Анализ эксперт


Ц.Түвшинжаргал: АШУҮИС-ийн гарааны компани антигрипп, розамин, витаман С, цитромон, антибиотек үйлдвэрлэж эхэлсэн

7 сар, 4 долоо хоног TIMES.MN

 АШУҮИС-ийн Эмзүй, Биоанагаахын сургуулийн захирал, доктор, дэд профессор Ц.Түвшинжаргалыг “Анализ эксперт” буландаа зочноор урилаа.


2016 онд цөм лаборатори байгуулсан


-Дэлхийд нэртэй сэтгүүлд танай сургуулийн багшийн эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлэгдсэн гэж сонслоо. Чимэгтэй мэдээгээр ярилцлагаа эхлэх үү?


-Тийм ээ. Манай сургуулийн Японд доктор хамгаалсан Д.Нямбаяр багшийн эрдэм шинжилгээний өгүүлэл дэлхийд алдартай “Натурал” сэтгүүлд саяхан хэвлэгдлээ. Гадаадын алдартай шинжлэх ухааны сэтгүүлд бүтээлээ хэвлүүлнэ гэдэг амаргүй. Шалгуур маш өндөртэй. Шинэ санаа, туршилт хэр хийсэн гээд олон талаас шинжинэ. Тодорхой стандарт хангаж байгааг нягтална. Энэ бүх босгыг даваад бүтээлээ хэвлүүллээ. Манай сургуулийн хувьд өнгөрсөн 2016 он амжилт бүтээлээр дүүрэн байлаа. Багш нарын маань 24 өгүүлэл олон улсын нэр хүнд бүхий сэтгүүлд хэвлэгдсэн. Энэ нь нэг талаараа манай сургуулийн сургалтын орчин, судалгаа хийх боломж сайжирч байгааг илтгэж байгаа хэрэг л дээ. Багш нарын ур чадвар жилээс жилд сайжирч, шинэ бүтээлээ танилцуулж, зарим нь зохиогчийн эрхээ баталгаажуулж, үйлдвэрлэлд ч нэвтрүүлж байна. Нэг тоо баримт хэлий.


-Тэг л дээ?


-Манай багш нарын 62 хувь нь эрдмийн зэрэг цолтой байна. Японд зургаан залуу багш докторт, 15 багш магистрт суралцаж байна. Тэд хийсэн судалгаагаа Монголд ирээд үргэлжүүлж, нутагшуулах, суурьшуулахыг зорьж байгааг харахаар үнэхээр бахархмаар шүү.


-Судалгаа хийхэд чамгүй хөрөнгө шаардагдана. Тэр бүгдийг сургуулиас гаргадаг уу?


- Судалгаа хийхэд зайлшгүй хөрөнгө, орчин үеийн лаборатори шаардлагатай. Хэчнээн сайхан санаа байгаад лабораторигүй бол мөрөөдөхөөс цаашгүй. Харин АШУҮИС-аас 1 тэрбум, БСШУ-ны яамнаас 4.5 буюу нийтдээ 5.5 тэрбум төгрөгийн санхүүжилт хийж 2015 онд цөм лаборатори байгуулсан юм. Хамгийн сүүлийн үеийн генийн дараалал тогтоох машин, хроматограф, электрон микроскоф суурилуулсан нь манай багш нарт өндөр технологийн судалгаа хийх боломж олгож байна. Тийм болохоор л гадаадад суралцаад ирсэн залуучуудын маань энэ лабораторид судалгаа хийж байна. Ингэж орчин нөхцөл сайжирч байгаа учраас судалгааны түвшин ахиж олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөж байна. АШУҮИС жил болгон судалгаанд 500 сая төгрөгийн тэтгэлэг зарладаг байснаас өнгөрсөн онд 870 сая болгож нэмэгдүүлсэн. Энэ жил ч нэмэгдүүлэх байх. Их сургуулийн хэмжээнд нээлттэй зарладаг. Тэгээд багш нар судалгаа,төслөө уралдуулж, эрдмийн зөвлөл хэлэлцээд ямар бүтээл шалгаруулж санхүүжүүлэхээ шийддэг. 2016 онд л гэхэд Эм зүй, био анагаахын сургуулийн зургаан багшийн суурь судалгааны төсөл шалгараад байна.


