр амжилттай хичээллэж дүүргэсэн сурагч англи хэлээр сургалтаа явуулдаг аль ч орны сургуульд хэлний бэрхшээлгүй элсэн орж суралцах чадвартай болох юм.  Англи хэлийг энгийн аргаар буюу ая зөнгөөр нь амарханаар сурах арга гэж тодорхойлдог.   Өөрөөр хэлбэл эх хэлээ сурсан тэр л аргаар нь заах арга юм.

Танай сургуулийг зориод ирэхэд хүүхдээ сургах гэсэн эцэг эхчүүдийн хөл хөдөлгөөн ихтэй харагдлаа. Тэдний зорин ирж байгаа эрэлт хийгээд танай сургуулийн давуу талаа юу гэж тодорхойлох бол...

Сургууль элсэлтээ аваад одоогийн байдлаар 520 гаруй хүүхэд суралцаж байна.  Цэцэрлэгтээ бараг 200 гаруй хүүхэд хүмүүжиж байгаа. Анхны жилдээ хичээллэж байгаа  гэхэд манайхыг маш олон эцэг эхчүүд зорин ирж байна. Гол шалтгаан нь хүүхдээ монгол хүн болгое, монгол хүн болгон төлөвшүүлье гэсэн сэтгэлтэй ирдэг нь манай сургуулийн сургалтын хөтөлбөртэй холбоотой болов уу. Эрдмээ ч сургана, эцэг эхдээ ээлтэй, эргээд  Монгол улсдаа дэмтэй, дэлхийн хэмжээнд сэтгэн бодож, олон улсын дайдад сэлэн амьдрах чадвартай зөв хүн болгон хүмүүжүүлэх зорилт тавиад, сургалтын хөтөлбөрөө боловсруулж улам боловсронгуй болгохоор бид чармайж байгаа. Бид хүүхэд бүртэй тулж ажилладаг. Тэргүүний хүүхдээ онцлоод түгээмэл ердийн сурлагатай хүүхдээ гээгдүүлдэггүй гэсэн үг л дээ.


Шинэхэн сургууль мэдээж соньхон. Дээр нь тал талаас өөр өөр сургуулиас цугларсан хүүхдүүд, багш нар. Шинэ орчин, тохь тухтай цэмцгэр анги танхим нь олон улсын стандартад нийцсэн байдал гээд давуу тал олон байх. 

 Манай сургуульд олон улсын сургалттай бусад  сургуулиадаас  англи хэл, математикийн чиглэлээр гүнзгийрүүлэн суралцаж байсан  хүүхдүүд нэлээд ирж байна.  Бидний хувьд эхлээд  нэлээд амаргүй байсан. 500 өөр сургуулиас  500 янзын сурлагын түвшинтай,  өөр өөр хэлний түвшинтэй хүүхдүүд ирсэн. Зарим нь монгол хэлээ ч мэдэхгүй, зарим нь англи хэл огт үзээгүй хүүхдүүд ч  байсан.  Бидний гол зорилго бол ирсэн хүүхэд болгоныг сургая гэсэн зарчим барьдаг.  Эхний  1-2 дугаар улиралд сурагчдын сурлагын түвшинг жигдлэх зорилгоор хичээлүүдийг интеграчилсан, дээр нь группуудэд хүүхдүүдээ хувааж түвшингийн ялгааг арилгахаар зорьсон.  Сайн хүүхдүүд ч ирсэн, тааруухан хүүхдүүд ч ирж байна.  Түвшингийн ялгаатай хүүхдүүдээс гадна багш нар ч бас янз бүрийн сургуульд ажиллаж байсан баг хамт олныг шинээр бүрэлдүүлж ажиллахад биднээс их ур чадвар, цаг хугацаа шаардаж байна.

Мэдээж уйгагүй хөдөлмөрийн үр дүн урдаас амжилтаар угтдаг. Эхний гурван улирлын багш сурагчдын хамтын ажиллагааны үр дүн юу байна вэ?

