Улс төр


Чуулган: Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүдийг өөрчиллөө

3 сар, 2 долоо хоног TIMES.MN



УИХ-ын чуулганы хуралдаанаар Монголбанкны хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. Монголбанкны тухай хуулийн 27.3-т хяналтын зөвлөлийн гишүүдийн ажиллах бүрэн эрхийн хугацаа дууссан учраас ажлаас нь чөлөөлж, шинээр нэр дэвшүүлж байгаа юм байна. Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн, байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва танилцууллаа.

Монголбанкны хяналтын зөвлөлийн даргад МУИС-ийн Олон улсын харилцаа, нийгмийн удирдлагын сургуулийн ахлах багш Д.Даваасамбуу, гишүүдэд Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын удирдах зөвлөлийн дарга, ерөнхийлөгч Б.Лхагжав, “Их Амар” группийн ерөнхийлөгч М.Энх-Амгалан, Удирдлагын академийн тэнхмийн эрхлэгч Л.Ариунаа, Өмгөөллийн “Эрхэм хуульч” нөхөрлөлийн гүйцэтгэх захирал, хуульч Б.Цэрэнбалтав, Монголын нягтлан бодох бүртгэлийн хүрээлэнгийн тэргүүн Л.Дондог, Монголын мэргэшсэн нягтлан бодох бүртгэлийн институтийн гүйцэтгэх захирал Ч.Чимидсүрэн нарыг томилохоор өргөн мэдүүлсэн байна.

Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг чөлөөлөх асуудлаар санал хурааж, гишүүдийн олонхи дэмжсэн юм. Үүний дараа шинээр томилогдож байгаа Хяналтын зөвлөлийн даргаар Д.Даваасамбууг болон бусад гишүүдийг томилох асуудлаар тус бүр санал хурааж, батлав.

Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргаар томилогдож байгаа Д.Даваасамбуу нь 1952 онд Завхан аймгийн Сантмаргац суманд төрсөн. 1969-1972 онд Санхүү, эдийн засгийн техниккум, 1974-1979 оны ОХУ-ын Москва хотын Олон улсын харилцааны дээд сургуулийн олон улсын харилцааны эдийн засагч мэргэжлээр төгссөн. 1972-1990 онд Сангийн яаманд зааварлагч, мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, газрын дарга, 1990-1995 онд Сангийн яамны орлогч сайд, сайд, 1995-1999 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны Худалдаа, эдийн засгийн зөвлөх, 1999-2001 онд Гадаад харилцааны яаманд зөвлөх, 2001 -2008 онд Монгол Улсаас Их Британи Умард Ирландын Нэгдсэн вант улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, 2009-2012 онд УИХ-ын даргын зөвлөх, 2012 оноос МУИС-ийн Олон улсын харилцаа, нийгмийн удирдлагын сургуульд ахлах багшаар ажиллаж иржээ.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.