-Танай сургуулийн багш нар голдуу л Японд сурдаг юм аа даа. Таны ярианаас тэгж ажиглалаа?


- АШУҮИС-ийн сургалтын эмнэлэг байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргаж, Японы буцалтгүй тусламжаар эмнэлгийн байр баригдаж байна. 2018 оны 6-р сарын 1-нд түлхүүр гардуулах нөхцөлтэй юм. Энэ дагуу Японы сургуулиудтай гэрээ хийж багш нараа сургаж байгаа. Сургалтын эмнэлэг нээгдэхэд голлох боловсон, эмч эмнэлгийн ажиллагсад манай сургуулийн багш нар байна шүү дээ. Бид Японы Токушимагийн их сургууль, Кагошимагийн их сургууль, Нагоя мужийн Айчигийн их сургууль, Синдай хотын Токуху их сургууль, Нагасакийн Их Сургууль, Асахикава Анагаах ухааны Их Сургууль, БНСУ-ын “Сөүл”-ийн их сургууль, Yonsei их сургууль, ХБНГУ-ын Дюссельдорфын Хейнрих Хайнын их сургуультай хамтран ажиллаж байна.


Зөвхөн сургалтын төлбөрөөр санхүүждэг хараат байдлаас гарахыг зорьж байгаа



-Гадаадын анагаахын чиглэлийн сургуулиуд дэргэдээ сургалтын эмнэлэгтэй байдаг. Энэ нь сургалтын чанар, судалгааны түвшин дээшлэхэд нөлөөтэйгээс гадна хөрөнгө санхүүгийн хувьд бэхжихэд тустай байх?


-АШУҮИС нь дэргэдээ сургалтын эмнэлэгтэй байх нь олон давуу талтай. Яагаад гэвэл резидент эмч болон оюутнуудаа өөрийн бааз эмнэлгээр дамжуулан бэлтгэдэг. Өндөр хөгжилтэй орны сургууль бүр дэргэдээ сургалтын эмнэлэгтэй. Шинэ сургалтын эмнэлэг үүдээ нээхэд боловсрол, сургалт, эмнэлзүй, судалгааг бүх тасагтайгаа уялдуулан хөгжүүлэхэд илүү боломжтой болно. Хотын зүүн хэсэгт сүндэрлэж байгаа сургалтын эмнэлэг анагаахын оюутнуудад сургалтын бааз болохоос гадна иргэдэд нэгдсэн эмнэлгийн болоод улсын хэмжээнд төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлэх юм. Онол заагаад л, лекц уншсаар сургуулийг нь төгсгөдөг сургалтын хуучирсан арга барилаас бид бүхэн зайлхийсгээд байгаа шүү дээ.




-Яаж?


-2014 оноос сургалтын хөтөлбөртөө эргэлт хийсэн. Суурь сургалттай болоё гээд. Өмнө нь АШУҮИС-д элсэн орохдоо л эмчилгээ, шүд, эрүү нүүр судлал гээд мэргэжлээ сонгоод ордог байсан. Харин 2014 оноос үүнийг болиод суурь сургалтын хөтөлбөрт шилжсэн. Ингэснээрээ эхний хоёр жил мэргэжил сонгохгүй бүгдээрээ нэгдсэн хөтөлбөрөөр хичээллэнэ. 3 дахь жилдээ шалгалт өгөөд мэргэжлээ сонгоно. Нэг ёсондоо дахиад конкурс өгч байна гэсэн үг. Хоёр жил сурсан онооны дундаж голч, нэгдсэн шалгалт өгсөн дүнгийн нийлбэрээр жагсаана. Эмч болно гэвэл онц сурч, дээгүүрт жагсч байж тэр мэргэжлийн сургуульд хуваарилагдана. Семестр бүрт суралцагчдын дүнг жагсаана. Оюутан энэ удаад би тэдэд жагсч, дараагийн семестр эхлэхээр илүү хичээж оноогоо нэмье гээд өрсөлдөөн нэмэгддэг. Энэ хэрээр оюутнуудын суралцах идэвхи сэргэж, илүү хичээлдээ шамддаг болж байна. Анхны суурь сургалт төгссөн оюутнууд өнгөрсөн жилээс мэргэжлээ сонгож хичээллэж байгаа. Үүнээс харахад хамаагүй ахицтай байгаа нь илтэд ажиглагддаг. Хуучин бол анагаахад орсон, эмчилгээний анги авсан юм чинь тэртэй, тэргүй төгсөнө гээд боддог. Одоо бол хичээхгүй, шамдахгүй бол хүссэн мэргэжлээ эзэмшиж чадахгүй. Сайн мэргэжилтэн бэлдэхийн тулд босго тавьж байгаа. Хоёр жил сурахдаа голч нь 2 оноо хүрэхгүй бол хоёр жил сурсан гэсэн цагаан хуудастай төгсгөнө. Нэг ёсондоо цаашдаа суралцахгүй гэсэн үг.


