Аналитик


Долоон настай хүүг захиалгаар хөнөөж, “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой ноцтой мэдээлэл хийсэн өдрүүд

9 сар, 3 долоо хоног TIMES.MN

TIMES.MN таньд долоо хоногийн тойм хүргэж байна. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлаар ноцтой мэдээлэл хийлээ. Тэрээр “Эрдэнэт” үйлдвэрт Засгийн газрын 51 хувийн эрх мэдэл байхгүйг мэдэгдээд энэ бүх хувилдааны цаана ХХБ, УБ банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг гэдэг хүн байгаа гэсэн юм. Дэлгэрэнгүйг... эндээс уншина уу.



Мөн өнгөрсөн долоо хоногт нийгмийг цочроосон аймшигт хэрэг гарсан нь долоон настай хүүг аавынх нь нууц амраг захиалгаар хөнөөлгөсөн явдал байлаа. Хэрэг Дорнод аймгийн Хэрлэн суманд 2016.9.6-ний өдрийн 16:34 цагт иргэнээс Дорнод аймгийн Хэрлэн сумын ... тоотод оршин суух 7 настай эрэгтэй Т цахилгаанд цохиулсан байдалтай ухаангүй эмнэлэгт ирлээ гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. Мэдээллийн дагуу цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хэрэг болсон газарт очиж хойшлуулагүй ажиллагаа явуулж хэргийг илрүүлжээ. 2016.09.07-ны өдөр Т эмчилгээ хийгдэж байгаад нас барсан байна.

Дорнод аймгийн цагдаагийн газраас уг хэргийг шалгахад урьдчилсан байдлаар хохирогчийн эцэг Ц-тэй хувийн дотно харилцаатай 1992 онд төрсөн эмэгтэй С гэгч нь 1998 онд төрсөн Б-д захиалга өгч хөнөөлгөсөн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. Тиймээс С, Б саатуулан, хүний амь насыг санаатай хөнөөсөн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүгэж шалгаж байна. Тодруулбал С, Б нарыг Эрүүгийн хуулийн 91.2.11-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Энэ хэрэгт сэжигтнээр татагдаад байгаа Б нь хулгайн хэргээр 2 жилийн ялаар шийтгүүлэн, ял хойшлогдож байсан ажээ.

Ингээд өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдлын дэлгэрэнгүйг хүргэе.

Улс төр: Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа эхэллээ


Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгууль энэ сарын 19-нд Улаанбаатарын цагаар 07:00-22:00 цагийн хооронд явагдана. Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа эхэллээ. Сонгуульд өрсөлдөж буй нам, эвслүүд Сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.8-д заасны дагуу олон нийтийн радио телевизээр сурталчилгаагаа үнэ төлбөргүй явуулах эрхтэй. нэг нам, эвсэлд өдөрт 10 минут олгож байгаа аж. Сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг энэ сарын 27-ны өдөр гардуулсан. Энэ удаагийн сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд есөн нам, нэг эвсэл оролцож байна.


Нийгэм: Жирэмсэн эмэгтэйг чимхсэн эмчид хариуцлага тооцохоор болжээ

Яаралтай тусламжийн 103 төвийн эмч төрөх дөхсөн эмэгтэйг дуудлагаар авч явахдаа “төрж болохгүй” хэмээн гуяыг нь хөхөртөл чимхсэн хэрэг энэ сарын 27-ны өдөр гарсан талаар өчигдөр цахим ертөнцөөр багагүй шуугисан.

Тодруулбал, Төрөх хугацаагаа тулгаж дуудлага өгсөн 42 настай эмэгтэй эмнэлэг рүү явах замдаа хүчтэй өвдөлт өгөхөд түргэний эмч өвдөлт сарниулж булчин суллаж байна хэмээн эмэгтэйн гуя руу алгадан хөх няц болтол нь чимхжээ. Энэ асуудлаар өчигдөр ЯТТ-ийнхэн хуралдаж жирэмсэн эмэгтэйг гэмтээсэн гэх эмчийг буруу үйлдэл хийсэн хэмээн үзэж арга хэмжээ авахаар болжээ.

ТНБД нарын нэрийг Засгийн газарт хүргүүллээ


Төрийн албаны зөвлөлийн 30 дугаар хуралдаан хуралдлаа.  Хуралдаанд Удирдах ажилтныг сонгон шалгаруулах комисс есдүгээр сарын 27-28-нд зохион байгуулсан  11 удирдах албан тушаалын  сонгон шалгаруулалтын дүнг танилцууллаа.  Сонгон шалгаруулалтад 19  хүн өрсөлдсөн. Сонгон шалгаруулалтад орсон эдгээр иргэдийн дүнг нэг бүрчлэн сонсож хэлэлцээд, өрсөлдсөн ажлын байрандаа хамгийн өндөр оноо авсан
 

Б.Баярсайханыг  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын,

 

З.Мэндсайханыг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын,

 

Д.Очирбатыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын,

 

Н.Цагаанхүүг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын,

 

Г. Золжаргалыг Хүний эрхийн үндэсний комиссын Ажлын албаны Захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж саналаа Засгийн газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

 

 Мөн Ж.Ганбаатарыг Хэнтий аймгийн,  Ч.Сарангэрэлийг Төв аймгийн, С. Батжаргалыг Увс аймгийн,  Б.Ганзоригийг Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар, Х.Дашзэвэгийг Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар тус тус томилуулахаар нэр дэвшүүлэв. 


Томилгоо: ЦЕГ-ын дарга нарыг өөрчиллөө

ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Ц.Батсүх, дэд дарга Ж.Буянбат, Ц.Ням-Очир нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Тэдний оронд тэргүүн дэд даргаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтсийн даргын албан тушаалыг хашиж байсан, хурандаа П.Батбаатар, дэд даргад Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга асан, туслах комиссар Ч.Болдбаатар, Нийгмийн хэв журам хамгаалах газрын Хамгаалалтын I газрын дарга, хурандаа М.Лувсандорж нарыг томилжээ.

Шинээр томилогдсон алба хаагчид бүгд л цагдаагийн анхан шатны нэгжээс нь эхэлж, тасаг, хэлтэс, газрын даргаар ажиллаад үзсэн хүмүүс.

Гоё Монгол: Н.Ану “Хатан хаан” титмийн эзэн боллоо


Хятадын Пинь Янь хотод болсон “Miss Tourism Queen International” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Загвар өмсөгч Н.Ану ялагчаар тодорч, хатан хааны титмийн эзэн боллоо. Тэмцээн үндсэн нэг ялагчаас гадна таван тивийн төлөөлөл болгож таван бүсгүйг хатан хаанаар өргөмжилдөг уламжлалтай.  “Miss Tourism Queen International” тэмцээнд манай улсаас анх 2007 онд  загвар өмсөгч г.Оюунгэрэл оролцон Ази тивийг төлөөлсөн шагналт байрт шалгарч “Азийн хатан хаан” өргөмжлөл хүртэж байсан удаатай.

Энэхүү амилтыг ахиулан мисс Н.Ану дэлхийн тавцанд Монголынхоо нэрийг цуурайтуулж үндсэн ялагчаар тодорлоо.

Л.Ариун



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.