Анализ эксперт


Хүлэмжний хувьсгал

6 сар, 1 долоо хоног TIMES.MN




Ямар бизнес эрхэлбэл, ямар ажил  хийвэл ахиухан орлого олох вэ гэж эрэлхийлж байгаа хүмүүст энэхүү мэдээллийг зориуллаа. Манайханд  нэг эвгүй зан бий.  Тэр ашигтай гээд нэгнийхээ хийж байгаа бизнесийг дуурайгаад хошуурцгаадаг. Энэ нь амжилт олох гэхээсээ илүү эрсдэл дагуулах магадлалтай. Зах зээлийн багтаамж хэр юм, нийлүүлэлт нь ханачихсан уу, цаашдаа ямар ирээдүйтэй гэдгээ судлаж тооцоолох  нь “шаталт”-аас аварна.


Уул уурхай л сэргэхээр бизнес дагаад өндийнө гэж  горьдож суугаад цаг гарздах хэрэггүй юм шигээ. Саяхан Хөдөлмөрийн баатар хэмээх хүндтэй цолыг энгэртээ гялалзуулсан “Гацуурт” компанийн босс Л.ЧИНБАТ нэг гайхалтай үгийг ишлэл болгоно лээ. Тэрээр “ Монголын хөдөө аж ахуй, газар тариалан  бол Монголчуудыг тэжээх дараагийн үүц юм” хэмээн онцолсон юм.  Бизнесийн салбарт одтой яваа энэ бизнесмэн эр “Таван Толгой”, “Оюу Толгой”-гоос  илүүтэй ирээдүйд ашгаа өгөх, шавхагдашгүй  нөөцийг олоод харсан хэрэг.Тийм ч болохоор тэрээр энэ салбарт гар татахгүй мөнгө  хаяж байна. Хэдийгээр  бололцоо, чадавхи, оюун ухаан,  хүч хөдөлмөр, хөрөнгөө зориулж байгаа ч монголчуудын  газар тариалан, мал аж ахуйн салбарын бүтээгдэхүүний хэрэгцээг бүрэн хангаж барахгүй.  Тэгэхээр энэ салбарт хангалттай зах зээл байна. Үр ашигтай ажиллах боломж дүүрэн байна гэсэн үг.


Зөвхөн газар тариалангийн салбарт жишээ татья.  Төмс, манжин, лууван, улаанбуудай тариалаад, ургуулаад ашиг олно гэвэл хэцүүхэн болчихсон. Учир нь тариаланчид дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангадаг болчихоод байна.  Тоо баримтаас шүүрдэхэд төмсний дотоодынхоо хэрэгцээг хангадаг болоод зургаан жил болчихож. Тариалалт буурч, харин амт, чанарыг хэрхэн дээшлүүлэх талаар өрсөлддөг болжээ.  2016 онд  гэхэд луувангийн хэрэгцээгээ бас бүрэн хангасан байна. Тариаланчид   асаргаа  бага  шаарддаг  болохоор   төмс, лууван, манжингаа  түрүүлж тариалдаг хэрэг. Харин сармис, байцаа, сонгино, өргөст хэмх, улаан лооль гээд  нарийн ногоог ургуулахад хүлэмж байгуулах,   усжуулалтын системийг шийдэх гээд амаргүй. Хүүхэд асарч байгаа мэт байнга анхаарал тавьж, арчилж байж ургуулна. Гэхдээ зах зээлийн судалгааг харахад хүнсний  нарийн ногоо тариалбал илүү ашигтай, борлуулалт  сайтай байхаар  байна.