    Манай сургуулийн удирлагын баг энэ дөрвөн жил сайн ажиллаж байгаа. Сургалтын орчныг сайжруулах чиглэлээр их зүйл хийсэн. Анх удаа долоон давхар номын сантай болсон. Номын сангийн суудал хүрэлцдэггүй байсан үе ард хоцорсон. Манай сургууль л гэхэд 28 лаборатори байгуулсан. Хичээл орж онолоо уншчихаад шууд лабораторидоо орж дадлага хийнэ.Микрософоор харна. Оношлуур бариад гараараа үзнэ. Бид зөвхөн сургалтын төлбөрөөр санхүүждэг байж болохгүй гэж үзэж, хөгжлийн хөтөлбөрөө баталж, эхнээсээ гарааны компаниуд ч байгуулж байна.


-Ямар чиглэлээр?


-АШУҮИС-ийг 2024 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн бодлогоо гаргасан. Үүндээ жил болгон оюутан авах тоогоо бууруулж, төлбөрөөсөө гадна гарааны компани байгуулж ажиллан санхүүгийн бусад эх үүсвэрээ нэмэгдүүлэхийг зорьж байгаа. Манай их, дээд сургуулиуд оюутны төлбөр дээр амьдраад байдаг. Тийм болохоор судалгаа, туршилтандаа мөнгө зарцуулдаггүй. Ийм арга замаар дэлхийн энтэй боловсон хүчин бэлдэж чадахгүй. Тэр дундаа анагаахын салбарт. Бид улсын төсөв хүрэлцэхгүй, сургалтын төлбөрөөр санхүүжиж байна гээд гар хумхиад сууж болохгүй л дээ. Дэлхийн нэртэй сургуулиуд ч гэсэн зөвхөн сургалтын төлбөрөөр санхүүждэггүй, сан байгуулж, судалгаагаа үйлдвэрлэлд нэвтрүүлэх гээд чиглэл бүрээр үр бүтээлтэй ажилладаг. Бидэнд ч гэсэн тийм боломж бий. Эхний алхамуудаа хийгээд эхэлчихсэн. Одоо бол 100 хувь оюутны төлбөрөөр санхүүжихээ больж, 80-90 хувь болж буурч байгаа. Лабораторитой болж орчин сайжраад ирэхээр багш нар судалгаандаа анхаарч, бүтээл гаргаж үйлдвэрлэлд нэвтрүүлж, мөнгө олох боломж бүрдэнэ. Тэр мөнгөөрөө сургууль санхүүжиж, оюутны төлбөрөөс хараат бус байх чиглэл рүү явж байна.


Монголынхоо түүхий эдээр Монголдоо хийхээр үнийн хувьд хямд, бас чанартай


-АШУҮИС-ийн бүрэлдэхүүн таван сургуулиасаа танай сургуульд илүү боломж бий. Монголын хөрсөнд ургасан ургамлаар эм үйлдвэрлээд дотоодын зах зээлд нийлүүлэхэд чамгүй хөрөнгө олох байх шүү?


