2017,4-Р Сар,10


СЭТГҮҮЛЧ:


Э.Ариунаа




Өв уламжлалаа дээдэлсэн "Титэм" сургуулийнхан

7 сар, 1 долоо хоног TIMES.MN

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын II арван жилийн сургууль анх 1970 онд үүсэн байгуулагдаж, өдгөөг хүртэл сурлага, урлаг, спортоороо манлайлсаар ирсэн арвин их амжилт бүтээлтэй, үлгэр жишээ сургууль юм. Мөрөн II арван жилийн сургууль нь 2006 онд МУГБ Д.Батсуурийн нэрэмжит болж, үүнээс хойш тус сургуулийн багш, хамт олон сурагчдынхаа суралцах орчиныг сайжруулахын тулд олон ажлуудыг хийж гүйцэтгэсээр иржээ. Үүний нэг тод илрэл нь хичээлийн танхимуудаа, тухайн хичээлтэй нь холбогдолтой байдлаар тохижуулсан байгаа нь тус сургуулийн багш нарын ямар хөдөлмөрч, хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй нь харагдаж буй юм.

Бид энэ тухай мэдээлэл авахаар МУГБ Д.Батсуурийн нэрэмжит “ТИТЭМ” ЕБС-ийн монгол хэл, бичгийн багш н.Оюунтунгалагтай холбогдсон юм.  




-Хичээлийн танхимуудын тохижилт маш гоё харагдаж байна. Анх ингэж тохижуулах санааг хэн гаргаж байв?


-Манай сургуулийн 1987 оны төгсөгч УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан 2010 онд төрөлх сургуулийнхаа 40 жилийн ойгоор мэдээлэл зүйн танхим нээснээр энэ ажлыг хийх санаа эхэлсэн. Монгол хэл , бичгийн багш Б.Должинсүрэн болон бусад хэл, бичгийн багш нар хамтраад  2014 онд 10 төгрөгийн  төсөл бичсэн. Тэгээд энэхүү төсөл маань дэмжигдсэний үндсэн дээр бид тендэр зарлаад энэхүү тохижилтыг хийж гүйцэтгүүлсэн. Харин хөшигний эх бэлтгэлийг манай багш нар хийгээд  Улаанбаатар хотод хэвлүүлсэн.  





-Хичээлийн танхимууд бүгд ийм тохижилттой юу?


-Үгүй ээ. Нийт дөрвөн хичээлийн танхим л ийм тохижилттой. Мэдээлэл зүйн, эх хэлний, үндэсний бичгийн, түүх нийгмийн мөн спорт заалаа бас шинээр тохижуулсан байгаа. Гэхдээ бид сурагчдаасаа нэг ч төгрөг авалгүйгээр, төгсөгчдөөс болон өөрсдийн санаачилгаар төсөл бичих шугамаар санхүүгээ бий болгож ийнхүү тохижилтуудыг хийсэн.




-Танай сургууль  нэрээ өөрчилсөн байна.  Хэзээ ийм нэртэй болсон юм бэ?


-2016 оны намар МУГБ Д.Батсуурийн мэндэлсний 100 жилийн ой тохиосон. Энэ хүрээнд бол сургуулийн нэрнээс эхлээд багагүй өөрчлөлтүүдийн хийсэн. Жишээлбэл ойн хүрээнд  эх хэлний танхимийг МУГБ Д.Батсуурийн нэрэмжит болгосон бөгөөд түүний үр хүүхдүүд нь тус танхимыг  тохижуулсан. Мөн энэ үеэр МУИС-аас багш нар ирж энэ танхимыг номын сантай болгох ажилд маань нэмэр болгож 400 номыг хандивласан байгаа. Үүнээс  гадна манай багш нар санаачлагаараа  эх хэлний танхимыг  багш, сурагчдад шаардлагатай гурван сая гаруй төгрөгийн техник хэрэгсэл /компьютер, телевиз/-ээр хангалаа.  Үүнээс гадна 2 сая гаруй төгрөгийн өртөгөөр номын сантай болгосон. Номын хүрэлцээ ч бас хангалттай байгаа. Цаашдаа анги бүрийг номын сантай болгох аяныг өрнүүлэх зорилготой ажиллаж байна.




-Сургуулийнхаа амжилт, давуу талаас дурьдвал?


-Манай сургууль аймагтаа эх хэлний түшиц сургууль гэсэн тодотголтой. Энэ нь ЭЕШ, олимпиад бусад амжилтаараа ийм нэртэй болсон. Ингэж нэрлэгдсэнээрээ аймгийн болон сумдын сургуулиудад үлгэр жишээ болох,  зөвлөн туслах үүрэгтэй гэж хэлж болно. Мөн  энэ жилийн монголын сайхан бичигтэн Улсын уралдаанд шавь нар баг хамт олноороо амжилттай оролцож, Академич Ш.Лувсанванданы нэрэмжит Тэргүүн дээд шагналыг хүртсэн.  Үүнээс гадна манай сургуулийн багш нар “Хүмүүн бичиг” сонин захиалж уншдаг. Бид чинь монгол хүмүүс, тийм ч учраас мэдээ мэдээллийг үндэсний хэлээрээ уншиж байх хэрэгтэй гэж боддог. Ингэснээр эх хэлнийхээ мэдлэг чадварыг нэмэгдүүлэх, сайжруулах бас нэг боломж гэж үздэг. 



 


Тийм шүү. Үндэсний бичгээ мэддэг, уншиж чаддаг чадвартай хүмүүс ховордсон энэ цаг үед маш сайхан үйл хэрэг байна. Үүнээс гадна суралцах орчин нөхцөл сайжрахаар сурагчдын хичээл таслалт, хоцрогдол багасаж, хичээлийн идэвх сайжирдаг байх гэж бодоод байх юм?


Яг зөв. Сурахад орчин маш чухал. тиймээс бид үлгэр жишээ ийм танхимтай болох юм сан гэж хэдэн жилийн өмнөөс  л ярьж эхэлсэн. Ярьж байсан зүйлээ хэрэгжүүлсэн. Энэ хирээр сурагчдын ахиц, амжилт нэмэгдсэн гэж бодож байна. Жишээлбэл, манай сургууль 2016 оны элсэлтийн ерөнхий шалгалтаар аймагтаа 2р байрт орсон амжилттай.


Байгууллагын амжилтад хамт олны хүчин чармайлт  маш чухал байдаг. Таны хувьд танай хамт олон бусдаас ялгарах ямар давуу талтай бол?


Тийм шүү. Манай хамт олон бол маш нийтэч. Нэгнийхээ гаргасан санааг дэмждэг, хамтарч ажилладаг. Ялангуяа манай захирал залуу хүн учраас биднийг уриалж, дэмжиж ажилладаг. Манай хамт олны гаргасан амжилт, хийсэн ажил бүхний ард бүгдийнх нь сэтгэл зүтгэл байдаг гэж л боддог доо.  


Цаг зав гарган бидэнтэй ярилцсан таньд маш их баярлалаа. Эх орныхоо  ирээдүйг тодорхойлох олон  шавь төрүүрэх болтугай


Ерөөл бат оршиг. Таньд ч бас ажлын амжилт хүсье.



 

 

 



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.