Чамлахааргүй үр дүн гарсан. Манай сургуулийн  багш сурагчид улирч буй гурван улиралд нийслэл дүүргээс зохион байгуулж байгаа олон олимпиадад амжилттай оролцов. Олон улсын урлагийн наадамд манай сургуулиас дөрвөн хүүхэд оролцлоо гэхэд дөрвүүлээ медаль, тусгай байр эзэллээ.   Хүүхдүүдээ бэлтгэсэн багш нарын идэвх зүтгэл,  эцэг эхийн дэмжлэг тусламж ихээхэн үүрэгтэй байсныг энд дурьдах ёстой. Оролцсон олимпиад бүрээс медаль хүртэж ганзага хоосонгүй ирсэн.  Бага ангийн багш нарын дунд явагддаг математикийн олимпиадад Намжилмаа багш маань дүүрэг нийслэлээс шалгарч,  улсын олимпиадад оролцохоор бэлтгэж байна. Нийслэлийн дунд сургуулийн багш нарын  дунд явагддаг  ‘’Тамирчин багш’’ спортын тэмцээнд физикийн багш Отгонбаяр алт,  технологийн багш Мягмар мөнгө медаль хүртэж,  шатрын тэмцээнд Баясгалан багш түрүүлсэн.  Манай багш нар гэхэд алт, мөнгө, хүрэл, тусгай байр гээд 20 гаруй медаль авсан.  

Сурагчдын тухайд ялангуяа  англи хэлний олимпиадад амжилттай оролцож байна. Хобби дунд сургуулийн нэрэмжит англи хэлний уламжлалт уралдаанд 3 хүүхэд оролцож байр эзэлж, багш нь 4 дүгээр байрт орсон. Глобаль удирдагч дээд сургуулиас зохион байгуулдаг англи хэлний олимпиадад манай сургуулийнхан 17 медаль авсан. Математикийн  олимпиадад 1 дүгээр ангийн  4 сурагч  медаль хүртсэн,  Биологийн улсын олимпиадад 8 А ангийн 18 хүүхэд, 7 дугаар ангиас 2 хүүхэд бэлтгэн оруулаад багаараа хүрэл медаль аваад ирсэн байх . 8 А ангийн Ананд гэхэд нийслэлийн биологийн олимпиадад байр эзэлсэн. Хичээлийн жилийн гурван улиралд манай сургууль нэгдсэн дүнгээр 150 гаруй медаль аваад байна.


Медалиудыг танайх түүсэн байна шүү, баяр хүргэе

Түүнээс гадна манай сургуулийг улс, нийслэл ,олон улсын уралдаан тэмцээнд тэргүүлдэг сурагчид зорьж ирж элсэж байгаа. Тухайлбал олон улсын хэмжээний шатрын мастер хүү 2 дугаар ангид, ОУХМ уран гимнастикч 11 дүгээр ангид суралцаж байна, 6 дугаар ангид даамны олон улсын хэмжээнд амжилт гаргасан сурагчид  манай сургуулийг сонгож  суралцаж байгаа нь бидний бахархал юм. Багш сурагчид ч баяртай байгаа.

Үүдээр ороход алдрын булан амжилтаар дүүрэх нь дээ

Манай үүдэнд амжилтын булан нээсэн байгаа, та ажсан бол бид бүх шагналуудаа дэлгэн тавьсан байгаа.  

Танай сургууль хүүхдүүдийг дэлхийн түвшинд сургахын зэрэгцээ  хүүхдүүдээ зөв хүн болох 7 дадал олгодог гэж яриад байгаа шүү дээ, танилцуулаач та...