-Манай сургууль аль хэдийнэ гарааны компани байгуулаад, бүтээгдэхүүнээ зах зээлд өнгөрсөн жилээс гаргаад эхэлсэн. Сурталчилгаа тааруу байгаа болохоор тэр бүр мэдэхгүй байх шиг байна. Багш нар маань маш олон онолын судалгааг хийдэг. Шинэ эм, шинэ технологи санаачилдаг. Тэрийгээ үйлдвэрлэлд нэвтрүүлэх гэхээр хөрөнгө мөнгөнөөс болоод гацчихдаг. Тийм учраас сүүлийн хоёр жилд гарааны компаниудыг байгуулж байна. АШУҮИС-ийн гарааны компани болох “Судрын тун” ХХК-ний “Эрдэм фарм” эмийн үйлдвэр байгуулж, 5 төрлийн эм үйлдвэрлэж байна. Антигрипп, розамин, витаман С, цитромон, антибиотек хийж байна. Үүнийгээ хөгжүүлж, нэр төрлөө олшруулна. Багш нар урамшаад шинэ бүтээл гаргах гээд үнэхээр санаачлагатай ажиллацгааж байгаа. Монголынхоо түүхий эдээр Монголдоо хийхээр үнийн хувьд хямд, бас чанартай.


-Стандартад нийцсэн эсэхийг танайх лабораторидоо шинжлэх үү?


-Тэгэлгүй яахав. Эмийн үйлдвэрийг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн стандартын дагуу л байгуулсан. МХЕГ шалгаж, хяналтаа тавина. Дээрээс нь манай сургууль хамгийн сүүлийн үеийн лабораторитой болсон. Тийм болохоор импортын болон дотооддоо үйлдвэрлэж байгаа эмийн чанар, аюулгүй байдал дээр хяналт тавьж 250 төрлийн эмийг шинжилсэн. Тэгэхээр бид бүхний үйлдвэрлэсэн эмийн чанарт эргэлзэх хэрэггүй ээ. Батлагаагүй, хуурамч эмүүд зах дээр маш их зарагдаж байна. Хяналт ч сул. Энэ үнэхээр сэтгэл зовоосон, төр засгийн зүгээс анхаарлаа хандуулах асуудал. Эм уулаа гээд хор уусан байхыг байг гэхгүй. Эхлээд айхтар сөрөг үйлчлэл үзүүлэхгүй ч аажмаар нөлөөлдөг байхыг ч үгүйсгэх аргагүй шүү дээ.


-Танай сургуулийн дэргэдэх эмийн үйлдвэрт үйлдвэрлэсэн эмүүдийг эмийн сангуудаар борлуулдаг уу?


-Сургуулийнхаа дэргэд 24 цагийн аптек нээсэн. Түүгээр борлуулж байна. Цаашид бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, эмийн сангуудаар худалдаалдаг болохыг л зорьж байгаа.


-Гарааны компаниуд байгуулж эхэлсэн юм байна. 100 хувь танай сургуулийн эзэмшлийнх үү?


-Эмийн үйлдвэр 100 хувь манай сургуулийнх. Харин үр шилжүүлэн суулгах “Өөжин мед” эмнэлгийн хувьд 50 хувийг эзэмшдэг. “Өөжин мед” эмнэлэг ашгаа гэрээний дагуу л хуваарилаад явна.


-“Өөжин мед” эмнэлгийг гавьяат тамирчин Бадар-Ууганы гэргий нээлээ гэж хэвлэлээр мэдээлэл цацагдаж байсан л даа?


-Тийм ээ. Манай сургуультай хамтарч байгуулсан юм. Багш нар гадаадад сурч мэдснээ Монголдоо нэвтрүүлэх, үр шилжүүлэн суулгах шинэ технологийг нутагшуулахыг зорьж байна. Э.Одхүү гээд манай багш тэнд ажиллаж байгаа. Манай сургуулиас байрыг нь гаргаж засвар хийж оруулсан. Одоо зардлаа төлөөд ашигтай ажиллаж эхэлж байгаа. Үр шилжүүлэн суулгахын тулд заавал гадаадыг зорих шаардлагагүй болсон. Энэ нь хувь хүнд ашигтай төдийгүй зардал хэмнэнэ. Үр суулгахын тулд эхнэр, нөхөр хоёулаа гадаад явна, тэнд очоод зөвхөн эмчилгээний төлбөр төлөхгүй, буудал, унаа, хоолны зардал гээд талийж өгнө. Үр суулгахад хугацаа орно. Хүлээнэ гээд төлөх мөнгө нь урсаад байдаг.


