Газар дээрээс нь


10,8 настай, 1 сартай гурван хүүхдийн ээж Ц.Уянга үнэнээ өчлөө

3 жил, 2 сар TIMES.MN

 


Төрөөд дөнгөж сар болж буй нялх үрээ тэврэн, хөлс нь бурзайн “Миний үрийг битгий ялгаварлаач” хэмээн ярих энэ бүсгүйг Ц.Уянга гэдэг. 10,8 настай, нэг сартай гурван хүүхдийн ээж. Хүүхдүүд нь амжиргааны түвшин тогтоох 500 онооноос дөнгөж хоёрхон онооны илүүгээр хүүхдийн мөнгөнөөс хасагдсан байна. “Өмнө нь хоёр хүүхдийнхээ 40 мянган төгрөгийг аваад хоол хүнсэндээ зарцуулаад л дуусдаг. Ганц шуудай гурил, жаахан мах аваад л болдог доо. Хүүхэддээ гутал ч авч чаддаггүй байсан” гэж тэрээр ярилаа. Энэ эмэгтэйтэй адилхан хүүхдийн 20 мянган төгрөгөөр амжиргаагаа залгуулдаг олон айл байдаг аж.

“Цалинтай ээж мөрийн хөтөлбөрийг нэн даруй хэрэгжүүл, хүүхдийн мөнгийг ялгаварлалгүй хүүхэд бүрт олго” гэсэн уриан дор ээж, аавуудын төлөөлөл өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлалаа.

Тэд хот хөдөөгийн хоёр мянган ээж, аавын гарын үсэг бүхий өргөх бичгийг УИХ-д өргөн барих аж. 15 хоногийн хугацаатай бичгийг илгээж,   хэрэв нааштай арга хэмжээ авахгүй бол тэмцлээ цааш үргэлжлүүлэн суулт, хуурай өлсгөлөн зарлан тэмцлээ үргэлжлүүлнэ гэлээ.

“Ээжүүдийн оролцоо- Монголын ирээдүй”  группын төлөөлөл  Т.Мөнхтөр “Төр бол айл гэрийн ноён нуруу эцэг хүн. Бид үр хүүхдээ ялгаварлан хоол унд өгдөггүйн адил төр ч гэсэн хүүхдүүдээ ялгах учиргүй. Хүүхдүүдийг юм хэлж чадахгүй болохоор нь тэднээс эхэлж төсвөө танаж байна” хэмээн санаа бодлоо илэрхийллээ.

 Харин ээж н.Ууганбаяр “Монгол улс хүүхдийн эрхийн конвенцид 1990 онд нэгдэж орсон байдаг. Гэтэл төр тэрхүү конвенцийн гурав дахь зарчим болох “Хүүхдийг яс, үндэс, шашин шүтлэг, нийгмийн гарал угсаагаар нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэсэн заалтыг зөрчиж байна” гэв.

2016 оны УИХ-ын сонгуулиар амлан ялалт байгуулсан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийг тэд шаардаж байлаа.

 Мөн 0-6 насны гурван хүүхдийн ээж А.Гарамханд “Бид нам харж биш мөрийн хөтөлбөр харж сонголтоо хийсэн. Тиймээс амлалтаа биелүүлэхийг шаардаж байна. Хаана байна ээжүүд цалинтай болсноор аз жаргалтай гэр бүл бүрдэнэ гэсэн тэр амлалт” гэж Ардын намын мөрийн хөтөлбөрийг харуулав. Мөн тэрээр “Сургуулийн орчинд хүүхдүүд нэгнээ баян, ядуугаар нь дуудан ялгаварлах үзэгдэл гарч байна. Жишээ нь өсвөр насны хүүхдүүд нэгнээсээ чи 20 мянга авдаг уу гэж асууна. Хэрэв авдаг гэвэл өө танайх ядуу юм байна” хэмээн ялгаварлах тохиолдол гарч буй талаар онцолсон юм.

Л.Булганчимэг




Холбоотой мэдээлэл