Хүүхэд сурлагатай мундаг байх нь зөв.  Харин нийтлэг хэрэгцээ бол зөв хүн болж төлөвших, зөв хандлагатай, зөв үзэл бодолтой, зөв харилцаатай, ширхэг нь зөв хүн гэдэг дээ, тийм хүн болгох юмсан гэж залуу эцэг эхчүүд зорьж байна.  Манай сургууль энэ чиглэлд түлхүү ажиллахаар зорьсон, судалсан.  Эхний ээлжинд Монгол хүн болгож төлөвшүүлэхэд юунаас эхлэх вэ гэж судлаад  хөтөлбөр боловруулж байна.  Олон улсын түвшинд хэрэгжээд үр дүн нь батлагдсан өндөр бүтээмжтэй хүнд байх 7 дадалыг бага наснаас нь сургаж дадуулж хэвшүүлэх чадвар олгох ‘’Бяцхан манлайлагч’’ хөтөлбөр хэрэгжүүлж байгаа.  Зөвхөн хүүхэд төдийгүй багш нар бидэнд ч амьдралаа зөв авч явах,  ажлаа чанартай хийх, хүүхдүүдтэйгээ уйгагүй ажиллах чиглэлд бүтээмжийг эрс нэмэгдүүлсэн мундаг хөтөлбөр сонгосон байгаа. Энэ 7 дадалын нөлөө нь бол бидний өнөөдрийн амжилт юм.  Багш нар болон хүүхдүүд энэ хөтөлбөр хэрэгжүүлснээрээ ямар ахиц гарч байна гэдгээ энэ сарын 17-25 хооронд анги, сурагч, багш бүр тайлангаа тавьж хэлэлцүүлэх юм.

Сайн багш сайн сурагчаас гадна сургуулийн орчин чухал нөлөөтэй. Танай сургалтын орчин давуу тал юу вэ?

Манай сургууль 6000 гаруй метр квадрат талбайтай. 30-аад анги танхимтай, спортын заалтай. Дуу хөгжмийн танхим, номын сан, сүүлийн үеийн мэдээлэл зүйн иж бүрэн танхимтай.  Ирэх хичээлийн жилд байгалийн ухааны 3-аас доошгүй танхимыг тохижуулахаар төлөвлөж байна. Манай сургуулийг зорьсон хүмүүс ер буцаад явчихдаггүй. Хөрөнгө оруулсан компани маань өөрсдөө барилгын шинэ шийдлээрээ Монголдоо төдийгүй дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа явуулж байгаа учраас манай сургуулийн өнгө будаг, дизайн, орчин нөхцөл, ширээ сандал, самбар, гэрэлтүүлэг сэлт нь бүгд  орчин цагийн дэлхийн стандарт хангасан. Дээр нь  сэтгэлзүйн таатай орчинг бүрдүүлэхийн тулд чармайн ажиллаж байна. Богино хугацаанд тавьсан зорилгодоо нэгдэж ажиллаж чадаж байна.  Зөв үйлийн орчин нь багш, сурагч, ажилчин,  жижүүр ч бай хариуцсанаа зөв хийх, хариуцлагатай байх. Манайхан  нэг ч гэсэн  цагийг үр дүнгүй өнгөрөөхгүй байх зарчим баримталдаг.

Сургууль цэцэрлэг хоёр нэг дор төвлөрөн үйл ажиллагаагаа уялдуулсан нь та бүхний алсын хараатай холбоотой болов уу гэж бодогдсон

Цэцэрлэг сургууль хоёр бол уялдаатай. Давуу тал олон. Хүүхэд цэцэрлэгээр дамжин сургуульд орж ирдэг сургалтын залгамж холбоо чухал. Цэцэрлэгт бидний мөрддөг сургалтын хөтөлбөр 4 настайгаас нь эхлэн хэрэгжиж байгаа. Дөрвөн настайгаасаа суралцсан хүүхдийг 2 жилийн дараа манай сургууль хүлээн авахад бэлэн болно.  Цаашид үргэлжлүүлэн сургахад төвөг багатай.   Цэцэрлэгээр дамжаад манай сургуульд ороод нийт 14 жил суралцаад төгссөн хүүхэд бол дэлхийн хэмжээнд ажиллаж амьдрах чадвартай монгол сэтгэлгээтэй монголоо мэддэг дэлхийн хэмжээний монгол хүнийг бэлтгэх явц юм. 