   Харин “Өөжин мед” эмнэлэг Монголдоо үр шилжүүлэн суулгах болсноор олон хүнд зардлаа хэмнэх, эх орондоо үр шилжүүлэх суулгах аргаар үр хүүхэдтэй болох боломж олгож байгаа. Тэгэхээр гадагшаа урсч байгаа мөнгөний урсгалыг ч гэсэн бага зэрэг ч гэсэн Монголдоо шингээж байна. Одоогоор 50 гаруй хүнд үр шилжүүлэн суулгаж, эхнээсээ хүүхдүүд төрж эсэн мэнд бойжиж байгаа. Хүний үртэй болох мөрөөдлийг биелүүлж, баярлуулах шиг сайхан зүйл үгүй шүү дээ.


Ховор эмийн ургамлыг тариалж, уламжлалт эм үйлдвэрлэнэ


-Ховор эмийг Төв аймагт ургуулж байгаа юмуу?


- Төв аймгийн Эрдэнэ суманд 5 га газар авч эмийн ургамлаа тарьдаг болсон. Ховор эмийн ургамлыг тарьмалжуулаад түүнийгээ сэлекц хийгээд эм үйлдвэрлэхдээ ашиглаж байна. Бас Алтан гагнуурын цай ч үйлдвэрлэж эхэлсэн.


-Танай сургуулийн нэрийн бренд бүтээгдэхүүн үү?


-Бренд болгохыг зорьж байна. Зөвхөн Алтангагнуурын гэлтгүй бөөрөлзөгөнө, дархлаа сайжруулах гээд нийтдээ 8 төрлийн цай үйлдвэрлэж байна. Манай гарааны эмийн үйлдвэр дотроо цай үйлдвэрлэх тоног төхөөрөмжтэй. Бас ардын уламжлалт эм буюу тан үйлдвэрлэхээр Хятадын талтай хэлэлцээр хийсэн. удахгүй үйлдвэрлэж эхэлнэ.



-АШУҮИС дэлхийн сургуультай харицуулахад хаахна яваа бол?


- Ази номхон далайн баруун эргийн бүсийнхээ шилдэг 100 сургуулийн тоонд ороё гэсэн зорилго тавьж байгаа. Орчин үеийн эрдэм шинжилгээ, сургалтын лабораторитой, олон улсын түвшний судалгаа, сургалт, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх чадамжтай эрдэмтэн, судлаачдын баг бүрдүүлсэн сургалт-эрдэм шинжилгээний цогцолбор болно гэж ирээдүйгээ их л өөдрөгөөр төсөөлж байгаа шүү дээ.


Цусан дахь маркеруудыг радиоиммуны аргаар судалсан


-Та ажлынхаа гарааг хаанаас эхэлж байв?


-Төгсөөд л энэ сургуульдаа багшилж байгаад Хавдар судлалын төв, Эрүүл мэндийн яаманд ажиллаж байгаад сүүлийн дөрвөн жил Эм зүй, Био анагаахын сургуулийн захирлаар ажиллаж байна.


- Анагаахын ухааны доктор. Ямар сэдвээр судалгааны ажил хийсэн бэ?


-Хавдарын урьдчилан сэргийлэлт гэсэн сэдвээр судалгаа хийсэн. Монголд анх удаа гэж хэлж болохоор. Цусан дахь маркеруудыг радиоиммуны аргаар судалсан. Тэр үедээ л шинэлэг, өвөрмөц байлаа. Анагаахын сургуулийн багш, Хавдар судлалын эмч нартай хамтраад тэрхүү судалгааг хийсэн л дээ. Монгол хүнд элэг, ходоод, умайн хүзүүний, улаан хоолойн гээд хавдарын маркер цусанд нь ямар хэмжээтэй байдаг гэдэг стандарт норм хэмжээг тогтоосон. 1, 2, 3, 4 шатны үед хавдарын маркер цусанд яаж ихэсдэг гэдгийг ерөнхийлөн баримжаалах вэ гэдгийг тогтоосон.


үүлийн үед хүмүүс хавдар тусах нь эрс нэмэгдэж байна. Энэ ямар шалтгаанаас ихэвхичлэн шалтгаалж байгаа бол оо?