Дээрээс нь төр засгийн дэмжлэг ч нэмэгдэх төлөвтэй. Учир нь Ж.Эрдэнэбатын Засгийн газар Атрын 3-р аяныг сэргээн үргэлжлүүлж, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн  яам хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд бодлогоо чиглүүлж эхэллээ. Тэгээд ч татварын зохицуулалтаар дотоодынхоо хүнсний ногоог хамгаалах хамгаалалтыг хэдийнэ хийчихсэн.  Хятадаас хүнсний ногоо импортоор оруулж ирвэл  татварын хэмжээ  20 хувь. Үүнээс цааш нэмье гэхээр Дэлхийн худалдааны байгууллагад элссэн учир өсгөх бололцоогүй. Харин  цаашид тарифын бус зохицуулалтаар дотоодын зах зээлээ  нэмж хамгаалах, хүнсний ногооны үйлдвэрлэлээ өргөжүүлэх талаар салбарын яам нь  анхаарч байгаа аж.  Тодорхой стандарт тогтоогоод, энэ шаардлагыг хангахгүй бол хилийн дээс нэвтрүүлэхгүй гээд гэдийчих ч бололцоо бий л дээ.



Энэ  онд  дотоодын хэрэгцээнд  нийтдээ 200 орчим мянган тонн хүнсний ногоо шаардлагатай гэсэн прогноз гарчээ.  2016 оны тоон статистикийг харахад, төмс, манжин, лууванг 100 хувь, өргөст хэмх, байцаа, улаан лооль  зэрэг хүнснийг ногоог 52.1 хувь, жимс жимсгэний хэрэгцээний дөнгөж 5.5 хувийг л дотоодын үйлдвэрлэлээрээ хангасан байна.  Үлдснийг импортоор өмнөд хөршөөс оруулж ирсэн хэрэг. Тэгэхээр хүнсний нарийн ногооны зах зээлийн  бараг 50 хувь, жимс жимсгэний 94.5 хувь  нь сул байна аа гэсэн үг. Яагаад сул байна гэхээр монголчуудын хувьд эх орныхоо хөрсөнд ургуулсан хүнсний ногоог  өмнөд хөршид ургуулсан импортынхоос илүүд үздэг. Саяхан хийсэн судалгаагаар иргэдийн 98 хувь нь  дотоодынхоо хүнсний ногоог хэрэглэх хүсэлтэй байна гэж хариулсан байна. Үүнээс харахад жингийн туухай дээр монгол, хятад хүнсний ногоо байвал дотоодынхыг сонгохоор байна гэсэн үг. Энэ нь зах зээл дээр эрэлттэй байгаагийн шинж,  борлуулалт сайтай байхын дохио . Хятад хүнсний ногооны  “но”  цухуйж, дэлхий дахинд ч таагүй нэр зүүгээд байгаа нь Монгол ногоогоо сонгож хэрэглэхийн чухлыг илүүтэй мэдрүүлж буй. БНХАУ  химийн бордоог маш ихээр хэрэглэж, хурдан хугацаанд ургуулсан хүнс, хүнсний ногоо экспортолдог гэдгээ 2010 онд зарласан шүү дээ. Тэрбум давсан хүн  амын хэрэгцээг хангахын тулд элдэв янзын химийн бодис хэрэглэхээс ч аргагүй биз. Харин бид гурван саяуулаа, өгөөж шимт хөрстэй,  өргөн уудам газар нутагтай байж хүнсний ногоогоо ч өөрсдөө тариад хэрэгцээгээ хангачихгүй өмнөд хөршийг царайлчилж суугаа нь залхуу байгаагийн л илрэл. Дээрээс чанарын хувьд асуудалтай хүнс хэрэглэж байгаагаа ч мартах учиргүй ээ.

  
 Жишээ нь, дэлхийн нийт сармисны 80 хувийг Хятад улсад үйлдвэрлэдэг байх юм. Судлаачид тус улсад үйлдвэрлэгдсэн сармиснууд нь хортон шавьжтай тэмцэх бодис, хүнд металл, аюултай бодисыг их хэмжээгээр агуулдаг болохыг нь нотолжээ. Мөн  гадаад орнууд руу сармисаа илгээхээсээ  өмнө хлорт дүрж, өнгө төрхийг нь сайжруулдаг гэх. Үүнийг Хятадын засгийн газраас хатуу хориглодог ч бизнес эрхлэгчид нь  ашгаа бодоод аймшигтай аргаа өөрчилдөггүй бололтойдог. Бас хүмүүсийн өдөр тутамдаа хэрэглэдэг хамгийн түгээмэл амтлагч бол яахын аргагүй хар перец. Үүнийг үйлдвэрлэхдээ зардлыг бага гаргах гэсэндээ шохой,цардуул ашиглаж, хар өнгөөр будаж, хүмүүсийг хуурдаг явдал ч гарч байж.