Танай сургуульд  анги дүүргэлт гүйцсэн гээд байгаа. Гэтэл хүүхдүүдээ өгье гэсэн эцэг эхчүүд олон байна. Тэдэнд хандаж юу хэлэх вэ?

Манай сургууль өдийд байгуулагдаж байгаад би их олзуурхаж байгаа.  Би өөрөө боловсролын байгууллагад 30 гаруй жил ажилласан, бага ангийн багшаас нь эхэлж яам тамгын газар, дунд сургуулийн захирлаар олон жил ажиллаж байсан. Манайх дөрөвхөн ангийн элсэлт авахад арван ангийн элсэлтийн хүүхэд элсэхээр хандаж ирж байх жишээтэй.  Нэгдүгээр ангид элсүүлэхдээ бусад сургуулийн нэгэн адил элсэлтийн шалгалт зайлшгүй авах шаардлага урган гарсан.  Дандаа сайн хүүхэд түүж авахгүй нь мэдээж. Сургуульд элсэхэд  тэгш боломж олгох зорилгоор элсэлтийн шалтгалт авна. Түвшингийн зөрөөг арилгах зуны сургалт явуулна.  Шалгалт нь хэл ярианы чадвар, нотлох батлах чадвар, өндөр нам өнгө будаг ялгах чадваруудад суурилсан байна. Одоо манай сургуульд цөөхөн ангид орон тоо бий.  5, 9,10, 11 дүгээр ангид цөөвтөр хүүхэд авах байх.

Энэ олон сургуулиудыг хурдны  морьд гэвэл танайх аль хавьд давхиж явах ажнай байх бол,  бусад сургуулиас ялгарах брэндээ нэрлэнэ үү?     

Ирсэн хүүхэд бүрийг хүлээж авахыг чармайна, тэдний сурлага болон хувь хүүхдийн хөгжлийн  түвшинг ахиулна. Хичээл болон хичээлийн дараа хүүхэд бүртэй тулж ажиллана, тэдний онцлог мөн чанарт дүйцүүлсэн хөтөлбөрөөр хөгжүүлнэ. Одоо сурлага гэхээсээ илүү хувь хүний хөгжлийн хандлага чухал болчихлоо.  Манай онцлог нь массын сургалтаа голлож ирсэн. Манайхыг зорьж ирсэн бүх хүүхдийг сургах. Хоцрогдлыг богино хугацаанд арилгах. Шилдэгүүдтэйгээ ч тулж ажиллана, шилжин ирсэн хүүхэд бүртэй ч иж бүрэн ажиллана.  Цагаан толгойг яаж ийгээд сургачихдаг юм байна. Харин  хүүхдийг зөв төлөвшүүлэх зөв хүн болгох л  амаргүй үүргийг бид үүрнэ. Энэ бол манай сургуулийн ялгарах имиж бас брэнд. 



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 сар, 3 долоо хоног []


тийм шүү ёстой мундаг хамт олон. багш нар ёстой мундаг


Зочин    1 сар, 3 долоо хоног []


Хүүхдээ энэ сургуульд өгсөндөө 100% сэтгэл хангалуун байгаа, энэ сургуулийн хамт олон нээгдсэнээс хойш өдөр болгон л 22,,23 цаг хүртэл ажиллаж байгаа. Энд худал ярьсан,дөвийлгөсөн зүйл нэг ч алга. Зарим хүмүүс үргэлж хар юм бодож явах юм аа,


Зочин    1 сар, 3 долоо хоног []


Мундаг юмаа


Зочин    1 сар, 3 долоо хоног []


нээх том том ярилгүй ядаж монголдоо зүгээр хүн болж төлөвшиж амьдархыг заагаач


Зочин    2 сар [124.158.77.8]


Сайныг түгээж байгаа Гоё Монгол гоё юмаа


Зочин    2 сар, 1 долоо хоног [202.9.41.128]


mundag yumaa


Зочин    2 сар, 1 долоо хоног [124.158.77.8]


Мундаг сургууль юм аа холбогдох утас нь байна уу