- Янз бүрийн шалтгаан бий. 3 сая хүн амтай атлаа жилд 5000 гаруй хүн элэгний хадвараар өвчилж, нас барж байна. Аймшигтай. Элэгний өвчлөлөөрөө манай улс дэлхийд тэргүүлж байгаагаас харахад ямархуу түвшинд хүрснийг илтгэнэ. Бүүр үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрчихээд байна. Уг нь хавдараас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Эрт үе буюу 1, 2 шатанд илрүүлбэл 100 хувь эмчилэгдэнэ гэдгийг иргэдэд ойлгуулах, эрүүл мэндийн боловсрол олгох маш чухал байна. Түүнээс манай хавдарын эмч нар дэлхийд хүлээн зөвшөөрөгддөг болсон. Олон чадвартай эмч нар ажиллаж байна. Х.Чинбүрэн гээд залуу эмч бий. Саяхан Хавдар судлалын төвийн захирал болсон. Бид хоёр нэг анги. Чинбүрэн Казакстан, БНСУ-д очиж хагалгаа хийж байна, лекц уншиж байна. Энэ нь түүний чадвар дэлхийд үнэлэгдэж байгаагийн илрэл. Эрт үед нь илрүүлвэл, хагалгаа хийж хавдарыг төгс эмчилж чадна. Биднийг дөнгөж судалгаа хийж эхэлж байх үед оношлуур олдохгүй хэцүү байдаг байсан . Одоо бол олдоц сайтай. Аргууд цөөхөн байсан бол одоо энгийнээс авахуулаад маш олон арга нэвтэрлээ. Технологи ч хөгжчихлөө. Тиймээс хүмүүсээ 6 сар юмуу жилд нэг удаа заавал шинжилгээ өгч, хавдарын маркеруудаа тоолуулж, эход харуулж байх хэрэгтэй л гэж уриалмаар байна. Өвөл машиныхаа тосоо заавал сольдог атлаа өөрийнхөө биеийг тоодоггүй. Түүнтэй л адил жилд нэг удаа ч гэсэн үзүүлээд хэвшвэл та хавдараас өөрийгөө хамгаалах бүрэн боломжтой юм шүү дээ. Бүх лаборотари шинжилгээ хийж, хавдарын маркеруудыг тоолж байгаа. Арга нь олширсон учир шинжилгээний үнэ нь хямд болсон. Даатгалаараа жилд нэг удаа үнэгүй шинжилгээ хийлгэх боломжтой.


   Хэрвээ өвдвөл маш их зардал гарна. Өвчнөөс болоод зарим айл сүйрч байна шүү дээ. Орон байраа зарж хагалгаа хийлгэлээ ч үр дүнгүй хорвоог орхих тохиолдол ч цөөнгүй. Тэгэхээр хагас жил юмуу нэг жилд 30-40 мянган төгрөгийг өөртөө, шинжилгээ хийлгэхэд зориулж бай гэж дахин дахин хэлмээр байна.


- Хавдарыг генийн түвшинд оношилж эмчилгээ хийгээд эхэлсэн гэсэн дэлхий дахинд. Энэ арга Монголд хэзээ нэвтрэх бол оо?


-Дэлхийд хийж эхэлж байна. Удахгүй бид хийж чаддаг болох байх. Генийн хувьд хавдар үүсэх магадлал байна уу гэдгийг эрт үед судлах, ээж, ааваас удамшаад, өвчлөл үүсгэх үү гэдгийг манай багш нар нарийвчлан судалж байгаа. Энэ арга нэвтэрвэл 45 насандаа энэ хүн элэгний хавдараар өвчлөх юм байна гэж тооцоолоод л генийг эмчилбэл тэр хүн хавдар тусахгүй болох юм. Зөвхөн энэ чиглэлээр гэлтгүй манай багш нар олон төрлийн судалгааг хийж байгаа. Дэлхий дахинд шинжлэх ухаан хөгжиж байгаа хэрээр хүн урт насалж байна.