Мөн Хятадаас орж ирж байгаа боловсруулсан мөөгний 35 хувь нь давс байсан тохиолдол гарсан.  2006 онд энэхүү бүтээгдэхүүн нь хүний биед сөрөг нөлөөтэй болохыг илрүүлж, худалдаалахыг хориглож байсан ч удаатай. Үүний улмаас 16 хүн эмнэлэгт хүргэгдэж, хордлогод орж байсан жишээ бий. Гэтэл монголчууд бид хятад мөөгийг л хүнсэндээ түлхүү хэрэглэж байна шүү дээ. Уг нь монгол оронд 28 овгийн 136 төрлийн 375 зүйл мөөг ургадгаас  хүнсний зориулалтаар ашиглах боломжтой  ойн болон тал хээрийн мөөг элбэг байдаг аж. Мөөг нь уураг, өөх тос, нүүрс ус, усанд болон тосонд уусдаг аминдэм, тосны ханаагүй хүчил, шүвтэн хүчил, фосфор, кали, кальц, зэс, йод зэрэг эрдэс бодис агуулсан байгалийн бүтээгдэхүүн.Талын цагаан мөөг нь цаг агаарын байдлаас шалтгаалан тогтмол ургадагггүй боловч ургасан жилд нь монголчууд түүж ашиглахдаа маруухан.Харин  ойн мөөгийг  түүгээд  хүн амынхаа хэрэгцээг хангах бололцоотой аж. Гэвч  энэ их нөөцийг түүж ашиглаж чаддаггүй.Хортой ч юм билүү гээд хойрго ханддаг.


Үнэндээ бидэнд хүлэмжийн аж ахуй эрхлэх  асар их боломж байна.  2009 оноос зарим аж ахуйн нэгж, иргэд хүлэмжийн аж ахуйг  хөгжүүлж иржээ. Гэхдээ далайцтай байж, нийслэлийн иргэдийнхээ ч   хүнсний нарийн ногооны хэрэгцээг хангаж дийлэхгүй  байгаа юм.  Ашиг олох бизнес ч хүмүүс  тэр бүр зориглож ордоггүй.   Уг нь тийм ч  хэцүү биш. “Түмэн сүйх” компанийн захирал Я.Оюунчимэг  дөрвөн жилийн хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй зээлийг Голомт банкаар дамжуулан авч хүлэмжийн аж ахуй байгуулсан гэдэг. Голланд загварын хүлэмж 0,5 га талбайд  барьж, эхний ургац хэмээн 65 тонн өргөст хэмж хурааж авсан аж. Хүү зээлийнхээ эхний төлбөрийг хийгээд ажилчдынхаа цалинг тавиад цаана нь бага ч гэсэн  ашигтай ажиллаж чадсан хэмээн  сэтгэл хангалуун байв. Гол нь тус аж ахуйн нэгж ажилчдынхаа тоог 1,5 дахин нэмэгдүүлж, улирлын чанартай болоод байнгын ажлын байраар цөөн­гүй хүнийг хангаж. Энэ мэтчилэн хүлэмжийн аж ахуйг эрчимтэй хөгжүүлбэл,  ажилгүй, орлогогүй гээд  хувь заяандаа гутарч суугаа хүмүүст   ажлын байрыг олноор бий болгох боломж байгаа юм. 
1 га-д өвлийн хүлэмжийг байгууллаа гэхэд  20 хүн ажиллаж таарна. Газар тариалан, хөдөө аж ахуйн салбар ажлын байрыг олноор бий болгодог онцлогтой.  Манайх шиг оронд бүүр тохиромжтой. Ямар газар нутаг байхгүй гэх биш. Хүнээ сургаж чадвал чамгүй олон айлын амьдралыг өөд татчих боломжтой.  Хамгийн ойрын жишээ  гэвэл Хөх хотын тариалан эрхлэгчид. Саяхан л Хятадын ядуус амьдардаг гэгдэж байсан Хөх хотынхон өнөөдөр орчин үеийн техник технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхдаг, тэргүүлэх хотын иргэд болжээ. Хятадын захиргаанаас тус хотын ядуусыг орлоготой болгохын тулд хүлэмжийн аж ахуйг олноор байгуулж тэдэнд түрээслэсэн байна. Өнөөдөр тэд 1,5 сая хүн амтай хотынхоо хэрэгцээг бүтэн жилийн турш шинэ ногоогоор хангадаг болжээ