   

Бид нар ч гэсэн тэр чиглэлрүү явж монгол хүний дундаж наслалтыг уртасгахын тулд тал бүрийн судалгааг хийж байгаа юм. Нейросайнс гэсэн шинэ салбарыг хөгжүүлж байна. Энэ хүний тархинд үүсч байгаа маш олон төрлийн мэдрэлийн үйл ажиллагаа, төв мэдрэлийн системийн физиологийг судлаж байна. Манай залуучууд энэ шинэ салбарыг судалж, энэ жил анх удаа, олон улсын эрдэмтдийг уриад Төрийн ордонд нейросайнсийн хурал хийлээ. Харвардын их сургуулийн багш нартай хамтраад Д витамины судалгааг хийж байна. Энэ витамин дутагдахаар маш олон өвчний суурь болдог. Манай орон нарлаг, наранд бие шараад Д витамины хэрэгцээгээ авчихдаг гэж ярьцгаадаг ч бодит байдал дээрээ эсрэгээрээ. Харин ч хүн амын дийлэнх нь Д витамины дутагдалд орсон байна гэсэн ерөнхий дүр зураг судалгаагаар гарч байгаа юм билээ.



Холбоотой мэдээлэл


Хүлэмжний  хувьсгал
Хүлэмжний хувьсгал
6 сар, 1 долоо хоног

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    7 сар []


replica jerseys nfl china wholesale jerseys


Зочин    7 сар, 1 долоо хоног [202.9.40.40]


Түвшээдээ амжилт хүсье. сайн залуу даа


Зочин    7 сар, 1 долоо хоног []


сайн удирдлагатай байна гэсэн үг


Зочин    7 сар, 2 долоо хоног []


legit china wholesale sites cheap club soccer jerseys


Зочин    7 сар, 3 долоо хоног [103.9.90.130]


Ц.Түвшинжаргал даргадаа амжилт хүсье, манай Монголын залуучууд мундаг шүү...


Зочин    7 сар, 3 долоо хоног []


Анатомын Багш байсан Амгаланбаатар багш маань байна. Танд урт удаан, Эрүүл энх амьдралыг хүсэн ерөөе.


Зочин    7 сар, 3 долоо хоног [103.254.120.82]


Мундаг хүн шүү. Эрүүл мэндийн салбарт ажиллах боловсон хүчинг зөв суурь сайтай төлөвшүүлж гаргахад ийм удирдлагын багийн гишүүн байхад дэндүү хангалттай. Таньд ажлын улам их амжилт хүсье


Зочин    7 сар, 3 долоо хоног []


Үнэхээр уншууртай ярилцлага байна шүү. Баяр хүргэе ийм залуус л Монголыг хөгжүүлнэ ээ


ЗОЧИН    7 сар, 3 долоо хоног []


СУРГУУЛИЙН НЭРНИЙ ТОВЧЛОЛ НЬ ХУУЧНЫ АРЬС ШИРНИЙ ҮЙЛДВЭРИЙН ТОВЧИЛСОН НЭР ШИГ УНШИГДААД , АРЬС ШИРНИЙ ҮЙЛДВЭР ЭМ ҮЙЛДВЭРЛЭДЭГ БОСОН ЮМ БАЙХ ДАА ГЭЭД ГАЙХЛААШТЭЙ


germanaas    7 сар, 3 долоо хоног []


mundag baina. uls oron maani hogjood buh salbaraa sain hogjuuleesei gej husej baina. germand l lav anagaahiin ih surguuli hajuudaa mash tom emneleg, komplexuud, erdem shinjilgeenii tovuudtei baidag yum. Setguulchid helehed: ta zoolnii temdeg, hatuugiin temdeg baidag gedgiig meddeggui bololttoi dogoo. ug usgiin aldaatai bichsen baina. mongolchuud suuliin uyed helnii bichgees zoolon , hatugiin temdegiig haschichsan bololttoi. ali negen niitlel unshihad zaaval ug useg, durmiin aldaatai bichih yum.


Зочин    7 сар, 4 долоо хоног []


Үнэхээр зөв шүү. Баяр хүргэе. Чадалтай, авьяастай залуучууд Монголыг хөгжүүлнэ шүү.


Зочин    7 сар, 4 долоо хоног []


Iim l zaluuchuud Mongold maani us agaar met heregtei baina Edniigee demjeed yavbal uls oron hugjih bolno


Зочин    7 сар, 4 долоо хоног []


Iim l zaluuchuud Mongold maani us agaar met heregtei baina Edniigee demjeed yavbal uls oron hugjih bolno