Өмнөд Солонгосчууд ч гэсэн ажилгүйчүүдийн “армиа” шийдэхийн тулд   ямар хувьсгал хийсэн гээч.  “Цагаан хувьсгал” хөдөлгөөн өрнүүлж, хүлэмжийн аж ахуйгаа хөгжүүлснийхээ дараа, дахиад  “Ногоон хувьсгал” –ыг давалгаалуулсан түүхтэй.Газар тариалангийн салбарт ажиллаж байгаа хүмүүсээ төрөөс бодлогоор дэмжиж, хүүгүй зээл олгох, хойшдоо энэ салбарт зүтгэх залууст их сургуульд сурах боломж олгох, сургалтын төлбөрөөс чөлөөлөх, гарааны бизнесийн зээл олгох гэх мэт дэмжлэг үзүүлсэн гэдэг. 
ХАА-н бүтээмжийн өсөлт нь бодит орлогыг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгохоос  гадна хүнсний бүтээгдэхүүний  үнэд нөлөөлж, цаашлаад  ядуурлыг бууруулж, эдийн засгийн  өсөлтийг өрх болгонд  мэдрүүлэх  бололцоотой аж.  

Манай орны  хөдөө аж ахуйн салбар  2014 оны байдлаар ажиллах хүчний 28 хувь, ДНБ-ий 13.5 хувийг бүрдүүлжээ. Үүнтэй харьцуулахад уул уурхайн салбар ДНБ-ий 17 хувийг бүрдүүлж байгаа хэдий ч ажиллах хүчний 3.7 хувийг шингээж байх жишээний.

Уул уурхай эрчтэй хөгжлөө ч ажилгүй монголчуудын дийлэнхийг нь  ажлын байраар хангана гэвэл горьдсны гарз болох нь. Улсын хэмжээнд нийт хүн амаа ажлын байраар тогтвортой хангах, хүн амын орлогыг нэмэгдүүлэхэд ХАА-н салбарын үр ашигтай ажиллах нөхцөлийг дэмжихээс аргагүй байгаа юм.  
Өөрөөр хэлбэл, манайхтай  уур амьсгал төстэй улс орнууд хүлэмжийн аж ахуйгаа эр­чимжүүлэн хөгжүүлснээр нэгж талбайгаас хураах ургацын хэмжээ нэмэгдэж, дотоодын зах зээлээ шинэ ногоогоор хангаад  зогсохгүй, экспортлон  багагүй ашиг олж байна. Монголчуудад бид яагаад хийж чадахгүй гэж.


 

 

 





 

 



Холбоотой мэдээлэл


Хүлэмжний  хувьсгал
Хүлэмжний хувьсгал
6 сар, 1 долоо хоног

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    4 сар, 2 долоо хоног [203.91.115.36]


Мэдээллээ жаахан нягтлах хэрэгтэй. Төмс, луувангийн хэрэгцээ 100% хангагдаагүй байгаа шүү. Мөн 0,5 га газраас 60 тонн өргөст хэмх зүүдэнд ч ургахгүй.


Зочин    6 сар, 1 долоо хоног []


garaa l hodolgo


Зочин    6 сар, 1 долоо хоног [202.9.41.196]


goy sanaa ba